sonin.mn
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, бригадын генерал Т.Лодойдамбыг энэ удаагийнхаа “Зочин” хойморт урьж ярилцлаа.
 
Юуны өмнө Танд бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе ...
 
-Баярлалаа, Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн тэгш дүүрэн ойтой давхцуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар цэргийн эрхэм дээд генерал цол хүртсэндээ туйлаас баярлахын зэрэгцээ маш их бэлгэшээж байна.
 
Ерөнхийлөгчөөс генерал цол гардаж байх агшинд танд яг юу бодогдож байсан бэ? Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчин, эр цэргийн тангараг хоёртоо үнэнчээр зүтгэсний илэрхийлэл, ялангуяа Зэвсэгт хүчиндээ 28 жил ажиллахдаа 16 жилийг нь хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллаж, Монголын мянга мянган залуусыг цэргийн эрдэмд сургахын сацуу ажил, амьдралын ачаа даах чадвартай өрх гэрийн тэргүүн, ёс суртахууны төлөвшилтэй эх орны ирээдүйг бэлдэхэд оруулсан хувь нэмэр маань генерал цол болж мөрөн дээр минь буулаа гэж бодож зогслоо. Мөн Т.Лодойдамба гэдэг хүнийг цэрэг амьдралынхаа мөрөөдлийг биелүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байсан бүхий л хүмүүсийн тэр их хүслийг биелүүлж буйдаа сэтгэл хангалуун байсан. Түүнчлэн төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд түшиг тулгуур, ажил үйлсийн минь амжилтын үндэс болж байсан гэр бүл, үе үеийн хамт олон, найз нөхөд, Зэвсэгт хүчний удирдлагууддаа талархах сэтгэл эрхгүй төрж байсан даа.
 
Ингэхэд Та аль нутгийн хүн бэ? Төрж өссөн нутаг усныхаа тухай бидэнтэй хуваалцаач ...
 
-Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өндөр сант гэдэг хайрхны өвөрт, хамгийн дээд талын “Эргэн”-ий өвөлжөөнд бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт мэндэлсэн юм. Өндөр сант хэмээх эл хайрхныг Өвөрхангай аймгийн Хужирт, Өлзийт, Сант, Архангай аймгийн Хотонт сумд хамтран дөрвөн жил тутамд тахидаг уламжлалтай ийм л шүтээн хайрхан. Миний төрж өссөн Хужирт сум бол Монголын олон алдартны өлгий нутгаас гадна рашаан, шавар эмчилгээ, байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгалт газрууд гээд бишгүй намтар түүхийг хадгалсан сайхан нутаг даа.
 
Өндөр сант хайрхны өвөрт төрж, өссөн хүү өнөө цагийн Зэвсэгт хүчинтэй ямар хувь зохиолоор холбогдсон талаар яриагаа үргэлжлүүлье ...
 
-Миний цэрэг амьдрал Монгол Улс бие даан өөрийгөө хамгаалах батлан хамгаалах тогтолцоонд шилжиж байсан тэр түүхэн цаг үеэс эхлэлтэй. Би бага ангийн сурагч ахуйгаасаа л цэргийн дарга болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Анги дэвших явцад ч, арав төгсөх агшинд ч тэрхүү хүсэл мөрөөдөл минь хувьсан өөрчлөгдөөгүй. Тиймдээ ч Цэргийн их сургуулийг сонгож, зэвсгийн мэргэжлээр элсэв. Тухайн үед цэргийн сургуульд сурч байсан найз нар маань “Чамд зэвсэг гэхээсээ илүү ерөнхий цэргийн командын офицер мэргэжил л таарна” гэж зөвлөдөг юм байна. Тэгээд л тэр үеийн сургуулийн дэд захирал, хурандаа Ц.Тогоо (дэслэгч генерал) даргад ах маань хэлж миний хуваарийг солиулж байлаа. Энэ бол миний хамгийн зөв сонголт байсан.
 
Ажлын гараагаа хаанаас эхэлж, хамт олноосоо хэрхэн суралцаж дадлага, туршлага хуримтлуулан Зэвсэгт хүчний хөрсөнд боловсорч эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу? Нэг үгээр хэлэхэд өнөөгийн генералын өнцгөөс дэслэгч Лодойдамбыг дүгнэвэл ...
 
-Сургууль төгсөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаар томилогдсон. Тухайн үеийн ангийн удирдлага, штаб, албад, салбаруудад ажиллаж байсан олон даргын мэдлэг дадлага, ур чадвар, ажлын арга барил, ажилдаа хандаж буй хандлага өөр байсны хүчинд бидний хамт төгсөж очсон шинэ офицерууд одоогийн хурандаа нар болох Т.Галбадрах, Ж.Өсөхбаяр, Ц.Буяндэлгэр, Д.Батзориг, С.Ууганбаяр нар маань бүгд хариуцсан ажил албандаа үлгэрлэн ажиллаж байгаагаар илэрхийлэгдэх болов уу. Ер нь бид сурсан гэхээсээ илүүтэй биднийг ажлын талбарт өлгийдөж авсан тухайн үеийн дарга нар маш сайн сургасан даа.
Тэр үеийн дэслэгч Т.Лодойдамбын хувьд цэргүүдээсээ огт салдаггүй, тэднийгээ зүгээр суулгадаггүй, хичээлийн танхим, биеийн тамирын талбайд ямар нэгэн ажил, арга хэмжээ хэрэгжүүлсэн шиг ээ үргэлж хамт байдаг байлаа. Мөн өөрөө сар бүр штабын офицеруудад бүх төрлийн норматив, тактикийн бодлогоор шалгалт өгнө. Тэрчлэн сарын цалин болох 17800 төгрөг маань хаана ч хүрэхгүй, гэсэн ч болно доо болно гэсэн итгэл эрмэлзэлтэй, ёстой л халаас нимгэн ч сэтгэл дүүрэн жаргалтай офицер байж дээ. Бид төгсөж очоод Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэрэгжлийн спортын амжилтын оргил үеийг бий болгож, хойч үеийнхээ залуучуудад уламжлал болгон үлдээхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан байх.
 
Ажил албаны хувьд арвин их замналтай, тэр хэрээрээ баялаг туршлагыг хуримтлуулж чаддаг хүмүүс бол цэргийнхэн гэж хэлж болно. Мэдээж та ч тэр зарчмаас гадуур өнгөрөөгүй нь лавтай. Тэгэхээр өдийг хүртэлх хугацаанд хаана, ямар албан тушаалуудад ажилласан, хаана сурч боловсорсон тухайгаа товчхон дурдана уу?
 
-Би Зэвсэгт хүчний 256, 150 дугаар ангиудад салааны захирагч, ротын захирагч, мотобуудлагын батальоны штабын дарга, биеийн тамир спортын дарга, мотобуудлагын батальоны захирагч, тусгай хорооны штабын орлогч, оператив тасгийн дарга зэрэг албан тушаалуудад 11 жил ажиллаад Батлан хамгаалах удирдлагын академид суралцсан. Академи төгсөөд тэндээ байлдааны цагийн цэргийн удирдлагын ахлах багшаар томилогдон ажиллаж байгаад БХЯ-нд ахлах мэргэжилтэн, тасгийн дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалуудад таван жил ажиллаад Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуульд суралцсан юм. Тус сургуулийг төгсөж ирээд ЗХЖШ-т ахлах офицероор ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчаар томилогдсон доо. Тухайн үед анги маань мотобуудлагын тусгай хороо болж өргөтгөн зохион байгуулагдсан учраас бид өдөр бүр л шинэ ажил, арга хэмжээнүүдтэй тулгарч байлаа. Тэр үед Зүүнбаянгийн ард түмэн маань олон жилийн дараа хуягт танкийн техникийн мотор, артиллери, зенитийн буудлагын дууг дахин сонсож байгаадаа туйлын их баяртай байж билээ. Миний дараагийн томилолт бол одоогийн албан тушаал. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагчаар томилогдон ирээд гурван жил болж байна.
 
Энэ цаг хугацааны эргэлтэд Энхийг сахиулах ажиллагаанд ч оролцоод амжсан байх ...
 
-Миний хувьд үеийнхэн болоод одоогийн залуучууд шиг энхийг сахиулах ажиллагаанд олон удаа үүрэг гүйцэтгээгүй дээ. Сьерра Лион улсад явагдсан НҮБ-ын мандаттай “UNMIL” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн нэг эд эс нь болж салааны захирагчаар үүрэг гүйцэтгэсэн.
 
Ер нь таны ажил болоод амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
 
-Миний өвөө Дорж гэж хүн байсан юм. Нутаг хошуундаа “Болно оо Дорж” хэмээн алдаршсан хүн байв. Ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан “Болно оо, болно” гэж явсаар байгаад цаана нь гардаг хүн байсан юм. Өвөөгийн энэхүү зан чанараас надад өвлөгдсөн үү гэвэл өвлөгдсөн. Тэр ч чанараараа би удирдлагаас итгээд оноосон үүргийг үр дүнтэй биелүүлж, цаана нь гарах гэж хичээдэг. Харин өнөөдрийн хий хоосон “Би чадна”-уудад үнэхээр дургүй хүрээд байдаг болчхоод байгаа юм.
 
Таны бахархал омогшил юу вэ?
 
-Монгол хүн болж төрснөөрөө мэдээж бахархдаг. Монголчуудынхаа түүхээр омогшдог. Тэр ч чанараараа Монгол гэсэн бахархал, омогшлыг өнөө цагт түүчээлж, дараагийн үедээ өвлүүлэхэд генерал хүний үүрэг хариуцлага их гэдгийг ухамсарлаж байгаа.
 
Эх орон гэж таныхаар юу вэ? Түүний үнэ цэн юунд оршдог гэж та боддог вэ?
 
-Эх орон гэдэг энэ хоёр үгээр бүгдийг илэрхийлэх гэхээр цаана нь олон агуулгууд үлдэх байх. Цэрэг хүний хувьд Монголын Зэвсэгт хүчин миний эх орон, захирагч хүний хувьд хамт олон минь миний эх орон гээд илэрхийлэгдэх биз дээ. Монголын маань ард түмэн эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, нэгэн зүгт, нэгэн зэрэг хараад зогсоосой гэж туйлын ихээр хүсдэг болоод байна.
 
Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр төвхнүүлж, өдий зэрэгт хүрэхэд тань хамгийн их нөлөөлсөн хүн бол яах аргагүй таны гэр бүлийн хүн болов уу гэж бодож байна. Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Миний хань технологич инженер мэргэжилтэй О.Мөнхцэцэг гэж бүсгүй бий. Ажил, албандаа тууштай зүтгэж, энэ хэмжээнд хүрэхэд түшиг тулгуур минь болж, гэр бүлээ гэсэн асар их сэтгэлийг тээн ар талын албыг нуруундаа үүрч ирсэн ханийн минь нөлөө хэмжээлшгүй. Бид ханилаад 24 жил болж байна. Манайх ам бүл гурвуулаа, хүү маань гадаадад сурдаг юм. Миний хань ямар ч эдийн шуналгүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг эмэгтэй. Эхнэр маань миний эмч, лам, багш зарим талаараа ээж ч болдог доо.
 
Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө төрхийг та хэрхэн төсөөлдөг вэ?
 
-Сүүлийн зургаан жилийн хугацаанд Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийгдэж байна. Үүнтэй уялдуулаад Зэвсэгт хүчинд олон жил хүлээлт үүсгээд байсан бодлогын баримт бичгүүд шинэчлэгдэн батлагдаж нэгтгэл, анги, салбаруудын гүйцэтгэх үүргүүд тодорхой болж байна. Хэдий тийм ч Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө төрхийг хүний оюун ухаан, эдийн засгийн боломжоос салгаж тодорхойлох боломжгүй юм болов уу.
 
Энэ цаг дор Үндэсний их баяр наадмын тухай асуухгүй өнгөрч боломгүй. Эл уламжлалт баяр наадамдаа хэр их ач холбогдол өгч, баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэсэн асуултаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе ...
 
-Үндэсний их өв соёл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон дэлхийд ганцхан монгол наадамдаа ач холбогдол өгч, хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг уламжлалтай. Баярын өдрүүдэд ойр дотнын хүмүүсээ гэртээ урьж, тэднийгээ дайлан хамтдаа сайхан айраг ууж, бөхөө үзэж өнгөрүүлэх дуртай даа.
Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалд хөл нийлүүлж байна. “Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, эгнээнээсээ Монгол Улсын 10 баатар төрүүлсэн алдар түүхтэй Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн жагсаал орж ирж байна” гэж танилцуулах агшин үнэхээр огшмоор ... Тэр жагсаалыг удирдаад алхаж байгаагаараа өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Өнөө жилийн тухайд төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ.
Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.
 
 Хошууч Д.МЭНДБАЯР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин