sonin.mn
НҮБ. /kommersant/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ барууны орнуудын өргөн барьсан Оросын эсрэг тогтоолыг баталжээ. “Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон Байгууллагын Дүрмийн зарчмууд” нэртэй энэхүү баримт бичгийг батлахыг 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэн бол Орос, Беларусь, Умард Солонгос, Мали, Никарагуа, Сири, Эритрей гэсэн долоон орон эсэргүүцсэн байна. 
Уг тогтоолд ЕА-гаас НҮБ-ын гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудад хандан "НҮБ-ын дүрмийн дагуу Украинд иж бүрэн, шударга, тогтвортой энх тайвныг тогтооход чиглэсэн дипломат хүчин чармайлтыг хоёр дахин дэмжихийг" уриалжээ.  НҮБ-ын ЕА мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилийн дотор Украины нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдашгүй байх зарчмыг даган баримталж байгаагаа дахин нотолсон байна. Түүнчлэн Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах, чухал дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг ОХУ-д уриалжээ. 
 
 
 
Энэхүү баримт бичиг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудаас ялгаатай нь заавал биелүүлэх албагүй, бэлгэдлийн шинжтэй юм. 
 
 
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоолд хоёр нэмэлт өөрчлөлт оруулах Беларусийн төлөөлөгчдийн саналыг дэмжээгүй байна. Тодруулбал, Минск Оросын Зэвсэгт хүчнийг гаргах тухай уриалгыг баримт бичгээс хасахыг санал болгосон ч байлдааны ажиллагааг зогсоох тухай уриалгыг хэвээр үлдээх, мөн энхийн хэлэлцээг эхлүүлэх уриалгыг нэмж, НҮБ-ын гишүүн орнуудыг "мөргөлдөөний бүс рүү зэвсэг илгээхгүй байхыг" уриалахыг санал болгосон байна. 
 
 
 
ОХУ Украинд халдан довтолсноос хойш нэг жил өнгөрч буйд зориулсан НҮБ-ын тусгай чуулган өчигдөр буюу хоёрдугаар сарын 23-нд болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Унгарын дипломатч Чаба Кёрёши ОХУ-д хандан тус улсыг НҮБ-ын хамгийн чухал гишүүн орон хэмээн тодорхойлоод, "энх тайвныг хадгалан сахиулах замдаа" эргэн орж, "түрэмгийллээ зогсоох"-ыг уриалсан байна.
 
 
 
Ч.Кёрёоши “энэ дайныг цэргийн шийдвэрээр зогсоож чадахгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос-Украины мөргөлдөөнд энх тайвныг тогтоох хэтийн төлөв бүрхэг байна гэж үзэж байна. Харин НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя болж буй үйл явдлыг “амьд үлдэхийн төлөө Өрнөдтэй хийж буй дайн” гэж тодорхойлжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг