sonin.mn
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монгол-Япон улсын хооронд худалдаалдаг  “NIMON” компанийг үүсгэн байгуулагч М.Мөнхбаттай ярилцлаа.
 
-Танай компани Японд үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаа юм байна. Яагаад Япон улсыг сонгож компаниа байгуулах болсон юм бэ? 
 
-Би 2000 онд сургуулиасаа жилийн чөлөө аваад аавыгаа дагаад Японд ирж  машин задаргаа болон машин хийдэг байсан. Тухайлбал, машин тасдаад нийлүүлээд LIMOUSINE машин хийдэг байлаа.Түүний нэг нь хуримын ордонд явдаг байсан. Их сургуулиа төгсөөд  сургуулийнхаа зуучлалаар 2002-2004 онд Toyota-гийн үйлдвэрт ажиллаж байсан. Харин одоо “NIMON” компаниа удирдан ажиллаж байна. 2017 онд “NIMON” компаниа Монголд үүсгэн байгуулаад  2018 онд Японд ирж үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван жил болж байна. Багаасаа аавыгаа дагаад машин, мотоцикль сонирхдог байсан болохоор туршлага, хоббигоо дагаад гол төлөв шинэ, хуучин том, жижиг тэрэг захиалгаар Монгол руу явуулдаг.
 
-Компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
 
-Манай компани Японд өөрийн газартай болохоор жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Монгол руу экспортлох тал дээр анхаарч эхэлж байгаа.
 
 
 
 
Алсдаа Монгол Улсыг олон жижиг, том үйлдвэртэй болгохыг мөрөөддөг.  Мөн монгол бүтээгдэхүүнүүдийг Япон улс руу экспортлохыг хүсдэг ч ноос ноолуураас өөр дэлхийн зах зээлд гаргах бүтээгдэхүүн манай улсад алга. Тиймээс  цаг зав гарвал мөрөөдлөө биелүүлэх боломжийн талаар бодож, шинэ санаа эрэлхийлдэг.
 
 
 
 
-Япон дахь монголчууд танай компаниар хэр их үйлчлүүлдэг вэ?
 
-Манай компани Японд  машины бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг учир  тэнд амьдардаг монголчууддаа  машин нийлүүлэх болон машиныг нь очиж засах, зөөх, машины үзлэгт оруулах, машиныг нь худалдаж авах гэсэн бусад бүх үйлчилгээг үзүүлж байгаа. Мэдээж Японд байгаа хүмүүс манайхаас банкны зээлээр болон кредит картаар үйлчлүүлэх боломжтой. Бас Монголоос машин авах хүнд  манайхаас урилга явуулж, Японд өөрөө ирж машинаа сонгоод авах болон Японоор аялах боломжтой. Аяллын төлөвлөгөөг манай компани бүгдийг хариуцах тул үйлчлүүлэгч маань Японы хаана ч, хүссэн газраа очих боломжтой. Тэр утгаараа машин худалдан авагчдын сэтгэл ханамжийг 200 хувь байлгахыг эрмэлздэг. Тиймээс машин болон тоног төхөөрөмж сонирхож байгаа бол манайх руу холбогдоорой гэж хэлмээр байна. 
 
-Японоос өөрийн эх орондоо нэвтрүүлэхийг хүсдэг зүйл бий юу?
 
-Яг одоогоор зам тээвэр, шуудангийн тогтолцоог нэвтрүүлэхийг хүсдэг. Энэ нь манай улсад агаар мэт хэрэгтэйгээс гадна хурдан нэвтрүүлэх боломжтой санагдсан. Улаанбаатарын түгжрэлийг арилгахын тулд тийм ч зүйл хийгээсэй, ийм ч зүйл хийгээсэй гэж хүн бүр дотроо боддог. Токио хотод түгжрэл байдаггүй шалтгаан нь метро, хурдны зам, автобус, орон нутгийн онгоц, такси, шуудан, унадаг дугуйг иж бүрнээр нь бий болгосонтой холбоотой гэдгийг би анзаарсан. Тиймээс Улаанбаатарт автомашины дугаарын хязгаарлалт хийх нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Үүний оронд хотын төвдөө зөвхөн метро гэхгүй бүх төрлийн унааг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, дээгүүр явдаг гэрлэн дохиогүй, төлбөргүй замыг (bypass) ашиглалтад оруулах шаардлагатай санагдсан.
 
-Бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжийг олгохоос гадна түгжрэл багасгадаг оновчтой шийдэл нь юу байдаг юм бол?
 
-Замын түгжрэлийг бууруулахад жолооны курс маш өндөр ач холбогдолтой санагдсан. Тухайлбал, Японд жолооны үнэмлэх авахад нэг жил, сунгуулахад гурван жил, гурван жилийн хугацаанд зөрчил гаргаагүй тохиолдолд  таван жилээр сунгадаг. Энэ нь алтан үнэмлэх юм.  Жолооны үнэмлэхийн сүүлийн таван жилийн зөрчлийн мэдээлэл цагдаад байдаг. Нэг жилд  зургаан оноотой. Жил бүр тэглэгддэг. Гурван жилд 15 оноотой. Оноо дууссан тохиолдолд  үнэмлэхээ хураалгана. Зөрчил гаргасан тохиолдолд торгууль төлөөд, оноогоо заавал хасуулдаг. Үүнийг л Монголд нэвтрүүлмээр  санагддаг.  Бас цагдаа нь замын зохицуулагч биш цагдаагийн ажлаа хийгээд замын зохицуулагч нь замаа зохицуулдаг юм билээ.  Анх Японы хурдны замыг өндөр хурдтай давхихад зориулсан зам гэж ойлгосон нь том эндүүрэл байсан. Зүгээр л гэрлэн дохиогүй замаар зогсохгүйгээр жигд 60-аас доошгүй 80 километрээс дээшгүй хурдаар явах зориулалттай зам байсан. Бас хурдны зам нь жолооч амрах газар, хоолны газар, дэлгүүр, бие засах газар, шатахуун түгээх станцтай байдаг. Тиймээс хурдны замаас бууж түгжрэх шаардлагагүй байдаг. Тэр ч утгаар түгжрэл үүсдэггүй гэж ойлгосон.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин