сонин mn
ЛОНДОН. /CNN/. Английн судлаачид "COVID-19"-ийн вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүс Энэтхэгт анх илэрсэн “Дельта” буюу “B.1.61.2” хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өндөр хувиар сэргийлж буйг тогтоожээ.
Английн Нийгмийн эрүүл мэндийн газраас /PHE/ даваа гарагт мэдээлснээр, “Pfizer-BioNTech”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээр эмнэлэгт хэвтэхээс 96 хувиар сэргийлж байсан бол “Oxford-AstraZeneca”-гийн вакцины хоёр тунгийн хувьд 92 хувийн үр дүнтэй байгааг тогтоосон байна. 
Судлаачид бусад хувилбарын хувьд энэхүү үзүүлэлтийг илүү өндөр байна хэмээн үзэж байгаа ажээ. Тэд цаашид вакцинууд “Дельта” хувилбараар нас барах эрсдэлээс хэрхэн сэргийлэхийг тогтоох судалгааг үргэлжлүүлэн хийнэ.
 
Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаанд “Дельта” хувилбараар халдварласан 14019 тохиолдлыг хамруулсан бөгөөд тэдний 166 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тус байгууллагын Дархлаажуулалтын асуудал хариуцсан хэлтсийн дарга, доктор Мэри Рамсейн мэдээлснээр, вакцинууд “Дельта” хувилбарын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг өндөр хувиар бууруулж буйг тогтоосон нь ихээхэн ач холбогдолтой ажээ. 
 
Мөн Их Британид вакцинжуулалтын аян эрчимтэй үргэлжилсээр байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт мэдээлээд, энэхүү хөтөлбөр нь олон мянган хүний амь насыг хэдийнээ авраад буйг цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Хоёр тун вакцин ямар үр дүнтэй болохыг харуулсан энэхүү нотолгоо нь бүрэн тунг хийлгэхийг ач холбогдлыг тодотгон харуулж байна. Вакцин бидний амь насыг хамгаалаад зогсохгүй хэвийн амьдралдаа эргэн орох үйл явцыг түргэтгэнэ” хэмээн нэмж хэлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг