сонин mn
Гүржийн Засгийн газар, сөрөг хүчний сөргөлдөөн Европарламентын анхаарлын төвд байна. Брюсселийн эрх баригчид талууд хэлэлцээрийн ширээнд суухгүй бол Тбилист үзүүлэх тусламжаа царцаахаа мэдэгдсэн. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель Тбилист айлчлахдаа эрх баригчдыг сөрөг хүчинтэйгээ эвлэрэхийг уриалжээ. Гүржид ажилласан Брюсселийн тусгай төлөөлөгч Кристин Даниелсон ч сөргөлдөөнийг намжааж дийлсэнгүй. Гүржийн сөрөг хүчин парламентын сонгууль явуулахыг шаардаж, Брюсселийн тэвчээрийг барж байна. Европарламентын гишүүд байдлыг ашигтайгаар эргүүлэхийн тулд харилцан буулт хийх эсвэл тусламжийг царцаах санал дэвшүүлсэн. Хямралыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн даамжруулах боллоо. Энэ удаагийн иргэдийн жагсаал “Намахвани” усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай шууд холбоотой. Гүржийн тариачид усан цахилгаан станцаас болж усан үзмийн тариалангийн талбай сүйрэх, экологийн хор хөнөөлийг онцолж байгаа. Усан цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулагчид болох Туркийн “Enka Renewables” компани, Норвегийн “Clean En­ergy Group”ийн санхүүжилтээр барих юм. Имерети мужийн Рионы хөндийд хагас чихэрлэг “Твиши” цагаан дарсны үндсэн түүхий эд болох усан үзмийг тариалдаг. Энэ бол Гүржийн дарсны үйлдвэрлэлийн бахархалт брэнд юм. Твиши тосгоноос гаралтай цагаан усан үзэм нь дэлхийд чанараар гайхагддаг, хамгийн үнэтэй сорт. Усан үзмийг өөр бүсэд ургуулах боломжгүй учир гадаадын үйлдвэрлэгчид Имерети мужид тусгайлан нүүж ирдэг. Эрх баригчид усан цахилгаан станц байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй гэж мэдэгдсэн ч далангаас ялгарах утаа ховор сортуудыг устгах аюултай. Мөн мужийн тариачдын орлогын гол эх үүсвэрт сөргөөр нөлөөлнө. Тиймээс тариачид “Усан үзмийн тариалангийн талбайг сүйтгэхийг зөвшөөрөхгүй”, “Бид байгаль орчноо хамгаална” гэсэн уриа лоозон барин жагсжээ. Жагсагчид талбайг цэвэрлэж буй хүнд техник механизмыг бүсэлж, ажлаа зогсоохыг шаардсан байна. Имерети бол газар хөдлөлтийн бүс бөгөөд байгаль хамгаалагчид усан цахилгаан станцын аюулгүй байдлын судалгааг дахин эхлүүлэхийг шаарджээ. Хууль сахиулах байгууллагууд хөндлөнгөөс оролцож, жагсагчид даралттай ус цацаж тараасан байна. Гэхдээ нутгийн оршин суугчид эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
 
ЭРЧИМ ХҮЧ, ДАРСНЫ ДАЙН
 
“Намахвани” усан цахилгаан станцын каскадын төслийн дагуу Цагерский, Цхаттубский сууринд далан, усан сан барина. Эрчим хүчний блокуудын хүчин чадал 400 мегаваттаас хэтрэхгүй байх бол цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл нь цагт 1500 гигаватт аж. Өөрөөр хэлбэл, Гүржийн жилийн эрчим хүчний хэрэглээний арван тав орчим хувийг хангах юм. Эдийн засгийн сайд Натиа Турнава “Манай улс эрчим хүчнийхээ нөөцийн гучин таван хувийг импортоор хангадаг. Арван жилийн дараа цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин нэмэгдэнэ. Хэрэв бид дотоодын нөөцөө хангахгүй бол эрчим хүчний хараат болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 800 сая ам.доллараас давсан. Станцыг барьснаар хоёр мянга гаруй ажлын байртай болно. Гэхдээ хамгийн гол нь “Намахвани” усан цахилгаан станц нь Гүржийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилготой” гэж тайлбарлажээ. Мөн илүүдэл эрчим хүчээ Турк улсад худалдах боломжтойг онцолсон. Туркийн зүүн хойд бүс нутгууд өвлийн улиралд бага дулаан авдаг бөгөөд Гүржийн эрчим хүчний нөөцийг экспортолсноор алдагдлыг бууруулах боломжтой юм. Тбилиси хот усан цахилгаан станц барих тендер зарлахад Туркийн барилга угсралт, менежментийн “Enka Re­newables” компани ялсан. Усан цахилгаан станцын төслийн арван хувь нь норвегичуудад зориулагдсан байна. Өмнөд Кавказ нь ЗСБНХУын эрчим хүчний нэгдсэн системийн нэг хэсэг байсан. ЗХУ задарсны дараа Гүрж эрчим хүчний хувьд хагас хараат орон болжээ. Усан цахилгаан станц бүс нутгийг эрчим хүчээр хангадаг. Тиймээс Гүрж улс өвлийн улиралд нөөцийн хомсдолд орж, дулааны цахилгаан станцуудтай Азербайжан, Армени улсаас эрчим хүч авдаг. Эрчим хүчний хэлхээ холбоог сэргээх хөшүүрэг бол Азербайжанаас Турк руу чиглэсэн Өмнөд хийн тээврийн коридорыг байгуулах явдал байв. Гүржийн эрх баригчид хөрш орнуудын хараат байдлаас гарахын тулд эрчим хүчний шинэчлэлийг хэд хэдэн удаа эхлүүлсэн. Гэсэн хэдий ч эрчим хүчний нөөцийг Оросоос худалдаж авсан хэвээр байна. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийг хувьчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрч, үнийг чөлөөлснөөр үргэлж тасарч, хүрэлцэхгүй байсан цахилгааны нийлүүлэлт эрс сайжрав. Өндөр уулнаас урсах голуудын нөөцөө ашиглан хувийн, усан цахилгаан станц олноор байгуулсан бөгөөд эдүгээ гадаадаас авдгаасаа хоёр дахин илүү цахилгааныг гадагшаа борлуулдаг болжээ. Оросоос Армени руу урсах байгалийн хийнээс нутгаар нь дамжуулсны төлбөрт 10 хувийг авч, дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг болов. Орос улс 2006 онд импортын хориг тавьсны дараа гүржүүд дарс, жимс, эрдсийн ус зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ сууриар нь шинэчилж, чанарыг нь огцом сайжруулж, шинэ зах зээлд гаргаж чаджээ. Дөрвөн жилийн дотор экспортын орлого нь хоригийн өмнөх хэмжээнээсээ ч их болов. 2011 онд нийт 48 оронд 54 сая ам.долларын дарс, 68 сая ам.долларын архи, “Боржоми” зэрэг эрдэст усыг 48 сая ам.доллараар худалдсан байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин