sonin.mn
1921 оны 3-р сарын 18-нд Д.Сүхбаатар жанжнаар удирдуулсан Ардын цэрэг тоогоор хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг хийн уг хотыг эзлэн авч, улмаар 1921 оны 7-р сарын 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан түүх бий. Ялалт дархалсан эл өдрийг монголчууд бид хамгийн том, үндэсний хэмжээний баяр наадам болгон тэмдэглэдэг уламжлал тогтсоноос хойш даруй 100 жил өнгөрчээ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа болсон энэ баярт өдөр эртний түүхт есөн хөлт Цагаан тугийг Төрийн торгон цэргүүд болох Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Засгийн газрын ордноос наадамчин олны цугларан төвхнөх Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залж, цэнгүүлэх ёслолын арга хэмжээ 30-аад жилийн өмнөөс эхтэй гэж хэлж болно. Харин угтаа бол энэ ёсон олон зуун жилийн уламжлалтай. Тодруулбаас, эрт цагийн Монгол аймгууд нэгэн жолоон дор нэгдсэн 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугийг бүтээж Их эзэн хаан мөргөн ёсолж байсан тухай түүхийн хуудаснаа хадгалагдан үлджээ.
 
Энэ үеэс есөн хөлт Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олны амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон Засгийн газрын ордны хойморт заларсаар ирсэн аж. Үндэсний их баяр наадмаар Төрийн есөн хөлт Цагаан тугийг ард түмнийхээ дунд цэнгүүлэн залах энэхүү хүндэтгэлтэй, хариуцлагатай ёслолыг хийж гүйцэтгэх офицер, ахлагч, хугацаат албаны дайчид маань бэлтгэл сургуулилтаа жил бүр сар шахам хугацаанд хийж гүйцэтгэдэг.
 
 
Энэ талаар сурвалжлахаар бид Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг энэ сарын 1-ний өдөр зорьсон нь юм. 
Төрийн есөн хөлт Цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч буюу Монгол Төрийн хонжин ахалж, Их тугчийн удирдлагад бие бялдар, авхаалж самбаагаар шалгарсан найман тугчин болон 22 торгон цэргийн хамт тодорхой ёс, журмын дагуу үүрэг гүйцэтгэгдсэнээр Үндэсний их баяр наадам эхэлдэг жамтай. Тиймээс бэлтгэл сургуулилтаа мадаггүй сайн хийж гүйцэтгэх нь торгон цэргүүдийн хувьд хамгийн гол зүйл нь юм. 
 
Биднийг зорьсон газраа очиход бие бүрэлдэхүүн хэдийнээ бэлтгэлээ жигдрүүлчихсэн харагдана. Дасгал сургуулилтаа хийж буй байдлаас ажвал туйлын эмх цэгцтэй, зохион байгуулалттай болох нь мэдрэгдэнэ. Энэ үеэр Төрийн хонжин буюу 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяртай ярилцах боломж олдов. Тэрээр хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр зарлигийн дагуу бид төрийн ёслолын бүх арга хэмжээнд оролцох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр Богдхан уулын алдарт Шажин хурахын аманд бэлтгэлээ базаадаг. Миний бие гурав дахь жилдээ энэ хариуцлагатай арга хэмжээнд Төрийн хонжингийн үүргийг гүйцэтгэж байна. Төрийн хонжин гэдэг цол бол Их Монгол Улсын үеэс улбаатай. Эзэн Чингис хааны хамгийн итгэлт жанжид болох Боорчи, Мухулай нар энэ үүргийг гүйцэтгэж байсан гэдэг. Миний бие цэргийн томилгоот алба болох Цэргийн гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар томилогдсоноос хойш Төрийн хонжин гэх энэ хүндтэй үүргийг монгол түмнийхээ өмнө гурав дахиа гүйцэтгэх гэж мэрийн ажиллаж байна. Энэ бахархалтай бөгөөд тэсвэр, тэвчээр шаардсан албыг хашиж байгаа минь нэр төрийн хэрэг юм. Үүнийгээ дагаад өндөр хариуцлага оногдож байдаг учиртай" гээд энэ жилийн зуны өнгө зүс, бороо хур тэгширсэн нь элбэг хангалуун жилийг бэлгэдэж буйг онцолж байлаа. 
 
