sonin.mn
МАДРИД. /TASS/. Испанийн Засгийн газар Пальма арлын галт уулын дэлбэрэлт хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна гэж тус улсын Засгийн газрын тэргүүн Педро Санчес “Sexta” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр арлын оршин суугчидтай сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлсэн байна. “Испанийн шинжлэх ухааны ачаар бид олон хүнийг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж чадсан. Дэлбэрэлт хэр удаан үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байна" гэж Санчес хэлжээ. Тэрбээр дэлбэрэлт хараахан дуусах болоогүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Пальма арлын Эль-Пасо суурингийн ойролцоох галт уул есдүгээр сарын 19-нд дэлбэрч эхэлжээ. Галт уулаас оргилон гарсан лаав буюу халуун хайлмагийн урсгал 1500 гаруй байшин барилгыг сүйтгэснээс гадна, далайд хүрч, хорт хий ялгарахад хүргэсэн байна. Аюулгүй байдлын үүднээс арлын 7000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүний амь эрсэдэж, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.  
Өмнө нь Испанийн галт уул судлаачид дэлбэрэлт 84 хоног хүртэл үргэлжилж магадгүй гэж таамаглаж байсан юм. Энэ нь 100 жилийн хугацаанд Европт нүүрлэсэн галт уулын хамгийн том гамшиг гэж Канарын арлуудын Засгийн газрын тэргүүн, Анхель Виктор Торрес үзэж байгаа талаар “Europa Press” агентлаг урьд нь мэдээлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг