sonin.mn
Хоёр зууныг дамнасан монголчуудын их аян дайнаас түүхэнд нэр нь тодоор үлдэж хоцорсон хоёр аугаа байлдан дагуулагч нь Чингис хаан, Хубилай хаан нар билээ. 
Хубилайг түүх голчлон Марко Пологийн ярьснаар дүрсэлж ойлгодог. Марко Пологийн хэлж бичүүлсэн ном өдгөө уншигч цөөнтэй мөртөө хамгийн их эшлэгддэг бүтээлийн нэг. Түүний ярьснаас хүмүүс Хубилайг аугаа их хаан, хаалттай хотхоноор хүрээлүүлсэн Бээжин хэмээх нүсэр хотыг байгуулсан хүн гэж ойлгодог. Пологоос хожим Бээжин хотыг дэлхийн соёлын түүхэн дахь Хятадын бэлгэ тэмдэг, Дорнын аугаа соёлын оньсого агуулагч гэж үзэх болсон ба хүний түүхийн нэгэн том бахархал гэж нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. [1]
Марко Пологийн зураглан өгүүлсэн Хаанбалигийн хэрэм, хааны үзэсгэлэнт ордон ч өрнийн соёлын нэг хэсэг болсон. Тэрчлэн тэдний уншиж сонссон монгол язгууртнуудын эелдэг ааш, ухаалаг бодлого зэрэг нь өөрсдийн зэрэг дэв соёлыг мөн тийм хэмжээнд хүргэх хүсэл тэмүүлэлд хөтлөж байв.[2] Энэхүү өнгөц гоёчлол нь Хубилайн үүдсэн үй олноор хөнөөсөн аймшигт дайн, бузар харгислалыг халхалж байлаа. Үүнд нь түүхч, эрдэмтэд ч ихээр автагдсан. Гэтэл үнэндээ ноёлогч монголчууд энэ орны ард түмний амьдралыг огт сонирхдоггүй, тэр байтугай хэлийг нь ч тоож сурсангүй.[3] Марко Поло монголчуудын тухай зарим шүүмжлэл хэлсэн, мэдээж үүнийг монголчуудаас биш, өөр бусдаас дуулсан. Гэхдээ л өрнийн хүмүүсийг шүтүүлсэн түүний яриа нэгэн утгаараа Хубилайн талд байсан юм.[4]
 
Монголчуудын довтолгоонд сүйрэн балгас болсон Жонду* (Zhongdu) хотыг Хубилай сэргээх төдийгүй цоо шинээр төлөвлөн босгож ирсэн. Үүгээр нь түүнийг хятадууд магтан ихэд товойлгохдоо хядлага, сүйтгэлийг нь мартдаг.
 
Хэдийгээр Хубилай алж хядах дээрээ тулбал өвөг эцэг Чингис хаанаас огт дутахгүй ч тухайн үеийн түүхчид Чингисийг цусанд үл ханах махчин, Библи болон Корон сударт анхааруулсан мангас мэтээр дүрсэлсэн нь өнөө хүртэл олон үндэстний дунд тэр ойлголтоороо үлджээ. Эхэндээ Чингисийг хүн төрлөхтний нүглийг гэсгээгч Бурханы элч гэж зарим нь магтдаг байлаа. Түүнийг нас барснаас хойхно нь ч энэ үнэлэмж нийтэд тархсан байлаа. “Энэ хот (Багдад) 665 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш нүглийн үүр болсон. Гэтэл гэнэт нэг л өдөр асгаруулсан цусныхаа төлөөсийг төлж авсан болгоноо бүгдийг алдав” гэж армян сурвалжид бичсэн байдаг. Гэвч лал, персийн эх сурвалжууд тухайн үедээ илт давамгайлж байсан болохоор Чингисийг үндэстэй ба үндэслэлгүйгээр эрчтэй муулсаар ялангуяа Ойрхи Дорнод, Европод тэрээр махчин дүрээр үлдсэн. Чингис хаантай харьцуулахад Хубилайн дүр зураг түүхэнд өөр орчлонд хамаарах болсон юм.
Түүх түүнийг цусанд ханадаггүй дайнч байлдаанч нэгэн гэхээсээ соёл боловсролтой хүлээцтэй удирдагч гэж дурсдаг. Зөвлөгч нарынхаа үгийг сонсдог, хятадын ч бай, өрнийн ч бай өөрөө шүтдэггүй бүхий л шашинд хүлцэлтэй гэсэн талыг нь товойлгоно. Бүх Хятад даяар олон жил дайны түймэр асаасан, Япон руу довтолж мянга мянган хүний амь бусниулсан, Бирмыг баллаж, Вьетнамд довтолсноор аймшигт хариу цохилт үзсэн, Индонезид халсанаар хөрөнгө санхүүгийн хувьд ч, хүний амь гэдэг талаасаа ч монголчуудад их хохирол учруулсан. Нас эцэслэснийх нь дараа Юань гүрэнд тохиолдсон эдийн засгийн их гамшигт ч тэр хариуцлага хүлээх ёстой аж. Төрийн мөнгөний хяналтгүй зарлага, үүнийг дагасан улс төрийн ялзрал, мөнгөний аймшигт инфляци зэрэгт[5] ч Хубилайг буруутгадаг.
Аугаа их алдар нь түүний үй олон нүглийг халхалжээ. Юун түрүүн энэ нь хятадын түүх бичлэгийн уламжлалаас үүдэлтэйгээр тайлбарлагдана. Улс орныг удирдаж байсан Эзэн хааны намтрыг бичихдээ ирээдүйн хаадын хожмын үйл хэрэгт үлгэр жишээ болохуйцаар тууривах журамтай. Энэ нь хожмын хаадад төдийгүй дараа үеийнхэнд гоёчилсон сайхан дурсамж үлдээх ёстой юм байна. Чухам үүнээс болж Хятадын “албан ёсны” түүх бичлэгт үнэнийг маш ихээр гуйвуулсан байдаг. Тодорхой жишээ гэвэл монгол Эзэн хаан Хубилай, манж Эзэн хаан Чиньлүн хоёр хоорондоо бараг таван зуун жилийн насны зөрөөтэй мөртөө гайхмаар ижил намтартайгаар хятад сурвалж бичигт бичигдсэн байдаг. Энэ хоёр түүхэн хүн хоорондоо төстэй байсандаа биш, харин аль алин нь хятадын соёл иргэншилд туйлын ээлтэй хандаж байсан учраас л ижилсүүлжээ.
 
Үнэхээр ч Хубилайд бие хүний хувьд хятадуудад таалагдахуйц, дурсахуйц олон сайхан чанар байсныг үгүйсгэх аргагүй. Тэрээр Хятадын төрийг эзэгнэхээсээ хавьгүй өмнө, бүр хар залуугаасаа хятад соёлыг ойлгодог, эд материалын ололттой ба дутагдалтай бэрхшээлийг мэддэг байсан. Гэхдээ залуу Хубилай ч, Чиньлүн ч эхэндээ төр захиргааны асуудлыг шийдэх туршлагагүй байлаа. Нүүдэлчид газар тариалангийн болон хотын суурьшмал иргэдийн зан заншил, ахуйг ер ойлгодоггүй байж. Иймээс ч гэм зэмд сэжиглэгдсэн хүмүүсийг шүүлгүйгээр бөөнөөр нь цаазлан хороох, тариан талбайг нь сүйтгэн малын бэлчээр болгох зэрэг үзэгдэл элбэг тохиодог байжээ. Харин Хубилай Эзэн хаан болсныхоо дараа туршлагатай эрдэмтэй хятад зөвлөхүүдийнхээ үгийг сонсож тэдний зөвлөсний дагуу төрийн олон бэрхшээлтэй хэргийг зөвөөр шийдэж байсан аж.[6] Тэрээр энэ зарчмаа үхэн үхтлээ баримтласан. 
 
Бумбын шашинтай боловч бусад шашныг хүндэтгэдэг Алтан улсын Лю Бинжон* (Liu Bingzhong), уйгарын Лянь Сисянь* (Lian Xixian), нутгийн хүчтэй удирдагч Ши Тяньзэ* (Shi Tianze), күнз суртлын эрдэмтэн Сю Хэн* (Xu Heng) зэрэг чадалтай эрдэмтэй олон зөвлөхийг Хубилай дэргэдээ байлган зөвлөлгөөг нь байнга авдаг байсан.
Ляо улсын хятанчууд, Алтан улсын зүрчид нар монголчуудыг бодвол илүү баян байсан нь тэд умард Хятадад асар их дээрэм тонуул хийсэнтэй холбоотой. Тэгвэл Хубилай эд баялаг хуримтлуулахын тулд тонуул хийснээс татвараа зөв авч байхыг илүүд үзэж байсан нь хятадуудад ч хавьгүй дээр, өөрийнх нь хаант улсын засаг захиргаанд ч ашиг тустай байжээ.[7]
Улсын багш Пагва ламаар Хубилай цоо шинэ дөрвөлжин бичиг зохиолгуулсан. Үүнийг нь хятадын бичгийн хүмүүс ил далдаар эсэргүүцэн хяхсан юм. Иймээс ч Мингийн үед бичгийн дурсгалыг нь ч устгажээ. Дөрвөлжин бичиг нь монгол хэлд зориулсан эд биш. Энэ бол үндэстэн болгон, хэл болгонд тааруулсан дундын галиг юм. Олон үндэстний улс захирч байсан тэрээр үндэстэн хоорондын ялгааг ойртуулах гэж ийм зүйл санаачилсан байж болох юм. Чингис хаан үндэстний нэгдсэн танигдахуун үгүй, бие даасан олон овог аймгийг нэгтгэж нэг үндэстэн үүсгэсэн. Хубилай үүний жишгээр эзэгнэсэн газраа үндэсний нэгдсэн танигдахуунтай болгох гэж мөрөөдөж байсан байж болох. Иймэрхүү төстэй жишээ нэг бус бий. Тэрээр күнзийн суртлыг таашаадаг, бумбын шашныг хүлцдэг нь Чингисээс уламжлагдсан хүлцэл байх.[8] 
Тэгсэн мөртөө хятад хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, үндэстнүүдийг дугааралсандаа тэднийг хамгийн доод эгнээнд тэднийг тавьж байсан. Хубилайн цэргийн ихэнх нь хятад хүмүүс байсан. Гэтэл өөрийн армид нь байсан хятад цэргүүд 1262 онд монголчуудын эсрэг бослого гаргажээ. Бослогыг дарсны дараа удирдах албад байсан бүх хятадуудыг зайлуулаад удирдлагад зөвхөн монгол хүмүүс, хожим нь хятад биш өөр үндэстнүүдийг тавьсан байна. Үүнээс хойш Хубилай хятад хүмүүст огт итгэхээ больсон юм. Магадгүй ингэсэн учраас ч дийлддэггүй Ханжоуг буулгаж авсан, Өмнөд Сүн улсыг нэг мөсөн дарж авсан. Хятадуудаас зай барьсны хүчинд ялалт байгуулсан гэдэгтээ Хубилай бүрэн дүүрэн итгэх болжээ. Ийнхүү хятад, монгол гэсэн хоёр үндэстний хооронд хэдэн зуун жил үргэлжилсэн харилцан үл итгэлцэл үүссэн гэдэг.[9]
 
Хубилай нь Чингис хаан шиг байгаагүй. Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг өвөг эцгийнхээсээ өөр. Бусдын үгийг сонсдог, эргэн тойрныхоо хүмүүст хүндэтгэлтэй ханддаг зэргээрээ их ялгаатай. Харин Хятадад байгуулсан түүний төр хятадын ард түмэнд хэзээ ч огт таалагдаж байгаагүй. Хятадын эсрэг хэтэрхий гэмээр бодлого, дайн түрэмгийллээр хууль бусаар төр булаан авсан зэрэг нь түүнийг үзэн ядах шалтгаан байлаа.
 
Марко Поло өөрийн алдарт номдоо энэ тухай дурсахдаа:
 
Их хааныг хятад хүмүүс үзэж чаддаггүй байсныг та нар мэдтүгэй. Яагаад гэвэл тэрээр татаар засаг тогтоож хятадуудыг тэдэнд боол мэт үйлчлэхээс өөр аргагүй болгосон. Их хаан Хятадыг захирах хуулийн эрхгүй, учир нь тэрээр Хятадын төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авсан гэж тэд үздэг.[10]
 
* Жонду буюу Төв нийслэл хэмээх хот нь зүждидийн Алтан улсын нийслэл байсан. Энэ бол өнөөгийн Бээжин хотын баруун өмнөд дүүрэг.  
 
* Лю Бинжон (1216–1274),Юань улсын шүүхийн ахлах зөвлөх.
 
* Лянь Сисянь (1231-1280) Юань улсын сайд.
 
* Ши Тяньзэ (1202 -1275) Юань улсын цэргийн жанжин. Юанийн улс төрийн амьдралд хамгийн нөлөөтэй сайд байсан.
 
* Сюй Хэн (1209–1281) Күгкийн сурталтан, соён гийгүүлэгч.
 
[1] Cammelli, StefanoThe History of Beijing and how it became the capital of China (Bologna&Peking, 2003, www.academia.edu/3761415/History_of_Beijing_Preface)
 
[2] Perry, Frederick Saint Louis (Louis Ix. of France): The Most Christian King (Andesite Press,2017)
 
[3] Franke, H. Could the Mongol Emperors Read and Write Chinese ? (Asia Major III 1952), pp. 28-41.
 
[4] Марко Поло Орчлонгийн элдэв сонин (Улаанбаатар 1987) [Livre des Merveilles du Monde;  The Travels of Marco Polo]
 
[5] Rossabi, Morris Khubilai Khan: His life and Times (University of California Press 1988) pp. 429-453
 
[6] Grousset, Rene The Empire of the Steppes, A History of Central Asia (Rutgers University Press, New Jersey 1991) pp-248-249
 
[7] Rossabi, Morris Khubilai Khan: His life and Times (University of California Press 1988) pp. 414-417
 
[8] Waley, A. The Travels of an Alchemist: The Journey of the Taoist Ch’ang-ch’un from China to the Hindukush at the Summons of Chingiz Khan (Routledge & Sons, London1931)
 
[9] Rossabi, Morris Khubilai Khan: His life and Times (University of California Press 1988) pp. 426
 
[10] Марко Поло Орчлонгийн элдэв сонин (Улаанбаатар 1987) [Livre des Merveilles du Monde;  The Travels of Marco Polo]