сонин mn
Хэзээ, хаанаас, хэдэн тун вакцин хүлээн авах вэ?
 
Улс орнуудын Засгийн газрууд вакцин үйлдвэрлэгчидтэй одоогоор 90 сая гаруй тун вакцины гэрээ хийгээд байгаа юм. Үүн дотор астра зенека үйлдвэрийн вакцин 30 сая шахам тунгаар тэргүүн эгнээнд орж, хамгийн багаар бодоход 50 шахам улс оронтой гэрээ хийгээд байна. Хамгийн их гэрээ хийсэн нь ЕХ-ны орнууд болон АНУ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVAX хөтөлбөр багтаж байна. Энэ хөтөлбөрт Япон, БНХАУ зэрэг 170 гаруй улс оролцож буй.  Ийнхүү хэчнээн ихээр гэрээ хийлээ ч үйлдвэрлэл яах аргагүй хязгаартай тул бодитоор улс орнуудын хэрэглэгчдийн гар дээр бүрэн очиход нэлээд бэрхшээл тулгарч байгаа юм. Вакцин үйлдвэрлэгчид хэд хэдэн газар үйлдвэрлэлээ шинээр нээж нэмээд ч хэрэглээг хангаж дийлэхгүй байгаа тул арга буюу нийлүүлтэндээ хязгаар тогтооход хүрчээ. 
Одоогийн байдлаар астра зенека вакцин дэлхийн 81 улс оронд албан ёсоор бүртгэгдэн зөвшөөрөгдөж, Хятад, ОХУ-ын вакцинууд зүүн Европын болон хойт Африка, өмнөд Америкийн орнуудад зөвшөөрөгдөж хэрэглээнд түлхүү нэвтэрчээ.Хятад Улс ойрхи дорнод, дундад Азийн орнуудад вакцины гадаад бодлогоо амжилттай явуулж байна.  
Одоогоор дэлхий дахинд 54 вакцин туршилтын шатандаа яваа бөгөөд 20 гаруй вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг судалж байгаа юм. Дэлхийн хэмжээнд 2021 онд вакцин үйлдвэрлэлийн чадамжаа 190 сая тун хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Манай улс нийт хүн амын 63%-ийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөөд БНЭУ-д үйлдвэрлэсэн Астра зенека “Ковошилд” вакцин 150.000 тун, Синофармын “Веро целл” вакцины 300.000 тунг татан авч тарьж эхэлсэн, COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа 20%-ийг дархлаажуулах хэмжээний файзер вакцины 25.750 тун болон Астра зенека вакцины 112.800 тунг татан авах ажил эхэлсэн, мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хүн амын 40%-ийг дархлаажуулах хэмжээний 2.600.000 тун вакциныг татан авах боломжтой болсон. Мөн арилжааны шугамаар ОХУ-ын Спутник-В 300 мянган тун, Хятадын Синофарм үйлдвэрийн 900 мянган тун, Файзер вакцинаас 1.5 сая тунг авахаар Засгийн газар, холбогдох газрууд хэлэлцээр хийж байгаа ба өнөөдөр заримаас нь тээвэрлэгдэж ирж байна. Үүнээс харахад 18 наснаас дээш хүн амын 63%-иас давж вакцинжуулах боломж нээлттэй байна. 
 
 
 
Цар тахлын вакцинжуулалтын ажил эрүүл мэндийн салбарын түүхэнд болж байгаа нийтийг хамарсан хамгийн том ажил юм.
 
 
 
Одоогоор дэлхийн 170 улс оронд цар тахлын эсрэг  вакцины тарилга хийж эхэлсэн, 40 шахам улс орон вакцины тарилгыг 1 сая хүн тунгаар давуулаад байна. Цар тахлын эсрэг вакциныг Англи улс 45 сая иргэндээ, АНУ 38 сая иргэндээ, Европын холбоо 14 сая иргэндээ эхний тунгаа хийгээд байна.
АНУ Пфайзерийн вакциныг 12-15 настай 2260 хүүхдэд хийж туршихад цар тахлаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байгааг өчигдөр зарлалаа. Гэтэл ядуу буурай улс орнуудад тарилга оройтож ялангуяа африкийн зарим оронд одоо хүртэл хийгдэж эхлээгүй байсаар байна. Манай улс холбогдох хуулийн дагуу ЭМ-ийн Сайдын тушаалаар “Корона вирүст халдвар (Ковид-19 ын) эсрэг вакцинаар вакцинжуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө" хэрэгжиж эхлээд явж байна.
Засгийн газар цар тахлын вакцины татан авалтын технологийн горим шаардлагыг хангаж, тасалдалгүй тогтвортой нийлүүлэхийн зэрэгцээ найдвартай хадгалалт хамгаалалттай, чирэгдэл хүндрэлгүйгээр хүн амаа вакцинжуулахын төлөө эрүүл мэндийн салбар хичээж зүтгэж байна. Халдварын голомтод 2230 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж, 300 мянга орчим хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Нөгөө талаар одоо ажиллаж байгаа эмч, сувилагч эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ажлын байран дээрх вакцинтай холбоотой сургалт, дадлага, вакцинаас үүдэлтэй хүндрэлд авах арга хэмжээг сайн тооцож, нягт нямбай ажиллагаа, менежмент чухал байна. Эмч эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах ажил чухал байна. Боломжит хувилбараар хүний нөөцөөр хангах, ажиллах сонирхолтой тэтгэврийн насны эмч сувилагч нарыг татаж ажиллуулах, цагийн ажил хийлгэх, цалин урамшууллыг нэмэх, илүү цагийн хөлсийг цаг тухайд нь олгож байх, санхүүжилтийн ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай байна.
 
 
 
Цар тахлын вакцинжуулалт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой ажил юм.
 
 
 
Хүн амдаа олон улсад болон ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан вакциныг нийлүүлж, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, эсрэг заалт, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг онцгой анхаарч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөлөөр бүрэн хангаж ажиллах нь Төрийн үүрэг болж байна.ҮАБЗ, түүний ажлын алба үүнд онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа биз ээ.
Манай улсын хэмжээнд нэг хоёрдугаар шатлалын эмнэлгээс гадна орон нутгийн болон хувийн хэвшлийн, өрхийн эмнэлгүүд халдварт нэн ялангуяа гоц халдварт өвчинд зориулсан оновчтой бүтэцгүй, онцгой тохиолдолд хувиргах тал дээр тэр бүр боломж муутай байдаг. Мөн Ковид-19 цар тахлыг эмчлэх дадлага туршлагатай эмч, сувилагч нар дутагдалтай тул хөнгөн дэд бүтцийг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Мөн коронагаас бусад өвчин, хавдрын, гэмтлийн, яаралтай түргэн тусламжийн гэх өвчлөлөөр иргэд олон түмэн эмнэлгийн туслалцаа авахад хүндрэл бэрхшээл цөөнгүй гарч байна. Улмаар хүндрэх, эмнэлгийн туслалцаа авч чадахгүй эндэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Иймээс гоц халдварт өвчин, тахлын үеийн зохион байгуулалтаар ажиллах эмнэлэг, тийм биш эмнэлэг гэдгийг нарийн хуваарилалт хийж онцгой үеийн дэглэмд оруулж ажиллах шаардлагатай байна. Орон нутаг, алслагдсан дүүрэг хороодын иргэдийг вакцинд хамруулахдаа Япон зэрэг орны туршлагаар ариутгагдсан, явуулын автобусаар үйлчилж тарих нь үр дүнтэй байх болов уу.
Мөн хөрөнгө хүч гаргаж цар тахлын мэргэжлийн тусгай, улсын эсвэл хотын статустай эмнэлэг цаашдаа байгуулах нь зүйтэй юм. Вакцины дараах тандалт судалгааг цаг алдалгүй хийж, үндэсний ой санамжийг бүрдүүлэх, хүндрэл, хариу урвалын талаарх мэдээлэл цуглуулж үнэн бодитой мэдээллээр иргэдээ хангаж ажиллах нь чухал байна.
 
Вакцины дижитал паспорт вакцинаас дутуугүй эрэлт хэрэгцээтэй болох үе ирнэ.
 
Вакцины нээлт үйлдвэрлэлтэй зэрэгцээд “хэзээ, хаана, хаанахын вакцинаар тариулсан бэ” гэдэг асуултыг хил гааль бүрт смарт утсан дээр шууд харагдаж байх “вакцины паспорт” хийхээр дэлхий дахинд өрсөлдөж байна. Энэ нь вакцин тариулсан хүн гадаад улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх өөрөөр хэлбэл хүний урсгалыг барьж байх нөхцөл болох юм. ЕХ, Англи, ОХУ, БНХАУ, Израйль, Арабын БНУ зэрэг улс орнууд энэ чиглэл рүү эрчимтэй ажиллаж байна. ЕСМА интернэшнл гэдэг IT байгууллага улс орон бүс нутаг бүрт өөр байх вакцины паспортыг харилцан хүлээн зөвшөөрч байх олон улсын дүрмийг энэ сард багтаан бий болгохоор ажиллаж байна. Мөн хувь хүний нууцыг хадгалах хамгаалах, нууцлалын бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ технологийг Японы GVE компани нийлүүлэх ба Английн Aston-ы их сургуулийн захиалгаар хийж байна. Вакцин дэлхий дахинд хийгдэж дуустал, цар тахлын шинэ мутацилагдсан хувилбарууд Жишээ нь Англи хувилбар, Өмнөд африкийн, Бразилийн гэх мэт хувилбарууд өргөн тархаж, олон улс оронд цар тахпын дөрөвдүгээр давлагаа эхэлж байгаа зэргээс болж вакцины паспортыг улс орнууд шаардах нь тодорхой байна. Хил гаалиар нэвтрэх үед PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй болох ба олон улсын уралдаан тэмцээн, олимп, Бээжингийн өвлийн олимпод өргөн ашиглагдахаас гадна коронагийн дараах эдийн засгийн сэргэлтийн үед бид ч гэсэн энэ мэт олон улсад хэрэгжиж байгаа арга хэмжээнээс хоцорч болохгүй.
Вакцины паспорт нь бусдад халдварлуулахгүй байхын тулд хүчинтэй үнэн зөв мэдээллийг оруулах, олон улсын дүрмээр аль ч улс оронд хүчинтэй байх, тариулсан мэдээллийг устгах боломжгүй, тодорхой тогтсон зорилгоор л ашиглагдана, өөр төрлийн апп-тай харилцан мэдээлэл солилцох флатформ нь хийгдсэн, хувь хүний нууцлалын өндөр чадамжтай, авч явахад хялбар, ялгаварлан гадуурхалтгүй бүх хүн тэгш зохицуулагдах зэрэг олон ач холбогдолтой байх нь. Бид үүнтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй, Монгол хүн гадаад улсын хил гааль дээр бусдын жишигээр биеэ авч явах ёстой.
Ковид-19 цар тахлыг эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээр хохирол багатай даван туулахын тулд үндэсний оюун санааны нэгдмэл хүч хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудаа дэмжих лобби бүлгийг Засгийн газар, УИХ-ын гишүүд хамтарч байгуулахыг уриалж байна. Хувийн хэвшил, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эмч сувилагч, ажилтнуудад эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна ажлын ачааллыг тэнцвэртэй болгох, эрүүл мэндийг хамгаалах, тэжээллэг хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулах нь чухал байна.
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор