
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 19 /BBC/. Британийн уулчин Кентон Кул 19 дэх удаагаа Эверестийн оргилд гарснаар дэлхийн хамгийн өндөр ууланд газарчин буюу шерпа бус хүний хувиар хамгийн олон удаа авирсан амжилтаа шинэчилжээ.
Өдгөө 51 настай тэрбээр Балбын шерпа Доржи Гялжентэй хамт орон нутгийн цагаар ням гаргийн 11:00 цагт 8849 м-ийн оргилд гарсан байна. К.Кул анх 2004 онд Эверестэд авирснаасаа хойш ойролцоогоор жил бүр оргилд гарч байна. Харин Д.Гялжен Эверестэд 23 дахь удаагаа авирчээ.
Эверестийн оргилд хамгийн олон буюу 30 удаа гарсан дээд амжилтыг эзэмшдэг Балбын өөр нэгэн шерпа Ками Рита мөн яг энэ цаг мөчид шинэ дээд амжилт тогтоохоор уг ууланд авирч байгаа ажээ.
Энэтхэгийн иргэн Субрата Гхош, Филиппиний иргэн Филипп Сантьяго нар өнгөрсөн долоо хоногт Эверестийн оргилд нас барсны дараа К.Кул дээд амжилт тогтоожээ. 2022 онд Эверестэд 16 дахь удаагаа авирсныхаа дараа К.Кул өөрийн тогтоосон амжилтдаа бардахгүй байгаагаа илэрхийлж, Балбын олон уулчин энэ амжилтыг давсан гэдгийг дурдаж байлаа.
Америкийн адал явдал эрэлхийлэгч Адриан Баллингер Ройтерс агентлагт мэдээлэхдээ, К.Кулыг “ууланд авирч өнгөрүүлсэн хорин жилийн түүхээ хуваалцах гайхалтай хүн” хэмээн тодорхойлжээ. Түүний туршлага, сэтгэл татам байдал, хүч чадал нь түүнийг Эверестэд авирагчдын үнэ цэнтэй салшгүй нэгэн хэсэг болгож байна гэж тэрбээр хэлсэн байна.
Долоон тивийн хамгийн өндөр ууланд авирч, хойд болон өмнөд туйлыг туулсан 20-хон хүний нэг болсон Йорданы уулчин Мостафа Саламех “Гайхалтай, Кентон” хэмээн бичжээ. К.Кул нь мөн Их Британийн судлаач Сэр Ранулф Файнс тэргүүтэй хүмүүсийг ахалж, Эверест зэрэг хэд хэдэн цуутай авиралтыг удирдаж байсан уулын хөтөч ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0