“Галзуу хулгана”-уудын ааш аяг хэрээс хэтэрлээ, нийтийн тээврийнхээн. Тэд ямар ч шалтгаангүйгээр өөрөөр хэлбэл, иргэдийн ажлын цагаар шантаачилж 500 төгрөг гэсэн тарифаа 700 түүнээс ч дээш хэмжээгээр өсгөж байгааг хянаад өгөөч. Энэ нь явах чиглэл, шугамаа 2-3 хувааж байгаа нь ажил, гэр хол хүнд дарамт болж байна.
Жишээлбэл, СХД-ийн ханын материалын эцэсээс шар хадны эцэст хүрэхийн тулд ханын материал-гандан-цайз-шар хад гэх хэний ч юм хуваариласан маршрутаар халаасан дахь хэдэн халтар цаасаа хүргэж ядаж байна. За тэгээд ажил гэсээр бор хоногтоо гэртээ харьдаг иргэд нийслэлийн тал хувийг эзэлдэг гэчихвэл нэг их хол зөрөхгүй байх. 21.00 цагаас хойш микронд суучихвал ёстой л хэтэвчээ сэгсрүүлэх нь тэр.
Би Улаанбаатарын унаган хүүхэд биш ч гэсэн 200-300 төгрөгөөр очих газартаа хүрчихдэг байсныг санаж байна. Харин одоо энэ үнэ хэд нугарч 1500-2100 төгрөгийг нэг захаас нөгөө захад хүрэхийн тулд зарцуулж байгаа нь “гол” харлуулах боллоо. Энэ бол ханын материалаас шар хад руу хүрэхэд шаардлагатай нэг талын зардал. Үүн дээр мэдээж ажлаа тараад гэртээ харих өдий хэмжээний мөнгө нэмэгдэнэ.
Тэгэхээр өдөрт 3000- 4200 төгрөгийг микрод өгч байна. Ийм хэмжээний мөнгө төлснийхөө хариуд хөгжмөө чих дөжрөм чарлуулж, мөнгө хураагчид нь буудал болгон дээр чиглэлээ хэлж хашгираад тав зарим үед түүнээс ч олон минутаар зогсчих үе бишгүй. Хотын нөгөө хэсгээс ийн явсаар гэртээ очихдоо ядарч туйлдсан амьтад гэрийнхээ барааг харж байна.
За тэгээд 5000-20 мянган төгрөг микроны мөнгө хураагчдад өгөөд бүүр хэрэггүй гэдгийг энэ төрлийн унаагаар үйлчлүүлэгсэд хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь “Явж байгаад хариултыг чинь өгье” гэсэн бол дуусаа. Ихэнх тохиолдолд хаа хаанаа хашгирсан орчинд ороод ажилдаа ядарсан иргэд урт замын “буянд” мартаж буудаг. “Та хариултаа аваарай” гээд өгөх нинжин сэтгэлтэй, хүнлэг кондуктор энэ “галзуу хулгана” дотор тун ховор таарна.
Тэдний дараагийн өөдгүй үйлчилгээ нь урьж суулгаад уурлаад буулгадаг хэвшчихсэн үйлчилгээ. “Шахаад суу, хойшоо ороод өг, мөнгөө нэмээд төл, ингэж явахаас илүү яаж явах юм гэх мэт шахалтыг үйлчлүүлэгчдэдээ үзүүлэхээс гадна өнөөх үг өгүүлбэр болгоны ард “чимэг” болчихсон “П”-ээр эхэлдэг гадаад үгийг тарни мэт унших нь микроны жолооч, кондукторуудын байнгын соёл болжээ.
Мэдээж тэдний дараагийн соёл нь толь болсон нийслэлийн зам дээр мууранд хөөгдөж байгаа хулгана шиг бие биетэйгээ уралдаж сүлжилдээд эцэст нь хэн нэгнийхээ микрог сэвтэж гэмттэл мөргөж шүргэчихээд хэрэлдэж маргалдаад хаашаа ч юм жолооч нь яваад алга болчихдог бусдыг үл хүндэтгэх соёл. Үйлчлүүлэгчийг гулууз, хөлүү мах шиг ачиж дөрвөн хүний суудалд таван хүн чигжиж суулгах нь хүний амийг хэдэн төгрөгт үнэлж байгааг харуулдаг хайнга араншин мөн л тэднийх.
Замын голд хүнээ буулгаж үгүй бол замын голоос хүнээ авдаг айдас хүргэм энэ дүр зурагтай бишгүй таарч байснаа дурьдахгүй өнгөрч боломгүй. Энэ мэт ёс, тусгүй байдал дээр ариун цэврийн асуудал нэмэгдэнэ. Суудлын бүрээс, шалавчны бохир байдлаас үүдэж цагаан өнгийн хувцасны өнгө өөрчлөгдчихсөн буух нь одоо ч хэвээрээ. Хаалга, бариул, суудлын энд тэндээс мултарсан төмөр дэгээ, гогцоонд нь хувцас хүрмээ онги татуулах нь микрод бол байдаг л үзэгдэл.
Үйлчлүүлэгчийн энэ мэт хохиролд жолооч, кондуктор, нийтийн тээврийнхний хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ мэт микро автобус түүний жолооч, кондуктортой холбоотой гомдол арилахгүй тодорч хамгийн “галзуу” үйлчилгээтэй салбараар нэрлэчихэд нүдээ олохоор болжээ. Байсхийгээд хяналт, шалгалтын сарын аян нийтийн тээврийнхэн өрнүүлдэг ч энэ нь бодит ажил хэрэг болохгүй байна.
Хэдэн байцаагчидаа андахгүй болсон микроныхон шалгалтынхны хажуугаар нүдээ эрмээд л хөнгөхөн асуудлаас мултарчихаж байна. Монголын хууль гурав хоног гэсэн хууль шинэчлэлийн ачаар 100 хоног болсон бол энэ салбарын сахилга бат сахиулагчдын ажил ганц нэг сараар хязгаарлагддаг нь харамсалтай. Тэгэхээр нийтийн тээврийнхэн “зүсээ” хувиргаж байгаад эцсийн буудлаас нөгөө зах хүртэл нэг өдөр микрогоор аялаад үзэхэд гэмгүй болов уу. Эцсийн буудал дээр дарвиж уулзаад шил “юм” тойруулаад хээвнэг зогсох микроны жолооч кондукторууд байгааг “камер”-дах уу яах вэ.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0