sonin.mn
НИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм. Мөн Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв.
 
 Энэ үеэр 2,8 тэрбум төгрөгийг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт, нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэгийн удирдсан Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай түүнээс НИТХ-ын нэгэн төлөөлөгч асуусан юм.
 
Харин хариуд нь Д.Сумьяабазар: "Нийгэмд явж байгаа мессеж болохоор хэвлэл дээр 2.8 тэрбум гээд л... Энэ ерөөсөө буруу шдээ. Би Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй Харилцах газрыг татан буулгах асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэр гарчихсан байхад ингэж тавина гэдэг бол өөрөө зохимжгүй асуудал. Тийм учраас энэ Лхагва гарагт болох Засгийн Газрын хуралдааны дараа орно. Тэгээд яг төсөв хэлэлцэх үеэр намуудын бүлгүүдээр орно. Бүлгүүдээр орох явцад мэдээж өөрчлөлтүүд орох байх аа гэж бодож байна. Тэр өөрчлөлтийг, хязгаарлалтыг нь тавиад өгөх хэрэгтэй. Ер нь бол 600-гаас дээшээ гаргаад хэрэггүй шүү дээ. Шаардлага ч үгүй." гэсэн гайхаж, цочирдмоор хариулт өгөх нь тэр.
 
Монголын улс төрд сүүлийн үед өөрөө бүхий л эрх, дархийг эдэлж, үүрэг, хариуцлагыг үүрч буй атлаа аливаа асуудалд бусдыг загнасан, доод шатныхан руугаа уурлаж зэмлэсэн мэт аягладаг моод газар авсан. Бяр тэнхээтэй, улсын аварга цолтой Д.Сумьяабазар ч ийм хэв маягтай улс төрчдийн нэг.
 
Тэгэхдээ 11-р сарын 22-нд өөрийн биеэр НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөө өөрөө шүүмжлэнэ гэж баймгүй юм. Арай ч тэгтлээ ухаан санаа нь орон гаран болж самуураагүй байлгүй дээ.
 
Д.Сумьяабазарын дээрх хариултаас үзвэл тэрээр өөрийнхөө өргөн барьсан төсвийн задаргааг мэдээгүй, хэн нэгэн доод шатны албан хаагчид нь түүний албан ёсоор НИТХ-д өргөн барьсан төсвийн төслийн задаргааг дур мэдэн өөрчилсөн, түүнийг нь "зарчимч мундаг дарга" маань сүүлд нь мэдсэн болж жүжиглэж буй санаатай юм биз дээ?
 
Д.Цэцэг