sonin.mn
Яагаад гэвэл айл бүрийн хойморт хүрэх боломж зөвхөн тэдэнд бий. Цар тахал гарсны дараа зурагтынхаа өмнөөс холдохгүй болсон миний бие монголын телевизүүдийн мэдээг тогтмол үзэж байна. Цар тахлаас биднийг наадмын өмнө бүрэн салгана гэж амласан дарга нар маань эхэлж одонгоо тарааж, дараа нь сонгууль, наадмаа  хийж аваад манийгаа цар тахалтай нь үлдээчихэж дээ.
 
Одоо бид төр засагтаа хэрэггүй болсон юм болов” уу. Байдал арай илаарч байснаа сүүлийн өдрүүдэд дордож халдварын тоо нэмэгдэн иргэд олноор нэрвэгдэж цар тахлын харанхуй манан дундаас “Эхний яриа яасан вэ. Үүрд намайгаа мартаа юу” гэх дуу халина. Сонгогч олон чинь нь үхээд дуусчихвал та нарыг маань хэн сонгож, дарга нар маань хэнийгээ удирдах юм болдоо.Телевиз үзэх явцад сэтгэл эмзэглүүлсэн нөгөө нэг зүйл  бол яах ч аргагүй бидний хэл яриа. Хөдөөгийнхөн хотод ирээд үхэрнүүдээ |үхрээ| удирдаж |хариулахгүй|  чадахгүй засмал зам дээгүүр явуулдаг Эндшээнээс ямарч арга хэмжээг |хэмжээ| авахгүй байна. Сонингийн |сонины | эхний нүүрэнд |нүүрт| мэдээлснээр корона вирусний |вирусийн| 1800 тохиолдол бүртгэгдсэн нь дээд амжилт тогтоолоо. |Дээд амжилт тогтоож л байвал боллоо доо зайлуул| Эдгэрсэн зургаан мянга гаруй хүмүүсүүдийн |хүний| өмнөөс “Баярлалаа” гэж хэлмээр байна.|хэлэхгүй ч байж магадгүй| Энэ хуулинд |хуульд| хөдөөгийн малчид малын хөлийн татвар төлөх боломжтой боллоо. | малчид маань  татвар  төлөхийг  мөрөөдөөд  байсан билүү|  ОС ХХК  Иргэдийн эрх ашиганд |ашигт| ноцтой халдаж байна. Арчилсан |ардчилсан| намынхан хүчээ хуримтлуулж чадсангүй  |Д үсгийг нь өрсөлдөөн дундаа гээчихэж|. Том оврын жолооч нар аваар их гаргаж байна. Хэвлэлийн хурал явагдахад бэлэн болжээ. Тамирчид сайн тоглосон ч эцсийн мөчид хожигдож ялагдал байгуулав, Английн хунтайж Уильям цангаар |цанаар | гулгаж байна. Хэвтээ барилдааны хаан Цэцэг ...гээд ажиггүй ярьж байна л даа. Энэ эмэгтэй хэвтээ үедээ хаан, босохоороо хатан болдог байж. Нэгэн эмэгтэй: Би анх хөдөөний наадам үзсэн манайхан надад морь өгсөн. Тэр морь бол их онгироо морь байсан, намайг дээрээ суулгаж аваад л давхичихсан. Аймаар гоё” байгаа биз. Бид бүгдээр хуулинд, биенд, хэрэгжилтэнд, ашиглалтанд, асуултанд,  рекламны,  вирусний, сонингийн гэж хэнэггүй ярьдаг тэр нь бүр хэвшил болчихжээ. Сэтгүүлчдээс тавигдсан асуултанд |асуултад| одоо хариултыг |хариулана.| өгнө. Морин хуураа тоглож хуучин ёс заншлаа явагдуулж байна. Ийм олон асуултууд иргэдээс нилээн асуугддаг.  Манай залуус сэхээтнүүд ингэж ярьж байна.
 
Ядаж вирусийн|вирусний гэхгүй, рекламын| рекламны гэхгүй|, ашиглалтад |ашиглалтанд биш , асуултад, хуульд |хуулинд гэхгүй |  ... гэх мэт байнга хэрэглэдэг хэдэн үгээ зөв хэлээд сурчихаасай даа.  Илүүдсэн Н, идэвхгүй үйлийн жишиг цар тахал мэт болжээ. Бас үсэг нэмдэг мэнгэрч бий. Багиш, импгэс солоонгос |солонгос|, талах |талх|...гээд л байнаа, байна. Өнөөдөр монголын телевизүүдээр, ярьж бичиж байгаа хэл яриа  сумочдын хэллэгээр бол “Алдааны их дэлгүүр” болжээ. Тэд сайжруулах талаар бодохгүй байна.
 
Бидэнд сурах зүйл олон боловч  гарцаагүй сурах зүйл бол эх хэл юм
 
Бүхний манлайд яваа МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд гишүүд шинээр нэмэгдсэнээс хойш нилээд хугацаа өнгөрлөө. Энэ бол тус байгууллагад шинэ арга барил, шинэ бүтээл нэвтрүүлж ажил сайжруулах үүрэгтэй төрөөс томилогдсон дээд удирдлага нь юм.
Тэд төр засгаас захиас ч их  авч байсан. Төрийн хэлний зөвлөл, Монгол хэлний хуультайгаа хамт энд үг дуугарах боломжтой байсан бол салхи сэвэлзүүлэх л байлаа. Сэвэлзсэнгүй.  Бусад асуудлаар УИХ-ааас үүрэг даалгавар хангалттай авсан удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид бүрэн дүүрэн дэмжигдсэн. Яагаад гэвэл төрийн эрхэнд гарсан улс төрийн хүчний бодлого, санхүүгийн бүрэн дэмжлэг дор үндэсний эрх ашгийн төлөө ажиллах үүрэг бүхий энэ байгууллага улс орон даяар мэдээлэл түгээх ийм том эрх, санхүүгийн боломжтой болж байгаа юм. Эрх бүр араасаа дүйцэх хэмжээний хариуцлагаа дагуулдаг.
 
 
 
“Монголын үндэсний” хэмээх энэ нэр бол иргэдэд энэ телевизийн хэл яриа, гарч буй мэдээг үнэн, зөв гэж итгүүлэх нэг боломж нь. Үүнийхээ төлөө манлайлах байр сууриа бэхжүүлэн ялангуяа эх хэлээрээ зөв ярьдаг нөлөө бүхий субьект байх учиртай.
 
 
 
Тэдний хэл ярианаас бусад нь үлгэр аваг. Ер нь монголчуудыг нэгтгэх  гол зүйлийн тоонд яах ч аргагүй төрөлх хэл гэвэл зөрөхгүй байх. Хэл бол маш их  нөлөө бүхий хурц зэвсэг юм. Иймээс би мэдээллийн хэрэгслүүдийн ярьж, бичиж буй эх хэлний тухайд иргэний үгээ хүргэсү. Нийгэмд асар нөлөөтөй манай телевизүүдтийн ярьж буй монгол хэл бол хамгийн зөв, хамгийн соёлтой нь байх ёстой гэж би боддог. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” монголч олон эрдэмтэний чармайлтаар хэвлэгдэн гарсан. Олон нийтэд хангалттай хүртээгүй байгаа ч цахим сүлжээнд бий. Дашрамд бид сошл, сошиал ертөнц  |social| энэ тэр гэж олон янзаар буруу зөрүү хэлж байснаас |нийгмийн| цахим сүлжээ гээд хэрэглэвэл яасан юм. Гадны үг хэллэгийг хэл яриандаа өргөнөөр нэвтрүүлэх нь тэдгээр орны соёл иргэншлийн нөлөөнд өөрийн мэдэлгүй орж буйн нэг илрэл болно. Мэдээж шинээр гарсан дээрх толь ТВ-ийхэн болон бусад сурвалжлагч нарт ч бас хамааралтай. Ингэж эх хэл маань эзэнтэй, эмхтэй болох буй зээ. Бид үндэсний өв соёл хэмээн их ярьдаг ч гадны хэл яриагаар цээжээ дүүргэж боломгүй мэт санагдана. Монголч эрдэмтэдийн хурал болж, Адъяа докторын хуучны үгсээ сэргээж, гадаад үгийг орлуулах тухай сонирхолтой ном зохиол хэвлэгдэн гарлаа. Үүний араас хийх ажлууд бол байна шүү дээ.
 
Хурдны морь унадаг тэр хүү мориныхоо цолыг аймаар гоё умшдаг |уншдаг| гэж нэгэн сэтгүүлч ярьж байна л даа. Энэ ганц өгүүлбэр дотор ямар олон хэл зүйн алдаа, эргэлзэл байна аа. Хурдны морь унах уу, хурдан морь унах уу, цол унших уу, дуудах уу, хурд нь морио юу, морь нь хурдаа тодотгох уу гээд л асуудал байгаа юм. Эндээс эх хэл бол хүн бүр |тэр тусмаа олонд асар нөлөөтөй ТВ-ийн сурвалжлагчид| эрдэм мэдлэг харгалзахгүйгээр заавал эзэмших ёстой боловсрол... гэдэг үг эхэлж байна л даа. Одоо яах вэ дээ. Мэдэхгүй бол ичихгүй гэж...үг бий.
 
Яагаад гэвэл дээрх сурвалжлагч бусдын шүүмжилд өртөж буйгаа өөрөө ч мэдэхгүй шүү дээ. Энэ залуу хүүхдэд буруу өгч зэмлээд дээрдэхгүй байх.  Эцэг, эхчүүд бид хойч үеэ ийм л үг хэлтэй үлдээж байна. Цол унших  бус дуудах, аймаар сайхан бус маш сайхан гэх маягаар бид түүнд хэлж зааж сургах л учиртай байжээ. Аймаар мөртлөө сайхан юм байхгүй шүү дээ. Монгол хэл бол маш нарийн мэдрэмжтэй, утга агуулга нь ганц нэг үсэг дээр ч хүртэл өөрчлөгддөг юм. Бүх боломжийг нь ашиглаж чадвал шүү дээ. Уншигч Та гадаа хэн ирж байна гэж асууя гэж төсөөлье. Дорж байна гэвэл  нэг өөр, Дорж л байна... гэвэл бас өөр шүү дээ. Би жирийн иргэн тул энгийн зүйл дээр л ярьж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол эх хэлний тухай эрдэмтэдийн хурал,  шүүмж яриа, сэдэвт нэвтрүүлэг байнга гарч энэ талаар санаа зовж, ам нээсэн мэргэдийнхээ үгийг дэмжин, давын өмнө олон нийтийн хүрээнд хийж болох энгийн зүйлийн талаар өөрийн саналаа хуваалцъя гэж бодлоо.
 
 
 
Эрдэмтэн мэргэдийн үг, хууль журам, хурлын шийдвэр бүхэн чинь нийтэд  хүрэхгүй өнгөрч байна. Үүний араас холбоос болох маш энгийн ажил зохион байгуулах шаардлагатай. Монгол хэлний төрөл бүрийн тэмцээн уралдаан, таавар, зөв бичиг, хэл ярианы сэдвээр ялангуяа хүүхэд залуусын дунд тэмцээн уулзалт зохиох хэрэгтэй.
 
 
 
Сургуулиуд багаар өрсөлдөж болно. ТВ-үүд ийм хүүхдийн нэвтрүүлэгтэй больё. Энэ бол эрдэмтэдийн үг, төрийн шийдвэрийг жирийн иргэд залууст хүргэх гол  ажил болно. Эх хэл гэдэг бол улс үндэстний удам угсааг хамгаалж, тусгаар тогтнолын бие даасан чанарын цөм болдог оюун ухаан, сэтгэхүйн хүчирхэг зэмсэг юм. Энэхүү хүчирхэг зэмсгээ мохоовоос бид өөрсдөө мохох болно. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян... хэмээн айлдсан нэрт яруу найрагчаасаа хойш өнөөдөр бидний  хэл хазгай, хил задгай, мал өвчтөй, хэн ядуу гэвээс жирийн монголчууд ядуу үлдэж дээ. Бид аюулт халдварт нэрвэгдсэн ч төрийнхөө ивээл дор арай ч өлсөж үхэхдээ тулаагүй л дээ. Харин эх хэл маань бол өлбөрч,  харангасч байна даа.
 
Хүүхэд эхийн умайд бүрэлдэхээсээ эхлээд л заяамал мэдрэмжээрээ ямарч хэлний авиаг сонсож тогтоож авах чадвартай байдаг. Үндэстэн ястны бүх хүүхэд адилхан. Иймээс хүүхэд ямар л авиалбар сонсоно түүнийгээ ой тойндоо шингээх болно. Мэдээж  монгол хүүхэд монгол авиа сонсож, цаашид эцэг эхийнхээ хэлж, ярьж буйг даган хэл яриа нь ул сууриа олж төлөвшин үүгээр дамжин хүмүүжиж, зөв хүн болдог зүй тогтолтой. Эцэг эх нь хэл яриандаа ямар үг хэрэглэнэ түүнийг л сурна. Баярлалаа, уучлаарай  гэнэ үү, хуц, уль гэнэ үү, түүнийг чинь л дуурайх болно.  Буурлууд маань үр хүүхдээ ураг болсноос эхлээд балчир насанд нь эрүүл чийрэг өсгөж, бага насанд нь зөв хүмүүжил, өсвөр насанд нь бие болоод бусад согогийг засч амьдрах ухаан, мэдлэг боловсролд хүргэх учиртай... хэмээн сургадаг байлаа. Эхийн умайд буй болсон ураг ч гэсэн эх хэлээ сонсож байх учиртай тул жирэмсэн эх муу үг сонсохгүй, улай үзэхгүй байх хуучны ёс энэ бүхэнд хамааралтай. Иймээс хий настай гэж буй нь эхийн хэвлийд байх үе юм. Эцэг эхчүүд бид үглэхээс үлгэрлэ... гэж, залгамж хойч үеэ зөв, төгс ярьж, зөв сайхан бичиж, зөв ойлгомжтой дуудахад нь үлгэрлэн дагуулж, ямагт засч чиглүүлж байдаг. Иймээс эцэг, эхчүүд, багш нар тэдэнд юу заана, ямар л үг хэрэглэнэ  хүүхэд чинь түүнийг л сурдаг гэдэг нь үнэн юм шүү.  Ингэж цааш дамжин эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурахыг л дархлаа гэх буюу иймэрхүү энгийн зүйлээс л эх хэлний маань суурь бүрэлддэг ажээ. Мэдээж үүн дээр төрийн, эрдэм шинжилгээний, мэргэжлийн, мэдээллийн, олон нийтийн, албан бус боловсролын байгууллагуудын явуулж буй бодлого, үйл ажиллагаа орно. Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлэх, ядаж төрийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэмжээнд зөв төгс ярьж, бичиж, бусдад ойлгуулахыг хүсч буй утга санаагаа бүрэн, эмх цэгцтэй илэрхийлнэ гэдэг тэр улс, үндэстний соёл боловсролын түвшинг илэрхийлж буй чухал үзүүлэлт, нийгмийн дэвшил, соёлын нэг том хэмжүүр юм.
 
Төрөлх хэлний язгуур утга, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг, тийн ялгалын хэрэглээнд гарч буй өнөөгийн гажуудлыг хойч үедээ залруулж, зааж сургахгүй бол этгээд буруу яриа, хэлж буй үг илэрхийлэх гэсэн утга, агуулгадаа авцалдахгүй байх, арын өгүүлбэр өмнөхөө үгүйсгэх явдал хаа сайгүй байдаг болжээ. Энэ мэт монголоор “аймаар” ярьж, бичиж чадагсад нэмэгдсээр нийгмийн гажуудалд хүргэдэг “нялхсын өвчин”-д эх хэл маань нэрвэгдэж буйг уншигч Та анзаарсан буйзаа. Үүнийг нийтийн хэмжээнд эдгээх арга чарга байдаг бол цаг нь нэгэнт тулжээ.
 
Уул нь бид бол өөрийн гэсэн өв соёл, хэл яриа, бичиг үсэг, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу аж амьдралаа зохицуулж заншсан улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх, соёлын өвтөй ард түмэн юм шүү дээ. Энэ бүхнээ бид хамгаалж байх ёстой, эс тэгвээс бид эх хэлээ, өв соёлоо гээнэ, эх хэлээ хамгаалахгүй үндэстнийг бусад орон хэзээ ч хамгаалахгүй. Энэ бол бидний тусгаар тогтнолын маань жинхэнэ хил, үндэсний өв соёлын маань суурь, умартаж үл болох эрхэм нандин зүйл, умартваас монгол, монгол биш болно. Үзэг цаас нийлүүлж, үнэн худлыг дэнслэн гартаа ган үзгээ барьж авилгачдын зүрхийг сугалахаар буй өнөөгийн “догшин Жамсран“ гэмээр сэтгүүлчид маань л эх хэлнийхээ манаанд “хоточ нохой” нь болж зогсмоор байгаа юм. Гэтэл сэтгүүлчид, төрийн түшээд, УИХ-ын эрхэм гишүүд, сурвалжлагчид нарын |заримынх нь| хэл яриа, бичиг бол... хэцүү дээ.  Няхуур хүн бол иймэрхүү хэллэг бүхий хэдхэн үгийн солион дээр л “тэр нэгэн ямар шүү боловсролтой хүн бэ” гэдгийг тодорхойлж чадах байх. Эх хэл бол гаднаас зөөдөг бараа таваар биш, хөрөнгө зээл ч биш, энэ бол зөвхөн бидний дотор байдаг монгол хүн монголоо алдахгүй байх дархлаа юм. Бид эх хэлээ элэг эмтрэм гажуудалд оруулаад зогсохгүй хойч үедээ эл гажуудлыг лавтай суулган үлдээж байгаа нь нэн харамсалтай. Нийгмийн манлайд явдаг төрийн түшээд, сэтгүүлчид, залуус бүгд эх хэлний дүрмээ зөрчин “мэндийг хүргэх”, “гэрээг байгуулах”, ”төсвийг батлах”, “асуултыг тавих”, ”ялалтыг байгуулах”, “ашиглалтанд оруулах”, “амлалтыг биелүүлэх”, “олон эрсдлүүдийг дагуулах” гэх мэтээр ярих нь өнөөдөр ердийн үзэгдэл болчихжээ. Сонгууль өгөх, мөнгө цуглуулах, ялалт байгуулах, хуулинд |хуульд| заах, худалдан авалт хийх... гэх мэтээр ярьж буйг тайлбарлах нь илүүц буйзаа. Нэгэн залуу эмч эмнэлгийнхээ тухай ТВ-д: Өвчтөнгүүд биднээс тээ... нөгөө нэг тээ ... маш олон асуултуудыг асуудаг байгаа тээ... гээд л ярих юм. Өвчтөнгүүд бишээ, өвчтөнүүд,. мэргэжилтэнгүүд бишээ мэргэжилтнүүд, гурилны үнэ бишээ, гурилын үнэ, ширхэг мал бишээ, толгой мал  гээд бичвэл дуусахгүй.  Бас нэг өндөр албан тушаалтан “Хөдөөнөөс ирсэн айлууд бол хотын утаа нэмэгдэхэд маш их хувь нэмэр оруулсан. Одоо хотын төв буюу бидний хэлдгээр “Down town”–д ганц ч яндангаас утаа гарахгүй байгаа” гэж ярьж байлаа. “Хувь нэмэр оруулсан” бус нөлөөлсөн гэвэл тохиромжтой байхаа. “Бидний хэлдгээр” гэдэг нь өөр хэн ингэж хэлж байгаа юм бол, лав л өөрөө юм байна. Нэгэнт л хотын төв гээд л хэлсэн бол заавал  “down town” гэх нь илүүдсэн эсвэл зориуд чамирхсан хэрэг болов уу. Аялал жуулчлалын нэгэн эрхэм боловсон жорлон барьж, хоггүй болоод гаднаас ирсэн жуулчдын нүүрийг тахлах юм гэнээ. Ийм л бүдүүлэг зүйрлэл бүхий хэллэгтэй болж байгаа юм байна даа, аялгуу сайхан монгол хэлний баялагт адууны туурай тахалдаг төмөр тахаар, арай гэж оруулж ирж буй жуулчдынхаа нүүрийг тахлаад.. гэх зүйрлэл бол бүдүүлэг хэллэг болох байх. Нэгэн эмэгтэй ТВ-д ярилцлага өгөхдөө хариуцлага, хариуцлага-responsibility... гээд л хэлээ хугалах шахам ярьж байлаа. Нөгөө нэг эр машин лизингдээд экаунт нээгээд гэж байхад бас нэг албан тушаалтан “малыг өсгөх”, “малыг эрүүлжүүлэх” талаар “тулж ажиллаж” байгаа гээд л ярих юм. Мал гэдэг үг заахын ТЯ болон олон тоог давхар илэрхийлдэг гэдгийг дунд сургуульд олж үзсэн л  баймаар юм. Дээр дурдсан эдгээр жишээнүүдэд нөгөө л хэмнэлтийн зарчим, тооны нэр, тогтсон хэллэг, найруулгын ур чадвар бол даан ч алга. Нэг гуанз үүдэндээ Geriin khuushuur гэж бичээд хаяг тавьжээ. Юу ч гэмээр юм. Энэ гуанз олон боломжоос хамгийн мууг нь сонгочихож, гадаад хүн эсвэл монгол хүн хоёрын аль алинд нь үл ойлгогдох хувилбар эрж олоод тавчихаж байгаа юм. Ер нь бол ийм алдааны цуглуулга мэт молхи яриа түгээмэл болж, улс төрчид, ТВ, сонин сурвалжлагчид тэр дундаа спортын тайлбарлагч нар манлайд нь яваа. Тэд мэдээж зориуд ингэж яръя гэж бодоогүй шүү дээ. Ердөө л өөрсдийнхээ энэ нийгэм дунд сурсан хэмжээнд л ярьж байна. Бидний өсч төрсөн нийгэм маань, олж авсан хүмүүжил, боловсрол маана нь л энэ. Энэ чинь бидний эх хэлний боловсрол өнөөдөр ямар түвшинд буйг илэрхийлж байгаа хэрэг. Эхлэл нь ийм гүнзгий тул тэндээс нь л зөв эхлэх хэрэгтэй байх. Эдгээр хий үзэгдлүүд УИХ, ТВ-үүдээс эхлээд манай бүх яриа, титр, цахим сүлжээнд бүр ч илүү нэвчсэн буйг бид бүгд үзсээр, сонссоор атал анзаарсан нь даанч үгүй, хээр талд эзэнгүй орхисон мал лугаа адил нийтийн сүлжээнд бэлчиж байна. Үгийн сонголт, байрлал буруу, найрлага, тодотгол, гарчиг нь доторх бичвэртэйгээ авцалдахгүй, зүйрлэл нь тохиромжгүйгээс гадна, хэл бичгийн дүрмийн алдаа мөн ч их болжээ. Билгүүн номч, их эрдэмтэн Ринчен абугай маань “Дуурь бүжгийн улсын театр”, “Хоёр амтай шувууны буу”  гэх мэт бичиж, ярьдаг хэмээн шүүмжилж байсныг эцэг эхчүүд санаж байгаа байх. Тэр үед иймэрхүү үгийн байрлалын алдаа гаргасан сэтгүүлч ажилдаа үлдэх эсэхээ шийдүүлдэг, сонин сэтгүүл, телевиз, радио нийтлэл, нэвтрүүлгээ олон нийтэд хүрэхээс өмнө хатуу хяналт дор шалгаж гаргадаг байсан юм. Энэ бол үзэл суртлын цензур бус ажлын хариуцлага гэдгийг хэлэх нь зөв байх. Энд төрийн хэлний зөвлөл |билүү нэг байгууллага бий| билгүүн нүүрээ үзүүлэх нь зөв байх. Өдгөө ч мөн “Цоо шинэ солоонгос бараа..” гээд л ам мэдэн хашгирч байна.
 
 Эндээс харахад манай нийгмийн эх хэлний боловсрол бүх шатандаа доройтсон нь илэрхий байна. ТВ бол нийтийн мэдээллийн гол хэрэгслэл тул түүний ярьсан, бичсэн бүхнийг ард иргэд үлгэрлэн авна. Монгол хэл бол баялаг үгсийн сантай, бодож сэтгэснийг бүрэн төгс илэрхийлэх шавхагдашгүй их чадавхтай агаад аль ч талаасаа асар их хүчтэй  юм.  Хэрэв бид бүрэн ашиглаж чадвал шүү дээ. Монголын соён гийгүүлэгч, сод мэргэн ухаантнууд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Л.Түдэв. Ч. Лодойдамба, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав Т.Галсан, Б.Лхагвасүрэн...  нарын үгээр урласан найраг бол монгол хэлний хосгүй уран чадавх, үгийн баялагийн гайхамшиг юм. Өнөөгийн ТВ-үүдэд хянагч, редактор, уран зохиолын ажилтан гэж байдаггүй бололтой. Хэрэв байдаг бол арай ч дээрх маягаар яримааргүй юм. Хянагч үгүй удирдах зөвлөл нь тоохгүй бол дотроосоо хэл аялага сайтай нэвтрүүлэгч нар, гавъяа бүхий ахмадууд бий шүү дээ. Нэвтрүүлэгч Д.Одзаяа, орчуулагч редактор Б.Түвшинжаргал, туршлагатай нэвтрүүлэгчид Б.Ганбаатар гавъяат, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, тоймч Т.Эрдэнэчимэг, Алтангэрэл,  нэвтрүүлэгч Г.Алтанбагана, залуус Б.Үүлэнсолонго, Л.Ундрал, Ц.Энхманлай... нарын зэрэг сайн сайн ажилтнууд мундахгүй бий. Тэднээрээ хэл яриагаа засч заалгаж болно.
 
Бидний өвөг дээдэс “Амны билгээс, ашдын билэг” хэмээн үгийн хүчийг шүтэж, хаана хэнтэй ярихаас эхлэн үгээ зөв сонгож, биеэ тохинуулж этгээд буруу хэллэг хараал, хэрүүлийг нүгэл хэмээн үзэж үндэсний уламжлал, өв соёлоо хамгаалсаар ирсэн түүхтэй. Гэтэл бид өнөөдөр элдэв хараалын цуглуулгаар хэл яриагаа баяжуулж, П.. гэдэг орос хараал заримынх нь амны уншлага болжээ. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд ӨО-ын тийн ялгалд давхар "Н" залгадаг энэ халдвар монгол үгсийн санд дэлгэрээд удаж байнаа. "Амжилтанд" хүрэх "биелэлтэнд” хяналт тавих, “ашиглалтанд” орох, “ялалтанд”, “хэрэгжилтэнд” хүрэх, гуталны засвар, рекламны самбар, кассны нярав гэх мэт. Манай сэтгүүлч тайлбарлагч нар Сочигийн олимп, сонингийн нүүр, рекламны цаг, олон шувуунууд, тэдэн ширхэг адуу гэх мэтээр мөн ч ажиггүй ярьлаа. Бас эгшиг нэмдэг мэнгэр ч бий. Багиш |багш|, увас|увс|, солоонгос |солонгос|, индгэс  |индекс|, санкиц |санкц| .. гээд л байнаа байна.
 
Улаанбаатар хот маань гудамжаа их эрдэмтний нэрээр нэрлэхдээ Б.Ринченгийн гудамж гээд бичсэн байна лээ. |Баянгол зочид буудлын ар| Бодвол их эрдэмтэн зохиолчийнхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн, нэрэмжит гудамж гаргасан хэрэг биз. Харин их эрдэмтэн үүнийг үзвэл яах байсан бол. Манай цахим чөлөөт лавлах хэмээх Википедиа-д Рэнчин, Ринчин, Ренчин, Ринченгийн намтар, Ринчиний Чойном.. гэх мэт мөн ч олон янзаар бичжээ. Онохдоо тааруу гөрөөч олон сум тавиад... ядаж нэг нь тусах буй гэх маягаар гаргаж дээ. Нийслэл маань очиж, очиж их эрдэмтнийхээ нэрэмжит гудамжийг алдаатай бичсэн болж таарч байгаа юм. Ер нь бол  гудамжний нэр ядаж л эхлэл төгсгөл хоёрт нь заавал бичигдсэн байх шаардлагатай тэнд нь буй улсын, хувийн хэвшил |байр| үүнийг хариуцах учиртай юм. Гудамж бүрийн нэгдүгээр давхарын эх, адгийн эгнээнд буй байгууллага, аж ахуйн нэгжүүд гудамжний нэр тавих үүрэг хүлээдэг журам гаргах нь зөв буй.
 
 Зөвхөн шүүмжлээд зогсох бус үүнийг ядаж нэг талд нь гаргах юмсан. Ингэж бичиж, ярих нь зөв бурууг эрдэмтэд маань ялгаж өгөх буйзаа. Иймээс Сочийн олимп уу - Сочийгийн олимп уу, Ринчений гудамж уу - Ринченгийн гудамж уу, Рекламын цаг уу - Рекламны цаг уу гэж асууя. Нийслэлийн энэ дүрмээр бол одоо Бямбаагийн Ринчен, Ринчингийн Чойном, Дамдингийн Сүхбаатар гээд дахин шинэ гудамж гаргавал ч ёстой л “есөн шид нь бүрдэх” гэдэг нь болох байх. Манайд гудамжний нэр олж унших гэдэг бол тамын ажил. Ийм болохоор л иргэд тогтсон хаяг хэрэглэхгүй тэр өндөр хүчдэлийн шон, гуу жалгын наана цаана гэж ярьсаар зуршжээ. Зарим маань ам нээх болгондоо л “Тэгвэл”, “эсгүй бол” гэж өгүүлбэр эхэлж дуугардаг юм байна. Ийм нөхцлийг өмнөх өгүүлбэрийнхээ утга, санаатай уялдуулан хэрэглэдэг юм шүү дээ. Монгол хэлний ихэнх нэр мал, мах, цас, бороо, ой, мод, өвс гэх мэт үгс олон тоо болон заахын тийн ялгалыг давхар илэрхийлдэг. Мал хариулах, мах идэх, ой хамгаалах, өвс хадах... гэх мэт. Малнууд, цаснууд, ойнууд, өвснүүд, махыг идэх, малыг хариулах, ойг хамгаалах өвсийг хадах гэхгүй шүү дээ монгол хүн. Жинхэнэ биеийг төлөөлж буй Та нар, Тэд нар гэх мэт төлөөний үгийг зөвхөн хүн дээр  л  хэрэглэнэ. Бид нар, тэд нар гэх мэт хоёр гуравдугаар биеийн олон тоо дээр хэрэглэнэ. Адуу нар билчээрт гарав. Хөвсгөл далайд завь нартай зугаалав гэхгүй. Бид хэлээд л, бичээд л байдаг тэр нь буцах хаяг, буух эзэнгүй, зэрэглээ  мэт тэнүүчилж явсаар өдгөө нутагшиж ижилсэн дасаад үл анзаарагдах болжээ. Ялангуяа зар мэдээ уншихад бүр илүү ажиглагдаж байна. Одоо бүр улс нийгмийн цахим хэмжээнд өргөн дэлгэрч лавшран үлдэх шинжтэй боллоо. Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гажуу, этгээд хэллэгүүд гаргадаг талбай, эсвэл ТВ-д тав, гурван минутын цагтай, мөн ийм цэнгээнт нэвтүүлэгтэй байя. Үүгээр буруу ярьж, бичигчдийг гаргаж залруулж байя. Олон нийтийг хамарсан цээж бичиг, монгол хэлний шалгуур уралдаан, тэмцээн, дунд сургуулийн сурагчдын дунд үг үсэглэх болон цээж бичгийн уралдаан, монгол хэлний олимпиад тогтмол зохион явуулъя. |Иргэд, албан хаагчид,сурагч, оюутан гм  ангиллаар ч гэсэн адил|. Мэдсээр байж буруу бичиж, ярина гэж үгүй тул өөрийхөө алдааг олж мэдсэн хүн дахиж алдахгүй.  Мэдэхгүй бол ичихгүй шүү дээ. Иймээс бид мэдлэгээрээ хөгжих нь үүний хэмжүүр болно. Монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн түвшин болон элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл бичгийн суурь онооны босгыг ерөнхий боловсролын сурагчдынхаа монгол хэлний мэдлэгээр судалгаа хийж |дундаж хүүхдийн жишгээр| шинээр тогтооё. Бид монгол хэлнийхээ дундаж түвшин дээшлүүлэх систем боловсролын бодлогодоо суулгамаар байгаа юм. Эх хэлний өдөртөй болж үүгээрээ орон даяар цээж бичиг, хэл уран зохиолын тэмцээн уралдаан зохион байгуулан тэмдэглэдэг байя. Монгол хэлний байгууллагууд, Монгол хэлний тухай хуульд |Монгол хэлний хууль гэвэл яасан юм?| нэгдэн дагасан Төрийн хэлний зөвлөлтөйгөө хамтраад иймэрхүү зүйл санаачилж хиймээр байгаа юм л даа уул нь. Олон нийтийн зөвлөл ч байж болох.  Залуус маань эх орныхоо үүх түүхээ мэдэхгүй, бид ч заахгүй байна. Хорьдугаар зууны үеийн монгол орны түүхийн асуудал бол хүүхэд залуус байтугай насанд хүрэгчдэд ч ойлгоход ээдрээтэй болсон. Үүнийг аливаа улс төрийн хүчний нөлөөгөөр элдэв өнгө будаг нялах бус, бодит үнэн баримтаас авч үзэх учиртай юм. Харамсалтай нь манай дунд сургуулийн сурах бичгүүдэд энэ талаар юу ч тайлбарладаггүй өнөөг хүрлээ. Дашрамд манай дунд сургуулиудын монгол хэл, уран зохиол, түүхийн хичээл бол “яахав дээ” л болсон байгаа. Боловсролын байгууллагууд  энэ бүхнийг хянан үзэж нэг талд нь гарган, бал бурам шиг худал түүхтэй явснаас гашуун ч гэсэн түүх үнэн байх нь зөв буйзаа. Ингээд л яриад байвал хийх юм их байгаа юм л даа уул нь.
 
Бид хоорондоо эв түнжингүй, хариуцлагагүй, ёс суртахуунгүй, танхай дээрээ одоо монгол хэлээ мохоовол улам доройтох болно. Дагаж мөрдөх ёстой монгол хэлний үгсийн дүрмийн хэд хэдэн эх сурвалж бий л дээ. Мөн цахим сүлжээнд саяхан гарсан монгол хэлний тайлбар толь |монголтоль.мн| монгол хэл зүйн дүрэм |монголхэл.мн|, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 18 мянган толгой үгтэй Монгол хэлний үгсийн дүрэм |1983| ховордсон байгаа. Үүнийг дахин хэвлэж хэрэглээнд гаргавал яасан юм. Мөн их эрдэмтний анх гаргасан “Монгол хэлний толь бичиг” бол ардаа мянган жилийн хуанли оруулснаар тэрээр өөрөө буруутаж Толь бичгийнх нь хуанлийг шатааж устгасан тэр толийг нэхэн хэвлэвэл сайн үйл болно. МУ-ын ШУ-ны академиас Л.Болд нягтлан хянаж гаргасан Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь |таван боть 2008|  өөр толь үгүй бол цахим сүлжээнд нилээдгүй бий. Дээр нь зөв бичих журамласан толь гарлаа.
 
Үгсийн санд бэлхэн буй монгол үгээ зориуд гадаад үгээр орлуулж чамирхан ярьдаг хэнээрхэл бидний дунд байна хэмээн их шүүмжилдэг. Ийм юм  ч бас бий. Нөгөө талаас Монгол улс өөрөө импортлогч орон тул бидний хэрэглээнд орчин цагийн хөгжил, шинэлэг технологи, шинэ нээлт гэх мэтээр дамжин гадаад үг олноор орж ирэх нь өдөр тутам болж байна. Гадаад үг авч хэрэглэх ба эсвэл монголчлох гэхээр үүний эсрэг орлуулж тавих бэлэн үг манайд байхгүй байна. Бидний түвшин ийм л байна.
 
Бид дэлхийн том том байгууллага, улс гүрнүүдтэй харилцаж байна. Үүнийг дагаад гадаад үг хэллэг өргөнөөр орж ирдэг. Эх хэлнийхээ дархлааг хамгаалъя гэвэл үүнийг шийдэх эрх зүйн орчин шаардлагатай болжээ. Биржийг бирж, Банкийг банк, ипотекийг ОС-ны зээл, помидорыг улаан лойл, гэе гэх мэтээр гадаад үг нийтийн хэрэглээнд чухам яаж орохыг нэг мөр шийдье үүнээс хойш. Аудит гэж ер нь юу гэсэн үг юм бэ гээд нэг сайн тайлбарлаад өгөөч, эсвэл монгол хувилбар байвал гаргавал яасан юм. Саянаас эрвээхий, дэгдээхий, хэл зүй хэмээн бичих болж хатуугийн тэмдгийг язгуур үгэнд хэрэглэхгүй тухай журамлаж байна. Эрвээхэй, дэгдээхэй,  хэлзүй, авиазүй гэх мэт олон жил ярьсаар нэгэнт хэвшсэн үгсийг тэр хэвээр нь үлдээвэл яасан юм. Олны толгой  эргүүлэхийн нэмэр.
 
Мэдээж бид гадаад хэл сурахыг хориглох бус харин ч нөгөө талд анзаарах зүйл бас бий. Өнөөдөр залуус маань гадаад хэлгүй бол орчин үетэй мөр зэрэгцэн явах ямарч боломжгүй, тэд өндөр хөгжилтэй орнуудын |нэгээс хоёр| хэл сурч орчин үеийн шинэ технологи, шинжлэх ухааны ололтуудын уулзвар дээр шууд ажиллах чадвартай байх шаардлагатай болж байна шүү дээ. Гадаад оронд илгээж буй дипломатууд заавал тэр орныхоо хэлийг мэдэх албагүй хэмээн удирдлагууд тайлбарлаж байна лээ. Эх хэлийг нь мэдэхгүй бол яаж тэр орныг судалж,танилцах  улс орноо төлөөлөх юм. Дээр нь  түүнийг дагуулж орчуулагч явах шаардлагатай болно. Хэлгүй бол хөлгүй гэж..
 
Эцэг эхчүүд хүүхдээ хэзээ гадаад хэл сургах нь зөв бэ гэдгийг өөрсдөө шийдэх буй заа. Эхний ээлжид монгол хэлээ анхаарах хэрэгтэй байх. Нэг үгийн олон утга, хувилбар байвал түүнийг өгүүлбэрийн утга, дараах үгсээс нь тайлдаг. Мөн олон янзаар бичиж эргэлзээ төрүүлдэг 700 үгийг 2011 онд билүү, манай эрдэмтэд нэг мөр болгосон ч тэр нь  хэрэгжээгүй гэдэг нь өнөөг хүртэл амьдралд харагдаж байгаа. Эцэг эхчүүд бид үр хүүхдээ багаас нь зөв цэгцтэй ярьж сургах, хэлэх үгээ зөв сонгоход нь байнга анхаарч, эс тохирох үг хэллэгийг, уйгагүй засч залруулж, агуулгадаа тохирсон үг олж хэлүүлж байх учиртай юм. Бид хүүхдээ сургуульд оруулчихлаа гээд санаа амарч, нүдэн балай, чихэн дүлий орхичихож олохгүй.  Энэ бол Та бидний үргэлж санаж явах олон чухал зүйлээс мартаж үл болох онцгой үүрэг. Бид өсвөр хойч үеэ зөв ярьж сурахад анхаарал сулруулснаар өөрсдөө монгол хэлээ дархлаагүй болгож байгаа нь илэрхий ажиглагдаж байна.
 
Жил болгон шинээр хэвлэдэг ч хичээлийн жилдээ багтаж сурагчдын гар дээр очдоггүй сурах бичгүүдийг цэгцлэх хэрэгтэй.  Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сурах бичгүүдэд буй алдаа мадгийг даруй засч шинээр сургалтад гаргахыг улс орон даяар нэг мөр болгох хэрэгтэй байхаа. Хувийн тэр олон сурах бичгээс хамгийн сайн нь гэвэл төр худалдаад аваг. Монгол хэлний сурах бичиг түвшин тус бүрт төрөөс батлагдсан зөвхөн нэг л хувилбар улс даяар байвал зүгээр юм. Төр, хувийн хэвшил  адилхан.  Есдүгээр сарын нэгэнд сурах бичгүүд сурагчдын гар дээр хүрээгүй бол хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг байя. Бага ангийн монгол хэлний сурах бичгийг Энх-Амгалан сайд Та нэг сөхөөд үзээрэй тэндээс үг үсгийн, утга найруулгын алдаа бараг л хуудас болгоноос олох болно. Ер нь бол сургалтын системээ тогтвортой болгох л шаардлагатай. Хүүхэд дунд сургууль төгсөх явцад сургалтын систем |засаг солигдох тутам| өөрчлөгдөж тэр нь боловсролын агуулгадаа нийцэхгүй байж болох юм уу. Олон жил үргэлжлэх үр дүн багатай төслүүд болон монголын онцлогт үл нийцэх системүүдийг судалгаагүйгээр хуулбарлаж нэвтрүүлсэн зүйлээр бид балчир үрсээ хэтэрхий их ачааллаар дарж, өсвөр үеийнхээ толгойг байн байн эргүүлмээргүй л байна. Нийгэм хөгжин боловсрох  гол найдлага болсон байгуулагуудын маань сайд дарга нар нь сонгуулийн дараах жил болгон солигдог ч ажил нь сайжирдаггүй, хариуцлага ч хүлээдэггүй харин хувийн сургуультай, эсвэл хувийн эмнэлэгтэй болж аваад л гардаг. Багш нар, арга зүйчид боловсролын бүх байгууллагууд сургалтын болон үйл ажиллагааны бодлогоо нэг чиглэлтэй байлгамаар юм. Яагаад гэвэл үүний ард зөвхөн нэг л хэрэглэгч бий. Энэ бол Та бидний үр хүүхдүүд шүү. Тэд боловсролын бодлого хэзээ сайжрахыг хүлээхгүй, яг өнөөдөр л хэрэгтэй. Багш нар хүүхдүүдэд монгол хэлний мэдлэг, зөв хэрэглээг түлхүү зааж сургавал, тэднээс илүү өргөн мэдлэг шаардах эрхтэй болж, сурагчдын хэл яриа цэгцэрч, мэдлэгийн түвшин дээшлэнэ шүү дээ. Бага наснаас нь ахмадыг хүндлэх, хүнтэй зөв мэндлэхээс эхлээд, арван хурууг нэрлэж, арван хоёр жилээ мэдэх гэх мэтээр зааж сургахаас л эхэлдэг. Үхэр дуугардаг бус мөөрдөг, морин дээр суудаг бус морь унадаг, дундаа нүхтэй мах биш сүүж, ширхэг мал бус толгой мал, сонгууль өгдөг бус санал өгдөг, жимс цуглуулах бус түүдэг, гэх мэтээр. Заахгүй, засахгүй байваас эцэст нь ямарч зөвлөл байгуулсан ийм л байх болно. Төр засгаас эх хэлний асуудлаар эрдэм шинжилгээний болон, олон нийтийн байгуулллагууд, эрдэмтэн мэргэд, хувь хүмүүсийг оролцуулан  дорвитой ажил зохиох цаг нэгэнт тулжээ. Уул нь төрийн хэлний хууль гэж бий л дээ. Харин төр маань өөрөө Үндсэн хуулинд заасан заалтанд  |хуульд, заалтад эрхэм гишүүдээ| өмчилж авсан “газрыгаа”, өр болсон “зээлийгээ”, эдийн засгийн “асуудлыгаа” гэх мэт ярьдаг болчихож, бас нэг сонин хэллэг гарч ирлээ. Эх хэл бол иргэн бүр заавал эзэмших боловсрол бөгөөд үүнийг мэдэхгүй хэн боловч бусдын нөлөөнд автамтгай болж, монгол гэх омог баахан байвчиг суурь оршихуй нь үгүй  болно. Үүнийг мартаж үл болохын учир ийм буюу.
 
 
Найдансүрэнгийн Бадарч