сонин mn
Уудам шаргал талдаа тэмээн сүрэг тааваараа идээшилнэ. Өмнийн их говийн чимэг, сүр бараа, брэнд бол тэд. Эрдэс баялаг, үнэт ховор эд өлгийн зүйлсээрээ  Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан өнө эртний түүх соёлын арвин их дурсгалтай нутаг бол  бол яахын аргагүй Өмнөговь аймаг юм. Өнөөдрийн байдлаар Монголоос 50 гаруй төрлийн 80 гаруй зүйл үлэг гүрвэлийн олдвор олдсоны ихэнх нь Өмнөговь аймгийн “хэвлий”-д хадгалагдаж байсан юм.
 
 
Үүнээс хамгийн эртний үлэг гүрвэл 145 сая жилийн өмнө амьдарч байсныг археологийн судалгаагаар тогтоосныг дэлхийд зарласнаар олон улсын судлаачдын цуваа Өмнөговь аймаг руу тасралтгүйгээр хөврөх болсон түүхтэй. Тэр дундаа говиос цуглуулсан үлэг гүрвэлийн олдворуудын чулуужилтын түвшин маш сайн, хэлхээ яс нь бүрэн бүтэн байгаа зэргээрээ дэлхийг гайхшруулсаар ирсэн билээ.
 
 
Үлэг гүрвэлийн өлгий гэгддэг энэ нутаг дэлхий шагших, жуулчдыг татах “үзмэр”-ийн тоогоо нэгээр нэмсэн нь “Говийн байгаль, түүхийн музей” юм.
Нэгдүгээр давхрын талбайн төв хэсэгт 10-12 метр урт биетэй, хурц олон шүдтэй аварга махан идэшт үлэг гүрвэл болох Монголоос олдсон хамгийн том тарбозаврын үзмэрийг бүтнээр нь дэлгэн харуулжээ.
 
Үлэг гүрвэлийн бие бүтэц ямар байсныг энэ үзмэр тодоор харуулж байна. Нялх зулзагаас эхлээд нас бие гүйцсэн хүртэлх олон төрлийн тарбозаврын олдворыг Монголоос олсон нь хөгжлийн янз бүрийн түвшинг нь судлах бололцоог дэлхийн судлаачдад олгосон юм.
 
Тус үзмэрийн цаад талд үлэг гүрвэлийн биеийн яснууд хэдэн хэсэг болон элсэн дунд шигдсэн байх бөгөөд наад талд нь малтлаг хийж буй эрэгтэй археологчийг дүрслэн бүтээсэн нь яг л амьд хүн мэт харагдаж байв. Энэ бол Өмнөговь аймаг дахь “Говийн байгаль, түүхийн музей”-н өчүүхэн хэсгийн зураглал. Дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, танхимтай, 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай  тус музейг “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж, бүрэн тохижуулан олон улсын музейн өдрөөр /2022.05.18/  ашиглалтад орууллаа.
 
ЭНДРЬЮ ВИЛСОН:СОЁЛЫГ ӨВИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД АНХААРЧ АЖИЛЛАХААР ЗОРЬЖ БАЙНА
 
Орон нутгийн соёлыг өвийг хадгалан хамгаалах, таниулах сурталчлах чиглэлд Говийн оюу хөгжлийг дэмжих сан идэвхтэй ажилладаг билээ. Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Говийн оюу хөгжлийг дэмжих санг 2015 онд байгуулж байв. Үүнээс хойш жил бүр таван сая ам долларын санхүүжилтийг “Оюу толгой” компаниас тус санд олгож эхэлсэн. Энэ санхүүжилтийг Говийн оюу хөгжлийг дэмжих сан Өмнөговь аймгийн эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хөгжлийг дэмжихэд чиг­лэсэн төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд зарцуулдаг юм. Тухайлбал, 2015-2021 онд тус сан хоёр сургууль, зургаан цэцэрлэг, хоёр эмнэлэгийг ашиглалтад оруулж, 51 бизнес эрхлэгчдэд 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Үүнээс гадна “Өмнөговийн ирээдүй хойч  үеийн сан”-г байгуулж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэ тэтгэ­лэгтээ орон нутагт хамгийн эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюут­нуудыг шалгаруулдагаараа онцлогтой. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 324 оюутанд  тэтгэлэг олгожээ. Мөн тус сангаас санхүүжилсэн нэг томоохон төсөл нь энэхүү дэлхийн жишигт нийцсэн “Говийн байгаль, түүхийн музей” юм.
 
Энэ талаар Оюу толгой ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Вилсон “Орон нутгийн соёлыг өвийг хадгалан хамгаалах, таниулах сурталчлах нь бидний хамтын ажиллагааны хамгийн чухал чиглэл байдаг. Өмнийн говийн соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд   энэ чиглэлд ихээхэн анхаарч ажиллалаа. Бид 2010 онд олон талт мэргэжилтний баг бүрдүүлэн Өмнөговь аймгийн соёлын өвийн суурь судалгааг хийж, хамгаалах чиглэлийн олон төсөл хөтөлбөрийг нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Мөн Говийн оюу хөгжлийг дэмжих санг байгуулж аймгийн тогтвортой хөгжлийг дэмжих урт хугацааны төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн долоон жилд 300 гаруй төсөлд 32.9 сая ам.долларыг зарцууллаа. Үүнд аймгийн төв бо­лон сумдад сургууль, цэцэрлэг ба­рихаас гадна дэд бүтцийн биет бус дэмжлэгийг үзүүлэх төсөл багтана. “Говийн байгаль, түүхийн музей”-г ашиглалтад оруулахад төлөвлөлтөөс эхлээд олон хүний хичээл зүтгэл, нөр их цаг хугацааг зарцууллаа. Оюу толгой компани барилгын сан­хүүжилтийг олгохоос гадна үзмэрээ бүр­дүүлэхэд дэмжин ажил­лалаа. Цаа­шид ч энэ чиглэлд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна” гэв.
Тус музей нь В1 давхрын хамт нийт дөрвөн давхраас бүрдэж байна. В1 давхарт музейн үзмэрийг ачиж буулгах орц, ачааны лифт, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан лифт, зорчигчийн лифт, гэрэл зургийн лаборатори, сан хөмрөг, үзмэр шилжүүлэх өрөө, номын сан, палеонтологийн үзүүлэг, агуй байрлаж байна. Нэгдүгээр давхарт геологи ашигт малтмалын үзмэр, галерей, бэлэг дурсгалын дэлгүүр, хоёрдугаар давхарт, эртний говь, археологийн үзүүлэг дэглэлт тэдгээрийг холбосон гүүр, зорчих пандус байрлажээ. Харин гуравдугаар давхарт говьчуудын өв уламжлал, байгалийг харуулсан үзмэрүүд, дөрөвдүгээр давхарт 180 хүний суудалтай кино лекцийн танхим, өв уламжлал болон боловсролын хэсэгтэй иж бүрэн тансаг хэлбэрээр то­хи­жуулсан жишиг музей ашиглалтад оржээ.
 
 
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН 15 НЯЛХ ЗУЛЗАГА ҮЗЭГЧДИЙН НҮДИЙГ БУЛААВ
 
Барилгын гадаад болоод дотоод дизайнаараа жуулчдыг ихээр татдаг дэлхийд алдартай аль нэг музей, уран зургийн галерейд ирсэн мэт  сэтгэгдлийг төрүүлэх өвөрмөц орчин, содон интерьер, өөр аль ч улсаас харах боломжгүй үзмэрүүдтэй гэдгээрээ “Говийн байгаль, түүхийн музей” үнэхээр дэлхийн жишигт нийцжээ. “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр бүтсэн шинэ музейгээр зочилсон хүн Өмнөговь аймгийн нутгаас олдсон хожуу Цэрдийн Баянширээ, Жадохт, Нэмэгэтийн цаг үеийн үлэг гүрвэлийн сор олдворууд, тэдгээрийн олдсон газар болон үлэг гүрвэлийн чулууужсан олдворыг хэрхэн хадгалж байсантай танилцах боломжтой. Үлэг гүрвэлийн өндөг гэхэд хожуу цэрд буюу 71-66 орчим сая жилийн өмнөх үед хамаарах юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагаас Төв Азийн экспедицийн
 
 
1923 онд олсон 85-71 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн өндөгний үүр, Өмнөговь аймгийн Булган сум, Төгрөгийн ширээгээс олдсон Протоцератопс үлэг гүрвэлийн 15 нялх зулзага, Махан идэшт үлэг гүрвэл-велоцирапторын Монгол-Японы хамтарсан палеонтологийн экспедицийн 1994 оны олдвор гэсэн хүмүүсийн нүдийг булаах түүхийн үнэт олон үзмэрийг энэ музейд дэлгэн харуулжээ.
 
 
Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Түүх, соёл, өв уламжлалаараа бахархах үзлийг залуу үед төлөвшүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадад түүх соёлоо сурталчлан таниулах жишиг музейг нээж байгаадаа  говьчууд бид баяртай байна. Эрт галавын үеийн амьтдын өлгий нутаг, ашигт малтмалын уурхай болсон говийн өвөрмөц дүр зургийг харуулсан биологи, палеонтологи, археологийн дурсгал, тухайн бүс нутагт олон зуун жил ажиллаж, амьдарч ирсэн ард түмний баатарлаг түүх, угсаатны зүй, соёлын асуудлыг цогцоор нь тусгасан Байгаль, түүхийн музейтэй болж, шинэ өнгө төрхийг говь нутагт нэмлээ. Өмнөговь аймгаас олдсон палеонтологийн олдворууд, ашигт малтмал, ан амьтан, биет үзмэр эд өлгийн зүйлсийг бүртгэж нэгдсэн бүртгэлийн сан үүсгэхийн зэрэгцээ  тус музейд чухал шаардлагатай үзмэрүүдийг худалдах, шилжүүлэн авах, хадгалалт хамгаалалт, үзмэрийн баяжилтад онцгой анхааран ажиллаж байна. Цаашид ч музейн орчин нөхцөл, үзүүллэг дэглэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр техник технологийн дэвшлийг ашигласан, төгс гүйцэтгэл бүхий дизайнтай, агуулгын нэгдэл бүхий дэлхий жишигт нийцүүлэн баяжуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна” гэж ярилаа.
 
 
“МУЗЕЙ  ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ОРОН ЗАЙ БАЙХ ЁСТОЙ”
 
 
Музейд ЮНЕСКО-гийн  дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн, улсын хамгаалалтад байдаг байгалийн дурсгалт газар “Шар цав”-аас олдсон олдворуудыг харах боломж бүрджээ. Үлэг гүрвэлийн мөрний хэв, дардастай энэ олдворт газрыг 1995 онд Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн төв, Япон улсын Окаяма хотын Хаяшибара байгалийн шинжлэлийн музейн хамтарсан судлаачид анх нээсэн юм. Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт хамаарах энэ газар 80 гаруй жижиг махан идэшт үлэг гүрвэл сүрэглэн амьдарч байсныг батлах 13 мянга орчим мөрийг баталгаажуулсан билээ. Тиймээс “Шар цав”-ыг судалгаа шинжилгээний жишиг хээрийн лабораторийн музей, хадгалалт хамгаалалтын төв болохын зэрэгцээ, говийн зүүн бүсийн аялал жуулчлалын төв болгох бүрэн боломжтой юм.
 
Энэ тухай Соёлын дэд сайд М.Батбаяр “Соёлын яам анх удаагаа Музейн тухай хуулийг батлуулж, музейн барилгыг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхааран ажиллахаар зорьж байна.  Музей бол хүний хөгжлийг дэмжих орон зай байх ёстой. Энэ орон зайгаар бүх насныхан үйлчлүүлж, шинэ мэдлэг олж авах, олон улсын шаардлага хангасан тохилог орчинд үйлчлүүлж, өөрийгөө хөгжүүлэх учиртай. Энэ утгаараа Монголын музейн түүхийг шинэ хуудсаар баяжуулж байгаа Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейг нээсэн нь иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд  чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Говийг зорин ирэх жуулчдад улам чанартай үйлчилгээ үзүүлэх, эдийн засагт шууд үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
 
Ц.ОТГОНТУЯА: ГОВИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛСАН МУЗЕЙ БОЛТОЛ НЬ ХӨГЖҮҮЛНЭ
 
Түүхийг эргэн сөхвөл 74 жилийн өмнө буюу 1948 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд  Өмнөговь музей 50 үзмэртэйгээр байгуулагдаж байв. Үүний дараа 1958 онд прокурорын контор байсан долоон тасалгаа бүхий жижиг барилгыг засварлан тохижуулж музей дангаараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Харин 1969-1970 онд зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан нэг давхар барилгыг хоёр давхар болон өргөжүүлж 1000 үзмэртэйгээр “Орон нутаг судлах музей” нэртэйгээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм.  Энэ хугацаанд 1957-1978 он хүртэл даргаар ажиллаж байсан Я.Мангалжав музейн үзмэрийн тоог 300-400-д хүргэж, үзэгчдийн тоо жилд дунджаар 3000-ыг давснаар тухайн үеийн төрийн гурван яамнаас сайн үнэлгээ авч, шагнуулж байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд барилгын зай талбай, нөхцөл байдлаас шалтгаалан говь нутгийн түүхэн үзвэрийнхээ  50 хувийг л дэлгэн үзүүлж ирсэн юм. Харин өдгөө орон нутгийн давтагдашгүй их өв соёл, баялаг түүхтэй уялдуулсан дэлхийн жишиг музейтэй боллоо. Ингэснээр Өмнөговь аймгийг зорих гадаадын жуулчдын тоо хэд дахин нэмэгдэх нь тодорхой.
 
Энэ тухай Өмнөговь аймгийн музейн захирал Ц.Отгонтуяа “Шилдэг архитектор Д.Балдан нь говийн онцлог шинж төрхийг агуулсан өвөрмөц хийц бүхий музейн жишиг зургийг зурснаас хойш 12 жилийн дараа буюу 2019 онд шинэ музей шавиа тавьж өнөөдөр ашиглалтад орлоо. Говь нутгийн байгаль, түүхийг сурталчлах зорилготой аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдсэн түүхэн өдөр тохиож байна. Цаашид мэргэжлийн судалгаа шинжилгээний төв болохын хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, говийн байгаль, түүх,уламжлалт өв соёлоо дээдэлж, говийг дэлхийд таниулсан музей болох зорилт тавин ажиллаж байна” гэв.
 
  
Монголын говийг дэлхийд таниулах алсын хараатай “Говийн байгаль, түүхийн музей” иргэдэд шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, боловсрол олгох танин мэдэхүйн төв байх, дижитал цахим технологийг ашигласан олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв байх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, соёлын өвийн аялал жуулчлал мэдээллийн төв байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.  
 
 
Тодруулбал, байгалийн өв болон биологийн олон төрөлт зүйл, бүс нутгийн ард түмний түүх, угсаа соёл, зан заншил, дуу хуур, тэдний ертөнцийг үзэх үзлийг биет дурсгалаар баримтжуулах, техник технологийн ололтыг ашиглан хийсвэр байдлаар олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр үзүүлэн таниулах, сурталчлахаар зорьж байгаа юм.
Музейн сан хөмрөг 224 мкв талбайтай, үндсэн сан хөмрөгийн 4000 гаруй, туслах, сургалт, сурталчилгаа, судал­гааны сан хөмрөгийн 320 гаруй үзмэрээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна.  Үнэт үзмэр эд өлгийн зүйл хийх хүндрүүлэгч бүхий сейф, цаасан суурьтай баримтат өв хадгалах архивын шүүгээ, үзмэр арчлан тордох өргөн форматын ширээ, дохиолол, камерын иж бүрэн систем тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Ийнхүү гадаад дотоодын аялагч жуулчдын үзэх дуртай шинжлэх ухаан, танин мэдэхүйн төв болох, дэлхий шагших үнэт, ховор үзмэрүүдтэй музей Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод сүндэрлэжээ. Дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрээс энэ музейг үзэж сонирхохоор гадаад, дотоодын аялагчид ирж, өөрсдийн мэдлэг оюунаа нэмэгдүүлсэн орчин бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тодотгож байв.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин