сонин mn

Тээврийн хэрэгслийг улсын дугаараар хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар хотын удирдлагаас гаргасан захирамж цаашид хэрэгжихээр болсон.Энэхүү зохицуулалтыг үргэлжлүүлэх болсон нь уг ажил замын ачаааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж хувь нэмрээ оруулж байгаатай холбож байна. Үүнийг иргэдийн дунд явуулсан санал асуулга ч харуулж буй бололтой.

 

Гэхдээ зохицуулалтаас үүдэлтэйгээр өдөр тутмын хүнсний түгээлт тээвэрлэлт саатах болсон. Энэ талаар манай сонин бизнес эрхлэгчдийн гомдол саналыг өмнө нь хүргэсэн билээ. Дотоодын үйлдвэрлэгчид МҮХАҮТ-ын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөр дамжуулан хотын удирдлагад / ялангуяа нийслэлийн Засагдаргын орлогч дарга Н.Гантөмөрт өөрт нь/ мөн санал гомдлоо тавьж байсан.

 

Гэтэл бизнес эрхлэгч дотоодын үйлдвэрлэгчдийн гомдол шийдэгдээгүй байхад энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч саяхан “Түгээлтийн тухайд өглөөний 07.00 цагаас өмнө болон оройн 22.00 цагаас хойш гэр хорооллын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн хүргэх арга хэмжээ авахыг санал болгосон. Үүнээс хойш борлуулалтай холбоотой санал гомдол дахин ирээгүй” гэсэн ташаа хариултыг өгсөн байх юм.

 

Ингэхдээ томоохон худалдааны төвүүд болон хүнсний захууд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр татчихдаг учраас хомсдол ороод байх нь гайгүй байна. Харин гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд борлуулалтын бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд цаг хугацаа их зарцуулж байгаа. Үүнийг өглөө эрт, орой шөнө шийдэж болно гэсэн байх юм. Түүний яриаг хөөвөөс худалдааны томоохон төв, захууд хүнс, бараагаа бөөнөөр нь авчихдаг учир мууддаггүй, хуучирдаггүй бололтой.

 

Хүнсний дэлгүүрүүдийн тухайд гэр хороололд гэхэд гудамжны нэг байдаг цэгүүдэд еглө эрт, шөнө бараа түгээнэ гэдэг манайх шиг хүйтэн, харанхуй орчин нөхцөл, эрс тэс уур амьсгалтай оронд бүтэхгүй зүйл гэдгийг биз эрхлэгч, үйлдвэрлэгчид уг нь зөндөө хэлж учирласан юмсан. Тиймээс Н.Гантөмөр даргаа! Бидний санал гомдол яасан вэ? гэж бизнес эрхлэгчид асууж байна. Арай салан баавгайн үлгэр шиг нэг сугаараа хаяж гээчээгүй биз хэмээн лавлаж байна. Энэ талаар зарим аж ахуйн нэгжийнхний үгийг хүргье.



 “Улаанбаатар шуудан” ХХК-ийн жолооч Г.Батнайрамдал:

-Хотын дарга нар өглөө бүр сонин авч уншдаг биз. Түүнийг түгээх гэж ганц машинтай бид өдөрт нь шахаж ажилладаг болсон. Хэрэв хоёр машинтай байсан бол ёстой л зайдлах байсан байх. Машиныг дугаараар нь хязгаарлаж явуулах талын арга хэмжээ үргэлжлэх бололтой. Тэгвэл түгээлтийн бидэнд эрх олгочихдоггүй юм байх даа...




“Талх чихэр” ХХК-ийн түгээлт хариуцсан менежер Ц.Нямбаяр:

-Улаанбаатар хот уртаашаа, өргөөшөө хичнээн км байдгийг хотын удирдлага сайн мэдэх байх. Манай жолооч, нярав нар Буянт-Ухаа руу Нисэхээс аваад Хайлаас, Чингэлтэй, зуслангийн чиглэлд хотын нэг захаас нөгөөд хүрч ажилладаг. Номерын хязгаарлалттай үед өглө эрт, эсвэл шөнийн заасан цаг хугацаанд талх, боовоо хүргэж тараахад зарим машин маань яагаад ч амждаггүй.

 

Тэгээд ч өвлийн цагт хүнсний дэлгүүрүүд эрт хаачихдаг болсон. Тиймээс борлуулалт, түгээлтийн машинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж өгөөч. Хүнс, бараа тээвэрлэлтийн машинууд чингэлэг дээрээ компанийнхаа хаяг, зурагтай, тэмээнээс том андашгүй байдаг шүү дээ.. Дарга нар шийдвэр гаргахдаа амьдралыг харж байгаасай.



“Натурфуудс” ХХК-ийн жолооч С.Батбаатар:

-Жолооч бидний ганц зовлон энхэл донхолтой зам, түгжрээ хоёр байдаг учир автомашинуудыг номероор нь хөдөлгөөнд оролцуулж байгаа зохицуулалтыг дэмжиж байгаа. Гэхдээ одоо үр дүн нь гараад болоо юм биш үү. Нэг үеэ бодвол нийслэлд ихэнх зам засвараас гарч, шинэ давхар гүүртэй боллоо. Хөдөлгөөний нягтрал, ачаалал арай гайгүй болсон байх гэж бодох юм.

 

Тиймээс дугаарын зохицуулалтыг цааш үргэлжлүүлэхийг бид дэмжихгүй байгаа. Энэ бол түр зуурын гал унтраах арга байсан шүү дээ. Одоо замаа өргөсгөж, давхар замуудтай болох зэрэг машины дугаараас биш хүнээс өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хиймээр байна, хотын дарга нар... Ер нь жолооч биднээс жил бүр авдаг тэр их татвар яадаг байна аа гэж асуумаар байна. Ядаж хотын явахад төвөгтэй болоод байгаа нэгдүгээр эгнээний чөлөөлөлтөө амралын өдрүүдэд цуцалж баймаар байна...


Эх сурвалж: “Бизнес Таймс”