sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн зүүн нутгийн Одиша мужид зорчигч тээврийн хоёр, нэг ачааны галт тэрэг мөргөлдсөний улмаас 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн гэмтэж бэртжээ. 
 
 
 
Осол баасан гаргийн орой Баласор хот орчимд гарсан байна. Урьдчилсан мэдээллээс үзвэл, орон нутгийн цагаар 19 цагийн орчимд зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, хурдан галт тэрэгтэй мөргөлдөж, улмаар зам дээр зогсож байсан ачааны галт тэргийг мөргөжээ. 
 
 
 
Ослын газарт түргэн тусламжийн 200 гаруй машин ирээд байна. Түүнчлэн 100 гаруй эмчийг жижүүрт нэмэлтээр дууджээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод шаардлагатай тусламжийг үзүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байна гэж твиттер хуудсандаа мэдэгджээ.
Энэтхэгт төмөр замын янз бүрийн осол байнга гардаг ч ийм том хэмжээний осол болж байгаагүй байна. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг