sonin.mn
“Булган Ундарга”  компанийн захирал Б.Гантигтай криптовалютын дэлхийн зах зээл, Монгол дахь өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.
 
-Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр банк, санхүү, эдийн засгийн уламжлалт харилцаа хувьсан өөрчлөгдөж, цахим хэлбэрт шилжиж байна. Ялангуяа криптовалютын үнэ цэн богино хугацаанд өсч, хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр. Харин манайд энэ төрлийн зах зээл ямархуу түвшинд байгаа вэ?
 
- Саяхан УИХ, Засгийн газраас үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia аппликэйшн амжилттай нэвтрүүллээ. Түүнчлэн СЗХ-ноос Сэндбокс  зохицуулалтын орчны журмыг баталсанд баяртай байгаа. Энэ журам батлагдсанаар технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, туршиж үзэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Төрөөс бүхий л талаар цахим шилжилт хийж эдийн засгаа тэлье, инновацийг дэмжье, аливаа үйлчилгээг иргэдэдээ ойртуулъя гэж ярьж байгаа. Гэвч, манай иргэд, төрийн албан хаагчдын криптовалют, цахим зах зээлийн талаарх мэдлэг хангалтгүй байгаагаас зарим ажил урагшлахад бэрхшээл тулгарч байна. Жишээлбэл, Ард санхүүгийн нэгдлээс дэлхийд анхдагч криптовалютын нээлттэй сан байгуулна гээд “Булган Ундарга” ХК-д хөрөнгө оруулж, худалдаж авсан. Гэтэл Хөрөнгийн биржээс хууль бусаар үнэ өсгөлөө гэсэн шалтгаанаар уг компанийн хувьцааны арилжааг бүтэн хоёр сар зогсоосон. Энэ бол цахим зах зээлд асар их цаг хугацаа. Үүний цаана хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Мөн бид цаг хугацаатай уралдан ажиллаж,  дэлхийд гарах зорилготой байгаа. Бирж дээр арилжаалагдаж болох криптовалютаар баталгаажсан хувьцаат компани дэлхийд одоогоор тав л бий. Уг нь бид дэлхийд анхдагч болохыг зорьж байсан юм. Харин одоо эхний аравт багтахыг хүсч байна. Энэ бол Монгол Улс хөгжилтэй, нээлттэй улс болохыг харуулах маш том мэдээ юм. Дэлхийд дээгүүрт жагсдаг Торонтогийн хөрөнгийн биржийн манайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг сан өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийд гарсан. Тэд ганцхан сарын дотор нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон. Америкт 4.9 их наяд долларын хөрөнгө удирддаг компани хүртэл бидний хийж байгааг хийх гээд Нью-Йоркийн хөрөнгийн биржид хүсэлтээ өгчихсөн байна. Бидний зорилго маш тодорхой. Монгол Улсыг  Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн биржийн газрын зураг дээр гаргамаар байна.
 
-Төр, хувийн хэвшил ойлголцохгүй байгаа нь цахим зах зээлийн хууль, эрх зүйн орчин тодорхой бус байгаатай холбоотой. Хуулийн төсөл явж байх шиг байсан?
 
-Өнөөдөр Монгол Улсад криптовалютын тухай ямар ч хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Хууль байхгүй учраас болох, болохгүйн зааг тодорхойгүй. Хаа хаанаа эрсдэлтэй. Гэхдээ эрсдэлээс айгаад хараад суувал бид дэлхийн хөгжлөөс хоцорно. Биткойны ханш дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 57 мянган ам.доллар байна. Дэлхийн томоохон банк, хөрөнгө оруулалтын сангууд биткойныг ямар нэг хэмжээнд хүлээн зөвшөөрч, хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин манайд одоо л энэ төрлийн анхны хуулиа, тодруулбал, Виртуал хөрөнгийн хуулийг хэлэлцэж байна.
 
 
 
Хууль батлагдсанаар криптовалютын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг бүртгэлжүүлэх, үйл ажиллагааг нь хянах боломж үүснэ. Бүртгэлгүй явж ирсний хамгийн том эрсдэл нь мөнгө угаалт.
 
 
 
-Биткойн, АрдКойныг сонирхохгүй хүн ховор болжээ. Үүнтэй зэрэгцээд хэр найдвартай вэ гэдэг асуулт гарч байна. Технологийн шийдэл, аюулгүй байдлын талаар яривал?
 
-Блокчэйн технологи бол бүртгэлийн систем. Тэр бүртгэлд ямар дата, өгөгдөл орох вэ гэдэг нь тухайн хэрэгжүүлж буй төслөөс хамаараад өөр өөр. Биткойны блокчэйн нь  хоёр хүний хооронд шилжүүлж байгаа биткойныг бүртгэдэг хамгийн энгийн систем. Биткойн бол нэг төрлийн валют, блокчэйн технологи дээр суурилсан. Түүнээс хойш шинэ блокчэйнүүд үүсэж, ухаалаг гэрээ бий болж блокчэйн хөгжсөн. Ухаалаг гэрээг ашигласнаар биет болон биет бус ямар ч зүйлийг арилжиж болох нөхцөл бий болж байна. Блокчэйн технологид тулгуурлан нийгэмд асар олон зүйлийг хийж болно. Яагаад гэвэл, хүн төрөлхтний нийгэм бүртгэл дээр оршин тогтнодог. Хэрэв бүртгэл байхгүй бол намайг Гантиг гэдгийг яаж нотлох юм.  Бүх зүйлээ нотариатаар батлуулах гэж барьж гүйдэг цаг одоо улирч байна. Энэ технологийн найдвартай, аюулгүй байдлыг хэрэглэгчид өөрсдөө хангадаг, төвлөрсөн бус байдлаар ажилладагт гол онцлог нь оршиж байгаа.
 
-Та түрүүн дурдлаа, цахим зах зээл бүртгэлгүй, хяналтгүй байсны улмаас мөнгө угаалт, луйвар зэрэг сөрөг үр дагавар үүсдэг гэж. Үүнийг тодруулаач?
 
-100 ам.доллартай хүн өөрийн валютыг төгрөг болгохыг хүсэж байтал өөр нэг хүн банкнаас арай өндөр ханшаар авъя гэвэл өгнө шүү дээ. Хууль бус биш. Үүнтэй ижил, хил хязгааргүй цахим ертөнцөд криптовалютыг 100 хувь хуульчлахад маш хэцүү. Давуу тал нь, хэн ч данс нээж болно. Иргэний үнэмлэхээ бариад хаа нэгтээ очих шаардлагагүй, интернэтэд холбогдож болж байвал данс нээж болно. Дэлхийн долоон тэрбум хүний 1.7 тэрбум нь банкны дансгүй байдаг. Фэйсбүүк компани энэ асуудлыг шийдвэрлэхээр доллараар баталгаажсан криптовалют гаргахаар ажиллаж байна. Ингэснээр фэйсбүүк хаягтай хүн бүр данстай болж, мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломж нээгдэх нь. Улсын хилээр хязгаарлагдахгүй. Бидний хэрэглэж заншсан виза картын компани л гэхэд төлбөрийн системдээ доллараар баталгаажсан криптовалютыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлчихсэн яваа. Гэтэл Монголоос төрсөн инновацийг дэмждэггүй, аль болох хааж боож, хорьж, хязгаарлах гэдэг. Энэ нь Монгол Улс бусдаас хоцрох шалтгаан болох өндөр магадлалтай. Дээрээс нь, луйврын сүлжээнүүд маш олон гардаг. Иргэд маань аль нь бодит бизнес, аль нь луйвар вэ гэдгийг маш сайн ялгаж салгадаг байх хэрэгтэй байна. Монголоос олон сая ам.доллар луйврын сүлжээгээр гадагш хяналтгүй урссан. Манай төр, хууль санаачлагчид үүнд анхаарахгүй, араас нь хөөцөлдөхгүй байгаа нь Понзи схем, луйврын пирамид, сүлжээний бизнесүүд хөгжих орон зайг үүсгэдэг. Эдгээр луйврыг зогсоох томоохон алхам хийхгүй байгаад маш их харамсдаг, олон мянган монгол иргэд хохирч хоцорсон хойно нь ярьдаг. Миний мэдэхээр 2021 он гарснаас хойш гадаадын хоёр том луйврын сүлжээ ор сураггүй алга болчихлоо. Хэдэн мянган иргэд маш их хэмжээний мөнгөөр энэ хоёр сүлжээнд элссэн байсан. Гэтэл үүнийг хэн ч хорихгүй, зогсоохгүй, өгч байгаа анхааруулга нь иргэдийн сонорт хангалттай хүрэхгүй байна. Иргэдэд мэдэгдэл, анхааруулга өгдөг сувгаа өргөжүүлмээр байна.
 
 
 
Луйвар хийж буй этгээдүүдэд хатуу хариуцлага тооцмоор байна. Хэдийгээр луйврууд гадны эзэнтэй байлаа ч Монголд үйл ажиллагааг нь эрхэлж, сурталчилж, хүмүүсийг элсүүлж буй этгээдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй.
 
 
 
-Ардкойны бусад лоялти онооноос ялгарах давуу тал нь юу юм бэ?
 
-“Ард Бит” ХХК-ийн том ажлуудын нэг болох Ардкойн нь 2018 оны арванхоёр дугаар сард анх гарсан. Ардкойн бол уламжлалт лоялти онооны санааг эвдсэн шинэ төрлийн лоялти оноо, мөн блокчэйн технологи дээр суурилснаараа онцлогтой. Хөрвөх чадвартай, чөлөөт зах зээлд өрсөлдөх боломжтой зэргээрээ давуу талтай. Худалдан авах, нээлттэй зах зээлд хэрэглэгчид хоорондоо арилжаалах, өөр цахим хөрөнгө рүү шилжүүлэх гэх мэт боломжуудыг нээж өгсөн. Криптовалютууд ихэнхдээ хэрэглээн дээр тогтдог. Ардкойны хэрэглээг өдөр ирэх тусам өсгөх ажлыг бид хийж байна. Үйлчилгээний байгууллагуудаас бараа авахдаа төлбөр хийж болох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 2021 онд бид Ардкойныг олон улсад гаргана, гэхдээ олон шинэчлэлтэйгээр. Криптовалютын зах зээл арав гаруйхан жилийн өмнө үүссэн, их залуу зах зээл. Энэ жижиг зах зээлд Ард санхүүгийн нэгдэл шиг хэмжээний компани шинээр гарч ирдэггүй, бидэнд илүү давуу тал байгаа. Олон улсад бид гадны хэрэглэгчдэд тохирсон олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
-Ардкойн тодорхой тоо хэмжээтэй гэдэг. Хязгаарлагдмал тоо хэмжээтэй байхын давуу тал нь юу вэ?
 
-5.1 тэрбум ширхэг Ардкойн бий. Ухаалаг гэрээндээ нэмэх боломжтой гэж заасан боловч цаашид нэмэхгүй. Үүнийгээ албан ёсоор зарлана. Хэмжээ хязгааргүй зүйл өөрийн үнэ цэнийг тогтоох боломж муу байдаг. Ямарваа зүйл хязгааргүй гараад байвал түүний үнэ цэн өндөр байхгүй нь тодорхой. Бид Ардкойны хэрэглээг өргөтгөж, олон сая хэрэглэгчтэй болох тусам Ардкойны үнэ цэн өсөх болно.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин