sonin.mn

 

Монгол Улс нэлээн хэдэн ерөнхийлөгчтэйн нэг нь хип, хоп холбооны Баавар. Бас нэлээн хэдэн ерөнхийлдөг хүмүүстэйн гол төлөөлөгч нь «Монголын шилдэг нийтлэлчдийн клуб»-ын «сүргийн манлай» Баабар гэж нөхөр байдаг. Тавхан хоногийн өмнө нэг сүрхий аюул боллоо, та минь.
 
 
Хар тамхинд донтсон гэгдэн ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн сахилгын камерт гартаа гав, хөлдөө дөнгөтэй хоригдож байсан хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар гэнэтхэн эрчлэн хуйларсан галд өртөөд амьдаараа боодог болтлоо шатчихдаг юм байна.
 
 
Хөөрхий хип хопчинг 461 дүгээр ангийн долоон хянагч буюу Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн үнэнч цэргүүд гэгээн цагаан өдрөөр хүч хэрэглэн гавалж, дөнгөлөөд камерийн буланд шйдчихсэн чинь гэнэтхэн «чөтгөрийн гал» гарч шалзалчих нь тэр.
 
 
Бүтэн хорь гаруй минут гаднаасаа түгжээтэй камерт амьдаараа хуйхлагдсан Баавар шоронгийн хананд ан цав гартал орилж, хашхираад ч Х.Тэмүүжин сайдын итгэлт цэргүүд өчүүхэн авиа төдий ч сонсоогүй гэж байгаа юм. 
 
 
Амьдаараа хүн боодог болж гуравдугаар зэрэглэлд ортлоо шатсан Баавар буюу Ш.Батбаяр өнөөдөр ёстой жинхэнээрээ үнс, нүүрсээр бөөлжөөд «Мөнгөн гүүр» нэртэй эмнэлэгт тарчлан зовж хзвтэнэ.
 
 
Хууль зүйн салбарт шинэчлэл гээчийг хийж яваа Х.Тэмүүжин сайдын цэргүүд гаднаас нь түгжсэн шоронгийн камерт, хүнийг амьдаар нь шатаан зугаагаа гаргаж байхад «Монголын шилдэг нийтлэлчдийн Клуб-ын ерөнхийлдөг өнөөх Баабар амандаа балгасан алтан рашаанаа асгахгүй гэхдээ таг дуугүй л бүлтэгнэж суугаагаас зайлахгүй.
 
 
Үгүй бол мань эр хэдүүлээ нийлчихээд хүн шоолж инээлдэн, кайф авдаг нөхдөө тойруулаад суулгачихсан голд нь « Заримдаа ингээд хавийн амьтныг шоолоод сууж байх үнэхээр сайхан шүү ингэлээ гээд архичин болчихгүй юм чинь дээ» гэсхийгээд маасайтал инээгээд сууж байж ч мэдэх л юм. 
 
 
Уг нь мань Баабартан иймэрхүү явдлыг хавийн амьтнаас түрүүлж, сортойтол олж сонсчихоод хэрэг зарга үүсгэж явдагсан. Андуураагүй бол 2006 оны эхээр шиг санагдаж байна. Мань Баабар «Өдрийн сонин»-ы Ерөнхий эрхлэгчийг тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, өнөөдрийн хоригдол Н.Энхбаяраас өмгөөлөн хамгаалж баахан зарга үүсгэсэн юм даг. 
 
 
Янз нь мань эрийн мутарласан «Айдас», «Ээлжит бус сонгууль руу» зэрэг өгүүллүүд нь ардчиллын бэлэг тэмдэг болсон «Өдрийн сонин»-д гарсан шиг байгаа юм. Тэрийг нь олж уншсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр «Баримтууд нь баттай бус, хов живийн шинжтэй, Нийгэмд болж буй үзэгдлийг нэг хүнтэй холбож байна. 
 
 
Нийгмийн тогтворгүй байдлыг улам дэвэргэх, турхирсан агуулгатай» зүйл нийтэлсэн гээд Ерөнхий эрхлэгчийг нь жаал авч өгч л дээ. Тэгээд уучлал гуйхыг шаардсан байна,
 
 
Тэгсэн чинь мань Баабар дэлбэртлээ уурлаж «Тэдгээр өгүүллийг би бичсэн учир тэрнийхээ цэг таслал болгоны төлөө би л хариуцлага хүлээнэ. Зүв зүгээр ажлаа хийгээд сажилж яваа Мягааг минь битий дээрэлхээд бай» гэж баахан дэвхэцсэн билээ.
 
 
Амьдаараа нүүрс болтол шатах нь битгий хэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас болж толгойтой үснээс нь ганц ширхэг ч ойчоогүй эрхлэгчийг нь түнтгэнэн хамгаалж байсан өнөөх Баабар өнөөдөр харин таг дуугүй шүү.
 
 
Ер нь мань эр Монголд байна уу, аль эсвэл Оюу толгойг баруун солгойгүй магтаад байсныхаа шан харамжийг хүртчихээд Канад энэ тэрд тарвалзаж хэвтдэг юм болов уу. 
 
 
Уг нь алдарт нийтлэлч Баабар иймэрхүү явдлын дараа хэлээ хазаад дуугүй хэвтдэггүйгээрээ зартай нэгэн байв даа. УИХ-ын гишүүн асан М.Зэнээг «Албан ёсны мангуу» гээд баахан ноолж билээ.
 
 
Хэдхэн жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга, У.Хүрэлсүх, Д.Арвин гуравт «Хэнтийн гурван тэнэг» хоч өгчихөөд түүндээ хүүхэд шиг баясч яаж таварцаглан гүйж байлаа. Харин өнөөдөр зав гарвал хүн муулчихаад, завсар хооронд нь Оюу толгойн шар толгойтой эздийг өмөөрч суудаг өнөөх Баабар буюу Б.Батбаяр үхсэн, амьд нь мэдэгдэхгүй сураггүй алга болж.
 
 
Уг нь мань эрийн байн байн иш татах дуртай Дантегийн «Тэнгэрлэг комеди»- д «Зэрэглэл шатлалтай тамуудын хамгийн хүнд нь нүгэлтнүүдийнх биш, харин нүглийн хажуугаар мэдсээр байж чимээгүй өнгөрсөн хүмүүст зориулсан хэсэг нь байдаг» гээд цагаан цаасан дээр палийтал нь хар бэхээр бичсэн байдагсан. 
 
 
Нэг нь Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр, нөгөөх нь «Монголын шилдэг нийтлэлчдийн клуб»-ыг ерөнхийлдөг Баабар буюу Б.Батбаяр хоёр хоёулаа л Монгол улсдаа хэрэгтэй баймаар гэтэл өнөөдөр Баавар нь амьдаараа шатчихлаа, Баабар нь байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд, таг.
 
 
Монголд шударга ёс гээч нь байвал өдийд л «Монголын шилдэг нийтлэлчдийнклуб»-ыг ерөнхийлдөг өнөөх Баабар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг байж суух газаргүй болтол нь «цаасан сум»-аар бөмбөгдөж баймаарсан.
 
 
«Хууль зүйн салбарт шинэчлэл биш, шатаадаг залхаан цээрлүүлэлт явагдаад байна шүү нөхөр минь» энэ тэр гээд л Баабар авч өгвөл цаадах нь эрхбиш дүлий годил биш юм болохоор жаал зуул юм бодох л учиртайсан.
 
 
Яагаад гэвэл Баабар бол бас ч гэж бичиг үсэгт тайлагдсан, хийх ажилгүй шахам албан газрын манаач сахиул, гэрийн ажилтай авгай хүүхнүүд орж уншаад байдаг «Монголын шилдэг нийтлэлчдийн клуб»-ыг ерөнхийлдөг «тэнгэрийн амьтан» болохоор нь би тэгж дүгнээд байгаа юм л даа. 
 
 
Мунхаг би мугуйдлан дайрсан байвал өршөөх ажаамой. Аль эсвэл «ариун сайхан нэр төрийг минь алаад хаячихлаа, Тэмүүжинд хэлж түгжээтэй камерт хориулна» гэх юм болов уу, За яадаг ч байсан дүүрсэн хэрэг.
 
Монгол уг нь нэг Баавар, бас нэг Баабартай байлаа. Тэгтэл нэг нь шатчихлаа, нөгөөх нь сураггүй болчихлоо. Хачин ч юм үзэх нь дээ, хөөрхий. 
 
 
Эх сурвалж: