sonin.mn
Өнгөрсөн зууны 50-иад оны сүүлч, 60 оны эхэн үе бол Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжил, түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжилд шийдвэрлэх алхам хийсэн түүхэн цаг үе юм. Энэ үед ажил хөдөлмөр эрхэлж, шинэ шинэ онол-үйлдвэрлэлийн ажлын эхлэлийг тавьж, өнөө цагт хүргэж ирсэн ахмадуудын баатарлаг үйлс, гавьяа зүтгэл, түүхэн үүргийг бодитой үнэлэх ёстой. Эдгээр хүмүүс Монгол улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжил дэвшлийн шинэ зам дээр мөрлөн гаргаж ирсэн “Алтан үеийнхэн” буюу. Тэдгээрийн алдартнуудын нэг бол XX зууны эхэн, дунд үед эрдэмтэн, зохиолч Э.Оюун тэргүүтэй нийгмийг манлайлагч эмэгтэйчүүдийн дундаас ажил үйлсээрээ тодорч, үйл хэргээрээ “Шаагин асгарах алтан тариа шиг” шуугиулан орж ирсэн бүсгүйчүүдийн нэг бол профессор С.Ичинхорлоо багш яахын аргагүй  мөн. 
 
Агрономийн мэргэжлийн сургуулийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч
 
Монгол улсад 1958 онд дээд боловсролын олон шинэ дээд сургууль байгуулагдсаны нэг нь МАХН-ын төв хороо, СнЗ-ийн 1958 оны 4-р сарын 15-ны өдрийн хамтарсан хурлын 95/104–р тогтоолоор ХААДС-ийг 1958-1959 оны хичээлийн жилд бие даалган шинээр байгуулснаар Агрономич, Мал эмнэлэг, Мал зүйч гэсэн гурван үндсэн факультеттай сургалт, эрдэм шинжилгээний   үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. 
ХААДС манай улсад анх байгуулагдсанаар Монгол оронд хөдөө аж ахуйн шинэ шинэ мэргэжилтнүүд бий болох, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар бие даан хөгжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй  хөгжүүлэх, шинэ мэдлэг бүтээх үйл хэргийг нэгэн зэрэг эхлэх үндсэн суурь нөхцөл болсон юм.  
Энэ арга хэмжээг гардан хэрэгжүүлэх, шинэ тутам бий болсон сургалт, судалгааг хөтлөн явуулахад удирдлага зохион байгуулалтаар хангах, ажил хэргийг эв нэгдэлтэй, эрч хүчтэй, хамт олонч сэтгэлээр амжилттай хэрэгжүүлэхдээ хийж бүтээхийн эрхэм зорилгын нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн олон залуу эрдэмтэн багш манлайлан оролцсон нь гарцаагүй юм. Тэдгээр хүмүүсийн боловсруулсан сургалтын хөтөлбөрт суурилсан суурь боловсрол хөдөө аж ахуйн салбарын үндэсний боловсон бэлтгэх, төлөвшүүлэхэд үнэтэй хувь оруулсан төдийгүй, өнөөдөр улам өргөжин тэлж ургамлаар зүйрлэвэл “Титэм нь өргөжин тэлж, Үндэс нь улам олон салаалан хүчирхэгжиж, Үр жимс нь улам амттай” болсоор байгаа. 
 
С.Ичинхорлоо багш  
 
1948 онд Нийслэлийн нэгдүгээр сургуулийг онц дүнтэй дүүргэсэн С.Ичинхорлоо гэдэг бяцхан охин хөрс судлагч-агрохимич мэргэжил эзэмшихээр ачааны задгай машин дээр суугаад сурахын их хүслэн өвөртлөн Москва хотыг зорьж, Монгол улсын дархан хилийг алхаж, ажил амьдралын алтан босгыг алхан орсон тэр цагаас хойш 70 гаруй жил өнгөрсөн байна. 
С.Ичинхорлоо багш  Тимирязевийн нэрэмжит хөдөө аж ахуйн  академид 1948-1953 онд суралцаж мөн л онц дүүргэж ирээд ажлын гараагаа ШУА-ийн ХАА-н стандартын хөрсний салбарын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн бол 1953-1957 онд төгссөн сургуульдаа аспирантурт суралцаж “Монгол орны Хангайн бүсийн нөхцөлд төмсний ургацад шим ба эрдэс бордооны нөлөө” нэг сэдэвт бүтээлээ ХАА-н ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирсэн цагаас Монгол оронд газар тариалангийн салбарын мэргэжилтэн бэлтгэх үйл хэрэгт ухамсарт амьдарлаа эргэж буцалтгүй зориулж иржээ.
Агрономич гэж ямар мэргэжил эзэмшдэг, ямар үүрэгтэй талаар наад захын ойлголтгүй гэнэн хонгор насны олон арван охид, хөвгүүдийг тосон авч нэр хүндтэй мэргэжилтэй хувь заяаг нь эргэлт буцалтгүй холбож, ажил амьдралтай нь золгуулахын зэрэгцээ хүн амыг хүнсээр хангах, алтнаас үнэтэй хөрсний нөөц, газрын баялгаа хайрлан хамгаалж, улс орноо хөгжүүлэхэд хариуцлагатай ажиллах тухай үзэл санааг гүн гүнзгий ойлгуулж, ухамсарлуулж ирсэн нь багшийн маань гавьяат үйлс мөн. Биднийг сурч байх үе буюу 1980 аад оны эхээр Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, тариалангийн газрын ашиглалт, хамгаалалт, техник, технологи боловсронгуй болж, үр тариа болон бусад таримлын ургацын хэмжээ жил дараалан тогтвортой  нэмэгдэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах төдийгүй гадаадад экспортод гаргаж, хөрс хамгаалах, эрчимжсэн техник, технологийг амжилттай нэвтрүүлж байсан тул газар тариалангийн үйлдвэрлэлийн төрөл мэргэжилтний хэрэгцээ шаардлага гарсан тул агрономич төдийгүй ХАА-н бусад мэргэжилтнийг олон тоогоор бэлтгэсэн юм.
 
Агрономийн мэргэжил нь өргөн, гүнзгий онолын мэдлэг, оюун сэтгэлгээнээс гадна орон нутгийн цаг уур, хөрс шороо, тариаланчдынхаа бодол санаа, амьдрал ахуйг ойлгож мэдэх мэдрэмж ихээхэн шаарддаг гэж ойлгож явдаг юм. Энэхүү олон талын анхаарал шаардсан, хариуцлагатай, нэр хүндтэй мэргэжлийг ачит багш нарынхаа шууд дэмжлэгээр, улсын болон хувийн зардлаар суралцаж эзэмшин, мэргэжлийн чиглэлээр ажиллаж, амьдрал, ахуйгаа залгуулж яваа олон арван шавь нар нь сэтгэл, итгэл дүүрэн бөгөөд бахархалтай байдаг гэдэгт итгэлтэй байна. 
С.Ичинхорлоо ХААИС-д багшлахдаа залуу багш нараа оюутнуудад хичээлээ хэрхэн зааж сургах талаар хэлж ярихын зэрэгцээ өөрийн биеэр үлгэрлэн зааж буй хичээлд нь оюутнуудтай хамт зориуд суух, хичээл заах арга барилын талаар санал зөвлөгөө өгөх зэргээр өөрийн бүхий боломжоо дайчлан залуу багш, хойч үеэ өөрийн гараар бэлтгэжээ.  Эдүүгээ багшийн маань 3 дахь үеийн шавь нар нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуульд багшилж, газар тариалангийн шинжлэх ухааны онол-аргазүйг эзэмшүүлэх, мэдлэг өндөртэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх үйл хэргийг үргэлжлүүлэн багшийнхаа алтан жолоог нэр төртэй атгаж явна.
 
 
Багшийн олон шавь нарынх нь нэг би л гэхэд “таван хошуу малыг зүс, дүрсээр нь таньдаг, шинэс модыг хөрөөдөн тайрч, хагалж түлшинд хэрэглэдэг” гэсэн ойлголттой хөдөөний хүү энэ сургуульд элсэн орж агрономич мэргэжил эзэмшсэн юм. 
 
 
С.Ичинхорлоо багш маань манай ангид ургамлын физиологи, хөрс-агрохими зэрэг мэргэжлийн хичээлүүд заасан юм. Багшийнхаа тайван, зөөлөн боловч бусдаас онцгойрон ялгардаг өвөрмөц дуу хоолойгоор дуудагдсан лекцийг “Аваадоржийн жаран цагаан” гэх алдартай ангийнхаа нөхөдтэй хамт сонсож, алдаж онож бичиж, тэмдэглэж багшдаа шалгуулж, унаж бүдэрч, бас тэнцэж баярлаж явсан цаг саяхан мэт боловч даруй 40 гаруй жилийг ардаа орхисон байна.   
Би эрдэм шинжилгээний байгууллагад ажиллахдаа ажил, амьдралын байнгын зөвлөгч, доктор, профессор Д.Аваадорж багш, доктор, профессор С.Ганбаатар багш нараар эрдэм шинжилгээний ажлаа удирдуулан, албан ёсны шүүмжлэгчээр доктор, профессор С.Ичинхорлоо багш маань ажиллаж доктор хэмээх нэр хүндтэй тойрогт багтааж өгснийг багш нар маань надад итгэсэн итгэл, хүндэтгэл гэж ойлгон тэднийхээ итгэлийг алдахгүйн төлөө эрдэм шинжилгээний байгууллагад чармайн ажиллаж байна.
 
 
С.Ичинхорлоо багш маань шавь нарынхаа хувь заяа, амьдралын алс ирээдүйг тэгш сайхан байх замыг зааж өгч, олон аавын охид, хөвгүүдийн “Гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхдээ” эхийн сэтгэл, багшийн ухаанаар ханддаг гайхамшигтай ачтан, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч юм. 
 
 
 
Профессор С.Ичинхорлоогийн эрдэм судлал, бүтээлийн дээжээс
 
Манай орны газар тариалангийн салбарт Монгол хэлээр бичигдсэн ном сурах бичиг нэлээд ховор байх үед профессор С.Ичинхорлоо багшлахын зэрэгцээ олон арван сурах бичиг өөрөө болон бусадтай хамтран бичиж хэвлүүлсэн байна. Мөн мэргэжлийн сурах бичгийг орчуулах,  редакторлах зэргээр газар тариалангийн салбарын онол-аргазүйн мэдлэгийг нийтэд түгээх ажилд маш идэвхтэй манлайлан оролцож иржээ. Тэрээр газар тариалангийн туршлагын арга зүй (1977), Агрохими (1985), Таримал ургамлын физиологи ба ургацын чанар (1973), Газар тариаланг химижүүлж, бүтээгдэхүүн нэмэгдүүлэх арга (1989) зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн бол Селекци үрийн аж ахуй (1959),  Газар тариалан сурах бичиг (1980), Монгол орны хөрсний агрохимийн чанар (1980) зэрэг 10 шахам номыг орчуулж, редактор хийсэн байна. 
Үүний зэрэгцээ БНМАУ-ын Газар тариалангийн систем (1967), Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь (1983) зэрэг бүтээлд оролцсон бол агрономийн мэргэжлийн стандарт, технологийг олныг боловсруулжээ. Эрдэм шинжилгээ, сурталчилгааны 140 өгүүлэл бичиж, 60 гаруй удаа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, ажил мэргэжлээ сурталчилж нийтийн хүртээл болгосон байна. 
 
Тэрээр Монгол оронд таригдаж байгаа төмсний агротехнологийг боловсронгуй болгох, ургацыг нэмэгдүүлэх, төмсний гадаад соортыг эх орондоо нутагшуулах судалгааны ажлыг удаан хугацаанд  хийж тодорхой үр дүнд хүрсэн байдаг. Түүгээр ч барахгүй Шийр-6 хэмээх төмсний анхны монгол соортыг гарган авсан эрдэмтэн юм. Профессор С.Ичинхорлоо хээрийн туршилтын ажлын мэдээ болон лабораторийн задлан шинжилгээг өөрийн гараар хийж, боловсруулалтыг онол-аргазүйн өндөр мэдлэгээр боловсруулдаг чадварлаг эрдэмтдийн нэг юм. Эдгээр судалгааны ажлын үр дүн өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй үйлдвэрлэлд өргөн нэвтэрсэн хэвээр байна.
Профессор С.Ичинхорлоо ХААДС-д багшлах хугацаандаа 1600 гаруй агрономич, ойн инженерүүдийг бэлтгэн гаргасны дотор түүний удирдлагаар шинжлэх ухааны доктор 2, боловсролын доктор 5 хүн эрдэм шинжилгээний бүтээл туурвин амжилттай хамгаалсан бол газар тариалангийн үйлдвэрлэлд тогтвортой ажиллаж, хөдөлмөр бүтээлийн бахдам амжилт гаргаж буй олон шавь нарын дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар 1, төрийн соёрхолт 3, гавьяат багш 1 хүн байгаа бол  бараг 30 шахам агрономич  Монгол улсын гавьяат агрономич хэмээх эрхэм хүндтэй цолыг  хүртсэн байна. Цаашид ч тасралтгүй үргэлжлэх нь тодорхой... 
 
 
Монгол улсын газар тариалангийн салбарт олон тооны алдар хүндтэй эрхмүүд төрөн гарахад багшийн маань эрдэм чадал, манлайлах чадвар, ажилч хичээнгүй чанар нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг эргэлзэхгүй байна.     
 
 
Эрдэмтэн С.Ичинхорлоо бол төр, нийгмийн зүтгэлтэн
 
Эрдэмтэн С.Ичинхорлоо дээд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн төдийгүй төр, нийгмийн зүтгэлтэн юм. Тэрээр ХААДС-д багшлаад тун удаагүй байхдаа буюу 1961-1965 онд иргэд, олон нийтийн итгэлийг хүлээж, БНМАУ-ын АИХ-ын депутатаар цэл залуухан насандаа сонгогдож төрийн түшээ болж байлаа. Энэ он жилүүдэд ардын аж ахуйг хөдөө аж ахуйн салбар болгох, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлэх талаар төр, засгаас олон томоохон арга хэмжээ хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал Монгол-Оросын атар газар сонгох хамтарсан экспедиц зохион байгуулж газрыг тариаланд ашиглах шийдвэрийг гаргах үед хөрс-агрохимийн мэргэжилтэн хүний хувьд, эрдэмтэн, багш хүний хувьд төрийн түшээ буюу АИХ-ын депутатын хувьд хамгийн түрүүн дэмжин ажиллах, өөрийн санал бодлоо шийдвэрт тусгуулах, хэрэгжилтийг алдаа оноо багатай гүйцэтгэх зэрэг  хариуцлага С.Ичинхорлоо багшид оногдсон нь лавтай.
Эрдэмтэн С.Ичинхорлоо ХААЯ-ны газар тариалан, шинжлэх ухаан технологийн гишүүн, Улсын ургацын комиссын гишүүн, Үнэ, стандартын хорооны гишүүн зэрэг төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллахын зэрэгцээ залуучуудын болон эмэгтэйчүүдийн зэрэг олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлж явсан байна. Түүнчлэн Олон улсын ШУ-ны байгууллагын хурал болон Дэлхийн залуучуудын форумд төлөөлөгчөөр оролцож байжээ. 
 
Дунд сургуульдаа онц сайн суралцан, Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академийг онц дүнтэй дүүргэсэн тэр цагаас төр, засгийн болон байгууллага хамт олноос итгэж найдан хүлээлгэж ирсэн аливаа ажил албыг нэр төртэйгөөр буюу бас л ОНЦ дүнтэй гүйцэтгэж ирсэн багш маань одоо өндөр насны тэтгэвэрт гарч үр хүүхэд, ач, зээ нарынхаа дунд аз жаргалтай амьдарч явна.
Профессор С.Ичихорлоогийн “Хувь заяагаа хүнд бүү даатга” гэдэг өөрийн амьдралын зарчмаа баримтлан, ОХУ-ын эрдэмтэн, эрдмийн ажлын удирдагч А.Г.Шестокова багшийнхаа “Чи Монголд очоод сургуульд л багш болоорой” гэсэн сургаал, захиасыг насан туршдаа биелүүлж, ХААДС-д 60 шахам жил тогтвортой суурьшилтай хөдөлмөрлөж иржээ.Эрдэмтэн багшийн үзэл санааны чинь хүсэл нь түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх,  сурч мэдэх, мэдлэг түгээх л байсаар иржээ. Түүнийг олон шавь нар нь мэдэхийн ихээр мэдэж таних боловч тэрээр “нэгэн шинэ зүйлийн ургамал шиг” үл танигдах нэгэн юм. 
 
 
Доктор, профессор, ахмад багш Сономдоржийн Ичинхорлоогийн нөр их хөдөлмөрт хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал тасралтгүй зүтгэж ирсэн итгэл үнэмшил, алдар гавьяаг үнэн бодитой, шударга үнэлэлгүй өдий хүрсэн нь тун харамсалтай.
 
 
Профессор С.Ичинхорлоо багшийн хөдөлмөр бүтээл, гавьяат үйлсийг бодитой үнэлж Монгол улсад газар тариалангийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол улсад орчин цагийн ШУА үүсэж хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан Монгол төрийн зүгээс өндөр хэргэм шагналаа хүртээх цаг нь болсныг Монгол улсын төрийн тэргүүнд хүргэхэд Монгол улсын Хөдөө аж ахуйн болон Боловсрол, Шинжлэх ухааны салбарынхан тэргүүлэн оролцож, олон салбарт хүч үзэн ажиллаж буй үе үеийн агрономич, инженерүүд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллага, шавь нар Та бүхний дуу хоолой, идэвхитэй үйл ажиллагааны оролцоо, дэмжлэг юу юунаас чухал байгаа тул дэмжин ажиллахыг Уриалж байна. 
 
 
ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн 
Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрхлэгч, доктор Я.Баасандорж