сонин mn
Гүн социализмын он жилүүдэд буюу миний хүүхэд байсан 1970-аад оны үед Улаанбаатарын цөөн хэдэн кинотеатруудаар үе үе барууны кино гарна. Францын, Америкийн, Италийн, Японы кино гарахад үзэх гэж бөөн юм болно. Ёстой л эрийн сайнаар гэдэг шиг хамаг л боломж, арга мэхээ уралдуулан байж арай гэж орж үзэцгээнэ. 
Францын “Фантомас”, “Жандарм гэрлэсэн нь”, Америкийн “Спартак”, Японы “Зуурдын сэтгэл”, Энэтхэгийн “Ноён 420”, Германы “Хэлмэгдсэн омгийнхон”, ... гээд олон гоё киног тэгж л арай гэж үзэж, үзсэн хойноо нэг хэсэгтээ л тэдгээр кинонуудаар амьсгалж, ангидаа, гэртээ, орцонд хаа л бол хаа ганц ярьдаг сэдэв болдог байжээ. 
 
1967-68 онд дөнгөж нэгдүгээр ангийн сурагч байхад ах нар “Фантомас” гэдэг кино үзсэн тухай нүдэнд харагдтал ярьж бүр нэг хорхой хүргэж орхино. Гэвч жаахан хүүхдүүд кино театрт орж чадах биш, тэдний ярианаас л тэр кинонуудыг нь үзсэн юм шиг болж, бушуухан том болж тэдэн шиг кино үздэг болохсон гэж мөрөөдөнө. 
 
Гурав, дөрөвдүгээр ангид орж байж сая кинотеатрт кино үзэх “эрхтэй” боллоо. Том болж байгаа нь тэр юм байлгүй. Манай Сансарын үйлчилгээний төвд сайхан кинотеатр байх. Үе үе Зөвлөлтийн болон бусад орны шинэ кинонууд гарахад нь манай сургуулийн сурагчдыг ангиар нь зохион байгуулалттайгаар үзүүлнэ. Бодвол кинотеатрын захиргаа, сургуулийн удирдлагатай ярилцаж шийддэг, ухаан нь төлөвлөгөөгөө биелүүлэх гэхдээ ч юм уу, тэгж бөөнөөрөө кино үздэгсэн. 
“Баригдашгүй өшөө авагч”, “Чапаев”, “Садко”, “Руслан Людмила хоёр”, “Элсний 13”, “Котовский”, “Эрдэнэ нуусан гар” гээд Зөвлөлтийн олон киног тэгж үзсэн дээ. Н.Гоголийн зохиолоор хийсэн “Вий” буюу “Шуламс” гэдэг аймшгийн кино гарч, хүүхэд бид хэд дахин үзсэн ч юм бэ дээ. Үнэхээр мундаг зохиол, мундаг ч кино. Тэр киног одоо нэг үзэхсэн гэж боддог л юм. 
“Жандарм женится” гэдэг киноны нэрийг манайхан “Харгис цагдаа гэрлэсэн нь” гээд орчуулчихсан байж билээ. Тэгэхлээр чинь бөөн гэмт хэрэг, мафитай л кино юм байх гэж хэн ч бодно шүү дээ. Гэтэл тэр кино нь Францын алдартай инээдмийн жүжигчин тоглосон элэг хөшөөм хөгжөөнтэй кино байх. Үзэл суртал аа гэж. “Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино” гэж В.И.Ленин яг зуун жилийн өмнө онож хэлжээ. Өнөөдөр кино урлаг улам хүчирхэгжиж, улс орнуудын “Зөөлөн хүчний бодлого”-ын хамгийн гол, чухал зэвсэг болсон байнам.  
 
Хойд Солонгосын “Цэцэг худалдагч бүсгүй” гэдэг кино гарч нэг хэсэг монголчуудыг ёстой байлдан дагуулав. Хүүхэд бид байтугай, томчууд тэр киноны тухай дуулиан болгон ярилцаж байсан юм чинь. Тэр киног үзсэн бүх хүн уйлж гардаг гэнэ, кино гарч эхлэхэд л уйлж эхэлнэ, дуусан дуустал нь уйлна, уйлах уйлахдаа бүр хэнгэнэтэл, асгартал уйлдаг гэнэ. “Уйлахгүй байж чадах хүн байхгүй дээ” гэж бүр мөрийцсөн сураг ч дуулдана. Тэгж ярихаар л ямар кино тийм байдаг юм бол гэж бодож, бүр үзэхийн хорхой хүрч байж ядах нь ойлгомжтой. 
 
Тэгсээр байгаад манай ангийнхан бөөнөөрөө тэр киног үзлээ. Нээрээ л эвгүй кино юм аа. Танхимын гэрэл унтарч, кино эхлээд удаагүй байтал л дэргэдэх хүүхдүүд нулимсаа арчиж эхлэх нь харанхуйд харагдаж, энд тэндээс нусаа татах дуулдан, төдөлгүй бүр, хэнгэнэтэл мэгшиж, өмөлзтөл мэлмэрүүлж гарах нь дуулдана. Айхтар кино ажээ. Гол дүрийн баатрууд танхимаар нэг хангинатал уйлалдаад байхад үзэгчид хэчнээн тэсэвч яахан чадах билээ.  
Кино дуусч гэрэл асахад хүүхдүүд суудлаасаа босч чадахгүй, ичээд, нэг нэгэн рүүгээ харж чадахгүй, газар шагайн бөгтийсөөр гарцгааж билээ. Манай ангийн Баяраа гэж шавилхан биетэй хүүхэд охидуудыг харж дооглон “Еэеэ бөөвөө, уйланхай, усан нүдэт...” энэ тэр гэж баахан элэглэн тойрч гүйгээд байлаа. Охидууд ч ичсэндээ дуугарахгүй юм. 
 
Тэгтэл ангийн дарга Туяа түүнийг дуудав. “-Баяраа, нааш ир! Хүрээд ир!” гэсэнд мань эр гэнэ сэрэггүй хэрэгт дурлан хүрч очив. Тэгтэл Туяа юм хэлэлгүй шуудхан алгадчихав. Тасхийтэл алгадчихаад “-Дахиад орилоорой! Дахиад хүн дооглоод байгаарай, чи! Чи уйлдаггүй юм уу?” гээд яваад өгөхөд нь Баяраа алгадуулсандаа юм уу, ичсэндээ юм уу, хацар нь час улайчихсан, нүдэнд нь нулимс гүйлгэнэж үлдсэн юм.  
 
1973 онд байх, нэг удаа бид Японы “Зуурдын сэтгэл” гэдэг кино үзэцгээв. Өнөө жил Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Тэгэхлээр 1972 онд хоёр улс дипломат харилцаатай болоод харилцан арга хэмжээ зохиож байсны нэг жишээ нь тэр Япон киноны өдрүүд байсан биз ээ. 
Ангийн дарга Туяагийн эгч нь Сансарын кино театрын дарга. Тийм болохоор л бидний хэдэн нийлдэг хүүхдүүд шинэ кино ирэх болгонд “арын хаалгаар” нь орж үзэцгээнэ. Энэ удаа ч бас нийлдэг хэдэн хүүхэд Туяаг дагаж орлоо. 
 
Туяаг манай ангийнхан “Битлз” гэж хочилно. Аль нэг, хоёрдугаар ангид байхад л 1967, 68 онд дээд ангиас улирч орж ирсэн хүүхдүүд тэгж анх хочилсон хэрэг. Мань мэт нь мэдэхгүй тул “Юу гэж байгаа юм бэ?” гэж асуухад “-Аан, барууны ийм нэртэй хамтлаг байдаг юм аа. Туяагийн үс нь яг тэднийх шиг...” гэлцэнэ. Тэгсээр байгаад хүүхдүүд нэрийг нь мартчихсан мэт, “Битлз ээ” гэж дуудаг болж билээ.  
 
Анх удаагаа л япон кино үзэцгээж байгаа нь тэр. Хар багаасаа л, ухаан орсон цагаасаа хойш л Японыг манай заналт дайсан, манайхтай байлдсан, муусайн самурай нар манай алаг морьт Дандар баатарт хиар цохиулсан... гэсэн айхтар үзэл сурталжсан, эх оронч ойлголттой өссөн хүүхдүүд том болохын хэрээр үзэл ойлголт нь өөрчлөгдөж, цаагуураа Японыг өөрөөр үздэг болж эхэлсэн байлаа. 
 
Тэр удаа япон кино үзээд ёстой мэл гайхаж, битүүхэндээ атаархаж, “Ийм сайхан улс байдаг аа!” гэх бодол төрж билээ. “Коино кисецу” буюу “Зуурдын сэтгэл” хэмээх тэр кино далаад оны үед монголчуудыг, лав л улаанбаатарчуудыг байлдан дагуулж байсан болохоор өнөөдөр ч олон хүн сайн санаж байгаа. Тийм болохоор би энд тэр киноны тухай ярихгүй. Харин тэр киноны дууны тухай ярихыг хүсч байна. Тийм ээ, үнэндээ тэр киноны дуу нь монголчуудыг онцгой ихээр байлдан дагуулж байсан юм. 
 Улаанбаатарынхан бол бүгд л ам амандаа тэр дууг аялан, гунганаж, тэгэх нь бусдад жинхэнэ юм мэддэг, соёлтой, орчин үеийн хүн шиг харагддаг байсан буй заа. Тэгээд тэр дууг аялангаа эрхий, дунд хоёр хуруугаа донжтой гэгч хооронд нь инчдэн чанга дуугаргах нь ёстой гоё, ёстой чекаа харагддаг байж билээ. Тэр үед гоё гэхийг чекаа гэдэг байсан юм. 
 
Тэгтэл тэр гайхалтай байлдан дагуулж байгаа дуу нь манайд байж байдаг байгаа. Тийм ээ, аав маань ноднинхон нь тэмцээнд оролцохоор тамирчидтайгаа Япон явж ирэхдээ жижигхэн дөрвөлжин хуурцагтай авсаархан дуу хураагч авчирсны дотор тэр дуу байсан юм. 
Тэр хэдэн хуурцагт нь Японы “Рояль Найтс” гэдэг хамтлагийн дуунууд, бас Битлз, Бий Жийз, Дийп Пёрпл, Шокинг Блү гээд барууны олон хамтлаг, дуучдын дуунууд байсан билээ. Тийм болохоор ах, дүү бид хэд тэдгээрийг бараг цээжилчихсэн байсан даа. 
 
Киноноос гараад явж байхдаа би ангийнхандаа хандаж энэ киноны дуу манайд бий гэвэл өнөө хэд маань итгэдэггүй ээ. 
 
-Худлаа яриад л...
-Нээрээ! Манай магнетафонд байгаа. Аав авчирсан юм.
-Тэгвэл бидэнд сонсго л доо!
-Тэгье тэгье. Маргааш хичээл тараад...
Маргааш нь хичээл тармагц бид хэд манайд ирэв. Тэгээд буйдан дээр тухлан сууцгааж хөгжмөө асаалаа. Өрөөгөөр дүүрэн япон киноны дуу эгшиглэн цуурайтав. Яг л өчигдөрхөн кинтеатрт энэ япон киног үзэж байсан юм шиг. Бүгд тэр дуунд автаж дор дороо чимээгүй, шуналтайяа сонсоно. 
Кой-ва Ваташи ва койва Сора о сомэтэ Морита юу... 
Өчнөөн сонссоор байгаад бүр цээжилчихсэн тэр дууг дагаж намайг дуулахад нөхөд маань хөөрөн алга ташицгааж, “Үгийг нь өгөөрэй! Бичээд өгөөрэй! Алив, яг одоо бичиж өг!” гэлцэнэ. 
Залуучууд тэр дууг бүр монголчлон орчуулж ч юм уу, эсвэл өөрсдөө үг зохиогоод хэдийн дуулж эхэлсэн байлаа:
Япон тэнгисийн эрэг дээр Янаг хоёр болзжээ. Яахын аргагүй тэр дурлал Яг л зуурдынх байсан юм...
 
Өнөөдүүл чинь халааснаасаа жижигхэн зураг гарган ирж тэр дууг даган дуулцгаана. Тэгсэн чинь Сансарын гэрэл зургийн газарт тэр киноны дууны үгийг гэрэл зургаар авч олшруулаад зарсан байжээ. “Яг байна шүү! Яг ингэж дуулж байна!” гэлцэн дуу алдацгаана.
 
Тийнхүү тэр  дууг сонсч бид зөндөө суулаа. Тэгээд нөхөд маань явахаар босоцгоов. Тэгтэл Туяа өрөөний хананд өлгөөстэй япон хуанли руу дөхөж очив. Өнгөрсөн жилийн хуанли л даа. Хуудас бүртээ япон хүүхэн,  Японы байгалийн үзэмж, тэнгэр баганадсан их хотын гоё гоё өнгөт зурагтай томоо хуанлийн хугацаа нь хэдийгээр дууссан ч манай хананд өлгөөтэй л байж байдаг юм. 
Туяа хуудсыг нь сар сараар нь эргүүлэн харж зогссоноо: “Өө, өнгөрсөн оны календарь байна шдээ. Хугацаа нь дуусчихсан юм байна. Би нэгийг авчихья! Тэгэх үү, Галаа? Нэгийг өгчих!” гэв. Яаж үгүй гэхэв, “Тэг тэг” л гэлээ. Туяа ч эргүүлж эргүүлж нэгийг эвтэйхэн урж авав. Тэгтэл нөгөөдүүл маань ч бас авна гээд хэд хэдийг тасдан авлаа. Гэртээ өрөөнийхөө ханыг гоёх гэж тэр шүү дээ. Бүгдээрээ сэтгэл нэн ханамжтайяа зургуудыг бөөрөнхийлөн хуйлж бариад хуруугаа инчидсээр гарч одоцгоох нь тэр ээ...
 
Одоо энэ дууг интернэтээс олж сонсох боломжтой болсон, уншигч та яг одоо сонсч суугаа ч байж мэднэ. Тэгвэл энэ гайхамшигт дуу таны сэтгэлд тэртээх он жилүүдийн дурсамжийг тань сэргээн уянгалж байгаа гэдэгт итгэнэм. 
 
Олон жилийн дараа 1988 онд би Хятадад сурч байхдаа нутгийн өвөр монголчуудтай уулзаж танилцсан юм. Адилхан монгол хүмүүс болохоор юу эсийг ярих билээ. Олон жилээр харилцалгүй тусгаарлагдсан нэг үндэстний хүмүүс бие биенийхээ амьдрал аж төрлийг сонирхож, жаргал зовлонгоо ярилцаж таараа. Тэгснээ нөгөө хэд чинь манай “Би чамд хайртай” киног олж үзсэнээ ярьлаа. Гараад удаагүй, манайхан ч ам сайтай байсан үе. Өвөр монголчууд дуу алдацгааж: “Ямар гоё кино вэ! Ар монголчууд яасан сайхан амьдардаг юм бэ! Чухам сайхан амьдрал тэнд байна шүү!” гэлцэж байж билээ. Кино гэдэг ийм л хүчтэй “зэвсэг” ажээ. 
 
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
 
          Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар