sonin.mn

Эгчмэд хүүхний зөвлөгөө

Дээр үед, намайг дөнгөж 17-18-тай, элдвийн ховс, домын талаар мэддэггүй, дуулаа ч үгүй байхдаа хамт ажиллаж байсан эгчмэд хүүхэнд тухайн үедээ л сэтгэлийг минь татаад байсан залуу намайг тоож ч харахгүй байгаа тухай ярьж орхив. Тэгтэл нөгөөх чинь:

-Чи цаадахдаа муу цусаа уулгачих, гэдэг юм байна.

Сонссондоо итгэж чадахгүй:

-Юуг гэнэ ээ? гэтэл нүдэнд тусахааргүй нэг жолоочтой аз жаргалтай амьдарч байгаа (гэрт нь байсан биш, хэн мэдэхэв дээ) гэх тэрээр (нууцгүй хэлэхэд, тэр өөрөө муу газар ургасан тахир мод шиг аймшгийн амьтан байсан л даа) дараах зүйлийг ярьж өглөө.

Эмэгтэй хүн ямар нэг эрийг өөртөө сексийн хувьд татахыг хүсвэл (өөрөө тэр хүнийг хүсдэг байх ёстой - энэ бол гол нөхцөл) сарын тэмдэг ирж байх үед муу цуснаасаа 10 дуслыг цуглуулаад, тэгж цуглуулж чадахгүй бол нэг нөжирсөн цус байсан ч болно, цаадах эрдээ хоол, дайнд нь хийж хэрэглүүлнэ.

-Уулгах болж байна уу?  би ер ойлгож өгөхгүй байв.

-Хэрэглүүлэх ямар ч арга бодоод олж болно ш дээ. Хамгийн гол нь тэр өдөр тэр хүн чиний дэргэд байх ёстой. Нэг шөнө байчихвал бүр л сайн. Ингэсэн байхад тэр чамаас хэзээ ч салж чадахгүй гэж мэд. Манай Генька миний араас холбоостой юм шиг ямар учраас 18 жил явж байна гэж бодож байна? Учир мэддэг хүмүүс энэ аргыг залуу байхад минь зааж өгсөн юм.

-Дараа нь яах вэ?

-Яах юу байх вэ? Чамгүйгээр амьдарч чадахгүй болно. Бусад хүүхнүүдийг сонирхохгүй. Өөр хүүхэнтэй иймээ тиймээ болох гэхээр нөгөө юм нь босохгүй. Чи дэргэд нь байхгүй үед өөр тийшээ харж болно л доо. Гэхдээ чи гараад ирвэл тэр дороо л өөр тийшээ өнгөлзөхөө болино. Өдөр, шөнөгүй л чамайг хүснэ. Тэр чигээрээ л чинийх гэж мэд. Тэгэхдээ ийм домоор татсан хүнийг сайн хооллохгүй бол амархан турж эцэх гээд байдаг гэдэг юм билээ. Чиний тэр чинь баян юм чинь хооллоод байж дөнгөх байлгүй дээ.

-Хэрэв би дараа нь тэр хүнтэй суухгүй бол яах вэ? -тэнэг ч гэсэн ганц нэг ухаалаг бодол орж ирж байна. Нөгөөх чинь тамхи соронгоо:

- Яахав дээ. Нүдэнд нь өртөхгүй л байхгүй юу. Тэгэхгүй бол салахгүй шүү дээ. Цаад эрдээ л хэцүү байдаг гэсэн. Өөр хүүхэнтэй ойртож чадахгүй, зөвхөн чамтай л болно. Эрчүүд үүнээс болоод үхэж ч болдог гэж дуулсан. Гэхдээ энэ чамд ямар хамаатай юм бэ? Чи өнөөдөр л авахаа авж чадсан бол. Тийм болохоор энэ тухай бодоод хэрэггүй. Чиний юм хэзээ ирэх вэ?

-7 хоногийн дараа.

-Тэгвэл бэлд.

Миний аз болоход бурхан намайг ийм нүгэл үйлдэхээс зайлуулсан юм байлгүй. Тэгтэл энэ сэдэв хүмүүсийн сонирхлыг их татдаг болж байгаа шинжтэй. Интернет дээр охидууд энэ тухай бичих болж. Гэтэл амьдрал дээр ийм бодлогогүй үйлдлээс болж амьдралаараа зовсон жишээ би ихийг мэднэ.

Яагаад?

Эрэгтэй хүн эмэгтэй хүний цусыг санамсаргүй залгих явдал амьдрал дээр бишгүй тохиолддог. Тэр битгий хэл сарын тэмдэг бүрэн дуусаагүй байхад эрэгтэй хүн нөгөөдөхөд нь ам, хэлээрээ хүрэх тохиолдол байж болно. Гэтэл ингэлээ гээд тэр хүүхнээс ямар нэг хамааралд ордоггүй. Энд ямар нэг дом, шашны зан үйл байх шиг байна. Эмэгтэй хүн өөрөө санаатайгаар энэ алхмыг хийдэг. Сарын тэмдэг ирэхэд гардаг цус угтаа бол юу юм бэ? Өндгөн эс хүүхэд болж чадаагүй учраас байгалийн жамаар гадагшилж байгаа. Тийм ч учраас тэр золгүй дусал цусыг хэрэглэсэн эрэгтэйг тойроод битүү "өндгөн" хүрээ үүсдэг. Ийм дом хийлгэсэн эр хүн урт насалдаггүй нь үүнтэй холбоотой. Тэр эр цаашид ч гэсэн энэ битүү хүрээнээс гарч чадахгүй.

Эр хүн яадаг вэ?

Ийм ховсонд орсон эрэгтэй өөрийг нь ховсодсон эмэгтэйд татагддаг нь үнэн. Тэгэхдээ "би энэ эмэгтэйнх" гэсэн ойлгомжгүй мэдрэмж төрөхийн зэрэгцээ тэр эмэгтэйгээс хаашаа ч хамаагүй зугтах сэтгэл нэгэн зэрэг төрдөг. Хайртай ч юм шиг, үзэн ядаад ч байгаа юм шиг хоёрдмол сэтгэл нэг доор үүснэ. Тэр эмэгтэй дэргэд нь байхгүй нөхцөлд саруул ухаан нь сэргэж "тэр надад ямар хэрэгтэй юм бэ?" гэж бодогдох авч харангуутаа л хамаг зүйлээ мартаж, түүнийг яг одоо, хаана ч хамаагүй эзэмдэх дийлдэшгүй хүсэл төрдөг. Эзэмдэж л байвал энд түүнд ямар ч ёс зүйн хэм хэмжээ үйлчлэхгүй.

Тэгсэн хирнээ түүний хэвийн сэтгэж бодох чадвар хадгалагддаг. Би хэд хэдэн тийм азгүй гэр бүлийн хос мэддэг байсан. Голчлон нууц амраг нь эрэгтэйд цусаа өгөөд ховсдчихсон байдаг. Нөгөөх нь гэртээ хэд дахин эргэж ирж, хэд дахин явж, өөрийгөө ч, энхэрээ ч тамалж гүйцдэг. Амьдралаа төвхнүүлээд гэр бүлтэйгээ амьдрах гэхээр эхнэртэйгээ бэлгийн ажил хийж чаддаггүй. Ямар ч эмч домчоор яваад нэмэр байдаггүй. Гурван гэр бүл гурван янзаар энэ асуудлаа шийдсэн. Нэгэнд нь эхнэр нөхөр хоёр эгч дүү хоёр шиг амьдардаг. Нөхөр нь хаяа сексийн дангаагаа тайлах гэж нөгөө нууц амраг дээрээ очдог, эхнэр нь үүнийг мэддэг. Хоёр дахь хос нь салчихсан. Гурав дахь гэр бүлд, эрэгтэй нь өөрийн ийм арчаагүй байдлыг тэвчиж дийлэлгүй амиа хорлочихсон.

Нууц амраг нь ховсдоод, нөхөр нь ямар нэг гайхалтай байдлаар эхнэр дээрээ хүрээд ирсэн нөхцөлд эхнэр хамгийн их зовдог. Яагаад гэвэл түүнд байнга ямар нэг эмэгтэй хамт байгаад байгаа нь бүр үнэрийн түвшинд хүртэл мэдрэгддэг. Үүнээс болоод уурлаж цухалдана, уучилж чадахгүй. Нөхөр өөр хүүхэнтэй явалдсаныг уучлахад хэцүү, тэгтэл тэр хүүхнийг байнга дэргэдээ мэдрэнэ гэдэг үнэхээр аймшигтай. Сонирхолтой нь ийм дом хийлгэсэн эрэгтэй физиологийн хувьд ч өөрлөгддөг. Их иддэг болно. Тэгээд хачирхалтай нь эмэгтэйчүүдийн идэх дуртай амттан жимстэн, чихэр, нарийн боов, мөхөөлдсөнд дуртай болдог.

Их унтдаг. Цаад хүүхэнтэйгээ бэлгийн ажил хийсэн эсэхээс үл хамаараад түүний бие организм байнгын бэлэн байдалд байж, тусгай даавар ялгаруулж байдаг. Энэ дааврыг эрэгтэй даавар, эмэгтэй даавар гэж онооход хэцүү. "Чөтгөрийн дур хүслийн даавар" гэх үү дээ. Заримдаа ийм байдалд орсон эрэгтэй хэдэн cap хор уусан юм шиг явдаг. Хамаг бие нь өвдөж, дотор нь муухай оргиж, бөөлжис цутгана. Бусад хүүхнүүдийг харахаар цухалдаж уурладаг болно. Эмэгтэй хүнд эр хүнийг өөртөө татах олон арга байж болно. Тэгэхдээ ийм муу ёрын домыг ямар эмэгтэй хийх нь ойлгомжтой. Эсвэл харласан дотортой шулмас байх байх, эсвэл тэр үед миний байсан шиг хожим нь хоёулаа зовно гэдгийг ойлгох ухаан суугаагүй тэнэг охин байх биз ээ.

Үр дүнд нь

Ийм хар дом хийсэн эмэгтэй хожим нь хүүхэд төрүүлж чадахгүй болно, хүүхэд гаргасан ч тэр нь сэтгэцийн согогтой, эсвэл ямар нэг зэрэмдэг юм болно. Би нэг тийм эмэгтэйг мэддэг байсан юм. Тэр 3 удаа төрж байсан ч төрсөн хүүхдүүд нь нэг хоногоос илүү амьдарч чаддаггүй байсан. Тэгтэл гурав дахь удаагийн төрөлтөөр хажуугийн өрөөнд нь өөр нэг эмэгтэй нөхрөөс нь эрүүл саруул, хөөрхөн охин төрүүлсэн. Ийм нүгэл үйлдсэн эмэгтэй хорт хавдраар өвдөх энүүхэнд. Уугаасаа хорт хавдар бол хийсэн үйлийн үр байдаг. Эмэгтэйчүүдийн өвчин салахгүй. Тэгээд хамгийн эмгэнэлтэй нь дом хийсэн эмэгтэй тодорхой хугацааны дараа нөгөө үхэлдэж, өөртөө дурлуулах гээд байсан эрдээ сонирхолгүй болдог. Энэ бол жам, Эр нь "хайртай" гээд байхад нөгөө хүүхэн "зайл даа" гэсэн байр суурьтай болно. Гэвч хэн ч хийсэн үйлээсээ зайлж чадахгүй гэдгийг хүүхнүүд маань сайн ойлгоосой гэж бодож байна. Над дээр нэг битүү хөх няц болсон эмэгтэй уулзахаар ирж байсныг санаж байна.

-Хэн ингээв?

-Нөхөр!

-Салахад яадаг юм бэ?

-Салж үзсэн. Гэвч хаанаас ч хамаагүй олоод ирдэг. Ажил дээр ч, хөршүүдийн дэргэд ч, хөлсний байранд байсан ч хүрч ирээд, хаалга үүд эвдэж, хүмүүсээс ичиж зовох зүйлгүй "Шулам, чи миний амьдралыг балалсан" гээд л дайраад зодож занчаад, хүчиндэж эхэлдэг.

-Яагаад шулам гэж?

-Залуу, бас тэнэг байхдаа хүмүүсийн үгийг дагаж цусаар домносон байхгүй юу.

Ийм дом хийлгэсэн эрчүүд өөрийн онилогоос шалтгаалаад эсвэл их турж эвдэг, эсвэл огцом таргалдаг, уур уцаартай, муухай ааштай болохоос гадна ирээдүйд эрэгтэйчүүдийн өвчтэй, бэлгийн сулралтай болно. Үүнийг дагалдсан сэтгэл зүйн хүчтэй хямрал байлгүй л яахав. Ядаж л нөгөөхөөсөө өөр эмэгтэйтэй ор хөнжлийн ажил хийж чадахгүй болчихвол эр хүнд өөрт нь ямар байх вэ? Ойлгомжтой шүү дээ.

Тэгвэл яах вэ?

Хамгийн хэцүү нь "цусан домыг" арилгах бараг боломжгүй. Орчин үеийн, хүний энергийг мэдэрч, засдаг мундаг "шидтэнгүүд" үүнд нэмэргүй. Яагаад гэвэл сүүлийн үед моодонд ороод байгаа тэдгээр далдыг мэдрэгч нар чинь бүдүүлгээр хэлбэл, хүн дээр хувцас шиг тохоод тавьчихсан томоохон энергийн өөрчлөлтүүдийг л мэдрэнэ. Түүнээс биш тэр хүний бүр дотор нь шингээд, өөрийнх нь юм шиг болчихсон энэ "шулмын хараалыг" мэдэрч чадахгүй.

Оросууд болохоор үнэн сүсэг бишрэлтэй хүн залбирал шүтлэгтэйгээр, чин сэтгэлээсээ хүсээд сүмийн ариун уснаас байнга (насан туршдаа) хэрэглэж чадвал тус болдог гэж ярьдаг. Гэвч захын эр хүнийг аваад үз дээ. Өөрт нь хичнээн хэдүү байсан ч гэсэн тэгээд сууж тэсэх эр хэд билээ? Молдавд, Приднепровд өндөр уулан дунд нэгэн дээр үеийн эрэгтэйчүүдийн сүм байдаг гэдгийг мэднэ. Тэр сүм 1500 орчим настай. Сүм дотор мөс шиг хүйтэн устай нэг усан сан байдаг. Тийшээ орсон хүн тэр бүр өөрөө гараад ирж чаддаггүй. Гарч ирээгүй хүнийг Бурхан авчихлаа гэдэг гэнэ. Тэр усанд хүний цусны биохимийн хэвийн бүтцийг эргүүлж өгөх чадвар бий гэж ярилцдаг.

Бас энд тэнд тосгодод хаа нэгтээ ийм домыг арилгаж чаддаг хөгшчүүл цөөхөн хэд үлдсэн гэлцдэг. Харсан хүн хэлэхнээ, тэд өөрсдийнхөө зан үйлийг хийж дууссаны дараа ийм домонд өртсөн эрэгтэйн биен дээр тэр нь нөгөө муу цустай нь адил бор хүрэн өнгөтэй толбонууд гарч, түүнээс хойш хөлстэй нь хамт гадагшилсаар арилдаг гэсэн. Энэ хооронд эр хүн нилээд өвчин орооно, ядрана, тэгэхдээ тэгж тэгж сая нэг анх байсан байрандаа эргэж ирдэг. Гэхдээ тийм чадалтай эмээг өдийд хаанаас олох вэ гэдэг асуудал...

Елена Шубина "Ай, болит!" 2010 оны No. 8 (680) дугаараас хэсэгчлэн оруулав.

Энэ сэдвийг би сониноор хэзээ ч хөндөхгүй байсан. Гэхдээ саяхан сонссон зүйл натайг ер тайван байлгахгүй байна. Манай найзтай ажилладаг охин нөхрөөсөө салчихсан юм байна. Сэтгэл санаа нь тогтворгүй болохоороо хүн шашинаар явах нь ихэсдэг. Тэгээд нэг бөө дээр (бөөгөө ч алд!) очжээ. Тэгсэн нөгөөх харалмар чинь сарын тэмдэг ирэхээр өөрийнхөө муу цуснаас аваад иp, би нөхрийг чинь дуудаад өгье гэсэн гэнэ! Нөгөө тэнэг охин аваачаад өгчихөж. Нөхөр нь ч ирсэнгүй, дээр нь өөрөө ч илт ондоо, бур сүнс сүлдгүй амьтан шмг гөлрөнгө, амьдралд ямар ч тэмүүлэл сонирхолгүй, гагцхүү нэг махан бие хөлөө зөөгөөд л явж байдаг болчихсон гэнэ.

Ийм дом байдаг гэдгийг цагтаа би ч гэсэн найзаасаа дуулаад, утгагүй юм гэж ярилцаад өнгөрч байсан. Энэ хаанаас гаралтай чөтгөрийн дом юм бэ буу мэд. Тэгэхдээ хүүхнүүдийн дунд шивэр авир яригддагийг би мэднэ. 2010 онд Оросын сонинд гарсан энэ материалыг уншчихаад би энэ дом чинь үнэхээр бодитой юм байна, ямар аймаар юм бэ гэж бодож байсан. Гэтэл өөрийгөө бөө гэж нэрлэсэн хүн ийм бузартай юмтай гар бие оролцоод явж байна гэж дуулаад бичихгүй байж үнэхээр чадсангүй.

Хүмүүсийн aм дамжин яригддаг элдэв дом, шашны зан үйл, хүүхдүүдийн үхэгсдийн сүнс дуудаж нааддаг чинь тоглоом биш. Үнэхээр бодитой, цаанаа утга учиртай, ардаа үлдэх үр дагавартай зүйл байдаг. Үүнээс болж хүмүүс галзуурч, амь насаа алдаж ч байсан. Энэ бол учир мэдэхгүй хүн сэтгэлийн хөөрлөөр үйлддэг зүйл хэрхэвч биш.

Хүмүүс минь, өөрийн сайн мэдэхгүй, далдын ертөнцтэй холбоитой аливаа зан үйлийг хэзээ ч битгий хийж бай. Та өөрөө дуудсан лай ланчгийн үүдийг өөрөө хааж, хариулж чадахгүй л бол анхнаасаа үүнтэй бүү оролд! Тээр нэг жил учир мэдэхгүй, тэнэгхэн, нэг тийм охин байхдаа хийсэн үйл чинь эргээд өөр дээр чинь том шаналал зовлон болоод эргээд ирнэ.

Тухайн үед хүн ховсдож, сүнс дуудаж суухдаа чи хэнд ч муу санаа өвөрлөөгүй байж болно. Гэхдээ чи өөрийн болчимгүй тэр үйлдлээр хичнээн хүний зам мөрийг өөрчилж, хичнээн хүнд зовлон амсуулсан бэ, тэр бүгдийгээ чи өөрөө хэд нугалж хүртдэг хорвоогийн жам бий. Зарим хүн нүгэл хийчихээд сайхан амьдраад байхад гэж хүмүүс өнгөц хараад боддог байх. Гэвч чи тэр хүний биед ороод үзчихээгүй болохоор түүнд байгаа зовлонг хөндлөнгөөс хараад мэдэхгүй.
Зовж л байгаа. Түүгээр барахгүй хойд насандаа ч яг тэр зовлонгоо нөхөж эдэлнэ. Энэ тухай бүх шашин ярьдаг. Бөөгийн шашин ч ийм үзэлтэй. Тэр бөөг би хувьдаа зэмлэхийн зэрэгцээ их өрөвдөж байна. Естой л нөгөө "бөөгийн дамжаа төгссөн, шархаа нөхөх гэсэн", юу хийж байгаагаа ухаж мэдэхгүй, өөртөө болоод хожмын үр удамдаа тамд очих замыг нь засаад сууж байгаа үйлтэй амьтан байгаа байх. Түүнээс биш жинхэнэ бөө гэдэг чинь захын эмэгтэйн сарын тэмдэгтэй хутгалдаж суухааргүй, дэндүү ариун, дэндүү тэнгэрлэг хүмүүс байх учиртай.

Ховсыг манайхны бөө нар (жинхэнэ бөө мөн бол) ганц ёотонд ч хамаагүй шившээд өгнө. Тийм бузар юмтай ойртвол бараг өөрөө бузартаад үхнэ биз. Би бөө биш. Гэхдээ жинхэнэ хүчтэй, чадалтай бөө нарыг зах зухаас нь харж өссөний хувьд мэдэх, мэдэхгүй шашины аливаа зан үйл тоглоом биш гэдгийг анхааруулж, бүр онцгой сэрэмжлүүлэхээр байна. Шар тос зам дээр сул хэвтэж байдаггүйтэй адил, амьдралд өөрт оногдоогүй аз жаргалыг сул авч болдоггүй юм.

Хүн хэлэхээс наашгүй, цаас чичэхээс наашгүй гэдэг. Сүүлийн үед учир мэдэх, мэдэхгуй хүмүүс бөөгийн ариун нэрийг барьж мөн ч олон амьтны (тэр дотор өөрийнхөө, болоод удмынхаа) амьдралыг баллаж байгааг хараад хашгирч, дэвхцмээр болох юм. Гэвч би энд дэвхцээд яах ч билээ... (Уншигч Ч.Батсүрэн)

Эх сурвалж: "Анагаах арга билиг"