Хэл яриагүйгээр хэний ч бодол бүрэн илэрхийлэгдэхгүй. Бодлоо илэрхийлж чадаагүй цагт хэнтэй ч баттай ойлголцох боломжгүй. Хүн бодлоороо хэл яриаг зохиодог тул хүний хэлж ярьж буй яриа хүний өөрийн бодлын бүтээгдэхүүн.
Үгийн нөөц ба ухагдахууны баялагаас шалтгаалан хүмүүс амьдралаа илэрхийлэх боломжтой ба түүний дараа л бусад түүнийг ойлгох найдвар бий. Хуруугаараа чичих эсвэл гараараа далайх гэдэг ойлголцоход туслахгүй харин саадтай.
Хүмүүс бодлоо цөөн хэдэн үгээр илэрхийлэхэд төвөгтэй. Хүнийг зөвхөн хоёрхон үгийн тусламжтайгаар сайн эсвэл муу гээд хэлчих арай л дутуу бөгөөд ташаа хэрэг. Тухайн хүний юу сайн бэ? Эсвэл хэзээ сайн байсан бэ? эсвэл тэр хүний юу муу вэ? эсвэл хэзээ муу байсан бэ? гэх мэт ар араасаа нухацтай асуултуудыг хариулахын тулд хүн олон төрлийн үгнүүдээр өгүүлбэр зохиодог.
Үнэндээ хүмүүсийн хэлж буй үг хэл бас яриа хоорондоо ойлголцож хамтран ажиллахад хамгийн чухал бас шийдвэрлэх үүрэгтэй. Энэ л шийдвэрлэх үүргийг биелүүлэхэд хүмүүсийн хэлсэн үг оносон тухайлбал мэргэн оносон үгнүүд байх чухал.
Дэлхийн бөмбөрцөгийн уул ус, далай тэнгис, газрын гадаргуу анх үүсэхдээ удаан хугацаанд олон хэлбэрийг дамжиж өнөөгийн хэлбэр хүрсэн ба энэ л хэлбэрээ удаан хадгалжээ. Үүнтэй нэгэн адил хүн төрөлхтөний хэл яриа олон мянган жилийн хугацаанд урт замыг туулж бас олширч өнөөг хүрчээ.
Аль ч хэл тодорхой нэг хөгжилийн төвшинд хүрсэний дараа бүтэц, зохион байгуулалт мөн хэлбэр хувирахаа зогсдог ба нэгэн байрлалд тогтдог. Ингэж хэл өөрийн төрхтэй болж хэвшиж иржээ.
Нэгэнт хэвшсэн хэл яриа боловсрол ба сайэнсийн хөгжилийг даган сайжирч мөн өргөжин баяждаг. Хэлний бүтцийн онцлог эр, эм үгнүүд, өгүүлбэрийн субект ба обектууд мөн тийн ялгалтуудад. Өгүүлбэр гэдэг эзэнтэй ба эзэнгүйгээр зохиогдоно.
Үг гэдэг үнэхээр л хэлийг батжуулж мөн хүнийг ар араас бодох тэр л бодлыг бололцоотой болгодог. Сонссон тэр л үгээр хүн ар араас боддог цаашилбал бодлоо илэрхийлж бичдэг.
Хүн бичихдээ бичгийн хэлбэрийг найруулдаг харин утга ба учруудыг бодож, цэгцэлдэг. Хүн агуулж буй бодлоо цэгцтэй бас замбараатай бичсэнээр хэл өөрөө утгаа хадгаладаг. Үг, хэл ба бичиг гурав нэгдсэн үйлдэл ба хамтран хоорондоо нарийн зохицох гэдэг хэлний сайэнсийн зорилго.
Хэл ба яриа хүмүүсийн хоорондын харьцааг улам л боловсронгуй болоход тусалж ирсэн ба удаан хугацааны эцэст л хөгжиж чадсан. Биологийн эволюцийн хөгжилийн явцтай бараг л ижил бас хүний хэл яриа цоо шинээр үүсэж тэндээсээ цааш олон төрлийн хэлнүүд салбарлан хөгжсөн. Энэ хөгжилийн замд бас олон хэлнүүд устжээ.
Улс орнууд өөрийн гэсэн хэл болон яриа ялгаатай боловч хүн төрөлхтөн нэгэнт л нэг л дэлхий дээр нэгэн адил амьдралаар амьдрах тул үг, хэл ч бас хоорондоо төстэй. Тиймээс аль ч хэлийг бусад хэл рүү хөврүүлж мөн орчуулах боломжтой.
Үгнүүдийг хөврүүлж бас орчуулах боломжтой учраас л улс орнуудын хооронд харилцаа үүсэхэд хялбар. Хэрэв улс орнууд тэс ондоо амьдралтай гэвэл үгнүүдийг хөврүүлэх боломжгүй ба тэгэхээр харилцаа үүсэхэд бэрхшээлтэй.
Бодит зүйлүүдийг нэрлэж нэрнүүд үүсдэг бол харин хийсвэр бодлууд нэр биш ухагдахуунуудаар илэрхийлэгдэнэ. Ухааны бодлуудыг илэрхийлсэн үгнүүд улс орны онцгой байдалд үүсдэг. Ном зохиолд өргөн хэрэглэгддэг философийн үгнүүд ихэнхдээ л Грек болон Латин гаралтай. Тэдгээр түүхийн хугацаанд бусад орнуудад таран түгж тэр л үгнүүдийг орчуулахгүйгээр хэрэглэжээ.
Зарим мод, ой, уул, ус гэсэн нэрүүд улс орнуудад ялгаатай үгээр илэрхийлэгдэж орчуулагддаг. Харин идей, морал, универз, элэктрон гэх мэт сайэнс болон философийн үгнүүд олон улс орнуудад орчуулагдахгүйгээр адилхан нэрээр хэрэглэгдэж хэвшсэн.
Үг, хэл, нэр, нэрлэгээнүүд гэдэг нэг л өдөр зохиогдсон зүйлүүд биш харин удаан хугацаанд аажмаар л сайжирч бас шинэчлэгдсэн. Хүний амьдралын хөгжилийн процестой адил хэл яриа шинээр үргэлж нэмэгдэх хөгжилийн процес. Хэл, яриа гэдэг өргөжин тэлж хэмжээ ихэсч чадаж байж л амьдралыг олон янзын бас олон төрлийн гэдгийг илэрхийлэх боломжтой.
Нийгмийн ба хувийн эрхэм зүйлүүдийг зөвхөн үгээр л дэлгэрэнгүй илэрхийлдэг тул тэр л чухал үгнүүдээр хамтын амьдралын эрхэм зүйлүүдийг улс орон бүр адилхан үнэлдэг. Эдгээр хүний дотоод сэтгэлийн хүч, мууг жигших, хувь хүнийг хүндэтгэх, чөлөөтийг баталгаажуулах гэх мэт эрхэмүүд.
Амьдралын эрхэм зүйлүүд орчин үед гэнэт гараад ирсэн ойлголт биш харин түүхийн тодорхой үеүдэд нэг нэгнээсээ хамааралтай хөгжиж мөн ардын дотор тархаж зөвхөн эрхэмлэгдээгүй бас ч үгүй гадуурхагдаж ирсэн нандин зүйлүүд.
Түүхийн үеүдэд тухайн ард түмний хэл боловсрогдож зүгширдэг. Үг, өгүүлбэр ба нэрлэгээнүүд гэдэг хэлний чухал ойлголтууд. Хэлийг цааш ойлгох ба тайлбарлах судалгааны ажлыг хэлний сайэнс гүйцэтгэдэг.
Үгнүүдийн ихэнх нэрнүүд бөгөөд нэрнүүд аливаа зүйлүүдийг нэрлэхээс гадна бас шинж, төрхүүдийг нэрлэдэг. Нэрлэсэн нэрлэгээнүүд байгалийн бас байгалийн биш зүйлүүдийг заадаг.
Нэрнүүд хүмүүст зөвхөн информац л өгдөг ба өгүүлбэрт орж тодорхой утгуудыг илэрхийлж байж л жинхэнэ утгажиж чадна.
Ногоон эсвэл улаан гэж хэлэх зөвхөн өнгөний тухай информацууд бөгөөд харин ногоон хана эсвэл ногоон зүлэг гэж хэлж байж л өөрийн гэсэн утга агуулдаг
Өгүүлбэр л хүмүүст харьцах боломжыг олгодог ба өгүүлбэрийн зохион байгуулалт ямар байх чухал биш харин юутай холбоотойгоор ямар утгыг илэрхийлээд буй тэр л учруудыг хэл өгүүлбэрийн тусламжтайгаар бүтээдэг.
Хэлийг ойлгоно гэдэг өгүүлбэрийг ойлгохыг хэлэх ба харин өгүүлбэрийг утгачилж бас учирласан цагт л ойлгоно. Хэлснийг болон ярьсаныг ойлгох үнэхээрийн байдлыг ойлгоход шийдвэрлэх үүрэгтэй. Тодорхойлж хэлснийг болон түүнийг ухаандаа хэрхэн төсөөлж буй хоёрт үнэндээ бодох гол асуудал гардаг.
Аливаа биетийг гаднах байдлаар дүрслэн хэлж дассан. Хэрэв тэр биет урьд өмнө үзэгдээгүй ч эсвэл бусад биеттэй адил төсөөтэй биш гэвэл түүнийг нэрлэж хэлэхийн аргагүй. Ийм үед нэг бол ойролцоо үгнүүдээр нэрлэнэ эсвэл шинээр үг зохиодог. Зарим зүйлүүд гадаадаас нэртэйгээ хамт ирдэг.
Хэлэнд нэмэгдэж буй шинэ үгнүүдийг хэлж бас хэрэглэж сурахад дасах нэмэлт ажил гардаг. Хэрэв шинэ зүйлүүдийг хуучин үгнүүдээр нэрлэвэл шинэ зүйл гэж байхаа больж олон зүйлүүд адилхан нэртэй болох муу талтай. Тэгсэнээр зүйлсийн онцгойрох онцлог чанар алдагдана.
Хэрэг явдалыг хийсвэрээр төсөөлж бодохдоо тодорхой нэг дүрмэнд захирагдахгүйгээр үйл явдлын хооронд төсөө холбоог бодож хэлснийг ойлгохыг хичээдэг. Хэл, яриа ба логик хэрэг дээрээ аль болох цомхотгосон бодолт. Хэл яриагаар илэрхийлэх гэдэг аль болох олон зүйлийг хамааруулсан хамтлаг.
Хүмүүс хэлж ярихын тулд ухаандаа абстрактлан боддог. Абстраклах гэдэг адилтгаж буй хэрэг. Үг болгоны утга юмсын төсөөтэй байдлын ажиглалтаар үүссэн. Танихгүй зүйлсийг тодорхойлохдоо таньдаг зүйл дээр тусган ойлгодог. Ингэсэнээр ялгаатай зүйлүүдийг нэг л нэрээр нэрлэх аюул үргэлж гардаг.
Хүмүүс ихэнхдээ л хэрэг явдлыг энгийнээр дүрсэлж нэгэн ангилалд багтаахын тулд давтагдах үйл явдлуудад адилхан нэр өгдөг. Цэгцэлж буй гэдэг төсөөтэй зүйлсийг төсөөтэй зүйл рүү нэгтгэж аналогдох гэсэн үг. Тэгсэнээр абстрактлах гэдэг төрөлжүүлж эмх цэгцтэй болгохыг хэлнэ. Энэ л ээдрээтэй төвөгтэй ажлуудыг хэл судлаачид гүйцэтгэдэг.
Хүмүүсийн бодож буй зүйлс үгээр илэрхийлсэн нэрлэгээнүүдийн холбоосууд. Таван хошуу мал “бол” сүүн тэжээлтэн амьтад гэсэн өгүүлбэрийн “бол” гэдэг математикийн тэнцүү гэсэнтэй адилхан. Хэдийгээр таван хошуу мал хоорондоо ижил биш зөрөөтэй ч гэсэн хүмүүс төсөөтэй гэдгээр нэг л нэрлэгээгээр нэрлэдэг. Гэхдээ малын төрөл заавал таванхан ширхэг байх албагүй.
Хүн зүйлсийг зэрэглэж ойлгохын тулд хэлбэрийг ажигладаг. Энэ зүгээр л мэдэрсэн мэдрэлтэй хамаатай. Түүнээс биш хүний жинхэнэ дотоод мэдрэмжээс огт хамааралгүй. Төсөөлөл хэзээ ч жинхэнэ зүйл дээр буудаггүй. Бүдүүн нарийн эсвэл зөөлөн хатуу гэж зөвхөн гадаад хэлбэрийг л өгүүлдэг.
Хүний төсөөлөл бүр дамжлагаар буюу мэдэрсэний дараа эхэлдэг. Ямар нэг тодорхойгүй нуугдмал үйл явдалыг мэдэрч үгээр илэрхийлэхийг хийсвэрлэх буюу абстратлах гэнэ. Хийсвэрлэсэнээрээ хүн яг тодорхойлж чадахгүй гол зүйлийг орхиж зөвхөн хэрэгтэй гэсэн ялгарах шинжүүдийг онцолдог.
Хүмүүс зүйлсэд ямар нэг зэрэг тогтоож ойлгох гэдэг хялбар ойлгох хэлбэр ба төсөөлөлийн туслах хэлбэр бөгөөд үнэхээрийн байдлыг тооцоолж чадах бодлыг хөнгөвчилдөг. Хэн бодож ярьж байна тэр хүн мэдэрсэнээ бодитоор илэрхийлж буй ба ойлгомжтой болтол хялбаршуулна гэсэн үг.
Хүн хялбаршуулахгүйгээр бүх зүйлийг нэг бүрчилэн дамжуулж илэрхийлж хэлэх боломжгүй. Хэн тодорхойлолт хэрэглэнэ тэр хүн аль болох зүйлсийг тухайн үеийн адил байдлаар нэгэн хэлбэрт нэгтгэж хэзээд эргэн санаж хэрэглэхэд бэлэн байдалд оруулдаг.
Хүн хийсвэрлэнэ гэдэг яг хэрэг явдалыг нэг л тохиосон гэдгээр даран нуудаг. Хэн ч гэсэн хийсвэрлэж буй болгон аль нэг зүйлсийг хасаад бодож буй ойлголт. Хэл яриагаар хүн зүйлсийн шинж, бүтцийг илэрхийлэх биш харин зөвхөн нэрлэсэн нэрнүүдийн цуглуулгуудыг л хэлдэг. Хүний ухаан ч гэсэн зүйлсийг хэлбэр ба дүрсээр ялган үгээр гаргадаг.
Хүн зүйлсийг тийм ийм гэж тодорхойлохдоо толгойдоо буй тухайн бодлоороо л илэрхийлдэг. Хүлээж авсан шинэ зүйл болгон эхлээд замбараагүй харин түүний дараа эмх цэгцтэй болж тэгсэнээр нэг тодорхой зураг толгойд буудаг. Ойлгогдохгүй тодорхойгүй байсан зүйлийг тооцоолон бодож эхэлдэг. Ерөөсөө хүн тодорхой дүрслэж чадахгүй гэдэг эмх замбараагүй бодохыг хэлнэ. Ийм үед яг тохирсон үг олж хэлэх улам л төвөгтэй.
Байгалийг буюу натурыг хүмүүс аль болох эмх цэгцтэйгээр ойлгохыг хичээдэг үүгээрээ хүн цааш амьдрах чадвартай. Хүн эмх цэгцтэй бодно гэдэг аливаа зүйлсийг зэрэглэж буй гэсэн ойлголт. Эмхэлж, цэгцэлсэнээр үг тэмдэгүүдийн дараалалыг тогтоодог.
Хүмүүсийн зохиосон ухагдахуун ба тодорхойлолт ертөнцийг тооцоолон дүрслэж буйг л хэлдэг. Энэ хялбар. Бүхий л ажигласан зүйлсээ хүн хамруулан ухаандаа хураадаг. Ингээд хүмүүс хэрэгтэй, таарах үгнүүдээ сонгон өгүүлж үнэхээрийн байдлыг орлуулдаг. Ингэх боломж буй гэдэг таатай хэрэг. Хэрэв боломжгүй гэвэл таагүй хэрэг.
Үгнүүд гэдэг хүний сэтгэлийн хөдлөлийг барьж нэгэн зохион байгуулалтанд оруулдаг. Хүмүүс үгээр илэрхийлэхийн тулд үргэлжилэн өнгөрч буй үнэхээрийн үйл явдлыг хазаарлаж толгойдоо хуримтлуулдаг. Яагаад аливаа хэл хэзээ ч яригддаг вэ гэхлээр хэл гэдэг ерөөсөө одоо цагаас ямар ч хамааралгүйгээр толгойд хадгалагдаж ирсэн үгнүүдийн хураамж.
Цагаан толгойн үсэгнүүдийг хүмүүс л зохиосон гэтэл тэр үсэгнүүд хэд хэдээрээ холбогдон хүмүүсийн сэтгэл, санаа, хүсэл, мөрөөдөл гэх мэт амьдралын бүхий л үйл явдалуудыг дүрслэж чадаж буй гэдэг цагаан толгойн нууц гэмээр. Учир гэвэл бичиг, үсэгнүүд зохиогдохоос өмнө хэл яриа үүссэн. Хэл яриа тэгэхээр эртнийх харин бичиг, үсэг хэлтэй харьцуулахад саяхных.
Хүмүүс хэл яриагаараа аливаа тусгасан зүйлээ хувилан буулгаж цааш бусдад өгүүлсэн байдлаар илэрхийлдэг. Хүний бодож бас сэтгэх гэдэг шугаман хэлбэрээр явагддаг ба харин амьдрал өөрөө эмх цэгцгүй зөвхөн болж өнгөрсөн үйл явдал. Үүнийг тааруулж тохируулж хэл яриагаар илэрхийлдэг ба энэ тийм ч амар биш.
Хүн өгүүлбэр зохиож дүрслэн хэлж буй гэдэг үнэхээр л үнэн байдлаас холдож л буй гэсэн ойлголт. Өгүүлнэ гэдэг хийсвэрлэж буй хэрэг ба хийсвэрлэнэ гэдэг товчилж буй гэсэн үг.
Хэрэв хүн ноосон утсаар цамц нэхвэл түүнийг харсан хүн юм л нэхэж байна гэж хэлдэг. Нэхэх үед хөдөлж буй хуруунуудын нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг өгүүлэхэд төвөгтэй тул ердөө л нэхэж байна гэж хэлээд зогсдог.
Хүмүүсийн нэрлэсэн нэрлэгээнүүд энгийн бөгөөд олон утга агуулдаг. Хүн шувуу гэхэд л цагаан өнгө, урт хүзүү, зөөлөн өд гэх мэтчилэн санагдуулна. Мод гэхэд л том, хатуу, хөрөөдөх, шатаах гэх мэт үгнүүд санагдуулдаг.
Хэлний үгнүүд бүтэн теори бөгөөд төвөгтэй олон шинж, чанаруудыг хамтатган бүтээдэг. Өгүүлбэр гэхээрээ тэр л олон нэрнүүдийн цуглуулга. Үг бүрийн цаана тэгэхээр теоринууд бий ба бидний хэл яриа гэдэг баахан л теори.
Хүний хүсэл, мөрөөдөл, сэтгэл, санаа гэх мэт зүгээр л төлөвийг нэрлэсэн нэрлэгээнүүд. Энэ үгнүүдийг сонссон хүн цааш бас олон үгнүүдийг хамтруулан боддог. Тэгэхээр магад хүн цаашаагаа хүсэл, мөрөөдлийн теори эсвэл сэтгэлийн теори гээд л ярих боложтой.
Хүүхэд хэл яриаг төрсөн цагаасаа эхлэн сонсч, практикт шууд хэрэглэн сурдаг. Хэл гэдэг хэрэглэдэг л хэрэгсэл ба хүн хэлж ярихдаа өөрөө боловсруулаад өөрсдөө хэрэглэдэг. Хүмүүс хоорондоо ярьж байна гэдэг тэд үгнүүдээ харилцан солилцож байна гэсэн ойлголт.
Өдөр дутмын яриандаа хүмүүс нэг л зүйлийн тухай ихэвчлэн ярих мэт боловч тэр үнэндээ хоорондоо бас ч үгүй нилээд ялгаатай. Тийм ч учраас олон зүйлийг буруу ойлгож түүнийгээ зөвтгөнө. Хүмүүс буруу ярьж зөв ойлгодоггүй. Үнэндээ буруу яриаг буруу л ойлгоно. Тиймээс зөв ойлгохын тулд зөв л ярихыг хичээдэг.
Нэрлэсэн нэр зүйлсийг илэрхийлэхэд гоц таарсан нэр байх хамгийн чухал. Зарим огтоно, онгоц гэсэн үгнүүд толгой холбогдсон боловч зөрөөтэй утгатай үгнүүд. Онгоц гэдэг үгний утга бас л олон. Тэжээлийн онгоц гэвэл нэг том савыг хэлдэг. Нисдэг онгоц гэвэл магад Боинг онгоцыг хэлж буй юу болов уу гэсэн эргэлзээ төрүүлнэ.
Зарим зөрөөтэй тэр ондоо зүйлсийг ижил үгээр нэрлэсэн явдал хүмүүс хоорондын хурдан ойлголцоход хүндрэл учруулдаг. Үгийн араас үргэлж л тайлбар хийж, давхар тодотгож хэлэх гэдэг хэл яриаг улам л төвөгшүүлнэ.
Хоёр хүн хоорондоо ярьж байгаад андуурах буюу буруу ойлголцох гэдэг үнэндээ адил өгүүлбэрүүд хэлж буй ч тус тусдаа зөрөөтэй утга бас санааг агуулдаг. Хүн бүр бодож өгүүлбэр зохиохдоо түүний цаана нэг хүсэлтэй. Тэгэхээр үг ба өгүүлбэр гэдэг хэлбэр харин утга мөн цаашлаад учир гэдэг агуулга.
Хэрэг дээрээ зүйлийг тодорхойлсон өгүүлбэрийн хэлбэр гол биш харин түүний утга хамгийн гол. Хүмүүс хэл яриаг ойлгочихлоо тодорхой ойлгомжтой байлаа гэснээр зүйлсийг хамгийн ойрын ойлголтоор ойлгодог. Ингэж бид зүйлсийн утгыг бас цаад учрыг ойлгож таньж буй бодолоо, сэтгэлийн сэтгэмжээ хорьдог.
Хүн хэл яриандаа болгоомжтой шүүмжтэй хандахгүй гэвэл байхгүй зүйлд нэр өгч тэгсэнээрээ байхгүй зүйлийг байгаа мэтээр төсөөлдөг. Тэр ч бүү хэл нэгхэн үгэнд хүмүүс бүрэн итгэдэг. Үг ба бодит байдал хоёрын хооронд дэндүү том зааг бий. Тиймээс тэр л ягаануудыг тухайн тэр нөхцөлтэй холбож өөрөө бодох хэрэгтэй.
Зарим үгнүүд их үйлчлэлтэй мэт гэдэг үнэндээ хүмүүсийн өөрсдийн сонирхолтой ч бас холбоотой. Үгнүүдийн жинхэнэ утга хүний оюуны үнэ цэнэд оршдог. Үгнүүд гэдэг хүний мэдэрч, сэтгэлдээ сэтгэсэн, бодсон бодлоо эргэн санахыг хэлнэ. Мод гэдэг зөвхөн нэг үг. Энэ үг ургахгүй мөн үнэртэхгүй. Үнэхээр байгал дээрх мод гэсэн матери олон төрлийн бас өөрийн гэсэн онцгой үнэртэй.
Дэлхийн газар дээр амьдарч буй ард түмнүүд хоорондоо ямар нэг байдлаар хамааралтай хөгжиж ирсэн. Тиймээс олон төрлийн хэлнүүд олон янзын байдлаар нэг нэгэндээ нөлөөлжээ. Үүнээс шалтгаалан хэл судлаачид хэлний аймаг гэсэн ухагдахууныг хэрэглэдэг.
Аль ч ард түмэн тусдаа битүү бөглүү байдлаар удаан хугацаанд оршиж чадаагүй ба бусад ард түмэнтэй хамтарсан цаашилбал холилдсон амьдралын замаар явж иржээ. Тиймээс ард олнуудын хэл яриа маш их холилдсон гэдэг ойлгомжтой. Ерөөсөө хэлний үгнүүдийг дараах хоёр төрөлд хуваан судалдаг:
Төрөлх хэлний үгнүүд
Орчуулгын хэлний үгнүүд
Хүмүүс өөрийгөө бусдад ойлгуулахын тулд хамгийн ойрын дассан төрөлх хэлнийхээ үгнүүдийг хэрэглэдэг. Тэгсэнээрээ баттай ойлголцох боломжтой.
Гадны шинэ үгийг тэр хэвээр хэрэглэх өгөөжтэй яагаад гэвэл зарим мэргэжилийн үгийг шууд орчуулах гэдэг үгийн цаад утгыг алдагдуулдаг. Ерөөсөө хэл бүр нэг нэгтэйгээ холбоотой хөгжиж бас сүүлдээ салан бие даан хэрэглэгдэж ирсэнийг мартаж болохгй. Латин хэлнээс салбарлаж гарсан хэлүүд Грек ба англи хэлүүд.
Үг бүр нэгдүгээрт авианы хэлбэр, хоёрдугаарт грамматиктай бас гуравдугаарт өөрийн утгатай. Авианы хэлбэр гэж олон төрлийн үгийн үеүдийг хэлдэг. Үгийн грамматик өгүүлбэрт үгнүүд хэрхэн, ямар функц гүйцэтгэхийг заадаг. Актив ба пасив өгүүлбэрийн үгнүүд үйлдсэн эзэнтэй хамаатай . Хүн өөрөө хэлвэл актив гэдэг. Харин үйлдсэн эзэнгүй өгүүлбэрүүдийг пасив гэнэ.
Өөрийнхөө амьдралыг ярьж буй эсвэл бичиж буй хүн би гэж үргэлжийн актив хэлбэрээр бичдэг. Хүмүүст ойлгуулах зорилготой техникийн заавруудыг эзэнгүйгээр бичиж, тухайн эд зүйлийг л чухалчилдаг тул түүнийг пасив хэлбэртэй гэнэ.
Шашны хэллэгүүд мөн л пасив хэлбэртэй яагаад гэвэл шашинд би гэж үгүй. Харин надад ойлгогдоод байна гэдэг би ойлгоогүй харин бурхан надад ингэж л ойлгуулаад байна л гэсэн утгатай болов уу. Үгс ба хэл утгаа хүний өөрийн л бодсон бодлын илэрхийлэл.
Хэлний бүтэц ба органууд тухайн ардуудын хэрэгцээ ба хангалуун байдлаас хамааралтай үүссэн. Ерөөсөө аливаа хэл хэдий хэмжээний боловсронгуй вэ мөн хэдий хэр үгийн баялагтай вэ гэдэг тухайн ард түмний дотор хичнээн их хүний оюуны тухай, бодлын тухай бүтээлүүд бичигдсэнтэй шууд хамаатай. Үүгээрээ хэл хөгжиж үгнүүд олноор зохиогдох боломжтой.
Хэлний учир юу вэ гэхээр хүмүүс тусаж буй материйн ертөнцийг бодол болгож формонд оруулах. Үгнүүд зүйлсийг орлож материйн хэлбэрийг дүрсэлдэг. Өгүүлбэрийн плурал гэдэг олонлог буюу олон тоотой гэдгийг илэрхийлэх ба сингулар гэдэг нэг тоотой буюу нэгхэн буюу нэглэг шүү гэдгийг заадаг.
Хэлний сайэнс гэдэг цөөн хүний чөлөөтэй үйлддэг бүтээл биш харин тухайн ардын ба үндэстэний генерацаас генерацад дамжин үлдсэн нандин өв гэсэн хэлийг судалдаг салбар. Ард түмэн ертөнцийг хэрхэн харж, мэдэрч, ойлгож бас тайлбарлаж байгаагаа л хэлээр дамжуулдаг. Ингэж субектээс обектод дамжин илэрхийлэгдэж хэл зохиогдсон.
Хүн бүр хүүхэд цагаасаа эхлэн хэлийг бусад хүнээс л сурдаг. Хүмүүсийн хооронд яригдаж буй үгнүүдийг хэлж, түүнийг бас бусдаас сонсож авах гэх мэтчилэн үргэлжийн практик давталтуудаар хэл тогтдог. Ерөөсөө хэл яриа амьдралын туршид тогтоогдон ирдэг удаан процэс.
Үг бүр ойр хавийн зүйлсийг нэрлэдэг ба тэр бүрийг л үглэж хэлж сурдаг. Хүүхэд бүр улаан өнгө эсвэл цэнхэр өнгийг бусдаар заалгаж сурдаг ба хүн бүрийн нүдний өнгийг ялгах чадвар ямар нэг хэмжээгээр ойролцоо тул адилхан өнгөлдөг. Зарим хүмүүс өнгө ялгахдаа муу харааны доголтой ч хүмүүс нэг л нэрэн дээр тогтдог.
Хүмүүс тойрон буй орчиндоо харж буй зүйлсээ нэг бүрчилэн нэрлэж түүгээрээ ойлголцож дасдаг. Үзүүлэх боломжтой зүйлсийг нэрээр орлуулдаг ба харин үзэгдэхгүй зүйлсийг ухагдахуунаар орлуулдаг. Үзүүлэх боломжгүй олон бодлыг төсөөлөн тусгай ухагдахуунаар нэрлэж тайлбарладаг.
Байгал дээрх биологийн бодисын үлдэгдэлийг чулуу эсвэл нүүрс гэсэн нэрээр орлуулдаг. Хүний сэтгэлийг үзүүлэх боломжгүй учраас мэдрэмж, уярал гэсэн ухагдахуунаар орлуулдаг. Зүрх сэтгэл гэж хэлэх хэллэг сэтгэлийг зүрхнээс гардаг гэж төсөөлүүлсэн төсөөлөл гэмээр. Хүний сэтгэл гэдэг зүрхнээс биш ухаанаас гаралтай.
Хэлний сайэнсийн зорилго хүмүүсийн хэрэглэж буй ярианы болон бичгийн үгнүүд ба нэрлэгээнүүд ертөнцийн гадаад дүрсийг илэрхийлж буй юу эсвэл дотоод чанарыг илэрхийлж буй юу гэдгийг судалж тайлбарлах.
Хүмүүс нийгмийн дотор амьдрахдаа үг гэдэг хэрэгсэлийг эзэмшиж сурдаг. Би ба чи, миний ба чиний эсвэл танай ба манай гэсэн өгүүлбэрийн субектууд нийгэмд маш чухал үүрэгтэй харьцааны ба ойлголтын нэрлэгээнүүд.
Хүүхэд хэл сурахдаа өөрийнхөө хөлийг миний хөл гэж хэлж суртал нилээд уддаг. Үүний дараа миний хөл өвдөөд гэж цааш үгнүүдийг хамтруулан өгүүлбэр хэлж суртал бас л удаан хугацаа үргэлжилдэг.
Өгүүлбэрийн нэгж үг харин өгүүлбэр өөрөө текстийн нэгж. Хүмүүсийн тавих илтгэл зохиосон текст биш харин хүний удаан бас нухацтай бодсон бодлын бүтээл байх хэрэгтэй. Үүнийг тогтоохын тулд сонсогчид текстийн бүтцийг шинждэг.
Үгнүүдийг хүмүүс өөр өөрийн амьдралын олон ситуацуудад шинээр сурдаг. Хэл цаанаасаа өгөгдсөн өгөгдөл биш харин амьдралын турш үргэлжийн сурч боловсруулдаг чухал хэрэгцээтэй эцэс төгсгөлгүй процес. Хэлийг бүрэн төгс сурах боломжгүй.
Хүн мэдэрч буй зүйлсийн нэрүүдийг хурдан цээжлэх боломжтой тэгвэл мэдрэгдэхгүй зүйлүүд мөн үзэгдэхгүй зүйлүүдийн нэрийг цээжлэхэд бэрхшээлтэй тулгардаг. Нүдэнд үзэгдэхгүй атомыг ямар нэг нэрээр аналогдож л оруулдаг. Атом гэж зүйл ертөнц дээр байхгүй харин материйн хамгийн жижиг партикелийг л атом гэж нэрлэж дассан. Атом гэдэг Грекээр хуваагдашгүй гэсэн утгатай.
Үргэлжлэл ...
С.Молор-Эрдэнэ "Ухаан Ухамсар Эрдэм" номоос
Сэтгэгдэл0
vnexeer gaixamshigtai xvn bainaa.ene xvn bol jmarch baisan mash ix jm unshdag xvn bolox n todorxoi baina.Tanii ajild amjilt xvsii.
Үнэхээр нягт тодорхой сунжраагүй дэл сул үг ашиглаагүй маш их таалагдлаа амжилт хүсье!
танд их баярлаж явдаг шүү. Монголчууд бидэнд их хэрэг болох нийтлэлүүд гаргаж байна.Би таны гаргасан бүх ном хэвлэлүүдийг авч угшин оюутнуудаа хөглөж байнаа. танд тэнгэрлэг сайхан хайр бэлэглэе. Улам их зүйл хийгээрэй.
тийм шүү
хэл
Энн хүни йнэр нь хэн юмбэ
таалагдлаа амжилт хүсье
Мэдэж байх юм байна. Баярлалаа. Үгээр алж болно, бас амьдруулж болно. Хэлтэй хүн хөлтэй гэдэг. Ер нь юмны утга учрыг ойлгосон цагт хүн гэдэг зөв амьтан юм байна даа.