sonin.mn
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль өнгөрсөн оны хичээлийн жилд амжилт гаргасан багш, оюутнууд, шилдэг элсэгчдэдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол 21” сан, Капитрон банкны нэрэмжит нийт 34 сая 25 мянган төгрөгийн тэтгэлэг олголоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлэгт 3.2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд 6 удаа бичигдсэн Мэдээллийн технологи-4 ангийн оюутан Т.Буянхишиг, М.Амарзаяа, Б.Батхүлэг нар хамрагджээ.
 
 
 
Эдгээр оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлсөн байна.
 
 
 
Мөн Уул уурхайн ашиглалтын технологийн ангийн оюутан Д.Бямбарагчаа, Мэдээллийн технологийн  ангийн оюутан Б.Ганбат нарт сургалтын төлбөрийн 60 хувийн хөнгөлөлтийн тэтгэлэг олгов.
Энэ үеэр ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлээрээ тэргүүн, дэд байрт шалгарсан Мэдээллийн технологи-4 ангийн оюутан М.Амарзаяа, Цахилгаан систем автоматжуулалтын ангийн оюутан Б.Нарангарав, Б.Мөнхжаргал нар өргөмжлөл гардлаа. Мөн шилдэг удирдагч багшаар Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн  багш У.Баттулга шалгарч, ахмад багш Д.Дунгаамаад ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгов. Одоогоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын 9 хөтөлбөрт 167 оюутан шинээр элсэж, 9 хөтөлбөр 10 мэргэжлийн өдрийн ангид 463, эчнээ ангид 29, магистрын 8 хөтөлбөрт 73 оюутан, ахлах сургуулийн 9-12-р ангид 102 сурагч суралцаж байна.
 
 
 
Т.Батчулуун