sonin.mn
ВАШИНГТОН. /AFP/. Террорист “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг 2022 оны долоодугаар сард устгасны дараа Иранд оршин суудаг Египетийн иргэн Саиф аль-Адель уг бүлэглэлийн толгойлогч болсон гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдээлэв.
 
“Аль-Каида”-гийн де-факто шинэ толгойлогч Саиф аль-Адель Иранд оршин суудаг гэсэн бидний дүгнэлт НҮБ-ынхтай таарч байгаа гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Мягмар гарагт НҮБ-аас танилцуулсан тайланд, тус байгууллагын гишүүн орнуудын олонх нь С.Аделийг бүлэглэлийн шинэ толгойлогч гэж үзэж байгааг тэмдэглэжээ.
 
Гэхдээ “Аль-Каида” түүнийг уг бүлэглэлийн “эмир” гэж албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онд А.Завахариг Кабул дахь гэрт нь АНУ пуужингийн цохилтоор устгасныг талибууд хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэж НҮБ-ын тайланд мэдээлсэн байна.
 
Мөн лалын шашны суннит урсгалыг дагадаг “Аль-Каида” бүлэглэл нь С.Аделийг шийт урсгалын дагагчид ихээр суурьшдаг Иранд оршин сууж байгаад эмзэг хандаж байгааг НҮБ-ын тайланд дурджээ.
 
Одоо 62 настай С.Адель нь Египетийн тусгай хүчний дэд хурандаа асан, “Аль-Каида”-гийн ахмад гишүүдийн нэг аж. Түүний хувьд бүлэглэлийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэхэд гар бие оролцож, 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагын үеэр онгоц барьцаалсан этгээдүүдийн заримыг нь сургасан гэж АНУ-ын хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэх байгууллага мэдээлжээ.
 
 
Тэрбээр 2002 юм уу 2003 оноос хойш Иранд оршин сууж байгаа бөгөөд эхэндээ гэрийн хорионд байсан ч хожим нь Пакистан руу зорчихоор хангалттай эрх чөлөөтэй болсон гэж Холбооны мөрдөх товчооны терроризмтой тэмцэх тасгийн мөрдөн байцаагч асан Али Соуфан ярьжээ.
 
А.Соуфан 2021 онд “West Point Combating Terrorism” төвийн “CTC” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ, “Саиф бол дэлхийн жихадын хөдөлгөөний хамгийн туршлагатай мэргэжлийн цэргүүдийн нэг бөгөөд биеэрээ дүүрэн тулалдааны сорвитой” хэмээн бичсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг