sonin.mn
Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон Өмнөд Солонгос дахь консулын газрынхан тайлбар хийсэн.
 
Энэ тухай  ГХЯ-нд атташегээс Элчин сайд хүртэл дипломатын бүх шатыг дамжин Монгол Улсаас Канад Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан, Монгол Улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин” Т.Залаа-Уул байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: "Консулын бодлогын том алдааг Монгол Улс, ГХЯ гаргах шиг боллоо.
Өмнөд Солонгост аль эрт болсон монгол охины эсрэг хүчирхийллийн дуулиан бүхэл бүтэн 5 сар өнгөрсний дараа Улаанбаатарт дэгдэж, дээр дооргүй их л сүржигнэж, том, бага янз бүрийн мэдэгдэл хийн, утаа униар, өвлийн тэсгэмд ядарсан, номхон унтаа Монголын нийслэл сэрлээ. Мэдээлэл, харилцааны энэ эрин зуунд санаатай санаагүй нийтээс нууж, олон сар гацаасан энэ эмгэнэлт мэдээ Ковид 19, мөн хөрш хоёр орны хясалган дор зовж зүдэрсэн хөөрхий өрөвдөлтэй нүүдэлч-суурин монголчуудын цөсийг хөөргөж, уурыг хүргэлээ. Гээд хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг энэ монгол яах ч билээ. Дээр нь тэнгэр, доор нь газар хол байлаа. Ядарсан энэ ардыг ядрахад яр гэгчээр "түүхэн ах дүү солонгосчууд" нь хүртэл басамжлан доромжилох боллоо.Тэд өгзөг сонирхогч монгол Цэцийн шимж даргыг хүртэл хэн ч биш хэмээн хорьж цагдан сүр хүчээ үзүүлсэн. Барьж таалах нь бүү хэл харц унагаахад л дуусгадаг солонгос бүсгүйн бөгс ямар үнэтэйг шалиг зантай, шүлс нь гоожсон монгол дарга нарт харуулсан. Солонгос бүсгүйн өгзөгний ханш ядуу монголчуудын дунд битгий хэл дэлхий дахинаа эрс өссөн шүү. 
 
Ядаж зүдэж байхад өнөөгийн Монголын дипломат алба үнэхээр суларсныг өчигдөр харав. Дээрх дуулиант хэрэгтэй холбогдуулан Солонгосын элчин сайдтай уулзсан Гадаад яамны том дарга "хүчирхийллийн чиглэлээр мэргэжсэн, солонгос өмгөөлөгч олоход туслахыг" түүнээс хүссэн ажээ. Юу вэ тэр өмгөөлөгчийг олох үүрэг нь Сеүл дэх Монгол Улсын ЭСЯ-нд ноогдоно. Энэ бол консулын харилцааны олон улсын практик юм.
 
Боддоо! Хүнд хүчирхийлүүлж, зодуулчихаад зодсон хүнээсээ өмгөөлөгч олж өгөхийг хүсч байна гэсэн үг. Энэ тохиолдолд хүчирхийлэгч ямар өмгөөлөгч олж өгөх нь ойлгомжтой биз? Солонгосын тал өөрийн иргэнээ буруутгах өмгөөлөгч "ах дүү монголдоо" олж өгч харагдаач! Арай ч дээ. Гуулин улсын элч Гадаад яамнаас ёстой инээд нь хүрээд ихэмсэгээр мишээн гарсан нь ойлгомжтой. Монгол Улсын дипломат алба 110 жилийн шинэхэн түүхэндээ ийнхүү сулран доройтож уналтын байдалд оржээ. Аврах сайхан сэтгэл, ойлгох ухаан тэнхэл энэ төрд байна уу?! Хэлээд өгөөч?!" гэсэн байна.