sonin.mn
Зуун зууныг дамжин өвлөгдөж, Монголчуудын дунд хүүрнэн өгүүлж ирсэн хэлц үг, яриан дотор “ганзага нийлэх” гэсэн гүн агуулгатай үг бий. Бизнес, улс төрд бүү хэл, анд явахдаа хүртэл санаа нэгтэй нэгнээ түшиж, ганзага нийлэх хамтрагчаа гэдэг хандлага нь Монгол эрчүүдийн итгэлцлийн баталгаа гэж ойлгож болно. Гэхдээ хамтрагч муутай бол ан ав хөөсөн ч ахицгүй, улс төрд ч удаан тэсдэггүйг нотлох хэдэн арван жишээг сүүлийн 30 жилд болж өрнөсөн үйл явц тодорхой харуулж байна. Харин сүүлийн 34 жилд шинэ цагийн улс төрд үзэгдээгүй зүйл өрнөсөн нь Монголын төрийн гурван өндөрлөг гэгддэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эв, хамтын хоршил байлаа. Хуучны үгсийн сангаас сугалан, тогтмол хэрэглээнд оруулсан хэдий ч өөрөөрөө нотлон харуулж чадаагүй Н.Энхбаярын “Эвтэй бол хүчтэй” хэмээх үгийн агуулгыг өнгөрсөн жилүүдэд Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар л жинхэнэ утгаар нь тодотгосон. Одоо бол тэднийг холбосон итгэлцлийн гүүр нурж унасныг хаа сайгүй хэлэлцэх боллоо.
 
Гэвч энэ нь эргэлзээтэй. Нийгмийн анхаарлыг татсан томоохон акц долоон удаа өрнүүлж, нэг зорилгын төлөө уйгагүй зүтгэн, Монголын улс төр, нийгэмд нөлөөлсөн бараг цусан тангарагтай, тэлсэн ах дүүсийн андлал, эрчүүдийн дөрөө харшсан нөхөрлөл нь яригдаж буй таамаг шиг хялбархан сарничихлаа гэж үү. Үнэхээр тэднийг хагаралдуулах том зөрчил үүсэв үү. Эсвэл тэд Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын засаглалын хоршил, алдаанаас авсан сургамжаас санаа авч, одоо байгаа улс төрийн эрх мэдлээ тогтвортой хадгалан үлдэх гэсэндээ жүжиг тавиад эхлэв үү.
 
“Ах, дүүс шиг дотно Женко, Хүүк нар муудалцаж гэнэ ээ” хэмээх цуу ярианы цаана 2021 оны Ерөнхийлөгчийн, 2024 оны УИХ-ын, дахиад 2027 оны Ерөнхийлөгчийн, УИХ-ын 2028 оны сонгуулийн ялагч хэн байх вэ гэдгийг тодорхойлсон бүрэн зураглал бий. 2030 он гартал төрийн эрх мэддийг хадгалан үлдэх гэсэн энэ хоёр хүний тохироо нуугдаад байгаа юм биш үү. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын улс төрд нөлөө үзүүлсэн хамтын ажиллагааг эргэн сануулахын сацуу урган гарч буй асуултуудад хариулт хайцгаая.
Нэгдүгээр ажиллагаа: 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг шороотой хутган, ялагчаар Х.Баттулгыг тодруулах анхны ажиллагаа амжилтад хүрсэн.
Хоёрдугаар ажиллагаа: Намар нь УИХ-д 62 суудал авсан МАН-ын Засгийн Газар, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатыг огцруулж чадав.
Гуравдугаар ажиллагаа: Огцорсон Засгийн Газрын Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болголоо.
Дөрөвдүгээр ажиллагаа: 2018 оны төгсгөлд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах аюулаас аварч, хамгаалан үлдэв.
Тавдугаар ажиллагаа: 2019 оны эхээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж чадлаа.
Зургадугаар ажиллагаа: Ерөнхийлөгч Х.Баттулга нутгийн хүн гэдгээр нь онцолж Баянхонгорын уугуул Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилуулан, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгодог байхаар хуульчилж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж чадав.
Долдугаар ажиллагаа: УИХ ын 2020 оны сонгуульд МАН ялалт байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэв. Гар, сэтгэл нийлсэн энэ ажлын үр дүнд улс орны бүх эрх мэдэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр хүнд төвлөрлөө. Харин “Эрдэнэс Тавантолгой” болон төмөр замын мөнгө нь тэдний бөөгнүүлсэн эрх мэддийн дэргэд ердөө л “бонус” төдий аж.
Энэ хаврын улс төрийн нөхцөл байдал тангараг өргөсөн ах, дүү нарыг ихээхэн сорих болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг хэн хэнийг нь догдлуулж буй ч хоёул ялахгүй хатуу нөхцөлтэй сонгуулийн маргааш нэг нь албан ёсны ялагч, нөгөө нь улстөрчийн хувьд “үхдэл” болох зам руугаа алхана. Энэ бол маргашгүй үнэн. Ядаж байхад энэ жил МАН-ын 100 жилийн ой таарсан нь тус намыг сонгуульд ялагдах эрхгүй болтол шахаж байна. Ялагдвал дүү, У.Хүрэлсүхэд нь хариуцлага яригдаж, тэр М.Энхболдын араас явж мэдэх эгзэгтэй мөчтэй халз тулна. Ах “Женко” Х.Баттулгын хувьд ч энэ сонгуульд ялагдах эрх бас байхгүй. Ялагдвал улстөрчийн нас нь биологийн настайгаа дуусчих гээд байдаг, яах вэ.
Эгзэгтэй агшин, нөхцөл байдлыг зохицуулж болох хамгийн сайн гарц, шийдэл юу байж болох бол. У.Хүрэлсүх Засгийн газраа хөндлөнгийн шахалтаар огцруулсан болж харагдах, ахдаа гомдоод чуулганы танхимд хатуу үг чулуудах, зөрүүлээд Х.Баттулга нь дүүгээ муулж байгаа энэ арга барил их танил байгаа биз.
 
 
 
Яг энэ гарц, шийдэл дээр ах дүү нар төвлөрч, өнөөдөр улс төрд үүссэн нөхцөл байдлыг бодож олоод “Загалмайлсан эцэг” киноны удаах ангийг ард түмэнд үзүүлээд байх шиг. Х.Баттулга, У.Хүрэлсүх нар киноны гол дүрд тоглоод байгаа боловч заримдаа нийтийн хэсэгт оролцон, эсвэл бүр үзэгч, ард түмэн ч юм шиг харагдаад, гашуун бөгөөд инээдэмтэй үйл явц өрнөж байна, яг одоо.
 
 
 
Киноны гуравдугаар анги ямархуу өрнөлтэй вэ гэдгийг товч өгүүлэхийг оролдъё. Зохиолын гол дүрэм ёсоор бол ах, дүүгийн хатуу тангарагтай Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хоорондоо өрсөлдөхгүй, өрсөлдөж болохгүй нь ойлгомжтой. У.Хүрэлсүх сонгуульд нэр дэвшээд ялагдаж болохгүй, заавал ялж Ерөнхийлөгч болох ёстой. Харин Х.Баттулга ах Ерөнхийлөгчид өрсөлдөх юм шиг царайлж байгаа ч өрсөлдөхгүй байх ёстой. Том ахыгаа өрсөлдүүлэхгүйн тулд МАН С.Эрдэнийг нойрноос нь сэрээж, Х.Баттулгыг АН-аас нэр дэвшүүлэхгүй байх бүх боломжийг С.Эрдэнийн гараар хийлгэх учиртай. Ингээд хөөрхий С.Эрдэнэ АН-ын нэр дэвшигчдийн дундаас онцгойрон ялах байсан цорын ганц мундаг Ерөнхийлөгчид нэр дэвших эрх өгөөгүй буруутан болж үлдэнэ. Яваандаа “дээлээ нөмөрнө”. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-ынхан Х.Баттулгыгаа хэтэрсэн эрх мэдэлтэй МАН-ын өмнөөс дуугарч чадах цорын ганц зүрх зоригтой баатар хэмээн өргөмжилж намын даргаараа томилно. Нөгөө талд нь 2021 оны сонгуулийн ялагч, шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялуулах цор ганц удирдагч болох боломжийг бүрдүүлж эхэлнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авсан АН ялж, намаа ялуулсан Х.Баттулга Ерөнхий сайд болно. Цаг хугацааны хүрд урагшилж, 2027 онтой золгоход Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж ялна. Наана нь УИХ-д олонх болж чадсан АН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учраас өнөөдөр яригдаад байгаа Х.Баттулгын нэг удаа, хоёр удаа нэр дэвших маргааныг бид нийтээрээ мартана гэсэн үг. Харин энэ үед У.Хүрэлсүх ялагдсан МАН-даа дахин дарга болж ирээд авралын бурхны дүрд хувирна. Ийм л адармаатай адал явдалтай, хоёрхон гол дүртэй кинонд тэд ард түмнээ тоглуулж байна. Кино зохиолын найруулга, дүрүүдийн тавилтууд ярих юмгүй. Жүжиглэлт, харц энэ тэр бол айхтар итгэл үнэмшил сайтай гарч ирж байна. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил, улс төрийн орчныг эргүүлсэн долоон удаагийн ажлын төлөвлөгөө, санхүүжилт босгох санаа, хэнээс хэдийг авч, хэнд өгөх гэх зэрэг нарийн төлөвлөлт, “хар хор”-ын ажил өрсөлдөгчөө бичлэгээр нь сүрдүүлдэг гэдгээрээ зартай Х.Баттулгын өрөөнд болсон. Энэ бүх яриа хөөрөөг нотлох архив Х.Баттулгад хадгалагдаж байгаа гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй байх. Ийм алдартай ахыхаа өмнөөс импичмент зарлах зүрх, зориг дуүд байх уу?
У.Хүрэлсүхийн хэлсэн “Миний итгэж явсан Ерөнхийлөгч биш байна. Зүгээр байж байхад жагсаал санхүүжүүллээ” гэх мэт мэдэгдлүүд нь ердөө л киногоо сонирхолтой болгох гэсэн найруулагчийн нарийн төлөвлөлт юм. Яг үнэндээ дээрх хоёр хүнийг “муудчихсан” гэдэгт хэн ч итгэхгүй болсон цаг үед У.Хүрэлсүх, Х.Баттулга нар муудсаныг улс төрийнхөнд ойлгуулж, нотлоод өгөх хэмжээний итгэл үнэмшил төрүүлэх сайн жүжиг хэрэгтэй болно биз дээ. У.Хүрэлсүх удахгүй “Одоо шинэ төмөр замд шалгалт оруулна, жагсаал санхүүжүүлсэн” гэх мэт асуудлыг дэлгээд ахыгаа Үндсэн хуулийн цэцэд өгнө. “Х.Баттулгын 250 сая ам.долларын хэргийг сэргээнэ” гэж яриад кинондоо өрнөл нэмж, улам үнэмшилтэй болгоно.
 
Өөр нэг сонирхол татсан асуудал бий. Х.Баттулга намын дарга нь хэн байхаас үл хамааран АН дотроос өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой. Гэтэл тэр яагаад бүх үйлдэл, бүх шийдвэр түүний эсрэг, нэр дэвшүүлэхгүй байхад чиглээд байгаа юм шиг жужиглээд байна. Үнэндээ АН-ын рейтингийг өсгөх, фракц хоорондын зөрчлийг зөөлрүүлэх ямар ч алхам хийхийг Х.Баттулга хүсэхгүй байна. Зөвхөн нэр дэвших боломж хайж, намын даргын эрх мэдэл болон намын дүрэм, журамтай л зууралдах нь том эрх ашигтай хүнээс гарамгүй жижиг нүүдэл болж харагдаад буй юм. Энд нь хууртаад АН-ынхан муу нэртэй, луу данстай С.Эрдэнэ л нэрийг нь дэвшүүлсэнгүй гэж зүхээд, С.Эрдэнэ нь ч киноны амжилттай зөрүүдэлсэн нэг муухан гол дүр шиг “Би чадлаа” хэмээн алгаа үрээд л энэ хэсгийн зураг авалт өндөрлөнө дөө, өрөвдөлтэй.
Харин Х.Баттулга сонгуульд нэр дэвшигчид тодрох хүртэл таарсан болгондоо “Би нэр дэвшинэ, би ялна аа, У.Хүрэлсүх яасан хогийн залуу вэ?" гэсэн гомдлыг тоть мэт давтсаар байх болно. Ингээд Үндсэн Хуулийн Цэцэд маргаан ид хурцдах үед нэр дэвшүүлэх ажиллагаа дуусаад Х.Баттулга байнд ч үгүй, банзанд ч үгүй болж хоцорно. Сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа дууссаны дараа Үндсэн хуулийн цэц “Ингэхэд манай Ерөнхийлөгч сайн хүн шүү” гэсэн дүгнэлт гаргаж байхад тагнуулынхан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд "Х.Баттулга таныг гүтгэжээ, буруу мэдээлэл өгсөн байна, уучлаарай” гэснээр “Загалмайлсан эцэг” киног хамтран бичиж байгаа ах, дүүсийн наймдугаар үзэгдэл амжилттай хэрэгжин кино түр завсарлана. Үр дүнд нь хоёрхон хүн, ерөөсөө Х.Баттулга, У.Хүрэлсүх нар л ялна. Киноны төгсгөл хүртэл аль ч нам, улстөрч зүгээр л туслах дүр бүтээн хэлмэгдсээр дуусах нь маргаангүй үнэн. Зүрх сэтгэл нь ардчилсан нийгмийн төлөө, иргэдийн бодит сонголтын төлөө, тусгаар тогтнол, иргэдийн сайхан амьдралын төлөө цохилдог улстөрчид, иргэд бүгд ах дүүсийн зохиолыг ойлгон хүлээж аваасай. Тэдний ил, далд хоршлын золиос нь ард түмэн байж болохгүй.
 
 
М.Бэхбат