sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Ачааны тэрэгний хэмжээтэй “2023 BU” хэмээх солирыг дэлхийн хажуугаар зөрөхөөс хэдхэн хоногийн өмнө илрүүлсэн нь хүн төрөлхтөн өөрсдийн гараг ертөнцдөө аюул учруулж болзошгүй биетүүдийг илрүүлэх хүчин чадал дутмаг байгааг тодотгон харуулсан явдал болжээ. 
 
АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ олон жилийн судалгаандаа “2023 BU”-гээс том хийгээд илүү бодитой аюул учруулах эрсдэлтэй солируудыг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн байна. “2023 BU” нь дэлхийн гадаргуугаас 3000 гаруй км-ын зайтай буюу зарим хиймэл дагуулаас ойр зайд зөрөн өнгөрсөн юм.
 
Гэхдээ энэ солир нь жижиг буюу 5-50 метрийн голчтой солируудын ангилалд орж байгаа ч энэ ангилалд Олимпын усан бассейны хэмжээтэй солир ч мөн багтах аж. Ийм хэмжээтэй биетүүдийг дэлхийтэй ойртохоос нааш илрүүлэхэд хэцүү байдаг нь хүн ам суурьшсан газарт аюул учруулж болзошгүй биетийг тогтоох оролдлогыг улам хүндрүүлдэг байна. Сансрын чулуулаг биетийн дэлхийг мөргөх магадлал нь хэмжээнээсээ хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд “NASA”-гийн мэдээллээр, 5 метрийн голчтой чулуулаг жилд нэг удаа дэлхий рүү чиглэнэ гэж тооцоолдог бол 50 метрийн голчтой чулуулаг чиглэн ирэх магадлал мянган жилд нэг удаа тохионо. Гэхдээ одон орон судлаачид одоогийн хүчин чадлаараа дэлхийг чиглэсэн ийм чулуулгыг хэдхэн өдрийн өмнө нь л илрүүлж чадна гэсэн үг юм байна.
 
2013 онд 20 метрийн голчтой солир Оросын Челябинск хотын дээр дэлбэрснийг 100 жилд нэг тохиох үйл явдал гэж “NASA” мэдээлж байжээ. Уг дэлбэрэлтийн үеэр олон арван мянган цонх хагарч, 33 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол учруулсан долгион үүссэн бөгөөд солирыг дэлхийн агаар мандалд нэвтрэхээс өмнө хэн ч олж хараагүй байна.
 
Ирээдүйд “NASA”-гийн солир илрүүлэх хүчин чадавхад томоохон шинэчлэлийг авчрах хэрэгсэл бол “NEO Surveyor” огторгуйн дуран аж. Дэлхийгээс нэг сая гаруй км зайд хөөрч, солируудыг өргөн хүрээгээр ажиглах боломжтой энэхүү дуран нь өдгөө ашиглаж буй дурангуудаас олон давуу талтай байна. “Surveyor”-ыг 2028 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг