sonin.mn

Германы сонгодог гүн ухааны эцэг, суут гүн ухаантан Н.В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухааныг бэлэглэсэн юм” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Дэлхий дахиныг эрхшээлдээ оруулсан өвөг дээдсийнхээ тэрхүү хүчирхэг гүн ухааныг бид өдгөөгийн монголчууддаа хэрхэн яаж ойлгуулах билээ хэмээн он цагийн тохироо, нийгмийн сэтгэлгээний янз байдлыг ажин харж сууна.


Энэ хүчирхэг ухаанаас эмээж ичсэн хятадууд Модунь шаньюгийн үед хэдэн мянган бээрийн урт цагаан хэрмийг чичирсэн гараар өрж, агуу их Грек, Ромын үр удам Атилла хааны үед сүнс нь зайлан бутарч, ерөөс энэхүү ухааны өмнө хүчин мөхөсдсөн Ази, Европ, Араб, Египет гээд дэлхий нийтээрээ Хар хорум хот руу илгээмж захидал, алт эрдэнэс, хээл хахууль, охид хатад гээд өөрт байгаа сайхан гэсэн бүхнээ илгээж, манай эцэг дээдсийг аргадан учирлаж, тандан түншиж, тайж тахиж байлаа.


Хувилай хаан Хятадыг агуу их гүрэн болгон цогцлоож, Алтан ордны хаад, жанжнууд олон хэсэг вант отгууд байсан оросуудыг нэгтгэн босгож ирсэн гайхам арга ухаан, хүч чадал бол тэр чигээрээ энэхүү монгол ухаан байсан юм. Энэ ухаанаас ундаалсан эртний Скиф, Татаар, Турк селжигүүд бусдыг сөхрүүлэх арга чадлыг олон авч, Уйгар, Түрэг, Киданчууд анхны төрт улсаа байгуулсан түүхээ эндээс эхлэн бичиж байв. Тэгээд ч нэгэнтээ бүрэн тоймоор нь ухаарсан Германы сонгодог гүн ухааны эцэг, суут гүн ухаантан Н.В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухааныг бэлэглэсэн юм” хэмээн машид шударгаар тэмдэглэн үлдээсэн байдаг бөлгөө. Түүний энэ дүгнэлт бол ямар ч нэмэр хачиргүй, чимэг зүүсгэлгүй, сэтгэл хөөрлийн шалтгаан байхгүй, бодит үнэн, бодит үнэлэлт юм. Гегелийн оюуны сангаас монгол ухааны мөн чанарыг хэтэрхий бартаг, бүдүүн тоймоор ойлгосон Адольф Гитлер орчин үеийн Германы нийгмийн амьдралд хэрэгжүүлэх гэж омгорхон хийрхэж, үүнийхээ улмаас дэлхийн хоёрдугаар дайныг өдөөн өөрөө түүндээ шатсан түүх бий.


Хүн төрөлхтний соёл иргэншлийн мөн чанарыг бүх түүхэнд ердөө ари, еврей, монгол гэсэн гурван их ухаан тодорхойлж ирсэн байдаг. Аричүүдийн ухаан эртний Египет, Грек, Ром, Перс, Арабын соёл иргэншлийг цэцэглүүлж байсан бол Еврейчүүдийн ухаан нь шинэхэн Европын буюу өрнийн соёл иргэншлийн “Загалмайлсан эцэг” болсон төдийгүй шинжлэх ухаан, материалист үзлийг агуулгын хувьд төрүүлж, өсгөж, бойжуулсан байна.


Тэгвэл монгол ухаан нь Өрнө, Дорнын оюун ухааны мөн чанар, нийгмийн сэтгэлгээний хөгжлийг ойр хооронд нь шүтэн барилдуулж, хүн төрөлхтний танин мэдэхүйн арга билгийг холбох түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Харин эдүгээ арга билгийн тэр холбоос нэгэнт байхгүй болсон учраас хэт туйлширсан шинжлэх ухааны буюу аргын механик эрчим хүч манай гаригийн озоны давхаргыг цоолж, эх газрыг цөлжүүлж, дэлхийн дулаарлыг урин дуудаж авчрав. Дэлхийн дулаарлын дундаж ердөө 2.0 хэмээр нэмэгдэхэд усан галав юүлэх тийм түвшинд хүрнэ гэж экологийн эрдэмтдийн симфозиумд оролцогчид саяхан тэмдэглэжээ. Тэгэхээр танин мэдэхүйн монгол ухаан буюу арга билгийн холбоос хүн төрөлхтөнд ямар хэрэгтэйг хэлэх нь илүүц биз. Тэгвэл дэлхий ертөнцийг мөхлөөс аврах арга билгийн энэхүү шүтэлцээг өөр хэн ч биш зөвхөн монголчууд бид л бий болгож чадна. Чадах төдийгүй тийм глобал үүрэг бидэнд оногдож байна.
Үүнийг бичигчид бид хувьдаа монгол ухааныхаа огторгуйг бүтэн цогцоор нь, дотоод мөн чанараар нь сэргээн боловсруулж, ухаарч ойлгож чадсан хэдий ч нийт монголчуудынхаа дэм тусыг авахгүйгээр нийгмийн хэмжээний үйл үзэгдэл болгож чадахгүй нь ойлгомжтой.


Манай эриний өмнөх III зуунаас эхлэн бүрэлдэж бий болсон монгол гүн ухаан нь орон шоронгүй, өнөөгийнх шиг хуулийн хүчирхийлэлгүй, тоймлошгүй олон эмнэлэг, эмчгүй, таних танихгүй олон өвчин эмгэггүй нийгмийн байгууламжийг хэдэнтээ давтан бий болгож байв. Өдгөө бид яагаад бас давтаж болохгүй гэж? Хүсвэл түүхэн тохироо нь бүрдчихээд байгаа өнөөгийн нөхцөлд энэ зорилтыг 100 жилд бус зургаан жилийн дотор л бүтээчих боломжтой билээ.


Тиймээс бидэнд энэ талаар хандсан хэнтэй ч өвгөдийнхөө оюун ухааны нууцаас дэлгэн хуваалцахад бид ямагт бэлэн байна.Өмнөх үеэ үл тоосоор, өв уламжлал, унаган ухаанаасаа холдон холдсоор мөхлийн ирмэгт ирж, бусдын боол болохынхоо цагт эргэн ирж авагтун хэмээн хэрхэн, яаж хэрэгжүүлэх арга замыг нь ч бидэнд мөн хэлж үлдээсэн юм шүү.Үлдээснийг нь олж үзсэний учир элэг нэгтнүүддээ хандан үүнийг тэрлэвэй.


Ш.ДАВААСҮРЭН
Т.НАРАН