sonin.mn
Голомт банкнаас жил бүр мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад зориулан зохион байгуулагддаг “Internship” хөтөлбөрийн 2020 оны оролцогч Б.Оюунтөгстэй ярилцлаа.
 
Сайн байна уу? Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулаач?
 
Сайн байна уу. Намайг Б.Оюунтөгс гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо Технологийн Их Сургуульд Системийн аюулгүй байдал чиглэлээр 2 дахь жилдээ суралцаж байна. Голомт банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship-2k20” хөтөлбөрт хамрагдаж байсан.
 
Internship хөтөлбөрийн талаар товч тайлбарлаж өгвөл?
 
Би анх энэ хөтөлбөрийн талаар онлайнаар мэдэж байсан. Жил бүр ”Internship opportunity” өдөрлөгийг зохион байгуулж, уг өдөрлөгт оролцогчдоос “Internship” хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг шалгаруулж авдаг юм билээ. “Internship” нь оюутан залууст мэргэжлээрээ банкны бодит орчинд ажиллах, түүн дээр судалгаа хийж туршлага хуримтлуулах, байгууллага хэрхэн яаж ажилладаг, ямар  дүрэм журамтай байдаг гээд төрөл бүрийн цогц ойлголтыг өгдөг.
 
Хөтөлбөрт хэрхэн сонгогдож байв? Цар тахал, хөл хориотой энэ үед зохион байгуулагдах болов уу?
 
Уг нь “Дижитал мэргэжилтэн – Internship opportunity” гээд эвент өмнөх жилүүдэд сургууль тус бүр дээр зохион байгуулагддаг байсан. Covid гарсан болохоор 2020 онд бүх оюутан залууст нээлттэйгээр онлайнаар буюу zoom аппликейшнээр мэргэжлийн хүмүүсийн илтгэлийг хэлэлцүүлэх байдлаар зохион байгуулагдсан. Миний хувьд анкетаа өгөөд, дараа нь бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад ороод тэнцсэн. Шалгаруулж авахдаа голч оноо, мэргэжлийн чадвар, курс гэхээсээ илүүтэй хувь хүний хандлага, сурах эрмэлзэл, тууштай байдал зэргийг түлхүү хардаг болов уу гэж санагдсан. Энэ жил өнгөрсөн жилтэй адил зохион байгуулалттайгаар 2021.05.12 нд явагдахаар зар гарсан байна лээ. Би энэ жил дахин хамрагдахаар сайтаар нь ороод бүртгүүлсэн байгаа.
 
Хөтөлбөрийн онцлог давуу тал юу байв? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай гэж харсан бэ?
 
Үйлдвэрийн дадлагыг ихэнхдээ 21-30 хоногийн хугацаатай хийдэг. Харин энэ хөтөлбөр нь 2 сараас 1 жилийн хугацаанд бодит орчинд хэрэгжих санаа дээр туршилт, судалгаа явуулж, яг л банкны бусад ажилтан шиг явдгаараа онцлог санагдсан. Хувь хүний хөгжил болон мэргэжлийн сургалтуудыг 7 хоног бүр ордог, тэмцээн уралдаан, явган аялал зохион байгуулдаг гэх мэт олон давуу талуудтай. Ингэснээрээ шинэ зөв дадал зуршлуудыг оюутнуудад суулгаж өгдөг байх.
Мөн оюутан тус бүрийг мэргэжлийн зөвлөхүүд хариуцан ажилладаг. Ментороосоо ажлын чиглэл, зөвлөгөө байнга авдаг учраас даалгавараа гүйцэтгэхэд хамаагүй үр дүнтэй, өөртөө зөндөө мэдлэг, туршлага хуримтлуулж чадна.
 
Хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар боломжууд нээгдсэн вэ?
 
Internship хөтөлбөр нь тэр чигтээ боломж. Би 1-р курс учраас өмнө нь ажил дээр гараад юу хийх, яаж ажиллах талаар мэргэжлийн чиг баримжаа байгаагүй. Харин энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүд нээгдэх шиг болж банкны бүтэц, зохион байгуулалт, технологийн чиг хандлагын хөгжлийг мэдэж, өөрийгөө аль тал руу хөгжүүлэхээ ойлгоход чухал алхам болсон гэж боддог. Хөтөлбөрт маань өөр өөр сургуулийн өөр курсийн хүүхдүүд ордог болохоор бие биенээсээ суралцах, харилцан мэдлэгээ солилцох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан. 
 
Оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?
 
Сурахад саад гэж байдаггүй. Та бүхэн минь цар тахал гарсан хөл хориотой энэ үед өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжоо битгий орхигдуулаасай гэж хүсэж байна. “Internship opportunity 2k21” онлайн өдөрлөгийн олон гоё сонирхолтой илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэгт нь оролцоорой. Internship хөтөлбөрт хамрагдахаар зорьж байгаа бүх оюутан залуусдаа амжилт хүсье. 
 
Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
 
Баярлалаа