sonin.mn

ДУБАЙ, 2025 оны тавдугаар сарын 17 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Булангийн орнуудад хийж буй айлчлалынхаа сүүлчийн зогсоол болох АНЭУ-д айлчлах үеэр хоёр орон Америкийн компаниудаас хиймэл оюун ухааны дэвшилтэт хагас дамжуулагч худалдаж авах талаар тохиролцжээ.




Мөн АНЭУ-ын нийслэл, хамгийн баян Эмирт болох Абу-Даби ирэх арван жилд АНУ-ын эрчим хүчний салбарт 440 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. Ингэснээр Д.Трамп Америкийн эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байр бий болгох санхүүгийн үүрэг амлалтыг баталгаажуулах зорилготой уулзалтуудыг Булангийн орнуудын удирдагчидтай хийснийхээ дараа Вашингтоныг зорьжээ.




Энэ оны гуравдугаар сард АНЭУ-ын өндөр албан тушаалтнууд Д.Трамптай уулзах үеэрээ хоёр талын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд эрчим хүч, хиймэл оюун ухаан, аж үйлдвэр зэрэг салбарт АНУ-д 10 жилийн хугацаатай 1.4 их наяд долларын хөрөнгө оруулалт хийхээ амласан юм. Баасан гарагт байгуулсан хиймэл оюун ухааны хэлэлцээр нь эртний холбоотон АНУ болон худалдааны хамгийн том түнш Хятадтай харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж буй АНЭУ-д чухал ач холбогдолтой юм.




“Өчигдөр хоёр улс АНЭУ-д дэлхийн хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны хагас дамжуулагчийг Америкийн компаниудаас худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцсон нь маш том гэрээ юм. Энэ нь олон тэрбум долларын орлогыг авчирч, хиймэл оюун ухааны салбарт гол тоглогч болох АНЭУ-ын төлөвлөгөөг эрчимжүүлэх болно” гэж Д.Трамп мэдэгджээ. АНЭУ-тай байгуулсан шинэ гэрээ хэлэлцээрүүдэд мөн “Boeing”-оос 28 онгоц худалдаж авах “Etihad Airways”-ын 14.5 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ багтсан байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг