sonin.mn
Өнгөрсөн жил хагасын хооронд Монголд дөрвөн ч сонгууль болж өнгөрөв.Үргэлжийн хэл ам дагуулдаг энэ ажил маань сүүлдээ бүр ирцгүй болов.
 
Энэ талаар АН-ын удирдлага М.Тулгат:  “Санал худалдан авч, төсвийн хөрөнгө мөнгийг ашиглаад ч сонгуулийн ирц хүрсэнгүй нь Ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулахад хүргэж байна. Нийгэмд “apathy” буюу цөхрөл үүссэний, мөн. Нэг намын засаглал тогтсоны илрэл. АН энэ нөхцөлд цоо шинээр ажиллах шаардлагатайгаас гадна бусад намууд бүгд хамтарч ажиллах ёстой”, О.Цогтгэрэл: "Иргэд төрд итгэхгүй байгаагаа илэрхийлж төрөө байгуулахаас татгалзлаа. Сүүлийн үеийн сонгуулиуд тохируулгатай болдог боллоо. Ардчилсан намын, Ардын намын төр гэж байхгүй тул хаа хаанаа дүгнэлт хийх ёстой .", 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Сонгогчдын оролцоо багасаж байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Энэ нь намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр тул УТ-ын намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Хамтарч ажиллах шаардлагатай” гэж тус тус дүгнэснээс харахад шинэ Үеийн улстөрчид сонгуульд, ардчилалд бүгд санаа зовж байгаа нь харагдаж байна. Ялангуяа, Монголд дарангуйлал тогтлоо гэх айдас олныг түгшээх болсон энэ цаг үед. Үүнийг батлах эсвэл үгүйсгэхийн тулд үгийн хувьд улиг мэт болсон ардчилал маань үйл явцын хувьд чухам аль шатандаа явааг шинжлэн, дүгнэх шаардлагатай санагдлаа. Энэ нь ардчилал Монголд шинээр тогтсон тул судлах, сурталчлах хандлага эхэн үедээ эрчтэй байсан ч хэлбэрэлтгүй тогтчихлоо гэж найдав уу гэлтэй сүүлийн жилүүдэд багассан мэт сэтгэгдэл төрж байгаатай бас холбоотой. Чингэхдээ, дэлхийн хандлага ч бас ямар байгааг мэдэх нь зүйтэй.
 
 
Төрийн эрх мэдлийг салгаж, харилцан хяналт, тэнцвэртэй байлгах нь бүх нийтийн сайн сайхан байдал, хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хангана гэх үе үеийн сэтгэгчдийн номлолд үндэслэн хүний нийгэм XVIII зуунаас эхлэн Үндсэн гэх хуулийн дагуу түүхээ бичжээ. Үүнээс хойш Хантингтоны тодорхойлсноор ардчилалд шилжих гурван давлагаа болж. Ухрах давлагаа ч бас 2 удаа явагдаж. Эхнийх нь 1922 онд Италид Муссолини ялснаар фашизм тогтсоноор эхэлж байж.
 
 
 
Хор уршгийг нь олон арван сая хүний амь эрсэдсэн дайны түүх гэрчилнэ. Дарангуйлал, нэг улсын хараат байхын гашуун зовлонг олон арван мянган тэргүүний сэхээтэн, лам хуврагаа хэлмэгдүүлэн устгасан Монгол ч бас амссан. 
 
 
 
АРДЧИЛЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ДЭЛХИЙ ДАХИНД
 
Backsliding буюу Ардчиллын ухралт, Autocratoc legislations буюу хуульчлагдсан дарангуйлал гэх асуудал дэлхий нийтийн сорилт болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, ардчиллаас ухрах 3 дахь давлагаа аль эрт 2000-аад оноос эхэлжээ. Үүнд 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал, Ирак, Афганистан, Сирийн дайн, дүрвэлт, цагаачлал, Авторитар Хятад дахь эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжил, Арабын хавар, түүний дараах хямралууд зэрэг гадаад, мөн шинээр ардчилсан орнууд дахь авилгал, шударга бус байдал, ядуурал, баян хоосны хэт ялгаа гэх мэтэд иргэд нь сэтгэл ханамжгүй байх явдал зэрэг дотоод хүчин зүйлс нөлөөлсөн аж. Түүнчлэн, улс төрийн үзэл баримтлалын болон нийгмийн хэт их туйлшрал, овог аймгийн талцал, хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслээс цахим руу шилжсэнээс үүдэлтэй чанаргүй сэтгүүлчид, fake news зэрэг нь бас нөлеөтэй гэх судалгаа мөн байна. Ерөнхийдөө, дарангуйлал гудамжинд танкууд гарч ирж, төрийн эргэлт хийх замаар бус ардчилсан аргаар сонгогдсон эрх баригчдын тусламжтайгаар далд хэлбэрээр ирдэг болж. Ковидын улмаас үүссэн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь ардчиллаас ухрагчдад томоохон далим болж байгаа нь маргаангүй.
Ардчилал хүний өдөр тутмын амьдралын хэв маяг болох нь төгс Ардчиллын эцсийн зорилго аж. Харамсалтай нь дэлхийн дундаж иргэний ардчилсан амьдралын түвшин 2020 онд 1990 оныхтой ижил хэмжээнд хүртэл унасан гэсэн судалгаа гарч.Сүүлийн 10 жилд Орос, Венесуэл, Турк, Украин, Унгар, Серб, Казак, Киргиз, Энэтхэг зэрэг олон улс Ардчиллаас Сонгуулийн дарангуйлал руу ухарсан байна. АНУ хүртэл ухран алдаад авсан. Тиймээс ч Ерөнхийлөгч Ж.Байден Дарангуйллаас хамгаалах, Авлигатай тэмцэх, Хүний эрхийг дээдлэх чиглэлээрх улс орнуудын амлалт, санаачилгыг сэргээх зорилготой Ардчиллын төлөөх Дээд хэмжээний уулзалтыг энэ 12 дугаар сард хийхээр зарласан. Германы Гадаад хэргийн сайд Ардчиллын төлөөх Маршалын төлөвлөгөөг санал болгосон, Шведийн Гадаад хэргийн Drive for Democracy-г гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгосон зэргээс айлын хүмүүс ардчиллын ирээдүйд айхтар санаа зовж буйг илтгэнэ.
 
 
МОНГОЛ ДАХЬ АРДЧИЛЛЫН ТӨЛӨВ, БАЙДАЛ
 
Цор ганц коммунист нам нийгмийг дангаар захирч байсан БНМАУ Ардчиллын 3 дахь давлагаанд “өртөж”, Ардчилсан хувьсгалын дүнд шинэ ардчилсан Үндсэн хуультай болов. Төгс ардчилалд хүрэх бидний зам дардан бөгөөд богино байхгүй нь тодорхой ч хэдийнэ нэгэн жарны тал шахуу өнгөрчээ.
 
 
2 том авторитар дэглэмийн дунд орших Ардчиллын баян бүрд гэгддэг улс маань дээрх улсуудын адил замын дундаас ухарчихаагүй байгаа, ер нь Үндсэн хуулийн хэрэгжилт маакь юу болж байна гэх зовнил нийгэмд бий болжээ. Үүнийг тайлахын тулд ардчилал, дарангуйллынхаа мөн чанар, шалгуурыг дахин сэргээж ойлгох шаардлага тулгарч байна.
 
 
 
Ардчиллын төлөв байдлын индексийг жил бүр тогтоодог Economics intelligence unit судалгааны байгууллага улс орнуудыг (1) Ардчилсан, (2) Гажуудсан ардчилалтай /Чөлөөт, шударга сонгуультай. Засаглал, хүний эрх, эрх чөлөө асуудалтай. Улс төрийн соёл төлөвшөөгүй, улс төрийн оролцоо багатай/. (3) Гибрид буюу хос дэглэмтэй /Сонгууль нь чөлөөтэй, шударга болдоггүй. Засгийн газраас сөрөг хүчин, нэр дэвшигчдэд дарамт үзүүлдэг. Засаглал, хуулийн хэрэгжилт, иргэний нийгэм, улс төрийн соёл маш сул. Авлига өргөн тархсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дарамтад, шүүх эрх мэдэл хараат/.(4)Авторитар дэглэмтэй /Олон ургалч үзэл байхгүй буюу хязгаарлагдмал. Сонгууль болсон тохиолдолд чөлөөтэй, шударга биш. Хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ихэвчлэн төрийн өмчит эсвэл эрх баригчидтай холбоотой бүлгүүд хянадаг. Шүүх бие даасан бус/ гэж ангилдаг. Харин Variety of democracy байгууллага нь (1) Либерал ардчилалтай, (2) Сонгуулийн ардчилалтай /Олон намын оролцоотой сонгуультай. Хууль дээдлэх, шударгаар шүүлгэх, хүний эрх, эрх чөлөөний зарчмууд алдагдсан буюу хангалтгүй/. (3) Сонгуулийн авторитар дэглэмтэй, (4) Хаалттай авторитар дэглэмтэй улс гэж ангилжээ.
Дээрх байгууллагууд Монголыг дээрээсээ хоёр дахь буюу Гажуудсан ардчилалтай, Сонгуулийн ардчилалтай улсын ангилалд оруулжээ. Тодорхойлолтоос харахад, Монголд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт, хамгаалалт, шүүхийн бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө хангалтгүй, засаглал дахь хяналт тэнцэл алдагдсан гэдгийг олон улсын байгууллагууд нэгэнт тогтоожээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нь ардчилсан сонгуулиар гардаг хэдий ч сонгуулийн бусад үед амьдрал тийм ч ардчилсан биш гэсэн үг. Харин энэ ангилалд биднийгээ арай гэж багтаасан ачтан нь олон намын оролцоотой шударга, чөлөөт сонгууль аж.Тэгэхээр ганц авралын од сонгууль маань чөлөөтэйгээс гадна шударга явагдаж байна уу гэдгийг дүгнэх хэрэгтэй байна.
 
МОНГОЛ ДАХЬ СОНГУУЛЬ
 
Улс төрийн шинжлэх ухааны онолд харилцааны клиентелизмээс гадна сонгогчдын саналыг татахад чиглэсэн өгөө авааны тухай сонгуулийн клиентелизм буюу сонгуулийн авилга гэж ойлголт байдаг аж. Улс төр судлаач Скот, Стокез нарын тодорхойлсноор сонгуулийн клиентeлист нам (улс төрийн машин) гэж үзэл баримтлал, бодлогоор бус эрх барих үедээ төрийн хүч, нөөцийг ашиглан орлого багатай сонгогчдод мөнгө, эд тарааж, элдэв үйлчилгээнд хамруулах буюу ашиг тус хүртээх замаар татахыг оролддог намыг хэлдэг байна. Авилгатай сонгууль шударга бус нь тодорхой ч үнэн эсэхийг дараах гурван ойлголтын хүрээнд авч үзье.
 
1.Vote-buying/VP/ буюу санал худалдан авах ажиллагаа 1990 оны анхны чөлөөт сонгуулиар барааны саван өгөхөөс эхлээд хүүхдүүдэд мөхөөлдөс, хүүхнүүдэд торго, хөгшдөд гурил тараах, залуучуудад үзвэр үзүүлж, үсийг нь засах, өвгөдийн өвчнийг нь оношилж, өрөөл мах өгөх зэргээр өргөжин баяжсан. Эрх баригчид ч бас ил цагаан мөнгө амлаж, тараах ажиллагаа хэмээс хэтэрсэн тул 2012 оноос хориглосон ч ковид мэт мутацад орон хэлбэр дүрсээ өөрчлөн оршсоор байна. Эд бараа нь бэлэн мөнгөний хэлбэрт шилжсэн. Сонгуулийн бус үед элдэв сангийн нэрээр төрийн голцуу мөнгөөр сонгогчдыг Утай гүмбэн, Улаан-Үд явуулах, сургуульд оруулах, сургалтын төлбөрийг нь даах, гэр байшин олгохыгоо тойргоо услах хэмээнэ. Сонгуулийн жилийн 12-р сард нутгийнхаа шинэ жилд оролцох оюутнуудын таксыг төлж, айлуудын шинэ жилийн бялуу, оргилуун дарсыг тарааж, тухайн газрынхаа дэлгүүрийн баярын гол орлогыг хааснаар ажиллагаа дуусна. Дэлгэрэнгүй хувилбар / маникюр, үсчний дамжаа г.м/-ыг УИХ-ын гишүүдийн 4 жилийн тайлангаас харж болно.
 
2.Abuse of State Recourse /ASR/ буюу сонгуульд эрх баригчид төрийн хүч, нөөцийг урвуугаар ашиглахыг “Трансперенси Интернэшнл” 7 ангилсан нь Монголд бүгд тултал ашиглагддагийг дурдвал багтахгүй тул гол 3-ыг нь жишээ болгоё. (1) Хууль, хүчний байгууллагын хүч, нөөцийг улстөрийн өрсөлдөгчөө айлгах, мохоох, устгах зорилгоор барьж хорих замаар ашиглах явдлыг хамгийн ноцтойд тооцсон нь хүний улс төр, иргэн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарладагтай холбоотой аж. Монголд өмнө нь мэр сэр гарч байсан энэ үзэгдэл 2020 онд Ж.Эрдэнэбат, Да.Ганболд, Н.Номтойбаяр, Б.Бямбасайхан нарыг сонгуулийн үеэр барьж хорьсноор эрчээ авсан. Бантав уу гэлтэй ял өгсөн ч гурав нь буруугүй нь тогтоогдон суллагдсан. (2)Санхүүгийн хүч, нөөц буюу улс, орон нутгийн төсөв, төсвөөс гадуурх нөөцөөс өмнөх сонгуулиудаар ахмад, группийнх, шинэ гэр бүл, оюутнуудад тарааж байсан. 2020 онд харин ахмад, гадаадад сурсан оюутны зээл тэглэлт, 1072 хувьцааны ногдол ашиг тараалт, малчдын ноолууранд мөнгө өгөх г.м шинэ төрөлтэй болсон.
 
 
Ирэх жилээс 4 тэрбум болж буй УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулдаг гэх мөнгө бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь харж хөгжүүлэх бодлого гэхээс илүү сонгуульд зориулсан авилга юм. (З) Албан тушаалын хүч, нөөц буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн давуу байдлаа ашигладаг олон үйлдлээс цар тахлын үерх уулзалт, цугларалтын жишээг дурдахад ойлгомжтой байх.
 
 
З.Political Budget Cycle (PBS), манайхаар “сонгуулийн төсөв”. Сонгуулийн жил төсөвт гишүүдийн тойрогтоо тавиулах мөнгө илт нэмэгдэхээс гадна МСҮТ-ийн оюутнуудыг цалинтай болгох зэрэг бас нэг төрлийн санал татах технологи шургалсан байдаг. 2012 оны сонгуулийн жилийн төсөв өмнөх оноосоо 1.2 их наяд, 2016 оных 2.3 их наяадаар данхайж, 2020 оных 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Дээрх ажиллагаанууд бүхэлдээ сонгогчдын саналыг татахад чиглэсэн ажиллагаа.
Үхсэн хүнийг санал өгүүлэх, царцаа нүүлгэх, хар машин гэх мэт булхай, луйврыг дурдвал барагдахгүй. Хүний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх илтэд дордож, хууль тэгш үйлчлэх, шударгаар шүүлгэх зарчим ноцтой зөрчигдөж, дарга анги бялуугаа улам томруулж, ард түмэнд ногдох хусам улам багасаж буй энэ үед биднийг гажуудсан ч гэсэн Ардчилсан ангилалд торгоож буй авралын од сонгууль маань ч шударга болдоггүй нь хэн бүхэнд илэрхий болсон.
 
Монгол Улс аль хэдийнэ Авторитар, Ардчилсан дэглэмийн аль алийг хослуулсан Гибрид дэглэмтэй улс болж. Авлигын индексээр доошилж байгаа шигээ Ардчиллынхаар бас нэг шат ухарч байна. Энэ янзаараа уруудвал Ардчилсан фасадтай Авторитар дэглэмтэй улс болоход алхам л үлдэх вий гэхээс ардчилалд хайртай хүмүүс айж эмээх нь аргагүй юм байна. Аврал аль аль намын улс эх орноо гэсэн шинэ үеийнхний ажил хэрэгч хамтын ажиллагаанаас хамаарна.
 
 
Жудагийн БАЯРМАА