sonin.mn
Ренчинсамбуугийн Одонбаатар
 
/1961-2021/
 
Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Р.Одонбаатар 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо. Эрхэм түүний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэн тэргүүн бөхийж, хүндэтгэн ёсолъё. Р.Одонбаатар нь 1961 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн бөгөөд 1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсжээ.
 
 
 
Улмаар 1979-1983 онд Монгол Улсын Их Сургуулийг Худалдааны эдийн засагч мэргэжлээр, 1987-1988 онд ЗХУ-ын Новосибирск хотод Худалдааны удирдах ажилтны дээд курс, 2000-2004 онд Waikato-Hamilton их сургуулийг тус тус дүүргэсний дээр 2004-2008 онд Кэмбрижийн Их Сургуульд суралцаж эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан тэргүүний сэхээтэн байлаа.
 
 
 
Тэрээр 1983-1984 онд Мөрөн хотын Худалдаа, бэлтгэлийн трестэд эдийн засагч, 1984-1986 онд Ардын армийн 256 дугаар ангид байлдагч, 1986-1987 онд Хөвсгөл аймгийн Худалдаа, бэлтгэлийг удирдах газарт эдийн засагч, 1988-1990 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Худалдаа, бэлтгэлийн ангийн дарга, 1990-1991 онд Хөвсгөл аймгийн Худалдаа, бэлтгэлийн трестийн дарга, 1991-1994 онд Хөвсгөл аймгийн брокерын пүүсийн захирал, 1992 онд Хөвсгөл аймгийн МҮАН-ын дарга, 1994-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2008-2014 онд “Ендэрт-Од”, “Оюубадрах” зэрэг ХХК-уудын захирал, зөвлөх, 2015-2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга зэрэг албыг хашсан юм.
Р.Одонбаатар Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа тус салбарт тулгарсан бэрхшээл бүрийг шийдвэрлэж, цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан, эрдэм оюунаа дайчлан ажилласныг нь бид бүхэн сайтар мэдэх билээ.
 
 
 
 
Тэр тусмаа Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, гадаад харилцааг өргөтгөж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр дорвитой шийдвэр гаргаж, бодит ажлуудыг хийсэн нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний цаашдын хөгжилд чухал түлхэц болсон юм.
 
 
 
Түүний улс эх орныхоо хөгжил дэвшилд зориулсан хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнажээ.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, эелдэг даруу, ажилч хичээнгүй, зарчимч зан чанар нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай.
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР, БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ, ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ, БХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНХУЯГ, БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН