“Ашид судар” ХХК- иас санаачлан “Монголын алдарт багш нар I,II” ном хэвлэн гаргаж багш, сурган хүмүүжүүлэгчид, уншигчдын хүртээл болгосон нь сайшаалтай. Номын II- ыг уншиж үзэхэд шүүмжлэлтэйхандахаар зүйл багагүй байна.
Уг номонд 21 аймгийн 600 гаруй багшийн материал орсноос 60-70% нь монголын алдарт багш гэж хэлэхээргүй материал бичигджээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас номонд орсон 15 багшийн хэн нь ч алдарт багшийн шаардлага хангахааргүй багш нарын материал байх жишээтэй. Монгол улсын гавъяат багш нарын материал цөөхөн, аймаг, улсын хэмжээнд нэрд гарсан багш нар номонд оролгүй олноороо хоцорсон байхад уг номонд орсон багш нарын шагналуудыг нь жагсаан бичсэнээс өөр унших юмгүй 200 гаруй багшийг номын хуудаснаа алдарт багш хэмээн мөнхлөн алдаршуулжээ.
Тухайн багшийн талаар бичээд үлдсэн зайнд “Багшаа дуулъя”, “Бага ангийн багшдаа баярлалаа” гэх мэт дууны үг, шүлэг Ш. Сүрэнжавын “Багш” найраглалаас бичиж дүүргэсэн нь хуудсыг нь олон болгох гэж арга ядсан шинжтэй. Зарим багш нарын материалд аав, ээжээ, хүүхдүүдээ, ханиа, сургууль багш нараа, хамт олноо магтсан зүйл их байх жишээтэй. Миний шавь нараас хуульч, эмч, багш, эдийн засагч, нягтлан бодогч, инженер, уул уурхайчин, аварга малчин олон төрөн гарсан гэх мэтээр бичсэн багш нар олон байна.
Ийм үзүүлэлтээр бол 15, 20- иос дээш жил ажилласан багш нар бүгдээрээ Монголын алдарт багш нар болох нь ээ. Дунд ангийн зарим багш шавь нарынхаа тоогоор “Алдартан” болох, гэсэн юмуу гэлтэй. 25, 28 жил 1-2 сургуульд ажилласан багш 8000, 10000 гаруй шавьтай гэж бичсэн байх юм. /х-515-516/ Харин 10-аас доошгүй жил сургууль сольж багшилсан бол шавь нарын тоо нь тийм хэмжээнд хүрч болох юм. Ерөнхий боловсролын сургуульд 40-50 жил ажилласан багшийн шавийн тоо 4000-5000-аас хэтрэхгүй шүү дээ.
Урлаг, спортын болон бусад төрлийн уралдаан тэмцээнд дунд, ахлах ангийн сурагч өндөр амжилт үзүүлсэн бол анги удирдсан багш, бага ангийн нь багш өөртөө хамааруулан өөрийн бахархал болгон бичих нь ямар л бол? Цаана нь тухайн сурагчийг амжилтанд хүргэсэн эзэн байгаа шүү дээ. Гэхдээ анги удирдсан багш, бага ангийн багшид хамаатай зүйл байхыг ч бас үгүйсгэх аргагүй ээ. Багшлах хугацаандаа 9 удаа анги удирдаж ангийн дарга нараа он дарааллаар нь жагсаан бичсэн багш ч байх юм. /х- 532/.
Ангийн дарга нараа тодруулж бичсэнээр “Алдартан” болох гэж үү? Зарим багш сурагч оюутан цагийн дурсамжаараа, өөрийн хүүхдүүдийнх нь дурсамжаар, зарим нь багшилсан хугацааны дурсамжаараа, бас зарим нь шавь нарын нь сэтгэгдэл, хамт олны дурсамж, нэг сургуульд хамт ажилласан багшийн тэмдэглэлээр “Монголын алдарт багш нар” номонд оржээ. /х-110, 199, 230, 231, 434, 436, 437,475, 476 г.м/
Номонд шаардлага хангахгүй материал их хэмжээгээр орсон нь шилдэг тэргүүний багш нарын нэр хүндэд муу нөлөөтэй байж болох талтай. Энэ номыг уншсан хүний сэтгэлд ийм л багш нар “Монголын алдартан” болж байгаа болохоор монголын боловсролын чанарын үзүүлэлт яаж ч сайн байх вэ дээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө дөө. Номын эхний хуудсанд УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н. Алтанхуягийн сэтгэгдлийн үгийг бичиж, төгсгөлийн хуудсанд нь Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс хавсаргасан нь нэг намын сурталчилгааны ном болсон юмуу гэлтэй.
Номын эхэнд зайлшгүй үг хэрэгтэй байсан бол БСШУ-ны сайдын сэтгэгдлийн үг баймаарсан. Хувийн компанид мөнгө төлж, материалаа өгсөн л бол алдарт багш болчихмооргүй байна. Одон медаль, хүндэт тэмдэг, өргөмжлөлийг олноор биш, багшийн сурган хүмүүжүүлэх ажлын арга барил, туршлага, ур чадвар, уралдаан олимпиадад багшийн өөрийн болон шавь нарынх нь үзүүлсэн амжилт, багшийн бүтээл, сэдэж санаачилсан зүйл, аймаг дүүрэг, улсад мэргэжлийн тэргүүн,
хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан гэхчилэн бусдаас онцгойрон шалгарч аймаг, дүүрэг, улсад нэрд гарч танигдсан шилдэг тэргүүний багш нар л номонд ормоор
БСШУЯ, МАБНХ аймаг дүүргүүдээс ирүүлсэн материалыг хянан үзэж багшлах ажлын арга туршлага, бүтээл, амжилтаараа шалгарсан улсын хэмжээний шилдэг тэргүүний багш нарын материалыг эмхэтгэн хэвлүүлж ном болгон худалдаанд гаргасан бол уншигчид, залуу багш нарт илүү өгөөжтэй байх байсан болов уу.
Л.Дэмбэрэл /Ахмад багш АБТА /
Сэтгэгдэл0
munguu tulsun ni duugaa zahialdag yum shuu dee
Мөнгө цагаан нүд улаан гэдгээр энэ бол мөнгө олох арга
Тэртэй тэргүй багш нар маань алдартан шүү дээ. Өдий хүртэл наслаж, өдий чинээ яваа чинь аав ээж багш нарын чинь ач гэдгийг үүнийг бичигч эрхэм сэтгүүлч мэддэггүй бололтой.
Сэтгүүлч бус ахмад багш бичсэн ажээ. Атаархсан юм байлгүй хэ хэ
Багш хийж үзээгүй мөртлөө арын хаалгаар захирал болсон хүн өөрийгөө Алдартан болгосон байгаа.Арай л биш.Ичих булчирхайтай бай л даа.Цагаандэлгэрийн Дамдинжав багш шиг бол өөрийгөө Алдартай багш болгож болноо.50000 төг төлөөд энэ номонд ор гээд байсан.
Тэр бол арай дэнднэ. Одоо ч мөнгө төлөөд гавьяат багш, доктор профессор болчихдог цаг хойно арын хаалгаар захирал болчихоод иймэрхүү номонд нэрээ зүүх бол энүүхэнд байхаа.Жинхэнэ алдартай багш нар нь ямар ч гавьяа шагналгүй ард түмний үр хүүхдийг сургаж хүмүүжүүлээд явж байгаа. Тийм хүмүүс бол жинхэнэ алдартан
Энэ Алтанхуяг гэж бүтэхгүй гар юм даа. Яана даа монголчууд минь. Хулхи гарууд алдартан, гавьятан, баатрууд болдог болжээ