сонин mn
Тэртээ 1990 оны Цагаан морин жилд өрнөсөн нийгмийн шинэчлэлт, өөрчлөлт, шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн хямралын он жилүүдэд олон мэргэшсэн боловсон хүчнүүд орон тооны цомхотгол болон амьдралын шаардлагаар унаган ажил, мэргэжил ижил дасал болсон нөхдөө орхин арилжаа наймаа, хувийн хэвшилд хүч сорьж боломж бүхнийг эрэлхийлж байв.  Энэ үзэгдэл батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг ч тойроогүй юм.  
Эх орондоо тангараг өргөсөн олон мянган офицер, ахлагч нар ийнхүү ажил мэргэжил, салбараасаа хөндийрсөн ч чин сэтгэл зүрх нь эх орныхоо төлөө цохилсоор ирсэн юм. Халуун эх оронч, мятаршгүй энэ үзэл тэднийг цэргийн сургуулийн хашаанд бужигнаж, эрдэмтэн багш нар, шат шатны дарга, захирагч нарынх нь хайр халамж, хүндлэл, үлгэр дуурайлал, албаны ухамсрын нөлөөгөөр төлөвшиж, цэргийн андуудын нэгэн насны мөнхийн нөхөрлөлөөс илүү тод мэдрэгддэг. Ёстой л номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь ууж, ясны цэрэг хүмүүжилд гүн бат төлөвшсөн залуус бие чийрэг, ухаан саруул, уйгагүй хичээл зүтгэлээрээ улс орныхоо салбар салбарт өнгө төрхтэй манлайлан түүчээлж яваа.    
 
 
Амьдралын эрхээр салж одсон ч цэргийн андуудын нөхөрлөл насан туршийнх байж, амьдралаар шалгагдсан бахархалт энэ нөхөрлөл, жинхэнэ эрчүүдийн гүн бат нөхөрлөлийн үнэ цэнэ, утга учрыг илтгэн харуулдаг.   
Үүний тодорхой нэг жишээ нь ЦНДС-ийн 1989 оны нэг ангийн төгсөгч У.Хүрэлсүх, М.Сономпил, З.Эрдэнэбат, Д.Номт нарын хэсэг нөхдийн нөхөрлөл юм. Тэд жил  бүрийн “Цэргийн баяр” цугларч, баяраа тэмдэглэж, сонсогч ахуй цагаа дурсан, халуун дотно яриа өрнүүлдэг уламжлалтай байжээ. Энэхүү уламжлал 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар илүү өргөн хүрээг хамарч, “Цэргийн андууд” дурсамж уулзалт болон өргөжих болсон. Анхны уулзалтаа ЦНДС-ийн 1989 оныхноос дээшээ гурав, доошоо гурван оны 500 орчим сонсогчийг хамруулан зохион байгуулсан байдаг. Ийнхүү дурсамж уулзалт жилээс жилд улам хүрээгээ тэлэн өргөжсөөр энэ жил 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. 
 
 
Энэхүү уулзалтыг зохион байгуулах хариуцлагатай албанд анхлан томилогдож, өнөөг хүртэл итгэл алдалгүй, улам төгөлдөржүүлж яваа хурандаа З.Эрдэнэбат, Д.Номт нартаа “Цэргийн андууд”-ын зочид чин сэтгэлээсээ талархаж байдаг билээ. Дурсамж уулзалтад үе үеийн Батлан хамгаалахын сайд, дэд сайд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын дарга нараас гадна ҮБХИС-ийн эрдэмтэн багш нарыг хүндэт зочноор урин оролцуулж ирсэн.   
 
 
Өнгөрсөн 2 жил цар тахлын нөхцөл байдлы улмаас цуцлагдсан. Энэ жилийн “Цэргийн андууд” дурсамж уулзалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уламжлал ёсоор Монголын Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генерал, офицер, ахлагчдын төлөөлөл оролцохоос гадна “Монголын бага дарга нарын холбоо”-нд бүртгэлтэй бага дарга, жагсаалын даргаар алба хаасан ахмадууд оролцож байгаагаараа онцлогтой юм. 
“Цэргийн андууд” дурсамж уулзалт анх зөвхөн нэг салаа, нэг дамжаа, нэг мэргэжлийн андуудын уулзалт байсан бол өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралыг хамгаалж байдаг нийт мөрдэстнүүдийн уулзалт болон өргөжин тэлж, утга агуулга нь улам баяжсаар ирлээ. 
Цэргийн нөхөрлөл гэдэг насан туршид үргэлжилдэг гэдгийг энэ өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрээс хуран чуулсан “Цэргийн” гэх тодотголтой хүндэт эрхмүүдийн энэхүү уулзалт илтгэн харуулж байна.