Эл ёслолын үйл ажиллагаанд Их тугчийн үүрэг хамгийн чухал. Тэрээр есөн хөлт Цагаан тугийн магнай болсон том Их тугийг залах өндөр хариуцлагатай албыг хашдаг нэгэн. Үндэсний их баяр наадмаар Их тугчийн үүргийг тус ангийн Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагч, дэслэгч А.Ууганбаяр гүйцэтгэх бөгөөд Төрийн Их тугч хэмээх энэ хүндтэй албан тушаалд хэрхэн сонгогдож, бэлтгэл сургуулилтаа яаж базаадаг талаар түүнээс тодрууллаа. А.Ууганбаяр "1992 оноос буюу есөн хөлт Цагаан тугийг цэнгүүлэх ёслол бий болсноос хойш зургаа дахь их тугч нь миний бие юм. Төрийн есөн хөлт Цагаан тугийн тэргүүнд залрах Их цагаан туг нь Монгол Төрийн сүр, хүчний бэлгэдэл болдог бөгөөд зөвхөн офицер цолтой хүнд энэ үүрэг оногддог. Их тугчийн албанд бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, гарал угсаа зэргийг харгалзан үзэж Төрийн хонжингийн шийдвэрээр томилогддог. Миний хувьд Дорноговь аймгийн Сайншанд хотын уугуул. Би 2018 онд ҮБХИС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр төссөн. Бага балчир наснаасаа адуу гэдэг амьтантай их ойр өссөн дөө. Энэ маань намайг тус албанд үүрэг гүйцэтгэхэд том түлхэц болсон гэж боддог. Бид энэхүү үүргийг гүйцэтгэхийн тулд тодорхой хугацаанд, зохих журмын дагуу тэсвэр хатуужлын бэлтгэл хийдэг. Энэ бэлтгэл бүрэн хангагдсан бол ёслолын арга хэмжээнд хүндрэлтэй асуудал гардаггүй гэж ойлгож болно. Өнгөрсөн жил анх удаагаа туг барьж байхдаа маш их сандарсан. Тухайн үед сандралаа дараад л өнгөрсөн. Есөн хөлт Цагаан тугийн Их туг нь 30 гаруй кг, харин бусад тугууд нь 27-28 кг жинтэй байдаг. Төрийн тугийн хүндийн цэг нь оройдоо байдаг учраас багахан хөдөлгөхөд дайвалзан тэнцвэр алдах аюул бий. Мэдээж энэ ёслол бол алдаа гаргах эрхгүй, асар их хариуцлагатай байх ёстой. Цэргийн хүн болсных, тэр тусмаа Хүндэт харуулын албанд үүрэг гүйцэтгэдгийн хамгийн том нэр хүнд, бахархал нь энэ алба байдаг гэж боддог" хэмээн хэлж буйгаас харахад түүнээс ёстой л эр хүнд байх зарчимч, хичээнгүй зан чанар илт мэдрэгдэнэ.
 
Ёслолын үйл ажиллагаанд Төрийн хонжин, Их тугч болон найман тугчаас гадна морь баригч, шилжүүлэгчийн үүргийг хүлээх Төрийн торгон цэргүүдийг тус ангийн түрүүч, байлдагчдын бие бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулдаг. Мэдээж анх удаагаа Төрийн хамгийн том баяр, ёслолд оролцох гэж буй 18-25 насны залуучуудад сэтгэл зүйн бэлтгэлээс эхлээд зааж сургах юм нэгээр тогтохгүй. Тэгэхдээ монгол хүн болж төрснийх адуу гэдэг амьтантай хамт бэлтгэл хийхэд төвөгшөөх зүйл байдаггүй гэдгийг бэлтгэлд гарсан хугацаат албаны дайчид нэгэн дуугаар хэлж байв. Тэдгээр жавхаалаг Торгон цэргүүдийн нэг бол тус ангийн байлдагч Л.Пэрэнлэйдорж юм. Тэрээр хэлэхдээ “Би Булган аймгийн Сайхан сумаас 2020 оны хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротод өөрийн хүсэлтээр татагдан ирсэн. Хугацаат цэргийн албанд татагдан ирээд найман сарын хугацааг өнгөрөөсөн байна. Одоо бодоход эр хүний үзэх ёстой алба юм гэдгийг сайн ойлгож байна. Би багаасаа л торгон цэрэг болох мөрөөдөлтэй хүүхэд байсан. Тэр тусмаа энэ жил төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд морь баригчийн үүргийг гүйцэтгэх гэж буйгаа асар том завшаан гэж бодож байгаа. Морь баригч гэдэг нь есөн хөлт Цагаан тугийн хамгаалагчдын бараан зүсмийн морьдыг хөдөлгөөнгүй, нэг эгнээнд оруулан барьж зогсох хариуцлагатай алба байдаг” хэмээсэн бол түүний адил морь баригчийн үүргийг гүйцэтгэж байгаа байлдагч У.Баяржавхлан “Есөн хөлт Цагаан тугаа хамгаалах үүрэгтэй морьт салааны торгон цэргүүд бид үндсэн хоёр үүргийг хүлээдэг. Энэ албыг гүйцэтгэх гэж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Дараа нь хүнд ярихад хүртэл бахархалтай шүү дээ. Би энэ жил 19 настай. Анхнаасаа л цэргийн алба хаах сонирхол надад байсан. Манай салааны захирагч, дэслэгч А.Ууганбаяр дарга намайг өөрөө сонгож салаандаа элсүүлсэн. Би бөөн баяр хөөр болоод ээж, аавдаа ч энэ тухайгаа хэлсэн. Цэргийн алба хүнийг сорьж, хурцалж хүнээс үг сонсож сургадаг юм байна. Дээрээс нь бүх зүйл цагийн хуваарийн дагуу явагддаг учраас өөрийгөө зохион байгуулалтад оруулж дадаж байна. 
Адаглаад цагаар хооллоно гэдэг нь эрүүл амьдрах гол үндэс байдаг гэдгийг ойлгосон. Бидний насны залуучууд ямар нэгэн асуудал гарлаа гэхэд хүний өөдөөс тайлбар тавих хандлагатай байдаг. Гэтэл энд ёс журам, сахилга бат гэдэг зүйлийн учир утгыг мэдэрч байна” гэдгийг хэлж байв.
 
Тус ангийн офицер, ахлагч нараас хамгийн олон жил Монгол Төрийнхөө баяр наадамд тугчийн үүргийг гүйцэтгэж буй алба хаагч бол тус ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Х.Бямбадорж бөгөөд тэрээр 2010 оноос хойш энэ албыг хашиж буй нэгэн. Энэ нь эх орныхоо эр цэрэг нь болж төрсний хамгийн том бахархал байдаг гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Х.Бямбадорж "Тугч гэдэг бол мэдээж хүн болгонд тохиолдох завшаан биш. Төрийн тугийг зална гэдэг маш сайхан хийморьлог ажил юм. Үндэсний их баяр наадмыг бидний оролцоотойгоор эхэлдэг гэж бодоход л бахархахгүй байхын аргагүй сайхан алба юм даа гэж бодогддог. Төрийн тугаа бариад Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх тэр мэдрэмжийг үгээр хэлж боломгүй, тийм өвөрмөц байдаг. Ёстой л нүднээс нулимс гартал огшдог гэх үү дээ. Энэ болгонд дэмжлэг үзүүлдэг хамтран зүтгэгч нар болон ангийнхаа удирдлагуудад баярлаж явдаг. Тэгэхдээ энэ хэрээр бид бэлтгэлээ сайн хийдэг. Бидний бэлтгэл өглөө зургаан цагаас орой зургаан цаг хүртэл үргэлжилдэг. Харин дараа нь тугчид бид хүчний дасгал хийдэг" гэв. Дээрээс нь наадамд оролцох морьдыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байрлах Зэвсэгт хүчний 232 дугаар анги буюу Төрийн торгон сүргийн тусгай салаанаас өнгө зүс, унаган зан араншин, хүч тамир зэргийг харан сонгож хөлөөр нь нийслэл хотод оруулж ирдэг ёсон бий. Жил бүрийн 6 дугаар сарын дундуур уламжлалын дагуу гурван өдрийг дамнан авчирдаг гэдгийг мөн тэрээр дурдаж байв.
 
Найман шарга адуу тэнхээ мэдэн хатирав
Насан балчир Тэмүүжин тэнгэрийн ташуур атгав
Найман шаргын хатираанд өрнө дорно өмрөв
Найман шаргын төвөргөөнд өргөн дэлхий цөмрөв... хэмээн нэгэн яруу найрагч уран тансгаар шүлэглэж байсан удаатай.
 
Төрийн есөн хөлт Цагаан тугийг цэнгүүлэх ёслолын үйл явцад найман шарга, хоёр цагаан адуу оролцдог нь мөн л буурал түүхийн нэг хэсэгтэй салшгүй холбоотой. Энэ нь Их Эзэн Чингис хааны хамгийн хайртай найман шарга адуу болон Чингисийн хоёр загал гэж алдаршиж түүхийн нэгэн хэлхээс болсон домогт хүлгүүдийн бэлгэдэлтэй холбоотой бөгөөд өнөө хүртэл монгол түмнийхээ дунд уламжлал болон ирсний баталгаа нь энэ юм. Ийнхүү монгол үндэстний хамгийн том баяр болох Үндэсний их баяр наадамд оролцох төрийн торгон цэргийн болон төрийн торгон сүргийн бэлтгэл жигдэрч байсан боловч төр, засгаас цар тахлын дэгдэлтээс улбаалж өнөө жил эл баяр цэнгэл наадмыг өнжөөх шийдвэр гаргасан юм.
 
Дэслэгч Т.ИДЭР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин