sonin.mn
БЕНГАЛУРУ. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд энэ онд үзүүлэх эдийн засгийн тусламжаа 39 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлж, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тавих хэрэгтэй гэдэгт пүрэв гарагт санал нэгджээ.
“Долоогийн бүлэг”-ийн урьд нь амлаад байсан 32 тэрбум ам.долларынхоос ахиулсан энэхүү тусламж нь Украинд эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах, эдийн засгийн тогтворжуулах, улс орноо хамгаалахад тус дэм үзүүлэх зорилготой гэж “Долоогийн бүлэг” Энэтхэгийн өмнөд нутгийн Бенгалуру хотод болсон хурлын дараа мэдэгджээ. Япон улсын хувьд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ.
 
 
 
Дайны сөрөг үр дагавар улам ихээр мэдрэгдэх болоод байгаа энэ үед Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар эдийн засагт үзүүлэх эрсдэл, инфляцын дарамт, хөрөнгийн урсгал зэргийг үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй ажиглах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
 
 
 
“Бидний авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд Оросын хууль бус дайн хийх чадавхийг ихээхэн доройтуулж байна. Бид хориг арга хэмжээний үр нөлөөг сайтар хянаж, шаардлагатай бол цаашид нэмэлт арга хэмжээг авах болно. Дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж буй энэ үед бид Украиныг тууштай дэмжиж, Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж байгаагаа дахин нотолж байна” гэж “Долоогийн бүлэг”-ийн мэдэгэлд дурдсан байна.
Энэхүү уулзалт нь энэ долоо хоногт болж буй “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалтын хүрээнд явагджээ. Энэ онд Япон улс нь Их Британи, Канад, Герман, Франц, Итали, АНУ, ЕХ-г эгнээндээ нэгтгэдэг “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа юм. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг