sonin.mn
Норовын Алтанхуяг бол улс төрийн хорчин хүн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жил Н.Алтанхуяг улс төрд “хор”-оо хийж, өндийхдөө өндийж, унахдаа унаж ирсэн. Өнөөдрийн хувьд түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй уначихлаа хэмээн зарим хүн өрөвдөж байж магадгүй. Тэр дараагийнхаа нүүдлийн төлөө далавчаа “ургуулж” яваа нь л энэ.  
 
Ер нь өрөвдүүлэх, өс зангидах аргаар улс төрийн өндөрлөгт гараад сурчихсан.  Саяхан “Шударга бусын хонгил” хэмээх ном авторлаж олон нийтэд хүргэсэн байна лээ. Ихээхэн өс хонзон зангидсан бүтээл болсныг хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр тэрбээр хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, цаашлаад ялалт байгуулсан бол өшөө авалт хийнэ үү гэхээс улс орны хөгжилд санаа чилээх хүн биш. Эв нэгдэл зангидагч бол бүр биш. Хүн дүүжилнэ хэмээн олны нүдэн дээр хашгирч байгаа хүн юу ч хийж мэднэ. 
 
 Намын дотоод асуудлынхаа маргааныг албаар эрх баригч нам руу нааж, ард түмний нэр барьж, шударга ёс ярьж яваа туйлбаргүй шударга бус төрийн түшээ юм. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа улс орноо бондын өрөнд унагааж, ураг саднаараа төрийн мөнгөнд гар дүрж, хууль шүүхээр шийдвэрлүүлж явсан хүн өнөөдөр шударга ёс яриад, хөл хориотой, жагсаал цуглаан хориглосон энэ цаг үед талбай дээр хэвтэж, жүжиглэх нь хэнд хэрэгтэй вэ. Зөвхөн өөрт нь хэрэгтэй. Тэр үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санааг өвөрлөсөн үү, эсвэл энэ сонгуулиар далимдуулж, ард түмний нэрээр лоозон хийж, жагсаал цуглаан хийгээд ар дээр нь АН-ын дарга болох атгаг санаа өвөртөлж явааг ардчилагч нар нь мэддэг болов уу. 
Н.Алтанхуягийг удаа дараа зөрчил гаргасан гэж үзээд 4 жилээр АН-аас хассан гэдэг. Тэрбээр намдаа гомдоод 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд гарсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр АН-ын гишүүн биш байтлаа сая яагаад АН-ын бүлэгт нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд дэлүү байдлаар оролцох гэж зүтгэв. Хэнтэй нийлж, энэ намыг эвийг бутаргав гээд том харах хэрэгтэй. “Женко”-той нударга нэгдэж, Х.Баттулгын “амины” хэдэн УИХ-ын гишүүдийг ангуучлан, ард түмнээр уриа хийж, дараагийн бууриа засч яваа л хүн. Түүнээс биш АН-ын үзэл бодол, замнал хөгжил, уналт босолт түүнд огтоос хамаагүй. 
 
Б.Саруул