PRWeek Global Awards нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын харилцаа, олон нийттэй харилцах (PR) салбарын шилдгүүдийг шалгаруулж, тэдний бүтээлч байдал, стратеги төлөвлөлт, үр дүнтэй гүйцэтгэлийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.
Энэхүү нэр хүндтэй уралдаан өрсөлдсөн “GOMONGOLIA” брэндийг шүүгчид “Маш өвөрмөц бөгөөд онцгой, өөрийн улс орныхоо бахархлыг мэдэрч чадсан, бүтээлч" хэмээн дүгнэжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Эдельман компанитай хамтран Монгол Улсын дотоодын болон олон улсын зах зээлийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж, оролцогч талуудтай зөвшилцсөний үр дүнд “GO MONGOLIA” брэндээр дамжуулан үзэгч, уншигчдад “Монгол улс бол Ази тивд хүч түрэн гарч ирж буй улс” гэсэн ойлголт өгөх төдийгүй “Монгол улсаар аялсан мэт” сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлсэн хэд хэдэн кампанит ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон янзын үйл ажиллагаа явуулсны үр дүнд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 155 сая хүнд хүрч, 2023-2024 онд нийт дэлхий даяар 432.4 сая хандалтыг авч, Lonely Planet сэтгүүлээс 2024 онд зочлох хамгийн шилдэг орноор шалгарсан байна.
Дашрамд дурьдахад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд “GoMongolia”, “Welcome to Mongolia” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Олон Улсад Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар, очиж аялах шийдвэр гаргалт 36 хувиар, Монгол Улсыг “Хурдтай өсөж буй эдийн засаг” гэж ойлгох хандлага 31 хувиар, бизнес, хөрөнгө оруулалт хийх сонирхол 45 хувиар өссөн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд Монгол Улсыг зорих жуулчдын тоо 808 мянга, экспортын орлого 1.6 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, зөөлөн хүчний индексээр 14 байр ахиад байгаа юм.
Сэтгэгдэл0