sonin.mn
Дэлхий хоёрдугаар дайн хүн төрөлхтөнд маш их гарз учруулсан. Энэ дайныг Фашист Герман өдөөж, гарз хохирлын ихийг нь ЗХУ-ын ард түмэн үүрсэн. Дайн хийхэд хүргэсэн хоёр зүйлийн нэг нь нацизм, нөгөөх нь милитаризм. Нацизм-хэт үндсэрхэг үзлээр хийрхэж, түүндээ өөрөө донтох, Милитаризм-цэрэгжилт, зэвсэгжилтээр давамгайлж, түүгээрээ бусдыг дайран эзэлж нацист дэглэм тогтоосон. Үндсэрхэг үзэл дайны гол хөдөлгүүр нь болсон юм билээ. Хоёрдугаар дайныг эхлэх гараан дээрхи Герман улсад герман биш угсаатныг, нацист намын гишүүн, дэмжигч биш хүн бүрийг үзэл суртлаар харшид үзэж баривчлан эрүүдэж, тамлаж байжээ. Хамгийн түрүүнд социал демократ, коммунист намын гишүүд, ҮЭ-ийн зүтгэлтнүүд, Гитлерийн залуучуудын эвлэлийн гишүүн бус залуучуудыг баривчилсан. Улс орноороо өөрийн эрхгүй нацист үзэл сурталд автаж,түүндээ хийрхэж, нацизмын төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм байхаас ч аргагүй байдалд ард түмнээ оруулсан.
 
Эзэлсэн улс орнуудад дээр дурьдсан зарчим үйлчилж, жишээ нь Жүүд гаралтай хүн болж төрсөнд нь буруутгаж, гэм зэмгүй 8,0 сая Жүүд хүний амь насыг бүрэлгэсэн. Хүүхэд, ээж, аав, ах эгч, эмээ, өвөө нарыг хоморголон баривчилж Бухамвальд, Освенцимын зэрэг тусгай хориход амьд хүн-тэд нар дээр туршилт хийж тамлах, арьсаар нь гоёлын цүнх хийж тохуурхаж байсны ул мөрийг 70-аад оны оюутан бид нүдээр үзээд зүрх шимширч, нацизм гэж ямар их гайтайг өөрийн эрхгүй мэдэрч байлаа.
 
ЗХУ-ын улаан армийн ялалт хүн төрөлхтнийг нацизмын гамшгаас аварсан. Ялалт хялбархан байгаагүй, асар их үнээр олдсон. 20 сая хүнээ алдаж, олон хот, тосгон, үйлдвэр, аж ахуй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг үнс болсон. 70-аад онд НАТО, ВАРШАВЫН цэргийн эвслийн хүч Берлин хотыг заагласан ханаар бие биенээ харах зайнд байсныг тэр үеийн БНАГУ-д суралцаж, ажиллаж байсан хүн бүр харсан, мэднэ. БНАГУ-ыг ХБНГУ-д нэгтгэж, цэрэг зэвсгээ Берлинээс татах, Варшавын гэрээний эвслийг буулгахаар амласан үүргээ ЗХУ биелүүлсэн. Харин НАТО цэргийн хүчээ Дорно руу нэг км ч алхуулахгүй гэсэн амлалтаа умартан умартсаар одоо ОХУ-ын хилд тулгаж байршуулаад байна. Түүнээс гадна Украйнд төрийн эргэлтээр засгийн эрх авсан хүч нацистууд ажээ. Нацизмыг сэргээн сурталчилж, бүр нацист үйл ажиллагаа бодитой явуулж Орос угсаатан иргэдийг үзэн ядаж, хэл, түүх, соёлыг гутааж, аль хэдийнээ тар нь танигдсан фашистуудыг магтан, тэр үеийн харгислал булай явдлыг сайрхан зөвтгөж эхлэв.
 
Хилийг нь тойрсон АНУ, Английн оролцоотой, идэвхжиж буй НАТО-гийн үйл ажиллагаа, Украйны нацизмыг бидний улсын аюулгүйн байдалд бодит аюул гэж ОХУ үзэж байгаагаа мэдэгдээд манай хилийг тойруулан байрлуулсан цэргийн хүчээ татаж ОХУ-ын аюулгүйн байдлыг хангахыг Барууны улсын удирдагчдаас В.Путин олон удаа хүслээ. Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Украйны эрх баригчдаас шаардлаа.
 
 
НАТО-гийн цэргийн эвслийн хүчээр түрэмхийлж дарамтлах, зүсэн бүрийн хоригоор эдийн засгийн хөгжлийг нь сааруулах, түүний зэрэгцээ олон үндэстний эв нэгдлийг нь алдагдуулж, ОХУ-ыг дотроос нь задлах бодлогыг АНУ, Англи тэргүүтэй барууныхан тасралтгүй явуулж байна.
 
 
 
Ийм хорлонт ажиллагааг эцэс болгож ОХУ-ын аюулгүйн байдлын баталгаа өгөөч гэдэг асуудлыг Ерөнхийлөгч В.Путин маш тодорхой тавьж, олон жил тэвчсэн.
Милитеризм, нацизмын түрэмхийлэл хүн төрлөхтөнд ямар асар их хор хөнөөлтэйг биеэр амсаж, хэзээ ч мартахын аргагүй мэдэрсэн, Москва хотын захын дүүрэг хүртэл дайран түрэмхийлж ирсэн фашист германы цэргийн хүчийг эргүүлэн Берлин хүртэл буцаан хөөж дарсан, тэр бүрийд асар их эрсдэлийг туулж гарсан ард түмэн, улс гүрэн бол тэр үеийн ЗХУ.
Барууны харгис бодлогын үзүүрт гар хөл болж, нацист авир гаргаж, ашиг хонжоо олох бас цөмийн болон бактерлогийн зэвсэгтэй болох оролдлогыг, хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдлийг нь таслан зогсоохоор шийдсэнээ ОХУ-ын төр Украйнд мэдэгдлээ.
 
 
Нэрт судлаач Яхов Кедми (Израйль) үзэж байгаагаар бол Украины төдийгүй, гол нь Барууны түрэмхийлэлд В.Путин барьж буй хариу. Дэлхийн гуравдугаар дайн гарахгүй. Гарвал Европын зарим улс газрын хөрснөөс устана, АНУ сүйрнэ, ОХУ маш том орон, юм үлдэнэ гэдгийг тэд мэдэж байгаа.Тийм болохоор дэлхийн дайн болохгүй, Барууныхан юу хийгээд байгаагаа ухаарч ОХУ-тай хэл амаа ололцож, энх тайван, хамтын ажилллагааг эрхэмлэнэ. В.Путин үүнийг л хүсэж байгаа гэв.
 
 
 
Европын улс орнуудад дайн дажингүй, амар амгалан юунаас ч чухал, АНУ-ын дохио зангаагаар ОХУ-ын аюулгүйн байдалд занал учруулж, олон талын хамтын ажиллагааг сэвтүүлснээр Орос, Украйны дайнд хүргэлээ. Гол гэмтэн нь ОХУ биш, АНУ.  Энэ хямрал нь ХБНГУ-ын төдийгүй Европын хамтын ажиллагаа, хөгжилд хохирол учруулна гэж үзэж байгаа улс төрчид, судлаачдын байр суурь ХБНГУ-ын Bundstag-ийн индрээс (Dr Sohra Wagenknecht) цуурайтаж эхэллээ. Бензины үнэ өсөж, хориг Европын орнуудын хэрэглэгчдэд эргээд сөрөг нөлөө үзүүлж байна. Америкт бөхөлзөж Оросын хийнээс татгалзах нь Германы хувьд амиа хорлохтой адил хэмээн германчууд хориг тавих бодлогыг эсэргүүцэж эхэллээ.
 
Гэтэл УИХ-д суудалтай АН (О.Цогтгэрэл) Украйныг дэмжиж, ОХУ-ыг буруушаасан мэдэгдлийг гаргалаа. УИХ-ын зарим гишүүн орлогоосоо Украйнд хандивлах юм байна. Тухайн цаг үеийн ноцтой асуудлаар манай улсын төрийн эрхийг барилцаж буй АН-ын байр сууриа илэрхийлэх нь тэдний эрх, тэгэхдээ “Хэлэхийн өмнө бодож, хэрчихийн өмнө хэмжсэн" байх. Барууны тэргүүлэх орнуудын удирдагчид ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг түрэмхийлэл хэмээн буруушааж байгаа юм. Тэгтэл зөрүүлээд Украйны эрх баригчдын хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн ноцтой баримтыг дэлгэнэ гээд, ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа нь Украйны цэргийн байгууламжуудад цохилт өгч, цөмийн болон бактерлогийн зэвсэг үйлдвэрлэх чадамжгүй болгож байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Тэр нь ямар уршигтай, юу байсан нь ил тод болно байх.
Нацизм, милитаризимыг тордож өндийлгөх үү, голомтыг нь устгах уу, дэлхийн хоёрдугаар дайн буй дахин давтагдах уу гэдэгт л асуудлын гол судас байгаа юм юм уу даа хэмээн иргэн би вээр харж байна.
 
 
Лутын Лханям
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин