sonin.mn
Сурвалжлагчийн үг буюу эхлэл
 
Хүний буян хишиг  гэдэг аяндаа ирдэг юм биш. Ухааны цараа, хичээл зүтгэлийг нь дагаж ирдэг бурхны өглөг гэж болно. Тэгвэл Санжбэгзийн Төмөр-Очир гэдэг хүний амьдралаасаа олж авсан мэдлэг, эрдэмтэн багш нараас сурсан бүхэн нь энэ насных нь буянг зохих хэмжээгээр нь хурааж хуримтлуулсан юмсан болов уу. Бараг л тэртээ гэж хэлэхээр юмаа даа. Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч, наяад оны эхээр намайг МУИС-ийн оюутан байхад С.Төмөр-Очир гэж залуухан багш философийн тэнхимд байдаг байлаа. Миний хувьд ажиллаж байгаад ирсэн харьцангуй хөгшин оюутан ч гэлээ багш бол багш. Түүний өөдөөс нэг их эгцэлж хараагүй л санагдана. Хожмоо дарга сайд, төрийн түшээ, Улсын их хурлын дарга болсон байхад нь ч сайнуугаас цаашгүйхэн байлаа.
 
Тэгсэн саявтар МУИС-ийн 80 жилийн ой дөхсөн үед тус сургуулийн тухай ер нь хэн сайн мэдэх билээ гээд бодох­нээ нөгөө буурал С.Төмөр-Очир багш гэсэн хариу сэтгэлд ургаад ирдэг юм. Тэгээд л эрхэм хүн МУИС-ийн оюутнаас нь эхлээд багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, захирал тэндээсээ суга дэвшээд нэг цагт Монголын төрийн гурван өндөрлөгийн нэгэн явсан түүнтэй уулзлаа. Уулзах уулзахдаа редакц дээрээ хүрээд ир гэчихэв. Тэр нөгөө л урьдын цагийг яг барьдаг зангаараа миний хэлсэн цагт минут ч хожимдолгүй ирэв. Би жаахан зовонгуйрч таныг хүрээд ир гэж зориглосон минь алдас болов уу даа гэвэл
 
-Зүгээрээ хө. Нэгэн үед би багш чи оюутан явж. Одоо бол би жирийн иргэн та том сурвалжлагч гэж хэзээд энгийндүү зангаараа ч цаанаа тохуурхангуй юм шиг хэлнэлээ.
 
С.Төмөр-Очир багш биш бөх байсан бол бодсон санасан мэхээ шуудхан хийгээд унах давахаа шийддэг нэгэн байх байсан байхаа. Яагаад гэхээр боловсрол гэдэг өрсөлдөгчөө ялан дийлэх гэж болох бүтэхгүйг нь засч залах гэж чадал  оюунаа дайчилж дэлхийгээр нэг гэмээр хэрэн явж олсон долсноо эмхлэх гэж тархиа гашилган тунгааж суухаа аз жаргал, хүмүүн надад бурхнаас оноосон хувь заяа гэж боддог хүн юм. Тиймээс шийдмэг хийгээд болохгүйгээс болохыг эрэлхийлэгч гэж хэлэх гээд бөхтэй зүйрлэсэн хэрэг.
 
Тэр ярихдаа миний амьдралдаа өнгөтэй өөдтэй яваа бүхэн Монгол Улсын Их Сургуулийн минь өгөөж буян гэж хэлсэн. Харин муу зуршил ч юм уу, олиггүй тал байвал тэр зөвхөн С.Төмөр-Очирынх гэсэн бий. Тэгээд түүнтэй хийсэн ярилцлага тэмдэглэлийнхээ эхэнд бага насных нь тухай товч хүүрнэхийг зорив.
 
Нартын дор хоёр зуун дамжин амьдрах, ажиллахдаа хүн юу эсийг үзэх билээ. За тиймээ Төмөр-Очир багшийн ямар хүү болох нь хүүхэд ахуйгаас л тодорсон юм билээ. Намрын намарт хангай нутгийн өнгө төрх нүд булаам сонсогдох бүхэн нь эгшиглэнтэй. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг яг л тийм Дулаан энгэр гэдэг газар төрж, өсч өндий­сөн хүний нэг бол С.Төмөр-Очир. Түүх сөхвөл Тамгатай арван гурван хувилгааны Ширээт гэгээнтний нутаг юм. Хамрах хүрээг нь хэлбэл Өндөр-Улааны дээд үе, Чулуут сум бүхлээрээ бас Булган сумынхан бүгд тэр гэгээнийх. Хошуунд захирагддаггүй хошуу эрхтэй юм байж. Гэхдээ түүх хэлж хэлбийхээ жаахан азная. Тухайн үед /1950-иад оны сүүлч/ ардууд хүүхдээ сургуульд өгөхдөө тун хойрго байсан үе. Түүний нэгэн адил аав, ижий нь Төмөр-Очирыг бушуу түргэнээр сургуульд өгсөнгүй. Бүр арваннэгдүгээр сар гарч байхад сурагч болгоотхов. Хүүхдүүд цагаан толгойгоо бараг үзчихсэн үе. Тэр нэхэн суралцаж чаджээ. Чадахаар барахгүй аравдугаар анги төгсгөх жилээ улсын математикийн олимпиадад аймгаасаа шалгарч байж.
 
Олимпиадад ирсэн хүүхдүүдийг Гэгээрлийн яамны сайд С.Ишцэрэн албан өрөөндөө хүлээн авч их, дээд сургуулийн хуваарь сонгуулахад Төмөр-Очир МУИС-ийн математикийн ангид санал өгч. Аймагтаа буцаж очихдоо сургуулийн хуваарь өвөртөлчихсөн “Том амьтан” байж гэнэм.
 
-Өөрийг чинь сайдын өрөөнд мэргэжил сонгох үед гадаад, дотоодын олон сургуулийн нэр байсан байхдаа?
 
-Тиймээ байсан. Улаанбаатарын хүүхдүүд гадаадын хуваарь авч байхыг сонирхож байлаа. Монголд анх телевизтэй болж байсан үе болохоор олон хүүхэд тэр талын сургуульд саналаа өгч байлаа.
 
Миний хувьд нэгдүгээр ангийн маань багш
 
-За хүү минь Зөвлөлт рүү сургуулийн хуваарь битгий аваарай. Даангүй цэргийн сургууль хэрэггүй шүү гэж захьсан байсан. Түүнийг нь би дагасан. Тэгээд МУИС-д таван жил гайгүй суралцсан. Төгсөх үед нэг эгзэгтэй юм болсон нь байгалийн шинжлэлийн философийн чиглэлтэй мэргэжилтэн дутмаг гэсэн асуудал хөндөгдсөн юм.  Иймийн учир би философийн чиглэлээр дахин мэргэшсэн юм л даа. Дараа нь сургуульдаа аспирант болж удалгүй эрдмийн зэрэг цол хамгаалсан. Тэгээд философийн тэнхимд багш болсон доо. Эндээс эхлэлтэйгээр сургуульдаа тэнхимийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, орлогч захирал, цаашлаад ШУБЯ-ны Сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга хүртэл олон албыг хашлаа. Сүүлд нь сургуульдаа эргэн ирж ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
 
-Таныг МУИС-ийн түүхийг хамгийн сайн мэдэх хүний нэг гэж урьсан юм.
 
-Баярлалаа. Мэдэх бүхнээ ярихын өмнө энэ төрөлх сургууль маань Монголын оюуны том уурхай гэдгийг онцолж хэлье. Эндээс л манай улсын шилдэг эрдэмтэн, удирдагчид төрсөн юм шүү дээ. Ирэх аравдугаар сарын 6-нд тус сургуулийн 80 жилийн ой тохиож байна. Иймээс сургуулийнхаа  эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид энэ сургуулийнхаа хөгжил цэцэглэл хувь заяаны төлөө хамтран зүтгэж ирсэн нөхдөдөө ойн мэнд хүргэж сайн сайхныг хүсье.
 
-МУИС гэдэг айл 1972 онд анх байгуулагдсан. Одоо 80 нас хүрч  . Тэр хугацааны тэн хагаст нь та тус сургуульд ажиллаж ээ дээ.
 
-За тийм юмаа. Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлээд л Москвагийн их сургуулийн сургалтын үлгэр заавраар ажилласан байдаг. Анхны багш гэхэд Зөвлөлтийн багш нар байлаа. Миний хувьд сургуулийнхаа сургалттай холбоотой үйл хэрэгт мэдэх, чадах бүхнээ зориулж байлаа. Сургуулийнхаа сургалтын программ төлөвлөгөөг шинэчлэхэд гурван удаа оролцсоон. Шинэчилсэн төлөвлөгөө бүхэнд физик, хими, математик, биологийн ухааны чиглэлийг их голлож байсан. Ялангуяа байгалийн ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлж байсан Москвагийн их сургуулийн жишээн дээр ажиллахыг эрхэмлэдэг байлаа. МУИС-ийн зорилго нь Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд багтах цаашлаад эрдэм шинжилгээ судалгааны сургууль байх явдал гэж үзэж байлаа. Энэ чиглэлд зорин ажилласан юм.
 
2010 онд сургуулийн захирал байхдаа миний гол анхаарч байсан нэг зүйл бол дэлхийн шилдэг сургуулиудын сайн жишээ, сургалтын аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх  санаа байсан юм. Тэгээд 2010-2012 онд гэхэд АНУ болон Европын орнуудын дэлхийд данстай том сургуулиудаар явж ажилтай нь танилцсан. Массачусетсийн институт, Колумб, Индиан, Харвардын гээд том сургуулиудад очиж туршлага судалсан, заримтай нь гэрээ  хэлэлцээртэй ажиллаж үзсэн. Өгөөжөө өгсөн тал ч  нэлээд бий. Бид дэлхийн шилдэг удирдагчдыг бэлтгэдэг гэгддэг Харвардын их сургуульд очсон. Тэгэхэд надад санал тавьсан юм.
 
Та УИХ-ын дарга байсан хүн тиймээс манай сургууль дээр лекц уншиж өгнө үү гэж. Тэхдээ бас тайлбартай. Таны унших лекцэнд дэлхий нийтэд төлөвшөөд байгаа парламент ёсны тухай биш Монголд таныг УИХ-ын даргаар ажиллаж байхад ямар асуудал тулгарч байв. Тэдгээрийг хэрхэн шийдэж давж туулав. Монголын онцлог түүнд чинь яаж нөлөөлөв. Энэ талаар голлон сонирхуулаач гэсэн. Би лекц уншсан. Тэд таатай хүлээн авсан санагдсаан. Нөгөө талаар бид зарим сургуулийн эрдэмтэн багш нартай хамтарсан судалгаа хийж үр дүнг нь үзэхийг эрмэлзсэн. Судалгааныхаа үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга зам хайсан нь олоон.
 
Ер нь шинжлэх ухааны ажлын эцсийн үр дүн тэр шүү дээ. Гэтэл төлөвлөсөн бүхнээ ажил болгож чадаагүй тал бий. Судалгаанд оролцож төсөл авсан хүмүүс тайлан бичиж өгөхөөс хэтэрдэггүй нь алдаа байсан. Ялангуяа нүүрсний чиглэлээр Германд эрдмийн зэрэг хамгаалсан хүний авсан жишээ зөвхөн Германы уурхайд түшиглэсэн байж харагдсан. Бас нэг бэрхшээл нь өөрийн орны  жишээн дээр туршилт хийх гэхээр багаж техник хомс байв. Ийм болохоор сургуулийнхаа эрдэмтдийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэсэн судалгаанд хамруулж үзсэн. Бүр нэг жилд 800 сая төгрөгийн үнэлгээтэй судалгааг хийлгэсэн удаатай л даа.
 
Ер нь бол судалгаа хийх төсөл хөтөлбөр маш олон байсан юм. Хими технологийн сургууль 20 багштай байхад тэнд 21 төсөл хэрэгжиж байсан гээд бод доо. Судалгаа шинжилгээний ажил тийм өргөн хүрээтэй байсан ч тэр бүхнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд саад их байлаа. Яагаад гэхээр судалгаа хийсэн эрдэмтэн эрдмийн ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлье гэхээр үйлдвэрлэгч хүлээн авах тал нь муу байдаг. Уг нь үйлдвэрлэгчид шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг өөрийндөө хэрэгжүүлэхийг санаачлах ёстой байтал манайхан тийм биш дутагдал бий. Үйлдвэрлэл хөгжихөд эрдэм шинжилгээ судалгааны ажил чухал. Үүнийг манайд ухаарахгүй явж ирсэн. Энэ байдал одоо ч гүйцэт засагдаагүй л байна. Харин намайг захирлаар ажиллаж байх үеийн нэг онцлог зүйл юу байсан бэ гэвэл судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явц олон талаар тун гайгүй үр дүнд хүрсэн юм шүү.
 
-Таныг нэг яриандаа МУИС-д захирал байхдаа дэлхийн алдартай эрдэмтэд-Нобелийн шагналтнуудыг авчирч лекц уншуулж байсан тухай дурьдахыг сонссон санагдах юм...?
 
-За тиймээ. Нэг жилд Нобелийн шагналтан дөрвөн хүн авчирч монголчууддаа лекцийг нь сонсгосон. Тэд Герман, Энэтхэг, Япон, Тайваны эрдэмтэд байсан.  Хэн нэгнийг нь лекц уншууллаа гэхэд хүн хэр ирдэг бол гэж санаа зовж байсан бол монголчууд маань театрын танхим дүүртэл цуглаж байв. Маш их сонирхсон байсан шүү. Залуус маань юм сонсохыг эрхэмлэдэг болжээ гэдэг нь харагдсан. Гадаадын мэргэжилтэн нөхөд хүртэл оччихож.  Тэднээс учрыг асуухад
 
-Бид Нобелийн шагналтны лекцийг үнэгүй сонсоно гэдэг их аз. Гадаад оронд бол тэдний лекцийг 30-40 ам доллар төлж байж сонсдог гэж байсан юм.
 
Уг нь Нобелийн шагналтнууд хаа газар очоод үнэгүй лекц унших үүрэгтэй байдаг юм билээ. Үүнийг бид Шведэд ажиллаж явахдаа Нобелийн шагналтны музейнхэнээс сонсож мэдсэн л дээ.
 
-Монголын оюуны их уурхай-МУИС 80 жилийн ойгоо тэмдэглэхтэй зэрэгцээд АУИС, ХААИС, багшийн сургууль мөн ойнхоо тухай ярьж байна.
 
-Тэгэлгүй яахав. МУИС анх байгуулагдахдаа мал, хүн эмнэлэг, багш гэсэн гурван ангитай байсан. Одоо тэр ангиуд нь бие даасан их сургуулиуд болчихсон. Эцэг сургуультайгаа эн зэрэгцээд явж байгаа юм. Харин нэг сонин зүйл санаанд орлоо. Эн зэрэгцээд гэснээс болж.
 
-Тэрнийгээ сонирхуулаач...?
 
-Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийг төр ивээлдээ авъя гэсэн санааг Ерөнхий сайд байсан Н.Энхбаярт хэлж байлаа. Н.Энхбаяр санал нэгдсэн юм. Гэтэл удалгүй тэр саналыг уламжилсан чинь бусад сургуулиуд нь барьцаад байна.ХААИС-ийнхан Монгол Улс чинь мал аж ахуйн амин голтой орон юм байгаа биз гэх. АУИС-ийнхан монгол хүн эрүүл байж улс орон хөгжинө гээд. Ганцхан МУИС-ийг төр ивээнэ гэж юу байсан юм гэж байна гэдэг байгаа. Тэгээд уг санал биелэлээ олоогүй юмдаг. Бас би захирал байхдаа МУИС-ийг төгсгөсөн УИХ-ынхныг урьж сургууль дээрээ хүлээн аваад бас нэг дэвшүүлсэн санаа бий. Тэр нь МУИС-ийг тусад нь хуультай болгоё гэсэн санаа. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарт ч тэр санаагаа ойлгуулсан удаатай. Гэтэл чимээгүй л өдий хүрсэн. Дэмжсэн эсэхийг бүү мэд.
 
-Их, дээд сургууль тусдаа хуультай байдаг жишээ байдаг юм уу?
 
-Байлгүй яахав. ОХУ-д гэхэд Москвагийн их сургууль, СанктПетрбургийн их сургууль гээд тусдаа хуультай сургууль бий. Ийм хуультай сургууль боловсролын салбарын төсөвт хамааралгүй байдаг. Ерөнхийлөгч тусад нь төсөв баталж өгдөг юм билээ. Ер нь энэ мэт анхаарал тавьж өгвөл сургууль хөгжих боломж нь тодорхой болно шүү дээ. МУИС-ийн эрдэмтдийн судалгаа, шинжилгээнээс шинжлэх ухааны сод бүтээл олон гардаг. Монгол улс Японтой хамтарч хиймэл дагуул хөөргөсөн. Энд манай сургуулийн багш эрдэмтэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нь боддоо. Энэ бүхэнд түшиглээд миний бодож явдаг нэг юм бол МУИС-ийг дэмжиж хөгжүүлэх юм бол Монгол Улсын хөгжлийн эх үндэс тавигдана гэсэн чин санаа байдаг.
 
-Саяхан нэг сонин мэдээ сонслоо. МУИС-ийн химийн ангид энэ жил төгсөх оюутан хоёрхон байна гэж. Энэ цаг үед химич чухал. Гэтэл яагаад ийм цөөн оюутантай болчихов. Үүнийг Та л тайлбарлах байхаа...?
 
-Зах зээлийн эрсдэлтэй үед гайгүй яваа салбар боловсрол гэх нь бий. Гэхдээ дэлхий дахинд боловсролын хямрал нүүрлэчихээд байгаа юм. Үүний жишээ өөрийн чинь сонссон мэдээ үнэн л дээ. Хими, физикийн ангиуд элсэгчгүй болчихсон. Физикийн ангид элсэгч олдохгүйд хүрэхээр төлбөргүй болгоод бүр оюутанд степенд олгосон ч нэмэр болоогүй. Тэгсэн ч элсэлт нэмэгдээгүй. Энэ юунаас болсон бэ гэвэл Ерөнхий боловсролын сургуульд хими, физикийн сургалт муудсан. Адаглаад хими, физикийн лаборатори ажиллагаа зогссон. Химийн урвалж бодис, физикийн туршилтын хэрэгслийг зах зээл “аваад явчихсан” шиг байгаа юм. Тиймээс лабораторийн ажилд ороогүй хүүхдүүд цаашдаа физик, химийн хичээлээс айж байгаа хэрэг.
 
Бас нэг үе багш нэг хэсэг юм заагаад түүнийгээ дараа нь асууж сурагч, оюутныхаа мэдлэгийг дүгнэдэг арга барил ч хоцрогдсон. Багш заавардаж хэлэх нь гол биш хүүхдийг сурах арга барилд дадуулах чухал болсон байна л даа. Хүн насан туршдаа сурах ёстой. Энэ чанарыг нь ашиглах ёстой гэсэн үг. Үүнийг дагаад сурах бичиг ч шаардлага хангах нь дутмаг болсон. Миний ахласан 45 эрдэмтэн оролцож 174 сурах бичигт анализ хийлээ л дээ. Шаардлага хангахгүй сурах бичиг байсан.
 
Нөгөө талаар өнөөгийнхөн дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь сурах, боловсроход тээг болдог тал бий. Орчин үед боловсролын хандлага огт өөр болж байна. Хорин нэгдүгээр зуунд гэхэд хүн өөрөө бие даан сурах явдал голлоно. Цахим эриний үе ирлээ. Дэлхийн хаана, ямар үйл явдал өрнөв. Ямар шинэ нээлт, өөрчлөлт гарав. Бид бүгдийг интернэт гэдэг “багш”-аас авдаг болсон шүү дээ.Коронагийн үе гэхэд джиталь системийн давуу талыг харуулсан гэж болно.
 
-Ер нь боловсролын систем болохгүй нь гээд л байдаг. Үүнийг дор дор нь яагаад боловсронгуй болгож чадахгүй байгаа юм бэ?
 
-Манайханд нэг дутагдал бий. Тэр нь ерөнхий  боловсролын сургалт болохгүй байна гэхээр тэр хүрээнд нь учрыг хайгаад байдаг. Дээд боловсролд, шинжлэх ухааны салбарт гэхээр мөн л тэр хүрээнд нь эргэлдээд байх юм. Энэ буруу. Сургалтын зөв чиглэлийг олохын тулд бүгд хамтарч ажиллах нь чухал юм. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, их дээд сургуулийн эрдэмтэд, академийнхан нэг баг болж ажиллавал зөв аргад амархан шилжинэ гэж би боддог.
 
-Та Японд нэг үе багшилсан гэдэг бил үү?
 
-Японы Оберлиний 100 жилийн түүхтэй их сургуульд зочин судлаачаар хоёр жил ажилласан. Олон сонсохоор нэг үз гэдгийн үнэнийг тэнд харсан. Монгол-Японы боловсролын системийг харьцуулж үзэж хоёр  ч ном бичсэн. Нэг сонин гэвэл тэндхийн сургалт япон хүн болгоход чиглэгддэг. Нэг эрдэмтэн нь Япон улсын хөгжил япон эхчүүдийн бүтээл гэж хэлсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Япон эмэгтэй хэвлийдээ хүүхэдтэй  боллоо гэнгүүт л ямар ч алба ажил хийдэггүй тэр гэдсэнд байгаа хүүхдийнхээ  төлөө бүхнээ зориулдаг байх юм. Тэгж байж жинхэнэ япон хүн бий болгоно.
 
Японд бас сургалт манайхаас тэс өөр хүүхдэд шинжлэх ухааны талын юм маш хожуу заадаг. Үүнийг манайд хуулбарлаж болохгүй л дээ. Би манайд элчин сайд байсан нөхөдтэй энэ талаар ярилцаж санал солилцож байлаа.
 
Ханада гуай хэлж байна лээ. Танайд бол хүүхэд их, багын ялгааг нэгдүгээр ангиасаа л мэддэг болдог. Тэгвэл манай Японд долдугаар ангид хүрч байж тийм мэдлэгтэй болж байгаа. Энэ нэг л болохгүй байна гэж байж билээ. Гэхдээ л аль ч улс орны боловсролын тогтолцооноос авах юм бий. Үүнийг би олон жилийн туршлагаасаа олж мэдсэн болоод хэлж байна  даа.
 
-Тэгвэл Монголд боловсролын эдийн засгийн үр ашиг муу гэж ярьдаг. Үүнд товч тайлбар өгнө үү?
 
-Үүнд нэг их жишээ эрээд байлтгүй л дээ.
 
Хөдөөгийнхөн гэхэд хүүхдээ мэргэжилтэй болгоно гээд жилд хэдэн сая төгрөг төлөөд л их, дээд сургуульд сургадаг. Их өндөр үнээр сурсан хүүхэд нь сургуулиа төгсөөд ажилгүй хотод шигдчихнэ. Их сургууль төгсөөд худалдагч юмуу, юухан хээхэн хийх нь элбэг. Үүнийг л эдийн засгийн үр ашиг гээд байгаа юм шүү дээ. Тэгж сурахын оронд сайн мэргэжилтэй ажилчин болох нь илүүтэйг бодмоор. Сайн барилгачин хэдэн сая төгрөгийн цалин авч байна. Хөдөө мал маллаад амьдрахад ч сайхан цаг ирж Японд нэг сонин юм бий. Нэг айл хүүхэдтэй болоход тэтгэмжийг аавынх нь цалинд нэмээд өгчихнө. Энэ нь өрх гэрийг тэр аав гэдэг хүн авч яваа гэх буюу аав гэдэг хүний нэр төрийг өргөсөн ухагдахуун өгч байгаа юм билээ. Тэгтэл манайх эхийн мөнгө гэж өгөөд байдаг. Энэ нь өрхийн тэргүүний үүрэг ролийг үгүй хийгээд байгаа юм. Аавд өгөхөөр архи уучихна гэсэн буруу сэтгэхүй давамгайлдаг. Гэтэл архи уучихдаг эх ч бий шүү дээ. Харьцуулж бодмоор энэ мэт юм ихээ.
 
-Мартсанаас та МУИС-ийн хэд дэх захирал билээ.
 
-Арав дахь захирал нь л даа. Сайдын тушаалаар харин 11 дэх гэж тэмдэглэгдсэн байдаг юм.  Би өмнөх есөн захиралтайгаа ямар нэг хэмжээгээр хамтран ажиллаж үзсэн хүн. Т.Машлай,  Базарын Ширэндэв, Дондогийн Цэвэгмэд, М.Содном гээд  бүгдтэй нь. Үүнийг сонин тохиолдол гэж бодож явдаг.
 
-За танд баярлалаа.
 
 
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин