sonin.mn

ИСТАНБУЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /Reuters/. Украины Ерөнхийлөгч В.Зеленский бямба гарагт Истанбул хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантой уулзсаныхаа дараа тус улстай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон гэж мэдэгджээ. Украин улс дайны явцад хуримтлуулсан туршлага, техник технологийн мэдлэгээ олон улсын тавцанд ашиглахыг эрмэлзэж байгаа юм.


Уулзалтын дараа В.Зеленский мэдэгдэхдээ, Туркийн Ерөнхийлөгчтэй аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах “шинэ алхмууд”-ын талаар тохиролцоонд хүрснийг дурдаад, ажлын хэсгүүд ойрын хугацаанд нарийн ширийн зүйлсийг эцэслэн боловсруулна гэжээ.


Р.Эрдоган В.Зеленскийд хандан мэдэгдэхдээ, Турк улс Украин, Оросын хоорондох дайныг зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд бүх талаар  дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Хоёр удирдагч мөн байгалийн хийн дэд бүтэц байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, мөн хийн ордыг хамтран ашиглах боломжуудын талаар хэлэлцсэн байна.


Уулзалтын үеэр Р.Эрдоган Турк улс Хар тэнгисийн тээврийн аюулгүй байдал болон эрчим хүчний хангамжийг тогтвортой байлгахад ихээхэн ач холбогдол өгч байгааг тэмдэглэжээ.


Украин улс саяхан Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар улсуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан бөгөөд Ойрх Дорнодын бусад оронтой ижил төстэй гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг