sonin.mn
Нэгэн зүйл. Монгол оронд атрын анхны аян эхлүүлсний 60 жилийн ойг орон даяар тэмдэглэж буй энэ өдрүүдэд 1959 оноос өмнө Монголд газартариалан гэж зүйл огт байгаагүй мэтээр ярьж тайлбарлах хүмүүс  цөөнгүй харагдах болов. Арга ч үгүй юм даа, дээр доргүй зөвхөн өнөө маргаашаараа амьдралыг төсөөлдөг болсон өнөө үед 60 жилийн тэртээ нэгэн явдлыг хэн мэдэх билээ.
 
Буурал түүхийн шарласан хуудсуудыг сөхвөөс оросын эрдэмтэн жуулчин А.Позднеев Ховдын сангийн тариалангийн үүсэл хөгжлийг 1700 оноос эхтэй гэж бичсэний дээр Хараа голын дагуу нутагт 1259 онд улаан буудай, хар буудай, арвай тариалж байсан гэж Хятад жуулчин Чанг Тэ гэгч хүн тэмдэглэж үлдээжээ. 17-р зуунд Галдан бошигтын үеэс Баруун Монголчууд хэрэгцээнийхээ хэмжээний арвай буудайг жижиг талбайд тариалан хураан авч, өөрсдийн хийсэн чулуун тээрмээрээ тээрэмдэн гурил хийж хүнсэндээ хэрэглэдэг байсан арга ажиллагаа нь өнөө хүртэл Ховд, Увс аймгийн ард олонд өвлөгдөн үргэлжилж байгаа билээ.  
 
Ардын хувьсгалын дараа үеийн түүхийг авч үзвэл 1922 онд манай улсын анхны САА-г Зүүнхараад, 1923 онд Ховд аймгийн нутаг Буянт голын хөндийд байгуулж байжээ. Хараагийн ба Ховдын гэгдэх хоёр сан нь 1924 онд 800 шахам га газарт үр тариа, төмс хүнсний ногоо тариалж, жил ирэх дутам тариалах талбай авах ургац нь нэмэгдэж байв. Ховд дахь сангийн тариалан нь жилд 10 мянган тогоо тариа тарьж, 70 мянган тогоо тариа хураан авч худалдан борлуулаад орлогоо Аж ахуйн яаманд тушааж байсан түүх их сонин. 1 тогоо тариа гэдэг нь чухам хэдэн кг ч юм бүү мэд.
 
Октябрийн хувьсгалын дараагаас ЗХУ-д хамтралжуулах хөдөлгөөн газар сайгүй өрнөж байсны нөлөө Монголд шууд тусаж, шинэ САА-нууд олноор бий болсны нэг нь 1929 онд байгуулагдсан одоогийн Баруунтурууны САА-н эх үүсвэр “Улаан сан” нэртэй аж ахуй. Энэ аж ахуй нь тухайн он жилүүдэд 500 га хүртэл газарт тариа тарьж амжилттай ажиллаж байснаа 1933 онд гэнэт татан буугдаж, өвс хадах морин станц болсон байдаг. Тэр үеийн гараар ухаж татсан тариалангийн шуудуунууд нь одоо хүртэл ашиглагддаг ба тариа тээрэмдэж гурил хийдэг байсан усан тээрмийн чулуу нилээд хожим үе хүртэл хадгалагдаж байсан юм. 
САА-нуудын үүсэл хөгжлийн тэртээ он жилүүдэд шинэ аж ахуйнуудад  биелэх үндэслэлгүй хэт өндөр үүрэг даалгавар өгч, шахаж дарамттай ажиллуулж байсныг манай нутгийн хуучцуул дурсан ярьдаг байлаа. Тухайлбал олон жил хадгалагдан харласан нуруутай өвсийг шатаасан, Оросын мал эмнэлгийн отрядынхны шийдвэрээр ямтай хэдэн адууг буудаж булсныхаа төлөө аж ахуйн удирдлагууд дээлээ нөмөрч байсан түүхтэй. Удалгүй ЗХУ-д байгуулагдсан хамтрал коммунууд хойно хойноосоо дампуурч, манайд ч мөн үүний адил юм болж, САА-нуудыг татан буулгасан байдаг. 
 
Эх орны дайны хүнд жилүүдэд ЗХУ-аас нийлүүлэх гурилын хэмжээ бараг зогссон учир МАХН-ын Төв хороо, СНЗ-ийн шийдвэрээр 1943 онд үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр “Улаан сангийн” үйл ажиллагааг нь өргөтгөж, Баруунтурууны сангийн аж ахуй болгон өөрчилжээ.  Дайны хүнд жилүүдэд Монголын засгийн газрын хүсэлтээр ЗХУ-ын мэргэжилтэн сургагчид манай суманд уригдан ирж монгол ажилчдыг тариалангийн ажилд дагалдуулан сургаж байсан юм билээ. Атар эзэших их аян өрнөхөөс өмнө манай сумын маягаар нийт 20 гаруй САА улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, 100 орчим мянган га-д голдуу үр тариа тарьдаг байжээ.
1959 онд МАХН-ын Төв Хорооны 3-р бүтд хурлаас атар газар эзэмшиж, гурил будааиыхаа хэрэгцээг дотооддоо өөрсдөө хангах шийдвэр гарсаар Монгол оронд газартариалан эдийи засгийн бие даасан салбар болои хөгжих үндэс суурь тавнгдсан юм. Дээрх тогтоол шийдвэр гарсны дараа засаг захиргааны хувьд Баруунтуруун САА нь бие даасан  сум болж байжээ. 1959-1962 онд улсын хэмжээнд 350 мянган га атар эзэмшиж, 1962 онд тариалах талбайг 441 мянгаи га-д хүргэсэн нь 1958 оныхоос 4 дахин нхсэж, хураан авсан нийт ургац  ч мөн дээрх хэмжээгээр нэмэгджээ. Эдгээр он жилүүдэд Сэлэнгэ аймагт Дархан, Зэлтэр, Хөвсгөлд Эг-Үүр, Дорнодод Хэрлэн, Төв аймагт Баянцогт, Угтаал, Сүхбаатар аймагг Түмэнцогтын сангийн аж ахуйнууд байгуулагдаж, Жаргалант, Ингэтолгой, Цагаантолгой, Ерөө, 3үүнхараа, 3үүнбүрэнгийн аж ахуйиуудын тариалангийн талбайг өргөтгөх  ажил ч иэгэи зэрэг хнйгдсэн юм. Үүнийг 20-р зуунд Монгол оронд гарсан 2 дахь хувьсгал гэж хэлж болох мэт.   
 
Баруунтуруун сум САА-н амжилтын түүхийг товчхонд нь авч үзвэл өнгөрсөн 60 жилд ажлаараа 6 удаа улсад шалгарч, 1979 онд атар газар эзэмшсэний 20 жилийн ойгоор улсад түрүүлж, 4 хөдөлмөрийн баатрууд төрж, 30 гаруй ургацын улсын аваргуудтай болж, 1990 онд ЗХУ-ын тусламжаар 2000 га талбайд тариалан эрхлэх услалтын систем ашиглалтанд орж байв. 
 
Улсын өмч хөрөнгө үрэн таран болсон  1990 оны “ардчилсан” хувьсгалын өмнөх үед тус  САА нь 230 трактор, комбайн, 1200 ХАА-н техник, 50 гаруй авто машин, 23 мянган толгой мал сүрэг, 50 мянган га эргэлтийн талбайтай, жилд 30 гаруй мянган га-д үр тариа, малын тэжээл, төмс хүнсний ногоо тариалж, баруун аймгуудыг гурил тэжээл хүнсний ногоогоор хангаж, жилдээ 17- 20 сая /одоогийн ханшаар 20 тэрбум/ төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв.  
Нэгэн зүйл. Төрсөн нутагаа магтахуй. Ханхөхүйн нурууны их  уулсын ар хормойг дэрлэн Алтан элсээр эх орныхоо хойд хилийг манаж,  Завхан, Увс хоёр аймгийн зургаан сум, Тагна Туватай хил залган уул толгод, уудам хөндийг эзлэн орших нутаг бол Увс аймгийн Баруунтуруун сум бөлгөө. Хөхүйн их уулсын  суга бүрээс садран урсах булаг шандууд бие биеэ шөргөөн нийлэлдсээр Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг голууд болж өргөсдөг. Тэд Өлөнгийн их талыг ундаалсаар сумын нутгийн тэн хагасыг эзлэдэг их элс рүү шургачихдаг юм. Тэгснээ гэнэт элсэн манхан дундаас дэлбэрэн гарч, Баруун, Зүүн нарийны голын эх  болдог нь байгаль эхийн тайлагдашгүй оньсого бөлгөө. Хавар хавартаа усны шувуудыг урин дуудах Алтан элсний Дөрөө нуур, намар намартаа алтан тариа шаагиулж, өвс ногоо нь халиурдаг Өлөнгийн их тал, уртаашаа 100, өргөөшөө 50 гаруй км үргэлжилдэг дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших Монгол нутгийн  хамгийн том элсэн цөлийг та энд л үзнэ. Их элсэн дундаас урсах голуудын эхэнд хус, улиас, шинэс, гацуур, бургас, харгана, улаалзгана, хармаг гээд манай орны  бүх ургамлын цуглуулга байдаг нь үнэхээр гайхам. Нутгийн маань энэ гайхамшгуудыг нүдээр харах юм бол ийм нутгаас тив дэлхийн дэвжээг донсолгосон жүдоч Х.Цагаанбаатар, Д.Сумьяа аваргууд, улсын наадмын түрүүг жил дараалан авч байсан  аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат нар төрдгийн учрыг та төвөггүй ойлгох болов уу.     
 
 Жаран жилийн түүхэндээ 600 мянган тонн тариа хураасан ард олон, үүнийг ургуулсан юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ-хөрс шороо. “Улаансан” байгуулагдаж эхлэх үеэс эх орны дуудлагаар, нам, эвлэлийн илгээлтээр цугласан халх баяд, хасаг дөрвөд...олон ястнууд ах дүүс найз нөхөд болон дотносож Олон ястнуудын “хярамцаг” болсон энэ нутагт тариаланч орос ах нар, барилгачин хятад урчууд цуглацгааж, бие биенийгээ би чи гэж гадуурхдаггүй “интенационалч” хамт олон бүрдэж, нутгийн бүтээн байгуулалтанд оролцож, жаргал зовлонгоо хуваалцан амьдарч байсан сонин түүхтэй хязгаар. Улсын хэмжээнд анхны сум дундын эмнэлэг энд л байгуулагдаж, алс Москвагаас томилогдон ирсэн орос эмч Тоня олон зуун үрсийг эх барьж авч байсан нутаг. Өвөр монголын цагаачид хүртэл энд нутаг заагдан амьдарч барилгачин Үржин гуайг хоньчин болгосон бэлчээр. Техникийн нүргээнээр онгон талыг сэрээж, атрын аянг алс баруун хязгаарт эхлүүлсэн гавьяатнуудын нутаг. 
Газар тариалан ид цэцэглэж байсан өнгөрсөн зууны ная, ерээд оны үед улсдаа хамгийн том 40 гаруй мянган га их талбайд тариалан эрхэлж, жилдээ 50 гаруй мянган тонн будаа ургуулан авч байсан цаг саяхан мэт. Арваадхан жилийн дотор Эрдэнээ Сундуйжав Цэрэн Батсуурь гээд эгнээнээсээ дөрвийн дөрвөн хөдөлмөрийн баатруудыг төрүүлж байсан ажилсаг ард түмэнтэй сум өөр хаа байдгийг би л лав мэдэхгүй   юм. 
Гучаад оноос эхлэн нутгийн иргэд тариа тарьж морьтой нь мориороо морьгүй нь мөрөөрөө анжис хөлөглөн газраа хагалан тариа тарьж, ургасан буудайгаа гараар хадан зулгаан авч, мориороо гишгүүлэн цайруулж, чулуун тээрмээрээ тээрэмдэж  гурилаа хийж идэж байсныг түүх гэрчилнэ.  Өлөн, Хангилцаг, Харцагаан Ус,  Хар хад, Ногоон толгой, Соёо уулын хормойд тарьсан болгон нь л бараг ургана, хөрс гэж тосоо тос.
 
Узбекстанаас жараад онд анх авчирч үржүүлсэн хуцнууд нь өглөө бүр маниусынхаа амсах нь бүү хэл зүүдэлж ч үзээгүй өндгийг луувангаар хачирлан  зооглодог, өвдөх юм бол эмч жижүүрлэн сахьж хонодог, үхүүлэх юм бол намаас арга хэмжээ авагдаж, нутгийн хониноос даруй тав дахин өндөр төлбөрт унагадаг байжээ. Сэгсийсэн их буржгар үстэй, нохой сүүлтэй энэ малыг хараад эхэндээ нутгийн хүмүүс битгий хэл морь мал нь хүртэл  үргэдэг байсан гэлцэнэ. Дөнгөж эхээсээ төрөөд хоёр гурав хонож байгаа нялх амьтныг нядалж арьсыг нь хуулж авна гэдэг эхний үед хамгийн бэрх ажил байсан гэж тэр үеийн зоотехникч Бат-Очир гуай хуучилдаг байсансан. Арьсыг нь хуулчихсан хурганы нойтон зулгадас уул овоо шиг болж, өвөлжин үнэг хэрээ найрладаг, хавар дулаарах үед үнэр танар ч гэж бэрх юм болдог байв. Сумынхны маань хувьд  хавар хаварт болдог бас нэг том үйл явдал бол цэргийнхээ залуусыг гаргаж өгөх үдэлт байлаа. Улаан самбарын хажууд за даа бараг л сумаараа цуглацгаана даа. Цэрэгт явна гэдэг тэр үед сумын залуусын маань хувьд нэр төрийн асуудал байж. Цэргийн албанд  тэнцээгүй ‘асман банди’ нар Турууны хүүхнүүдийн хувьд бараг л САА-н ‘брак’ хуцнаас дээргүй л байр суурьтай байсандаг. 
Турууныхан гэсэн шинэ үеийнхний голомтыг асаасан нутгийн түмэн олондоо баярын мэнд хүргэж, Туруун гол Дөрөө нуурандаа булхаж, Алтан элсэндээ хөрвөөгөөд аян замын уртыг алжаалгүй туулаад ирэхийн ерөөлийг  дэвшүүлье
 
 
Ш.Пүрэвсүрэн 
 
2019-7-22