sonin.mn
ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Парисын Елисейн ордонд уулзахдаа Киевт үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд ялахад Украин улсад дэмжлэг үзүүлж, зэвсэг нийлүүлэх талаар “хүчин чармайлтаа” үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. "Украинд ялалт байгуулж, хууль ёсны эрхээ сэргээхэд нь туслах шийдвэрээ Франц улс тууштай баримтална" гэж Э.Макрон хоёрдугаар сарын 8-ны лхагва гаргийн орой Елисейн ордонд Германы Канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
 
Э.Макроны хэлснээр, удахгүй болох ажлын оройн зоогийн үеэр талууд Киевт “яаралтай шаардлагатай байгаа хэрэгцээний” талаар ярилцана. "Украин дайнд ялна гэдэгтээ Франц, Европын түншүүд, холбоотнууддаа найдаж болно. Орос улс ялж чадахгүй, ялах ёсгүй" гэж Францын удирдагч цохон тэмдэглэсэн байна. 
 
Германы Канцлер О.Шольц мөн Киевийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр, жилийн өмнө Украинд Оросын бүрэн хэмжээний цэргийн довтолгоо эхэлснээс хойш Герман болон түүний түншүүд Киевийг "санхүү, хүмүүнлэгийн тусламж, зэр зэвсгээр хангаж дэмжиж ирсэн. Бид хэдий чинээ шаардагдана төдий чинээ тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ" гэж хэлжээ.
 
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киевийг байлдааны нисэх онгоц, хүнд зэвсгээр "аль болох хурдан" хангахыг уриалж, Оросын довтолгооны эсрэг тэмцэлд цаг хугацаа чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгджээ. “Украин улс алсын тусгалтай хүнд зэвсэг, байлдааны онгоц хэдий чинээ хурдан хүлээж авна, Оросын түрэмгийлэл төдий чинээ хурдан дуусаж, бид Европт энх тайван байдалдаа эргэн орох боломжтой” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 
 
Украины Ерөнхийлөгч Лондонд айлчиж, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзсаныхаа дараа Парист хүрэлцэн очсон байна. Тэрбээр Их Британийн сайд нарын танхимын тэргүүнд дайны талбар дахь нөхцөл байдлын талаар, Украины Зэвсэгт хүчинд шаардлагатай байгаа зэр зэвсэг, цэргийн техникийн талаар мэдээлжээ. В.Зеленский Парист айлчилсныхаа дараа Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссель хотыг зорих төлөвтэй байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг