sonin.mn
Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
 
Бид нар эзэн нь болж төрөв өө...гэж Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ бичсэн байдаг. Тэгвэл эх орныхоо эрдэс баялгийг судлахад Я.Болд түүний хүү Б.Бат, Батын хүү Б.Билгүүн-Очир нар сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Энэ эрхэм хүмүүсийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа онцлов. “Удмын бахархал” булан гурав дахь үеийн төлөөлөлтэй нь ярилцдаг бол энэ удаа Б.Бат түүний хүү Б.Билгүүн-Очир нартай ярилцсан юм. Б.Билгүүн-Очирын хувьд өвөөгийнхөө талаар бага зэрэг мэдэх учир Б.Баттай аав Я.Болдын талаар дурсан ярьсныг доор сийрүүлэн бичье.
 
ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ
 
Урд эгнээнд сууж байгаа хүмүүсийн баруун гар талд суугаа цагаан хувцастай хүн бол Я.Болд юм. Харин зогсож буй хүмүүсийн зүүн талын эрээн цамцтай хүн бол Б.Бат.Б.Батын ээж МУГЖ, профессор О.Ичинхорлоо.
 
Болдын аав Ядамсүрэн 1950-аад онд Ю.Цэдэнбалыг ерөнхий сайд байх үед тээврийн сайдаар ажиллаж байсан нам, төрийн хүн байжээ. Болд 1940 онд Ядамсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Аав ээжийн гар дээр хүүхэд насаа өнгөрүүлж, 1958 онд ЗХУ-д Москвагийн геологи хайгуулын сургуульд элсэн суралцжээ. Энэ талаар Б.Бат “Хуучнаар ЗХУ-д геологи хайгуулын дээд сургуульд анхны мэргэжилтнүүдийг бэлтгэх үндэсний хөдөлгөөн өрнөхөд аав маань эхний хүмүүсийн нэг болж сургуульд явсан гэдэг. 1963 онд буюу ОХУ-д суралцаж байхдаа бие нь өвдөж Монголдоо эргэж ирсэн. Энэ үед МУИС геологийн салбартаа боловсон хүчин бэлтгэж эхэлж байсан учир аав маань эргэж явалгүйгээр МУИС-ийн геологийн сургуулийн анхны төгсөгч болж 1965 онд төгссөн байдаг. Ингээд 1966 оноос МУИС-даа багшаар үлдэж ажилласан” гэв. 1966 онд Я.Болд их сургуулийн залуухан багш байхдаа эхнэртэйгээ танилцсан байна. Эхнэр О.Ичинхорлоо нь Болгарын Софи хотын консерваторыг төгссөн дуурийн театрын шинэхэн дуулаач байжээ. Тэд гэр бүл болж 1968 онд том хүү Б.Бат төржээ. Түүний дараа 1973 онд охин Зул, бага охин Б.Гэрэл нь төрсөн байна.
 
Бат ээжийнхээ талаар “Миний ээж гавьяат жүжигчин, Ардын багш хүн. Чайковскийн нэрэмжит уралдааны шагналт Г.Ариунбаатарын багш. Урлагийн олон шавь төрүүлсэн гавьяатай нэгэн” гэсэн юм.
 
Харин Батын аав Я.Болд эхнэртэйгээ танилцсан үеэс эхлэн өөрийн амьдралын 37 жилийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд зориулжээ. Тодруулбал, 1961 онд цөөн хэдэн оюутныг геологич мэргэжлээр бэлтгэх Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч МУИС-ийн газар зүй, геологийн тэнхим анх байгуулагдаж байжээ. 1982 он хүртэл МУИС-д геологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан аж. Харин 1985 онд ШУТИС байгуулагдахад геологийн тэнхим нь МУИС-аас ШУТИС руу шилжжээ. Ингээд 1985 оноос ШУТИС-д геологичдыг бэлтгэдэг болжээ. Гэвч 1992 онд дахин МУИС-д шатах ашигт малтмал газрын тосны анги нээгдэж газар зүйн 5-6 оюутныг дахин сургаж элсэлт хийхээр болж Я.Болд болон н.Дашдаваа хоёр нэг лаборанттайгаар гурвуулаа эргэн ирж байсан гэдэг.
 
Геологийн салбар геоморфологийн салбар шинжлэх ухаан буюу газрын хэлбэр дүрс гадаргуу тэдгээрийн хэлбэр дүрсийг нь ашигт малтмалын том ордууд болон тэр дундаа шороон ордууд үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг шинжлэх ухаан юм. Тэгвэл Я.Болд Монголд геологийн салбарт геоморфологийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулсан хүн юм.
 
Энэ талаар Бат хэлэхдээ “Аав маань 1985 онд докторын зэрэг хамгаалсан. 200 гаруй геоморфологич хүнийг бэлтгэн гаргасан байна. Геологийн шинжлэх ухаанд геоморфологийн судалгааны аргууд эрэлт хэрэгцээтэй, үр дүн өгдөг чиглэл байдаг. Үүнтэй холбоотой 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг гаргасан. Ингээд аав маань их сургуульд багшилж байгаад 2000 онд 60 насны ойгоо тэмдэглэн 2003 онд таалал төгссөн. Харин ээж маань одоо ч үр ач бидэнтэйгээ амьдарч байна. 
 
ААВЫН ХӨРӨГ
 
Б.Бат эхнэр Б.Болормаа болон хүү Б.Билгүүн-Очир, охины хамт. 1994 он.
 
Б.Батын хувьд Я.Болдын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр энэ тухай “Миний хувьд хоёр эмэгтэй дүүтэй. Аав маань бас айлын том хоёр эмэгтэй дүүтэй байсан бол өвөө ч бас хоёр эмэгтэй дүүтэй байсан. Миний дараагийн дүү Б.Зулын хувьд ОХУ-ын сургуульд геологийн сургуулийг төгссөн. Геологич хүн байгаа. "Сентера гоулд", "Бороо гоулд" компанид төслийн менежер хийдэг. Харин бага дүү Б.Гэрэлийн хувьд ээжийн мэргэжлийг өвлөн урлагийн замналыг үргэлжлүүлэн төгөлдөр хуурч болсон” гэв. Б.Батын хувьд гурван настайгаасаа эхлэн аавтайгаа хамт оюутнуудын зуны дадлага, геологи хайгуулын ажилд явдаг байжээ.
 
Энэ тухай “Би дүү нартайгаа олон насны зөрүүтэй. Тиймээс аав минь жил бүрийн зун хөдөө явахдаа намайг дагуулж явдаг байсан. Есдүгээр анги хүртлээ дагаж явсан. Хэдийгээр би хүүхэд байсан ч судалгааны ажилд оролцож маршрутын дагуу өөрийн хэмжээнд багахан ажлыг хийдэг байлаа. Түүнээс гадна геологийн мэргэжил хүнд мөртлөө сонирхолтой ажил гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн” гэж байлаа.
 
Хамгийн сонирхолтой нь Б.Бат хэзээ ч геологич болохгүй гэдэг байжээ. Ээж нь хэцүү мэргэжил гэж мэддэг байсан учраас Болгарын Софи хотын их сургуульд хүүгээ суралцуулахаар хүсэлт илгээж байжээ. Ингээд түүнийг Х ангиа төгсөхөд нь Болгарын Софигийн их сургуулиас олон улсын сэтгүүлчээр сурах урилга нэр дээр ирж байжээ. Энэ талаар “10 ангиа төгсөөд Софигийн их сургуульд олон улсын сэтгүүлчээр сурах ёстой байсан хүн чинь нэг мэдсэн хоёрдугаар группээр буюу математик, физикийн шалгалт өгсөн. Гэтэл өндөр оноо авсан. Тэгээд дээд боловсролын хорооноос манай улсад сэтгүүлч хэрэггүй. Харин инженер хэрэгтэй гээд геологийн салбартай хувь заяаг минь холбосон. Яг энэ үед аав маань оюутнуудаа аваад зуны дадлагад явчихсан байсан. Надад зөвлөж туслах хүн байгаагүй. Ингээд би хүчээр шахуу геологчийн мэргэжлийг сонгож 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн политехникийн коллежид элсэж байв. Тэнд очоод хэлний мэдлэг гайгүй учраас хэлний бэлтгэлд суулгүй шууд үндсэн ангид орсон. Харин мэргэжлийн хувьд дээд боловсролын хороонд аавын шавь нар ажилладаг байсан нь нэг гэрт хоёр геоморфологич хэрэггүй. Тиймээс хүүг нь гидрогеологийн чиглэлээр сургая гээд намайг энэ мэргэжлээр анги сонгуулж байсан. Миний суралцсан мэргэжил бол гидрогеологи буюу газрын доорх усны судалгаа хайгуултай холбоотой барилгын инженер геологич гэдэг хавсарсан мэргэжил. Нэг үгээр хэлбэл инженерийн барилга байгууламжийн хөрс суурийн судалгааг хийхээс гадна барилгажилттай холбоотой мэргэжил юм” гэв.
 
Харин эхнэртэйгээ тэрбээр ОХУ-д суралцаж байхдаа буюу 1988 онд танилцжээ. Түүний эхнэрийг Б.Болормаа гэх ба дээд дамжааных нь оюутан байсан аж. Ингээд тэд гэр бүл болж 1989 онд хүүгээ төрүүлж 1991 онд сургуулиа төгсөж Монголдоо ирж байжээ. Б.Бат сургуулиа төгсөж ирээд 1991 онд Байгаль орчны яаманд геоэкологийн туслах ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн байна. Харин анхны судалгаа шинжилгээ нь хот суурин газрын барилгын ул хөрсний судалгааны ажил байжээ. Харин түүний эхнэрийн хувьд 1997 он хүртэл гэртээ байсан бөгөөд 1997 оноос Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
 
Б.Бат энэ тухай “Бидний амьдрал геологийн салбартай салшгүй холбоотой. Энэ салбарын амжилт бүтээл, алдаа оноотой бүгдийг нь туулж ирсэн. Би 1993 онд гуравдугаар сард МУИС-д анх багшаар орж байсан. Ингээд 2004 он хүртэл ажилласан. Үйлдвэрлэл дээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид найман жил ажилласан.
 
Тодруулбал, "Сентера гоулд", "Бороо гоулд", "Алтанрост" төслийн удирдагч, төслийн менежер хийж байсан. Хамгийн сүүлд "Монрост" компанид ерөнхий геологичоор ажилласан. 2011 оноос МУИС-даа багшаар ирээд 2018 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2020-2022 онд УУХҮЯ-нд Геологийн бодлогын газрын даргаар уригдаж ажилласан. 2022 оны дөрөвдүгээр сард яамны ажлаа хүлээлгэж өгөөд сургуульдаа ажиллаж байна” гэсэн юм. Мөн Б.Бат нь Монгол Улсын зөвлөх инженер, барилгын ул хөрсний судалгаа чиглэлээр Монгол Улсын зөвлөх, геологи хайгуулын Монгол Улсын зөвлөх хайгуулч зэрэгтэй хүн юм.
 
МЭДЭЭ ОРОХ ЦАГААСАА ЧУЛУУН ДУНД ӨССӨН ХҮҮ
 
Гурав дахь үеийн төлөөлөл геологич Б.Билгүүн-Очиртой ярилцлаа.
 
-Таны хувьд геологич мэргэжлийг яагаад сонгох болов?
 
-Би нэгдүгээр сургуулийн урд Монгол-Энэтхэгийн сургуулийг төгсөж Энэтхэгт IT инженер мэргэжлээр хоёр жил суралцаж төгссөн. Ингээд Монголдоо ирж "Түшээ" дээд сургуульд дахин программ хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ажилд орохдоо геологийн чиглэлийн компанид орсон. Яах ч аргагүй ингээд геологийн салбартай холбогдсон. Тодруулбал, "Макро майнинг", "Дата ресурс" компанид программ хангамж сургалт хариуцсан менежерээр ажилласан. Мөн олон улсын төслүүдэд ус, цаг уурын төслийн менежерээр ажиллаж байсан. Мэргэжил сонгох болоход аав, ээжийн мэргэжил нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр мэргэжил маань программ хангамж боловч геологчийн мэргэжил ойрхон байсан учраас 10 жилдээ газар зүй дээрээ автоматаар 100 гардаг байлаа.
 
-МУИС-д элсэн суралцсан гэсэн. Одоо программ дээр ямар ажлуудыг хийдэг вэ?
 
-2015 онд МУИС-д магистраар элсэж ашигт малтмалын нөөц тогтоох судалгааны ажлаар магистрын зэргээ хамгаалсан. 2018 оноос дахин доктрантаар суралцаж эхэлсэн. Энэ хавар төгсөнө гэсэн зорилт тавиад байгаа. Яг геологийн чиглэлээр өвөө, аав хоёрыгоо бодвол мэдлэг туршлага муутай. Харин ажлын хувьд программ дээр хүдрийн биет үүсгэх, нөөцийг нь тогтоодог.
 
-Өвөө, эмээгээ дурсан ярьвал?
 
-Аав ээж хоёр маань намайг оюутан байхдаа төрүүлсэн. Тиймээс би өвөө эмээгийн хүүхэд болсон. Манай үеийн хүүхдүүдийн хувьд бүгд л өвөө эмээгийн хүүхдүүд байдаг. Бага байхдаа хичээлээ тараад өвөө дээрээ очно. Өвөө маань геологийн тэнхимдээ л байж байдаг байсан. Мэдээ орох цагаасаа л чулуун дунд өссөн. Мөн өвөөгийнд чулуу үздэг төхөөрөмж, олон төрлийн чулуу байдаг байсан. Ажлын өрөөнд нь ороод багажаар нь оролдох, чулуунуудыг нь сонирхож үздэг байж билээ. Би аавынхаа бага дүүтэй нас ойролцоо. Тиймээс өвөө бид хоёрыг дагуулаад парк, дэлгүүрээр дагуулаад их явдаг байсан. 
 
-Сүүлийн үед залуучууд геологийн мэргэжлийг сонгох нь ховор болсон. Энэ талаар юу гэж боддог вэ?
 
-Геологичоор төгссөн залуусын хувьд ажлын байр бага болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд хайгуулын ажил зогсоосноос болсон. Тиймээс ажил байхгүй мэргэжлээр хэн ч элсэн суралцахгүй шүү дээ.
 
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Миний хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эрхзүйч мэргэжилтэй хүн бий.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин