sonin.mn
Өнгөрсөн сард Азийн физикийн 23 дугаар олимпиадыг манай улсад зохион байгуулсан нь боловсрол, шинжлэх ухааны салбарын томоохон үйл явдлын нэг байлаа. Олон улсын нэр хүндтэй энэхүү олимпиадын бодлого боловсруулах багт ажилласан МУИС-ийн профессор Ц.Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр мөн Канадын МкГиллийн их сургуулийн профессорын багт ажилладаг аж.
 
-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
 
-Намайг Ц.Гантөмөр гэдэг. Би Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, өссөн. МУИС–ийн Физикийн ангийг онолын физикээр төгссөн. Багаасаа физик математикт сонирхолтой хүүхэд байлаа. Сургуулиа төгссөний дараа Физик технологийн хүрээлэнд нэг жил гаруй ажиллаад Голланд улсыг зорьсон. Тэнд математикийн чиглэлээр магистр болон докторын зэргээ амжилттай хамгаалсан. Одоо МУИС-д болон Канадын МкГиллийн их сургуульд профессороор ажиллаж байна.
 
-Та магистр болон докторын зэргээ математикаар хамгаалсан мөртлөө МУИС-ийн Физикийн тэнхимд ажиллаж байгаа гэхээр сонирхолтой санагдаж байна л даа. Онолын физикийг сонирхон суралцах болсон шалтгаан тань юу вэ?
 
-Онолын физик нь голдуу юмсын учир шалтгааныг тайлбарладаг. Байгалийн хамгийн гүнзгий нууцуудыг тайлж өгдөг. Онолын физикт математик их ашигладаг. Математик дотроо мат-физик  гэж байдаг. Голланд, Канадад байхдаа голдуу математикийн тэнхимд ажиллаж байсан. МУИС-д бол Физикийн тэнхимд судалгаа хийж байгаа. Гэхдээ миний үндсэн мэргэжил математик суурьтай физик учраас судалгаа хийхэд сэдвийн хувьд ялгаа гарахгүй.
 
-Магистр болон докторын зэргээ хамгаалахдаа ямар сэдвийг барьж авч байв. Онол гэхээс илүү уншигчдад маань энгийн үгээр тайлбарлаж өгвөл сонирхолтой болов уу?
 
-Физикт математик загварчлал гэж байдаг. Ерөнхийдөө физикийн онол гэдэг нэг төрлийн математик загварчлал шүү дээ. Байгаль дээрх нэг үзэгдлийг судлахад түүний тухай нэг ойлголт тархинд төсөөлөгддөг. Харин та бидний мэдэх тэр  ойлголтыг нарийвчилж үзвэл математик загвар л гэсэн үг. Жишээ нь шингэнийг судалдаг физикийн салбар байгаа. Шингэний математик загвар нь математикт тэгшитгэл болж хувирах жишээтэй. Би тэдгээр тэгшитгэлүүдтэй голлон ажилладаг гэх үү дээ.
 
-Та саяхан болсон Азийн физикийн олимпиадын бодлого боловсруулах багт ажилласан. Зарим олон улсын оролцогчид бодлого хүнд боловч маш сонирхолтой байсан гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Ер нь ямар зарчмаар бодлогуудыг бэлтгэсэн бэ?
 
-Олимпиадын зохион байгуулалтын академик хороо гэж байдаг. Энэ хороог МУИС-ийн захирал асан Ц.Ганцог багш ахалж ажилласан. Онолын гурван бодлого дээр Ц.Ганцог захирлаас гадна Г.Ганболд багш, Ц.Энхбат багш бид дөрөв ажилласан. Харин туршилтын бодлогыг М.Ганбат багш, н.Бат-Отгон багш нар зохиосон. Олимпиадын бодлого зохионо гээд нэлээд хэдэн сарын өмнөөс ярилцаж эхэлсэн. Өмнө нь орж байсан бодлогуудыг харж, багцаа авч бэлдсэн. Зарим багш нарын хувьд дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан учраас хүнд бодлого оруулах шаардлагагүй гэж үзэж байсан. Харин зарим нь нэгэнт олон улсын олимпиад учраас хүндэвтэр талдаа байсан нь дээр гэсэн хоёр өөр байр суурьтай байсан. Би хувьдаа хэцүү талдаа байсан нь зүгээр гэж бодож байсан. Тиймээс ч усан дотор болдог кавитацын үзэгдлийг тайлбарлах бодлого боловсруулсан. Дэлхий дээр кавитацын үзэгдлээс болоод гурван ч том осол болсон байдаг. Кавитац нь өөрөө маш сонирхолтой учир энэ чиглэлээр ер нь бодлогоо бэлтгэе гэж бодож байснаа хийж чадсан.
 
-Монгол Улс Азийн томоохон олимпиад зохион байгуулна гэдэг багагүй амжилт юм. Олимпиадын гол онцлог юу байв?
 
-Монголд Азийн физикийн олимпиадыг өмнө нь 2008 онд нэг зохион байгуулсан юм билээ. Түүнтэйгээ харьцуулвал энэ жилийнх маш дэвшилттэй, шинэлэг болсон гэж үзэж байгаа. Олон улсын хэмжээний олимпиадыг зохион байгуулж чадах түвшинд болсон байна гэдгээ харуулж чадлаа. Ингэснээр олон улсад ч үнэлэгдэнэ гэсэн үг.
 
-Мөн Физикийн салбараас төрсөн Нобелийн шагналтан Константин Новесёлов урилгаар ирж лекц уншсан нь залуучуудад урам зориг өгсөн, өгөөжтэй сайхан үйл явдал болсон байх?
 
-Тэгэлгүй яахав. 2010 онд физикийн салбараас Нобелийн шагнал авсан эрдэмтэн ирж монгол залуучуудад зөвлөгөө өгч лекц уншсан. Мөн тэрбээр олимпиадад оролцогчдын медалийн бүч дээр нь гарын үсэг зурна гэдэг хүүхдүүдэд маш их урам зориг өгч байгаа хэрэг.
 
-Манай оролцогчдын чансааг та хэр үнэлэв. Монголын баг хүрэл медаль авсан байх аа?
 
-Бид олимпиадын гол бодлого боловсруулж байсан учраас зохион байгуулалтад хамаагүй оролцох боломжгүй байсан. Тиймээс сайн мэдэхгүй байна. Гэхдээ олимпиадын дүнгээс харахад манайхан тийм өндөр үзүүлэлттэй байж чадаагүй. Ер нь нийтээр нь харахад, алтан медаль авсан хүүхдүүд жинхэнэ шилдэгүүд байсан. Бусад медаль бол голдуу оролцсоныг нь л үнэлж өгсөн.
 
-Сүүлийн үед янз бүрийн уралдаан, олимпиадаар хүүхдүүдийг уралдуулахыг эсэргүүцдэг болсон. Та олимпиадын ач холбогдлыг хэрхэн үнэлдэг вэ?
 
-Олимпиад ач холбогдолтой байлгүй яахав. Мэдээж олимпиадаар дамжиж хүмүүст математик, физикийг сурталчлах, орж байгаа хүүхдүүдэд физикт дуртай болох цаашлаад сонирхол нэгтэй хүүхдүүд хоорондоо танилцаад ирээдүйд салбартаа хамтдаа ажиллаж таарна. Энэ мэт олон ач холбогдолтой.  
 
-Манай улсын математик физикийн салбар таны хувьд ямар түвшинд байна гэж харж байна. Олон улсын жишгээс үзвэл аль чиглэлээр илүүтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй санагдаж байна?
 
-Монголын хувьд нийт хүн амын тоотойгоо харьцуулвал ажиллах хүч цөөн. Тэр дундаа шинжлэх ухааны салбарт хэдэн хувь нь ажиллах вэ гээд үзэхэд маш бага тоо харагддаг. Тиймээс шинжлэх ухааны салбар бүрт амжилт гаргах боломж хомс болчихдог. Бусад оронд жишээ нь миний салбарт ажилладаг олон хүн байдаг. Тэдгээр хүмүүстэй хамтраад ажиллах, өрсөлдөх боломжууд арай их. Энэ талаас нь харахад бид аль болох бусад орны эрдэмтэдтэй хамтрах, тухайн оронд нь очиж ажиллаж байж одоогийнхоосоо илүү хөгжих боломжтой гэж боддог. Манай багш нарын хувьд ер нь олон улсын түвшинд хүрсэн гэж боддог. МУИС-ийн багш нар бараг 100 хувь гадаадад Ph.D хамгаалж ирсэн хүмүүс байдаг. хамгийн гол нь хичээлийн цаг ихтэй байдаг учраас судалгаа хийх цг зав байдаггүй. Тэрнээсээ болоод удаад ирэхээрээ жаахан зэврэх хандлагатай байдаг тал бий.
 
-Та анх Голланд руу сургуульд явж байсан түүхээ сонирхуулахгүй юу. Таныг  анх явж байх үед боломж хэр байв?
 
-Оюутан байх үед мэдээлэл хомс байсан. Би төгсөөд Физик технологийн хүрээлэнд н.Цэрэн багшийн удирдлаган доор ажилладаг байсан. Багш маань анх Голландад магистрын хөтөлбөр байна гэж сонсоод намайг материалаа явуулаад үз гэж зөвлөсөн. Үнэнийг хэлэхэд материалаа явуулахдаа тэнцэнэ, орно гэсэн найдвар маш бага байлаа. “Юу ч гэсэн явуулаад л үзье” гэж бодсон. Харин дараа жил нь буюу 2001 оны хавар сургуулиас зөвшөөрсөн хариу ирсэн.
 
-2001 он гэдэг бас эрт санагдаж байна. Тэр үед та өөртөө яаж урам зориг өгч байв. Одоогийн залуучуудын хувьд таны явж байсан үеэс боломж, харьцангуй нээлттэй болсон санагддаг. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
 
-Би Голланд явахаасаа өмнө БНХАУ-ын тэтгэлэгт түрүүлж байсан ч хувийн шалтгаанаар явж чадаагүй байсан. Дараа нь Японы шалгаруулалтад яг урдуураа  таслуулаад явж чадаагүй. Гэхдээ аль болох бууж өгөхгүй боломжийг хайж байдаг байсан юм болов уу.  Одоо бол мэдээлэл харьцангуй хүн бүрт хүртээмжтэй байгаа. Хамгийн энгийнээр хэлэхэд олон мэдээлэл дээрээ үндэслээд би маргааш яах вэ гэдгээ шийдэж чадна. Нөгөөтэйгөөр мэдээлэл нээлттэй байхаар өрсөлдөөн ихтэй.
 
-Та БНХАУ-ын тэтгэлэгт түрүүлж, Японы тэтгэлэгт муугүй амжилт үзүүлсэн гэхээр суурь сайтай байсан санагдлаа. Орон нутгийн сургалтын суурь сайн байж дээ?
 
-Би багаасаа математик сонирхолтой байсан. Багш нар маань бас намайг дэмждэг байсан. Дөрөвдүгээр ангид байхад н.Энхтүвшин гээд математикийн багш байсан. Тэр багш маань конкурсэнд бэлддэг бодлогууд бодуулна. Хэдийгээр конкурсэнд зориулсан ч гэсэн эхний хэсэг нь арай хялбар, дөрөвдүгээр ангийн хүүхэд хараад ойлгох хэмжээний, тэгээд цаашлаад хүндрээд явдаг бодлогууд байлаа. Ингэж математикт дуртай болсон. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд шалгалт өгч тэнцээд тэр үеийн өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн долдугаар ангид хоёр анги алгасаад орж байсан. Тэр үед физикийн хичээл зургадугаар ангиас ордог байсан. Би тав, зургадугаар ангид суугаагүй болохоор физикийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Багш маань тэр жил физикийн хичээлээ бүр эхнээс нь зааж байсан юм.
 
-Таны яриаг сонсоход багаасаа л өгөгдөлтэй байсан юм шиг санагдаж байна. Таны удамд математикч хүн байдаг уу?
 
-Манай өвөө математикийн багш байсан гэж ярьдаг. Намайг их бага байхад өөд болсон.
 
-Таны яриаг оюутнууд, мөн сургуульд элсэхээр судалж байгаа төгсөгчид сонирхож уншина. Нуулгүй хэлэхэд, монголчуудын хувьд математикийг амьдралаас жаахан тасархай, хол гэж ярьдаг. Тэгвэл математик сонирхож байгаа хүүхдүүдэд хандаж та юу хэлэх вэ?
 
-Сонирхож байгаа бол сонирхлоороо явахад алдах юм байхгүй. Харин сонирхолгүй хүн хүчээр явна гэж бараг байхгүй дээ. Ер нь математиктаа сайн бол гадаадын их, дээд сургуульд тэнцэх боломж магадлал илүү нэмэгддэг. Тэгээд ч дунд сургуулийн математик сурлаа гээд математикч болчихгүй. Их сургуульд гол хичээлүүдээ үзнэ. Мэдээж математик сурчихсан байхад өөрийнхөө сонирхсон салбар руу хаашаа ч орж болно. Хамгийн гол нь математикийг сонирхож л сураасай гэж хүсдэг. Сонирхохгүй албан хүчээр сурах бол тийм ч зөв биш. Нөгөө талаар үнэхээр миний ирээдүйд хэрэгтэй, сурахгүй бол болохгүй гэдэг үүднээс зорилготой сурах бас нэг өөр. Огт дурлахгүй, эсвэл зорилготой биш бол математикт цагаа үрэх хэрэггүй л гэж зөвлөнө. Сураад төгсчихвөл ажилгүй болчихно, юу хийх вэ гэдгээс айх хэрэггүй. Үнэхээр сонирхлоороо явлаа гэхэд алдах юм байхгүй.
 
-Монголд шинжлэх ухааны хичээлийг онол талаас нь их заадаг. Туршилт хийгээд практикт ажиллах нөхцөл боломж байдаггүй юм уу?
 
-Материаллаг баазаас шалтгаалж байгаа болов уу. Бас багш нарыг бэлтгэхдээ анхаарах хэрэгтэй. Одоогийн бага ангид бүх хичээлээ нэг багш нь заадаг. Бага ангийн багш нар янз бүрийн хичээл заадаг. Байгалийн ухааныг тусгайлан мэргэшсэн багш нар заавал илүү өгөөжтэй, үр дүнтэй болов уу. Ер нь бага, дунд сургуулийн байгалийн ухааны багш нарыг маш сайн бэлдэх, сургалтын хэрэгсэл, техникээр нь сайн хангах шаардлагатай.
 
 
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин