sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын тухай БНХАУ-ын Гадаад Хэргийн дэд Сайд Сүнь Вэйдүн байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: " Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал ХКН-ын 20-р их хурлын дараах гол чухал хөрш орны удирдагчийн анхны айлчлал, мөн түүний Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараа Хятад улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ тус тус онцлог юм. Ши Жиньпин дарга Хүрэлсүх Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа болон  анхаарал хандуулж буй бусад асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон.
Миний бодлоор энэ бол түүхэн уламжлал, бүх талыг харгалзсан стратегийн түвшний чухал уулзалт болсон гэж бодож байна. Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нар шинэ цаг эринд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах тухайд чухал нэгдсэн ойлголтод хүрлээ. Энэ бол энэхүү айлчлалын чухал ололт амжилт мөн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх тухай мөн тэд байр сууриа тодорхойллоо.
Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, дээр дурдсан нийтлэг ойлголтууд, айлчлалын ололт амжилтыг танилцууллаа. Улс төрийн хувьд тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдал, ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэнэ гэдгээ дахин нотолсон бөгөөд язгуур ашиг сонирхлоо мөн харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
 
Хөгжлийн хувьд Бүс ба замыг Монголын Талын зам санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын Шинэ сэргэлтийн бодлоготой, Хятадын хоёр үе шаттай хөгжлийн стратегийг Монголын Алсын хараа-2050 бодлоготой уялдуулахаар санал нэгдсэн.
 
Энэ гурван том хөдөлгүүр нь Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжилд эрч хүч өгөх болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалт тасралтгүй урагшилна гэдэгт бид итгэлтэй байна. Хоёр тал уламжлалт найрамдлаа улам бэхжүүлж, солилцоо болон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа орчин үеийн бүтээн байгуулалт болон тус тусын сэргэн мандлаа урагшуулж, улмаар цаашид ч улс хоорондын харилцааны үлгэр жишээ хэвээр байх болно. Баярлалаа." гэсэн байна.
 
Г.Бямба