sonin.mn
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын шинжээч Владимир Осечкин, Виталий Литвиненко, Михаил Фишман, израилийн шинжээч Игаль Левин нарын ярьснаас түүвэрлэн, украины УНIАН сайтаас эшлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Санкт-Петербург дахь Оросын Тэнгисийн цэргийн флотын штабын хаалган дээр ийм лоозон хаджээ: "Далайчин минь! Дайсан Украинд биш Кремльд байна”. Оросын ард түмний нэг хэсэг нь Украинд явуулж байгаа дайнаа үнэлсэн нь энэ биз ээ. Цэргийн тусгай ажиллагааны нэр хүнд Орос даяар унаж байна. Ажиллагааны зорилго зорилт бүдгэрч алга болсонд оросын цэргийн албан хаагчид гайхахын сацуу Кремль дэх улс төрийн хямралын илрэл гэж харах явдал ч элбэг байна. Генералууд нь Украин руу явуулчих вий гэсэн айдсаар хэдэн биенийхээ араар нуугдана, явсан болгон нь нэг бол шарил болж ирнэ, нэг бол ганц сараас хэтрэхгүй хусагдана, ял шийтгэл авна. Путины дэглэмд цэргүүд итгэл алдсан, харин тэглээ гэснийг нь шоронгоор далайлгаж фронт руу хөөнө. Gulagu.net сайтад бичсэнээр Украинд очиж байлдахгүй гэснийг нь Л/ДНР руу хуурч аваачаад шоронд тарчлаана. Л/ДНР-ийн чөлөөлөгдсөн гээд байгаа нутагт маш олон шорон гяндан байгуулагджээ. 
 
Украинд очиж байлдая гэсэн болгонд дотоод гадаадгүй зөвшөөрөл олгож, цалинжуулна гэдгээ Орос нуухаа больсон. Сири, ливиэс цэрэг элсүүллээ гэж дуулддаг байсан, тэр худлаа байсан. Одоо сарын 100 мянган рублиэр киргизүүд очиж эхэлсэн гэдэг мэдээ байна. Молдовын Днестр хавийн БНУ-аас цэрэг элсүүлсэн сураг байна. Хувийн үйлдвэр хамгаалуулна, гэрээт харуулын алба гэсэн хуурамч нэрээр 100 мянган рублийн цалин амласан зар их тархжээ. Гэрээт харуулын албаны дайчид гэж бэлтгэл сургуулилалт байхгүй, мэргэжлийн биш, шууд байлдуулахгүй ч эзэлж авсан Украины нутаг дэвсгэрт хүн ардыг хянаж цагдахад ядахдаа хэрэгтэй. Ийм зовлонтой албанд ОХУ-ын үндсэн уугуул иргэд тоож очихгүй, иймд төв азийн хөлсний хар ажилчид тохирно гэж үзжээ. 
 
Украинд дайн өрнөх тусам, оросын арми бүтэлгүйтэх тусам чанаргүй, муу сургуулилсан анги салбарууд олширч, их бууны зууш болох нь элбэг тохиож байна. Энэ нь Оросын яруу алдарт зэвсэгт хүчний нэр хүндийг унагаж, дэлхийд хоёрдугаарт орох хүчирхэг арми гэдгийг нь гутааж, дээр нь эзлэгдсэн нутагт нь партизаны ажиллагаа, хорлон сүйтгэл нэмэгдэх боломж олгоно.
 
Шоронгийн ялтан байгаад ялаас мултрахын тулд Украинд явж алуулсан анхны “ялтан-баатар” төрж, оросын суртал нэвтрүүлгээр баахан магтан дуулав. Константин Тулинов гэдэг эрүүгийн хэрэгтэн Донбасст “баатарлагаар амиа өргөсөн” тухай оросын ТВ-ээр үзүүлнэ. Нэрт найруулагч Никита Михалков “Бесогоны” гэх нэвтрүүлгээр ялтан байгаад баатар болсон хүний тухай сурталчилна. Эх оронч гэхээсээ ичгэвтэр юм. Орос орон ингэтлээ доошоо орлоо гэж үү?
 
“ЧВК Вагнер” гэх нэртэй Евгений Пригожин даргатай хувийн цэргийн “Лига” компани оросын засан хүмүүжих 17 колониор явж 1000 гаруй хэрэгтэнг элсүүлж иржээ. “ЧВК Вагнер” гэж Африкт гавьяагаа мандуулж, Оросын армийн нэр нүүрийг тахлаж явсан бол одоо Украинд эрүүгийн ялтнуудаас бүрдүүлсэн армиар залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулж эхлэх гэж байна. 
 
Эдүгээ Украинд хагас жил өрнөж буй энэ дайныг “их бууны дайн”, “дроны дайн” гэж нэрлэж байгаа нөхцөлд сургуулилаагүй үй олон эрүүгийн хэрэгтэн, хөлсний цэрэг, гэрээт харуулчид украины армийн их бууны галын шуурганд амиа өргөхөөс өөрөөр Орост ямар ч нэмэргүй. Орос нь Украин руу 3000 орчим пуужин харвачихсан, харвасан 10 пуужин болгоны 7-8-ыг амдан сөнөөж байгаа, Оросын пуужингийн нөөц дуусах дөхсөн, иймд дайнд Орост хамгийн олон тоотой байгаа юм нь их буунууд л байна. Их буугаар өдөр шөнөгүй галлаад байж болдог нь өнгөрч байна.
 
Учир нь их бууны сум галт хэрэгсэлийн агуулахууд украины дайралтад өртөж буудах сумгүй болсны дээр их буугаар хичнээн галлаад, давшуулах явган цэрэггүй бол Орост ямар ч ялалт ирэхгүй нь ойлгомжтой. Давшсан болгоныг нь Украинд бүтэн сар амжилттай няцааж ухраалаа. Америкийн “Нimars” украины зэвсэглэд нэвтэрсэн сар хагасын дайнд оросын цэрэг Донбасс, Өмнөд Украины ганц хот байтугай ганц ч том тосгоныг эзэлж чадсангүй, харин олон арван тосгон суурингаа эргүүлж алджээ. Украинд алдсан хүн хүчний их хохирлоо нөхөхийн тулд Орост төрийн түвшинд хөлсний отрядууд эмхлэн байгуулах кампанит ажил өрнөж байна. Нууц дайчилгаа гэсэн нэртэй цэрэг элсүүлэх кампани нь янз бүрийн хэлбэртэй. Пентагоны зарим тооцоогоор Украинд алагдаж шархадсан нийт орос цэрэг 70-80 мянга, Украины өөрийнх нь мэдээгээр алагдсан орос цэрэг 45 мянга руу дөхсөн, шархадсан нь 100 мянга давсан. 
 
Энэ их хохирлыг дор нь нөхөж байхгүй бол эзэлж авсан нутагтаа тогтож сууна гэж байхгүй, иймд оросын телевизийн холбооны сувгуудаар сайн дурын батальон, хороо бүрдүүлэх зарын утасны дугаар байнга нэвтрүүлнэ, зарын дагуу ч оросын олон арван бүс нутгуудад сайн дурын дайчдын отрядууд бүрдэж байгаа юм байна. Цэрэгт элсүүлнэ гэсэн зар нийгмийн сүлжээ, тэр ч бүү хэл нийтийн тээвэрт энд тэндгүй өлгөөтэй. Рекламны ролик хүртэл гаргачихсан, зарим мужийн губернаторууд цэрэг хувцастай, гартаа зэвсэг барьсан эх оронч зургаа самбарт ил тавьжээ.
 
Оросын “Коммерсант” сонинд мэдээлснээр, бүс нутгуудад 40 гаруй сайн дурын цэргийн анги салбарууд байгуулагджээ. Цалинжаад эхэлсэн гэж байна. Хөлсний сайн дурын дайчдын ихэнхи нь 130-300 мянган рублийн хооронд цалин сар бүр авна гэж сурталдана. 
 
Сайн дурынхныг ийнхүү өргөнөөр элсүүлж байгаа нь цаанаа тодорхой зорилготой. Юуны өмнө бүх нийтийн дайчилгаа-цэрэг татлага зохион байгуулахгүйгээр цэрэг татах, ард нийтийн дургүйцлийг дэвэргэхгүй, “сайн дурын үндсэн дээр” өөрөө зөвшөөрч дайнд явсан гэх тайлбар хэлчихнэ, ажилгүйдлийг эвтэйхэн шийдчих арга байж болно, ядуу өрхүүдэд ч мөнгөн тусламж очно, нийгэм хэрэгтэй хэрэггүй сул дэл иргэдээсээ санаа амар салчих арга байж бас болно, дайнд яваад алагдчихсан байхад гарзгүй муу иргэдээ нийгмээсээ шахаад гаргачихна. Одоо Орост өдөр ирэх тусам тавигдаж буй нэг асуулт Кремлийг түгшүүлнэ. “Юуны төлөө, хэний төлөө Украинд очиж алагдах ёстой вэ?”–энэ асуултын цаана Украин дахь хагас жилийн дайныг үл ойлгох, үл таашаах үзэгдэл ил болж байна. “Отказник” гэсэн нэртэй дайнаас зугтагсад Орост олширсон. Украины фашистууд Орос руу халдана, Орост аюул занал учруулна гэдэг үлгэрт итгэх хүн эрс багассан.
 
“Отказник” олныг төрүүлэхгүйн тулд л  сайн дурын цэргийн анги салбарууд байгуулж эхэлсэн. Муж, орон нутгийн дарга нарын үнэнчийг шалгаж ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөө үүрэх үүрэг хариуцлага гэсэн том сүржин шалтаг гаргаад иржээ. Хэрэв Кремльд үнэнч зүтгэж байгаа бол ийм анги салбарууд байгуул, хамаагүй өөрийнхөө нэрэмжит болгоод илгээ гэж үүрэгджээ. Москва ба Москва мужаас Сергей Собянин, Андрей Воробьев нарын нэрээр нэрлэсэн сайн дурын цэргийн ангиуд Украин руу хөдөлсөн сурагтай. 
 
Губернаторын нэрэмжит цэргийн ангийн дайчид Украинд очоод украинчуудын эсрэг аллагад оролцоно. Сайн дурынхан дотор эрүүгийн элементүүд олноороо яваа учраас дайн гэхээсээ дээрэм тонуул, хүчин, хулгай, өөр янз янзын хэрэг дагалдах болно. Ийм “батальон”-уудаас ёс суртахуун, ёс зүй шаардах нь ч утгагүй. Эрүүгийн хэрэгтэн биш гэхэд нөгөө нэг хэсэг нь зөвхөн мөнгөний төлөө яваа тул бас л ёс суртахуун, ёс зүй тэдэнд чухал биш. Оросын армийн нэр хүнд яах болж байна.  
 
Украины дайны театр эрс өөрчлөгдөж байна. Хагас жилийн дайны явцад Орос нь хамгийн шилдэг мэргэжсэн цэргээ алдаад дууслаа. Хамгийн шилдэг, шинэхэн, дэлхийд өөр хаана ч байхгүй гэсэн зэвсэг техникүүдээ сөнөөлгөөд дууслаа. Аргаа барахдаа сайн дурын, хөлсний, эрүүгийн гэсэн хаягтай цэргээ өнгөрсөн зууны 1960-1980-д оны хуучирсан хураагдсан байлдааны техникээр зэвсэглэн дайнд илгээлээ. 
 
Гэтэл эсрэг талд нь украины мэргэжсэн, зорилгоо төгс ухаарсан, эх орноо хамгаалж байгаа мэргэжлийн арми, америк, барууны хамгийн орчин үеийн зэвсэг техникээр зэвсэглээд  оросын шинэ армийг хүлээж байна. Харин Хойд Солонгосоос 100 мянган цэрэг Орос авах тухай яриа өөр верстэй болсон.  Хойд Солонгосын олон мянган цэрэг Украинд очих тухай цуу яриа тарсан нь Бээжингээс шидсэн чулуу, Тайваньд хатагтай Пелоси очсоны хариуд АНУ ба Барууныг дарамтлахын тулд хятадын зохиомжилсон тоглолт гэсэн мэдээ таржээ. Үнэн худлыг бүү мэд? Орос-Украины дайны талаар Хятадын байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад бол Украины нөхөр биш, бас дайсан биш. Оросыг дагалдаад Украины эсрэг дайнд нь хамсан оролцох тийм гэнэн түнш биш. Украины түнш байсан уу гэвэл байсан. Худалдаа, арилжаа, хөрөнгө оруулалт аль аль нь байсан. Одоогоор Оросын тал баримталсан төвийг сахих гэдэг зарчим барьж Бээжингээс байна. Хятад нь нэг талаас украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих боловч НҮБ-д Украины оруулсан тогтоолыг эсэргүүцсээр ирсэн. Оросыг буруутгасан санал шүүмжлэл тогтоолд оролцдоггүй, Украины хэрэг явдалд АНУ, НАТО-г Бээжин ямагт буруутгадаг. Гол нь Украины эсрэг дайнд нь Орост цэрэг-техникийн тусламж огт үзүүлээгүй. Харин Хойд Солонгосоос олон зуун их буу худалдан авах гэсэн Кремлийн хүсэлтийг зуучилж мэдэх юм.
 
 
Oрос, Англи хэлнээс түүвэрлэн буулгасан Д.Номиндарь