sonin.mn
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг болох Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ЦЕГ, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хяналт, шалгалт явуулахаар болжээ. Тэд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байна.  
 
 
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон ХЦАХ-чид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг.
 
 
Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг ажээ. 
 
Хэрвээ хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулж байна. 
 
Цаашдаа цэргийн цагдаа цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулахаар болжээ. Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байх талд анхаарахыг тус ажлын хэсгээс сануулж байна.