сонин mn
Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штабаас уурхайчдынхаа ажлын байр, хоолны цэгүүдэд халдвар тархах эрсдлийг бууруулж,сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, тус үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг Сэлэнгэ катаринг, Таятан фүүд, Хаан хүнс компаниудын ажлын байрны халдвар хамгаалал, эрсдэлгүй байдлыг бүрдүүлэхийн тулд бүх ажилчдыг нь дархлаажуулалтад хамруулжээ. Мөн халуун хоолны чанар, орц найрлагыг сайжруулж, уурхайчдын эрүүл мэнд дархлааг дэмжихэд онцгой анхаарч үйлчлэх шаардлагыг тогтмол тавьж байна. Түүнчлэн дээрх хоолны газруудад дотоод хөдөлмөр зохион байгуулалт хийж, ээлжийн горимоор ажиллах чиглэл өгчээ. Энэ нь тухайн ээлжийн ажилчдад халдварын эрсдэл үүссэн тохиолдолд өөр ээлжийнхэн солигдож, уурхайчдад халуун хоолоор тасралтгүй хангах боломж олгох зорилготой гэдгийг Шуурхай штабын албаны эх сурвалж онцлов. Үйлдвэрийн хэмжээнд халдваргүйтэл ариутгалын гэрээт гурван компани ажиллаж, ачаа болон хүн тээврийн бүхий л төрлийн авто машин, бараа бүтээгдэхүүн, ажлын байр, хоолны танхим, гадаах орчны зам талбай гэсэн чиглэлээр өдөр тутам ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.
 
М.Балжинням
Фото: Б.Баттөгс