sonin.mn
Цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд зарим салбар дадал менежментээ өөрчлөх, илүү “аюулгүй” хэв маягт дасан зохицож эхэлж байна. COVID-19 цар тахал бүх цаг үед зайнаас, цахимаар зарчмын дор хүн төрөлхтний амьдралд олон өөрчлөлт авчирч буй. Үүний хамгийн эхнийх нь хоёр метрийн зай барих дэг тогтоох юм. Зай барих дэглэмийг албан байгууллага дотор сандал, ширээ, төхөөрөмжөө алгасч зохион байгуулахаас гадна олон нийтийн үйлчилгээний газарт ч хамгийн үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө. Өөрөөр хэлбэл, маск зүүсэн хоёр хүн хоёр метрийн зайнаас бие биедээ халдвар тараахгүй гэсэн үг юм. Мөн ресторан, хоолны газрын ширээг зайтай байрлуулах, энгийн үед үйлчилдэг хүчин чадлаасаа цөөн тоогоор хүн хүлээж авах. Зайны үйлчилгээг нэмж, хүргэлтийг түлхүү ашиглахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. 
 
 
 
Хоолны газрууд иргэдэд үйлчлэхдээ цаг тутам шал, ширээ, ажлын багаж зэрэг гадаргууг ариутгалын бодисоор цэвэрлэж, спирттэй уусмалаар хүмүүсийн хамгийн их хүрдэг товчлуур, бариулыг онцгойлон цэвэрлэдэг байх хэрэгтэй.
 
 
 
COVID-19 цар тахлын үед үйлчилгээний байгууллага болон иргэдийн анзаардаггүй нэг зүйл нь хоолны газрын менюг гар дамжуулан хэрэглэж буйг олон улсын байгууллагууд зөвлөж байна. Тухайлбал, хэн нэгэн хүн вирустай гадаргуунд гараараа хүрсэн гэж бодъё. Тухайн хүн гараа угааж амжаагүй байхдаа дараагийн зүйлийг барьснаас халдвар олон хүнд тархах магадлалтай. Ингээд олон хүний гар дамждаг ямар нэгэн зүйлд  халдвар наалдаж үлдлээ гэхэд тухайн зүйлийг угааж цэвэрлэх боломжгүй байж болох юм. Жишээлбэл, мөнгөн дэвсгэрт эсвэл рестораны меню. Тиймээс олон хүний гар дамждаг, ариутган цэвэрлэх боломжгүй зүйлсийг багасгах, болж өгвөл халж солих шаардлага тулгарч байна. Цар тахлын хөл хориотой холбоотойгоор гадаад орнууд менюнээс аль хэдийнэ татгалзаж эхэлсэн. Дамжуулж хэрэглэдэг менюний оронд гар утас руу явуулах, апп дээр байрлуулах зэргээр технологийн дэвшлийг ашиглаж байна. Мөн үйлчлүүлэгчдийн нүдэнд харагдахуйц том хуудсан дээр хэвлүүлээд ширээний шилэн тавцан дор тавих, хананд хадах хэлбэрийг илүүтэй сонгож буй юм. 
Тиймээс манай улсад ч гэсэн менюг олон гар дамжуулж бариулахгүйн тулд бусад улс орны адил татгалзах хэрэгтэй юм. Үүнтэй адил ажилтнууд  нэг багажийг дамжуулж ашиглах нь ч бас аюултай учраас зөвхөн өөрөө хэрэглэх багажны багцтай байх нь эрүүл ахуйн шаардлага хангана. 
Манай улсад хөл хориог сулруулсантай холбоотойгоор ресторан, хоолны газруудыг нээгээд буй. Бид дунд болон дээд зэрэглэлийн 4-5 газраар ороход бүгд л менюг гар дамжуулан үйлчилж байсан юм. Дараагийн үйлчлүүлэгчид дамжуулахаас өмнө ариутгадаг уу гэхэд “Заримд үед чийгтэй алчуур, спиртэн ариутгагчаар арчдаг. Үйлчлүүлэгч олон байх үед амждаггүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин УОК-оос өгсөн чиглэлийн дагуу нэг ширээн дээр хоёр хүн суулгаж байгаа. Гурваас дээш хүн нэг дор суулгавал торгоно гэж анхааруулсан гэв. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин