МАДРИД, 2026 оны долоодугаар сарын 30 /Kazinform/. Сүүлийн өдрүүдэд Гибралтарын хоолойн Африкийн эрэгт Мароккотой хил залгаа оршдог Испанийн өөртөө засах хот болох Сеута руу 1500 гаруй цагаач нэвтрэн оржээ. Үүний улмаас "хүмүүнлэгийн болон нийгмийн онцгой байдал" үүсээд байгааг тус өөртөө засах хотын дарга Хуан Хесус Вивас пүрэв гарагт мэдэгдсэн байна.
"Өнөөдөр байдал бүр дордлоо. Ирж буй цагаачдын эрс нэмэгдэж, хүлээн авах төвүүд ачааллаа дийлэхээ больсны дээр дахин нэг хүний амь далайд эрсдлээ" гэж Вивас X нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Сүүлийн өдрүүдэд өөр улсын газар нутагтай хиллэдэг, Испанийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Сеута руу хүрэхээр оролдож байгаад 9 хүн живж нас барсныг Сеутагийн эрх баригчид сүүлд мэдээлсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн цагаачдын урсгал 2021 оноос хойших хамгийн том хэмжээний урсгал болж байгаа бөгөөд тухайн үед 10 мянга гаруй хүн Сеутагийн хилийг даван орж байжээ.
Испанийн Засгийн газар Сеута дахь нөхцөл байдалд "нэн даруй хариу арга хэмжээ авах"-ын тулд "шаардлагатай бүх нөөц бололцоог дайчилсан" гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес X нийгмийн сүлжээнд мэдэгдсэн байна.
Испанийн Дотоод хэргийн яам хотын аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн алба хаагчдыг Сеута руу илгээснээ мэдэгджээ. Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка долоодугаар сарын 31-нд Сеутад очихоор төлөвлөсөн байна. Тэрбээр Мароккогийн эрх баригчидтай хийж буй хамтын ажиллагааг "үлгэр жишээ" хэмээн мэдэгдээд, хоёр улс Сеутад хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийг аль болох богино хугацаанд Марокко руу буцаахаар ажиллаж байгааг онцолжээ.
Сеута руу цагаачдын урсгал огцом нэмэгдсэнийг тус хотын эрх баригчид Испанийн Дээд шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Дээд шүүх долоодугаар сарын эхээр далайгаар ирж буй цагаачдыг хууль ёсны зохих журмыг хэрэгжүүлэхгүйгээр хилээр шууд буцаах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм.
Энэ нь хуурай газраар (жишээ нь хилийн хашааг даван) Испани руу нэвтэрдэг хүмүүсийг буцаадгаас ялгаатай журам гэж Associated Press агентлаг бичжээ. Испанийн Сеута, Мелилья хотуудаар дамжих чиглэл нь африкуудын Баруун Европ руу цагаачлах гол замууд юм. Марокко нь Европыг зорьж буй олон цагаачийн хувьд дамжин өнгөрөх гол улс болдог.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 07 сарын 31,
2026
Сэтгэгдэл1
Өнөөдөр Оросууд баллистик пуужингаа ашиглан Украйны Днепр мужийн Кривой Рогийн ойролцоох Радушне хотод энгийн нэгэн айлын энгийн байшинг устгасан. Энэ нь Вороновын гэр бүл байсан: ээж Олена, аав Артем, долоон хүүхэд - Марк, Доминика, Захарий, Азарий Илай, Федерика, Эмилия, Виорика - мөн ой ханастай ач хүү Артем, одоо Украиныг хамгаалж байгаа тэдний том хүүгийн хүүхэд. Одоогийн байдлаар эцэг эх, гурван хүүхэд - Марк, Азарий Илай, Эмилия нар нас барсан нь батлагдсан. Оросын пуужин маш хүчтэй цохилт өгсөн тул байшингаас бараг юу ч үлдээгүй... Нуранги дороос хүний цогцосны хэлтэрхий олдсон бөгөөд зөвхөн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тэд гэр бүлийн аль гишүүнд харьяалагддагийг тогтоож чадна. Захарий, Доминика, Виорика, Федерика, Артем нарын хувь заяаг одоо хүртэл тогтоож байна... Энэ бол Оросын Украины эсрэг хийсэн дайны аймшигт гэмт хэрэг - энгийн хүмүүсийн эсрэг, энгийн амьдралын эсрэг.